Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1928

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02030 дугаар шийдвэртэй, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох,

худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 29 004 650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч байгууллагатай 2016 оноос хойш Монгол Улсын стандартад нийцсэн барилгын материалыг нийлүүлж хамтран ажиллах болсон бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулан шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Бикрост Экп хуйлмал хар цаас 1 боодлыг 38 000 төгрөгөөр 350 боодлыг 13 300 000 төгрөгөөр, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Бикрост ЭКП хуйлмал хар цаас 1 боодлыг 45 000 төгрөгөөр 225 боодлыг 10 125 000 төгрөгөөр, праймер 21.5 л бүхий 1 хувинг 49 450 төгрөгөөр 63 ширхэгийг 3 115 350 төгрөгөөр, 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 21.5 л бүхий 1 хувин Мастика 51 600 төгрөгөөр 20 ширхэгийг 1 032 000 төгрөгөөр, 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1 хувин Мастика 51 600 төгрөгөөр, Бикрост ЭКП хуйлмалаас 1 ширхэгийг 38 000 төгрөгөөр, нийт 27 661 950 төгрөгийн бараа материал худалдан борлуулсан. Хариуцагч байгууллага 1 137 350 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 26 524 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож тооцоо нийлэх актад гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд урьд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 184/Ш32019/02946 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01036 дугаар шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж, хариуцагчийн хаягийг тодруулсан. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 26 524 000 төгрөгийг гэрээний 5.1-т заасны дагуу 935 хоног хэтэрсэн хугацаанд гэрээний үнийн дүнгийн 0.01 хувийн алданги болох 2 480 050 төгрөг, нийт 29 004 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгчээс гэрээний үндсэн дээр нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан. 2018 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл манай үйлдвэрийн урд талын Яармагийн шинэ гүүрийг хаасантай холбоотойгоор бусад газруудтай байгуулсан зарим гэрээ цуцлагдаж, алдагдал үүссэний улмаас дээрх төлбөрийг барагдуулж чадаагүй нь үнэн болно. Хариуцагч тал нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгөх үүргээ бүрэн ухамсарлаж байгаа хэдий ч эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бэлэн мөнгөөр төлөх боломжгүй байна. Иймд бетон зуурмаг оролцуулан бараа бүтээгдэхүүнээр төлбөрийг барагдуулах хүсэлт гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас бараа бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 29 004 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 302 974 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч тал манай компаниас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр М-250 маркийн 18 метр куб бетон зуурмаг алдангидаа тооцож авсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд алданги төлөгдсөн талаар хэлж, хасуулна гэж тохиролцсон атлаа дээрх байдлыг шүүхэд тайлбарлахгүйгээр “шүүх хуралдааныг миний эзгүйд шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж алдангийг бүтэн гаргуулсанд гомдолтой байна. Хариуцагч нь алданги төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангид гаргасан 2 480 050 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 29 004 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч татгалзаагүй бөгөөд төлбөрийг бараа бүтээгдэхүүнээр барагдуулах боломжтой гэж тайлбарлажээ.  

Талууд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх тухай” 16-07-05-01 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч “О” ХХК нь 26 540 350 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч “С” ХХК нь нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлөх, гэрээний талууд бараа нийлүүлэх болон төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.01 хувийн алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх6-7/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

Хэрэгт авагдсан зарлагын падаан /хх8/, зарлагын баримт /хх9-10/, талуудын хоорондын тооцоо нийлсэн баримт /хх12/, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, харин хариуцагч “С” ХХК нь гэрээнд заасан хугацаанд болон 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн актад дурдсан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрийн үлдэгдэл 26 524 600 төгрөгийг төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй, талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч нь гэрээний 4.2-т заасан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор гэрээний төлбөрийг төлөөгүй нь тогтоогдсон тул тухайн гэрээний 5.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.01 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцнэ.

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “С” ХХК-иас барааны үнийн үлдэгдэл төлбөрт 26 524 600 төгрөг, хугацаа хэтрүүлснээс тооцох алданги 2 480 050 төгрөг, нийт 29 004 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч тал шүүхийн шийдвэрийн алдангид 2 480 050 төгрөг гаргуулсан хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ, нэхэмжлэгч талд алдангийн үнийн дүнд дүйцэх М-250 маркийн 18 м.куб бетон зуурмаг хүлээлгэн өгсөн гэх боловч энэ талаар хээргт авагдсан баримтгүй тул хариуцагчийн гомдолд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                      ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                      Т.ТУЯА