Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2108 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/02633

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С  дүүрэг, 1 давхарт байрлах “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х дүүрэг, аманд байрлах “У” ХХК-д холбогдох

Уурын зуухны үнэ болон вакум цонх, хаалгын үнэ 427 851 433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2013 оны 8 дугаар  сарын 06-ны өдөр хүлээн авч, 2013 оны 8 дугаар сарын сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э ХХК-ийн захирал Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

“Э ХХК-ийн захирал Д.Д миний бие “У” ХХК-ийн захирал Р.Б-тай 2010 онд Х дүүргийн Дүнжингарав цогцолборт баригдаж байгаа барилгуудад 200 000 ам.долларын үнэ бүхий Герман вакум цонх, хаалга хийж өгч оронд нь газар авч, барилга барихаар тохиролцож барилга барьсан юм. Барилгыг 2012 онд ашиглалтад оруулахаар болоход Богины аман дахь хотхонд Р.Б-тай тохиролцож би хувиасаа 62 000 000 төгрөгийн үнэтэй уурын зуух худалдан авч, суурилуулсан билээ. Бидний тохиролцсон тооцоо ёсоор уурын зуухны үнэ 62 000 000 төгрөг, угсралтын материал 800 000 төгрөг, гагнуур 500 000 төгрөг, бүгд 63 300 000 төгрөг болсон. Үүнээс “Э ХХК-д хамаарах үнийг тооцвол 22 730 030 төгрөг болсон. Үлдэгдэл буюу 63 300 000 төгрөгөөс 22 730 030 төгрөгийг хасч 40 568 970 төгрөгийг Р.Б надад төлөхөөр болсон юм. Миний бие Р.Б-ын өмнөөс банкнаас хүүтэй зээл авч дээрх уурын зуухыг суурилуулж ажиллуулсан тул 40 568 970 төгрөгийн алданги болох 3 042 672 төгрөгийг Р.Баас нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 40 568 970 төгрөгийн алданги 3 042 673 төгрөгийн хамт, нийт 43 611 643 төгрөгийг “У” ХХК-ийн захирал Р.Баас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч “Э ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа халаалтын зуухны үнэ 40 568 976 төгрөг, алданги 3 042 673 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч “Э ХХК-нд ногдож байсан үнэ 22 730 030 төгрөгөөр нэмэгдүүлж, зуухны үнэ 63 299 000 төгрөг, алданги 3 042 672 төгрөг, бүгд 66 341 672 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд 66 341 672 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Тус компани Хан-Уул дүүргийн шүүхэд 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч компаниас 43 611 643 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг гаргасан. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 22 730 030 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 66 341 672 төгрөг болгосон. Өнөөдөр хариуцагчтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу БНГУ-ын THYSSEM фермийн вакуум цонх, тагтны хаалганы үнэ 146 775 ам.доллар буюу 361 509 761 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагч тал удаа дараалан шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлт гарахгүй удах, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Прокурорын байгууллагад өгч шалгуулж байснаас гадна нэхэмжлэгч хариуцагчийг Цагдаагийн болон Прокурорын байгууллагад өгч шалгуулсаар 5-6 жил болж, тооцоо хийлгэх боломж олдоогүй. 2010 оны 5 дугаар сард “У” ХХК-ийн захирал Р.Б нь “Н” ХХК-ийн захирал С.А-ийн хамт Д.Д надтай уулзаж Нийслэлийн Х дүүргийн Богины аманд байрлах зөвшөөрөл, техникийн нөхцөл гарсан газраас 560 м.кв талбай бүхий суурь ухсан газрыг 60 000 ам.доллараар худалдаж аваач гэсэн санал тавьж, газар ямар ч асуудалгүй, удахгүй газрын гэрчилгээг Р.Б гарган Д.Д-д шилжүүлэхээр тохиролцож Д.Д миний бие Р.Б-ын компанийн Богдхан уулын Богинын аманд баригдаж байсан Дипломат хотхоны 734,12 м.кв талбайд 172 074,86 ам.долларын өртөгтэйгөөр 200 ширхэг вакум цонх, хаалгыг 2011-2012 онд 26 дугаар барилгад 26 ширхэг, 28а барилгад 21 ширхэг, 28б барилгад 21 ширхэг, 34 дүгээр барилгад 28 ширхэг, 34а барилгад 27 ширхэг, 34б барилгад 27 ширхэг, 30 дугаар барилгад 25 ширхэг, 36 дугаар барилгад 26 ширхэг, нийт 200 ширхэг цонх хаалгыг өөрийнхөө материал зардлаар хийж өгсөн. Р.Б, С.А нарын Д.Д надад санал болгосон суурийг нь ухсан 560 м.кв газрыг Д.Б гэдэг хүн Р.Б-тай 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 60 000 ам.доллараар худалдаж авахаар тохиролцон бэлнээр 37 500 ам.доллар төлж, 22 500 ам.долларт Лексус 470 маркийн автомашин өгсөн болохыг тухайн үед мэдсэн. Миний бие Р.Б, С.А нарт цонх, хаалга үйлдвэрлэсэн зардлаа буцаан авах шаардлага тавихад нэгэнт эхэлсэн ажлаа дуусгая, та Д.Б-аас газрыг худалдан авч, бидний төлөх 60 000 ам.долларыг төлчих гэсэн. Д.Ббид хоёр уулзаж ярилцаад би түүнээс газрыг нь худалдаж авахаар болоод 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Газар худалдан авах тухай хэлцэл хийж 20 000 ам.долларыг бэлнээр 5 300 ам.долларын цонх, хаалга хийж өгч, нийтдээ 25 300 ам.доллараар 560 м.кв талбай бүхий суурь ухсан газрыг худалдаж авсан. Д.Д миний 1995 онд байгуулагдсан “Э ХХК нь БНГУ-ын тоног төхөөрөмж, материалаар 1995 оноос эхэлж өнөөдрийг хүртэл вакум цонх, хаалга хийж барилгын салбарт нийлүүлдэг компани юм. Иргэн Д.Б нь С дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 830 дугаар шийдвэрээр “У” ХХК-иас 34 700 ам.доллар буюу 48 386 617 төгрөгийг гаргуулж авахад миний бие С.А-ийн хамт хариуцагчаар татагдаж байсан боловч нэхэмжлэгч Д.Б зарим хариуцагчаас татгалзсан юм. Д.Д миний бие Р.Б-ын Х дүүргийн 2011-2012 онд 172 074,86 ам.долларын вакум цонх хаалга хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадсангүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага 66 341 672 төгрөг дээр вакум цонх, хаалганы үнэ 146 775 ам.доллар буюу 361 509 761 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1 965 499 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. “Э ХХК нь хариуцагч “У” ХХК-нд Х дүүргийн цогцолборт вакум цонх хаалга хийж өгөхөөр, оронд нь газар авахаар харилцан тохиролцсон нь үнэн. Уг цогцолбор ашиглалтад орох болоход халаалт доголдоод байсан учир халаалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд зуух авсан. Уг зуухыг авах талаар хэлсэн, 62 000 000 төгрөгөөр АНУ сервис ХХК-иас авчирч суурилуулсан, хэрвээ зөвшөөрөхгүй байсан юм бол тухайн үед нь суурилуулахгүй гээгүй, одоо уг зуух нь хариуцагчийн өмчлөлд байгаа учир үнийг нь 100 хувь нэхэмжилж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хамтран ажиллах гэрээ байгуулсан, Богины аманд 2 айлын газар аваад уг газартаа барилга барих, үүний үнэд вакум цонх хаалгыг хийж өгөхөөр болсон. Үүргээ бүрэн гүйцэтгэсэн, 2012 оноос тооцоо нийлье гэхээр өөрсдөө нийлдэггүй. Тиймээс 146 775 ам.долларын буюу 361 509 761 төгрөгний вакум цонх, хаалгыг хийж өгсөн тул үнийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй, бид дураараа зуух аваачиж суурилуулаагүй. Уг зуух нь “У” ХХК-ийн хөрөнгөд суурилсан байгаа, тиймээс анхнаасаа авахгүй байсан юм бол суурилуулахгүй, ашиглахгүй байх нөхцөл боломж бүрэн байсан. Гэтэл ашиглаж байснаа одоо хэрэгцээгүй болсон гэж байгааг зөвшөөрөхгүй. Зуухыг үнэтэй гээд байна, гэтэл авсан үнэ нь баримттайгаа байгаа, өөрсдөө танил талаараа арай хямд үнээр авсан байхыг үгүйсгээгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нэхэмжлэгч нь хариуцагчид вакум цонх, хаалга нийлүүлж, угсарч өгсөн. Тухайн үедээ дутуу байна, ажил муу байна гэж хэлээгүй. Хийсэн ажлын хөлсийг төлбөрийг төлөх үүрэгтэй, газар өгсөн гээд байдаг гэтэл тэр газрыг нь бид 2010 онд н.Батсайханаас авсан. Тиймээс зуухны үнэ 66 341 672 төгрөг, вакум цонх хаалганы үнэ 361 509 761 төгрөг, нийт 427 851 433 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“У” ХХК нь Нийслэлийн Х дүүргийн аманд төрийн захиргааны төв байгууллагаас олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр 30 га газрыг эзэмшдэг. Тус компани нь энэхүү газарт амрагчдын сууц бүхий Дипломат хотхон болон өндөр зэрэглэлийн зочид буудал, Улаанбаатар хотыг бүхэлд нь харах боломжтой Улаанбаатар цамхаг, гэр бүлийн амралтын төв зэрэг цогцолборуудыг бариулахаар барилгын зураг төслийг боловсруулж, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсан. Амрагчдын Дипломат хотхон нь гурван давхар бүхий 26 ширхэг амрагчдын сууцтай байхаар төлөвлөгдсөн ба энэхүү төслийн менежментийг 2010 онд “Н” ХХК хариуцан ажиллаж байсан. Тухайн үед “Э ХХК болон “Н” ХХК-иуд амаар харилцан тохиролцож, 2 ширхэг амрагчдын сууц барих эрхийг тухайн газарт хийгдсэн дэд бүтцийн зардлаар буюу 200 000 ам.доллараар үнэлж “Э ХХК-д шилжүүлэхээр болсон байдаг. “Э ХХК нь дэд бүтцийн зардал болох 200 000 ам.долларын төлбөрт амрагчдын Дипломат хотхоны сууцнуудад “Уярал трейд” ХХК-ийн үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангасан вакум цонх, хаалга хийж өгөхөөр тохиролцсон. Гэтэл “Э ХХК нь найман сууцанд 712,2 м.кв талбай бүхий 113 594 ам.долларын үнэ бүхий цонх, хаалгыг хийсэн байдаг. Энэхүү тооцоог “Н” ХХК-ийн нягтлан бодогч Д.Б, “У” ХХК-ийн нягтлан Ц.Д нар 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Эдгээр цонх, хаалганы 50 хувьд цоож, бариул огт хийгээгүй, зарим цонхонд шилийг нь хийгээгүй, тохируулгыг бүрэн хийгээгүй ба хийсэн цонх хаалгаа өнөөдрийг хүртэл “У” ХХК-д хүлээлгэн өгөөгүй байгаа. Мөн дөрвөн сууцны цонхыг хийж өгөөгүй ба үүнээс үүдэн манай компани нь алдагдал хүлээж хохирсоор байна. “Э ХХК нь нийт 560 м.кв талбайтай, 1568 м.куб эзэлхүүнтэй 3 давхар 2 ширхэг амрагчийн сууц барих байсан боловч түүнээс хэд дахин их эзэлхүүнтэй орон сууцны барилга барьсан. Энэхүү барилгыг барих үеэс нь “У” ХХК-иас хориглож байсан боловч ямар ч зөвшөөрөлгүй, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаар баталгаажиж, хянагдсан барилгын ажлын зураггүйгээр ийнхүү барилга барьсан. Улмаар “У” ХХК-иас уг барилгад халаалт өгөхгүй гэхэд мөн дураараа аашилж “Ану сервис” ХХК-иас хэт өндөр үнээр буюу 62 000 000 төгрөгөөр уурын зуух худалдан авч, хэрүүл маргаан хийсний үр дүнд суурилуулсан байдаг. “У” ХХК нь 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “А” ХХК-тай Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан ба яг ижил хүчин чадал бүхий 2 ширхэг зуухыг 76 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байсан. Гэтэл “Э ХХК нь нэг ширхэг зуухыг 62 000 000 төгрөгөөр худалдан авсан нь эргэлзээтэй юм. Мөн “Э ХХК нь зуух худалдан авах тухай, зуухны үнийг хамтран хариуцах тухай, зуухыг худалдан авахын тулд банкнаас авахын тулд банкнаас зээл авах тухай ямар ч мэдээллийг “У” ХХК-д өгөөгүй, өгч байгаагүй, харилцан тохиролцоогүй юм. Тухайн үед “У” ХХК-д суурилуулсан боловч ашиглаагүй зуух байсаар байтал өөрийн барьсан байраа дулаанаар хангахын тулд өндөр үнээр зуух худалдан авч, хүч түрэмгийлэн суурилуулчихаад ийнхүү мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд “Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд “Э ХХК нь 2012 онд “А” ХХК-с уурын зуух худалдан авахдаа хариуцагч “У” ХХК болон иргэн Р.Б-тай огт харилцан ярилцаагүй буюу уурын зуух худалдан авах талаар харилцан зөвшилцөөгүй болно. Өөрөөр хэлбэл уурын зуух худалдан авах болон худалдан авсан тохиолдолд уурын зуухны үнийг хуваан төлөх талаар огт тохиролцоогүй. Нэхэмжлэгч “Э ХХК нь өөрийн дур зоргоор төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаар батлуулсан зураг төсөлгүй, зөвшөөрөлгүйгээр барьсан барилгаа халаахын тулд өндөр үнээр зуух худалдан авч суурилуулсан байдаг. Ийнхүү өөрсдийн хүсэл зоригоор авчирч суурилуулсан уурын зуухыг “У” ХХК худалдан авах үндэслэлгүй бөгөөд үүрэггүй болно. 2018 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэхэмжлэгч “Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан “...барилгуудад 200 000 ам.долларын үнэ бүхий Герман вакум цонх, хаалга хийж өгч, оронд нь газар авч, барилга барихаар харилцан тохиролцож, барилга барьсан юм” гэх бодит байдалд нийцсэн тайлбар гаргасан. Гэвч энэхүү тайлбараа үгүйсгэж 2018 оны 7 дугаар сарын 30-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “...Д.Д миний бие Р.Б-ын Х дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа Дипломат цогцолборт 2011-2012 онд 172 074,86 ам.долларын вакуум цонх, хаалга хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадсангүй” гэж гуйвуулж бичсэн байдаг. Нэг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ийнхүү өмнө гаргасан бодит байдалд нийцсэн тайлбараа үнэнд үл нийцэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь харамсал төрүүлж байна. “У” ХХК-ийн ашиглаж буй талбайн нэг хэсэгт буюу 2 байшин барих талбайд “Э ХХК-д байшин барих эрх олгох, ийнхүү байшин барих газрын дэд бүтэц болон бусад зардалд 200 000 ам.долларын үнэ бүхий вакуум цонх, хаалга хийж өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл байшин барих эрх олгосны хариу төлбөрт 200 000 ам.долларын үнэ бүхий цонх, хаалга хийж өгөх тухай харилцан тохиролцоог тухайн үед хийсэн. Нэхэмжлэгчийн цонх, хаалга чанарын шаардлага хангахгүй бөгөөд найман сууцанд 712,2 м.кв талбай бүхий 113 594 ам.долларын үнэ бүхий цонх, хаалгыг хийсэн байдаг. Энэхүү тооцоог “Н” ХХК-ийн нягтлан бодогч Д.Б, “У” ХХК-ийн нягтлан Ц.Д нар 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Тооцоог нотлох баримтаар хэргийн материалд өгсөн. Харин нэхэмжлэгч 2 байшин барих газарт 4-н давхар 7 айлын орон сууц барьсан. Ийнхүү “У” ХХК үүргээ зохих ёсоор гүйцэтгэж барилга барих эрхийг олгосон байтал нэхэмжлэгч “Э ХХК чанарын шаардлага хангаагүй, анх тохирсон үнэдээ хүрээгүй цонх, хаалга хийж өгсөн. Хийсэн цонх, хаалга нь чанарын шаардлага хангахгүй учраас албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байдаг. Иймд нэхэмжлэгч “Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага байна гэж ойлгож байгаа. Нэг нь уурын зуухны үнэ 66 341 672 төгрөг, нөгөөх нь вакум цонхны төлбөр 200 000 ам.доллар гэж байна. “Э ХХК-ийн захирал Д.Д гэдэг иргэн “У” ХХК-ийн Богдхан уулын Богины аманд хэрэгжүүлж буй төсөлд хамтран оролцож 2 айлын газрыг 200 000 ам. доллараар худалдаж авахаар тохиролцсон байдаг. Ингэхдээ бэлэн мөнгөөр биш, төслийн хэмжээнд хэрэгжиж байгаа бүх орон сууцанд вакум цонх, хаалгыг Герман технологиор, чанарын өндөр түвшинд, найдвартай хийж өгнө гэдэг тохиролцоог хийсэн. Нэхэмжлэгч компани барилга барьж эхлэхээсээ эхлээд “У” ХХК-ийн зураг төслөөр биш, огт өөр 4 давхар, 7 айлын орон сууц барьж эхэлсэн учраас шаардлага тавьсан, учир нь барилга баригдах явцад уг барилга нь хэд хэдэн удаа нуралт өгсөн. Ингээд энэ 2 компанийн хооронд маргаан үүсч эхэлсэн. Д.Днь батлагдсан зураг төслийн дагуу барилгаа бариагүй учраас “У” ХХК халаалт өгөхгүй гэдгээ хэлсэн, уг газар нь дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн газар байсан. Гэтэл зах зээлийн үнээс өндөр 62 000 000 төгрөгийн үнэтэй уурын зуухыг худалдан авч ирээд, дур зоргоороо байрлуулсан. Хариуцагч “У” ХХК-ийн 3 уурын зуух ажиллаж байхад “Э ХХК нь нэмээд 1 зуух авч ирээд суурилуулсан. Энэ уурын зуухны мөнгөө биднээс нэхэмжлээд байгааг бид гайхаад байгаа юм. Аливаа зүйлийг хийхийн өмнө талууд эхлээд харилцан тохиролцох ёстой. Нэхэмжлэлийн дараагийн нэмэгдүүлсэн шаардлага нь вакум цонх, хаалганы мөнгө байгаа. Анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага дээр ч хариуцагчийн хариу тайлбар дээр ч гэрчийн мэдүүлэг дээр ч тэр нэг зүйл л тодорхой байгаа. Дэд бүтэц нь хийгдсэн 2 айлын газрыг 200 000 ам.доллараар үнэлээд иргэн Д.Д-д барилга барих эрхээ шилжүүлсэн байгаа. Д.Днь тэр 200 000 ам.долларын төлбөртөө “У” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийн барилгын бүх вакум цонх, хаалгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэж л тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу Р.Б гэдэг хүн харин үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх ёстой. Өнөөдрийн байдлаар бидний тооцоогоор 113 000 ам.долларын цонх, хаалга хийсэн. Гэхдээ эдгээр нь чанарын шаардлага хангадаггүй. Фото зургууд нь байгаа. “У” ХХК үүргээ биелүүлээд газраа өгсөн, харин нэхэмжлэгч компани үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөл байдалтай байгаа. Ийм байхад цонх, хаалганы мөнгөө нэхэмжлээд байгаа нь ямар үндэслэлтэй юм бэ гэдгийг ойлгохгүй байна. 2010 оноос энэ ажил эхлээд 2011 онд цонх, хаалгуудаа суурилуулсан. 2012 онд суурилуулалтын ажил дутуу байсан. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Өнгөрсөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон асуудал байдаггүй. Иргэний хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ёстой боловч өнөөдрийн байдлаар 8 жил болсон явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э ХХК нь хариуцагч “У” ХХК-нд холбогдуулан уурын зуухны үнэ болон вакум цонх, хаалганы үнэ 427 851 433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн барилга болох Богины аман дахь Дипломат хотхонд харилцан тохиролцож, халаалтыг шийдвэрлэхээр 62 000 000 төгрөгийн үнэтэй уурын зуух худалдан авч, суурилуулсан тул уурын зуухны үнэ болон суурилуулсны зардал 63 299 000 төгрөг, алданги 3 042 672 төгрөг, бүгд 66 341 672 төгрөгийг, мөн хамтран ажиллах гэрээний дагуу Дипломат хотхонд 172 074,86 ам.долларын вакум цонх, хаалга хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй тул вакум цонх, хаалганы үнэ 146 775 ам.доллар буюу 361 509 761 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэсэн.  

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй уурын зуухыг суурилуулах талаар харилцан тохиролцоогүй, зах зээлийн ханшаас илүү үнэтэй зуухыг өөрсдөө дураараа суурилуулсан, нэхэмжлэгч нь газар аваад барилга барих, газрын төлбөрт нь вакум, цонх хаалга хийж өгөхөөр тохиролцсон боловч чанарын шаардлага хангахгүй вакум цонх, хаалга хийж өгсөн, ажлаа ч албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “Э ХХК нь хариуцагч “У” ХХК-тай хариуцагчийн хэрэгжүүлж буй барилгын төсөл болох Х дүүргийн аманд байрлах Дипломат хотхонд 2 ширхэг орон сууц барих, уг газрын үнэд тооцож хотхоны барилгуудад вакум, цонх хаалгыг хийж өгөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 1, 17, 49-53-р хуудас/

                Нэхэмжлэгч нь Дипломат хотхонд баригдсан орон сууцны халаалтын асуудлыг шийдвэрлэхээр 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №019/21 тоот “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ”-г “А” ХХК-тай байгуулж, Унгар улсад үйлдвэрлэгдсэн САRBOROBOT фирмийн автомат тохируулга бүхий carborobot 300 кw-ийн зуух болон дагалдах тоног төхөөрөмж, холбох материалын хамт 62 000 000 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцож, уг зуухыг хотхонд авчирч суурилуулсан болох нь хэрэгт авагдсан 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №019/21 тоот “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ”, түүний хавсралт, орлогын ордерийн тасалбар, бэлэн мөнгөний зарлагын баримт, “А” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14/240 тоот тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна. /хэргийн 6-9, 73, 75-81, 87-р хуудас/

            Хариуцагч нь уг зуухыг суурилуулах талаар харилцан зөвшилцөөгүй, нэхэмжлэгч барилгын зураг төслийг зөрчиж, 2 ширхэг барилга барих газарт 7 айлын 5 давхар орон сууцны барилга барьсан, өөрсдөө дураараа зах зээлийн ханшнаас үнэтэй зуухыг авчирч суурилуулсан тул уурын зуухны үнийг төлөх үүрэггүй, Дипломат хотхонд 3 уурын зуух ажиллаж байсан гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан Дүнжингарав цогцолборын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангаас уг цогцолборт 1 зочид буудал, амрагчдын 260 ширхэг орон сууц, цанын бааз, худалдааны цэг, ресторан, тэдгээрийг холбосон дэд бүтэц, бусад барилга байгууламж барихаар төлөвлөгдсөн ба дулааны шугам тавьж төвийн төвлөрсөн системд холбохоор төлөвлөгдсөн байдал тогтоогдож байна. /хэргийн 68-72-р хуудас/

Уг хотхоны дулааныг зохицуулахаар хариуцагч “У” ХХК нь өөрийн хөрөнгөөр 3 уурын зуухыг, уг байгууламж дотор нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр 1 уурын зуухыг тус тус суурилуулсан талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч нь 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №11/16 тоот “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-гээр “Н” ХХК, “А” ХХК-тай хамтран Унгар улсад үйлдвэрлэсэн САRBOROBOT фирмийн carborobot 300 кw-ийн зуух бусад тоног төхөөрөмжийг нийлүүлэх, захиалагч тал хүлээн авах, хөрөнгө оруулагч тоног төхөөрөмжийн үнийг төлөхөөр тохиролцож 76 000 000 төгрөгөөр 2 ш нэгж үнэ нь 31 465 000 төгрөгөөр 2 зуух худалдан авахаар гэрээ байгуулсан гэж тайлбарласан, энэ нь 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №11/16 тоот гэрээ, гэрээний хавсралт, гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг барилгын зураг төслийг зөрчиж, эзэлхүүн том орон сууц барьсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдоно, уг орон сууцыг халаахын тулд хэт өндөр үнээр уурын зуух авсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийг зах зээлийн ханшнаас өндөр үнэтэй уурын зуухыг худалдан авсан гэж хариуцагч маргасан боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “А” ХХК-ийн тодорхойлолт, “Э ХХК-ийн орлогын ордерийн тасалбараар уурын зуухны үнэ болон түүнийг сууриулуулсны хөлсөнд 2012 оны 10 дугаар сарын 30-наас 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 62 000 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 73, 75-81-р хуудас/

Мөн гэрч Б.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...”У” ХХК-нд 2 удаагийн гэрээгээр 3 зуух нийлүүлсэн, 4 дэх зуухны мөнгийг нь “Э ХХК төлсөн, дундын зуух гэж би ойлгосон, зуухнаас гарсан нэг шугамнаас салаалан шугамаар бүх барилгыг халаадаг гэж би ойлгож байна, тусад нь салгаж болохгүй, бүгд нэгдсэн шугамаар барилгуудыг халааж байгаа гэж бодож байна. “Э ХХК-ийг “У” ХХК надад танилцуулсан. “У” ХХК-нд гурвалсан гэрээгээр онцгой үнээр хувийн шалтгаантай байсан учир онцгой үнээр зуухыг худалдсан” гэж мэдүүлсэн тул нэхэмжлэгчийг зах зээлийн ханшнаас хэт дээгүүр үнээр худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 135-138-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгчийг дахин уурын зуух авах шаардлагагүй байсан, өөрсдийн дураар суурилуулсан гэсэн боловч 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “У” ХХК болон “А” ХХК-ийн хооронд хийсэн хурлын протоколд “...У ХХК-тай 2011 онд байгуулсан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн дутуу болон үлдэгдэл зуухыг хүлээлгэн өгөх мөн дээрх зуухны угсралтын хөлс төлөх асуудлыг хэлэлцэж, 2012 оны 9 дүгээр сарын 05-ны дотор 2011 оны гэрээний үлдэгдэл 1 зуухыг “А” ХХК нь “У” ХХК-нд хүлээлгэн өгөхөөр” тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №019/21 тоот “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ”-гээр уурын зуухыг суурилуулахад огт мэдээгүй, уурын зуух шаардлагагагүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т “хэн нэгэн этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд түүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч “У” ХХК-ийн хэрэгжүүлж буй Дүнжингарав цогцолборын барилга болох Богины амны Дипломат хотхонд халаалтыг шийдвэрлэхээр нэхэмжлэгч “Э ХХК нь уурын зуух суурилуулсан, хариуцагч нь уурын зуухыг суурилуулах талаар тохиролцоогүй гэсэн боловч уг хотхонд 4 уурын зуух суурилагдсан байгаа, уурын зуухнуудыг ашиглаж байсан талаараа маргаагүй болно.

Иймд Дипломат хотхонд буюу хариуцагчийн эзэмшлийн газарт уг уурын зуух нь суурилагдаж, халаалтын системд нь холбогдсон, түүнийг 2014 оныг хүртэл ашиглаж байсан талаараа хариуцагч маргаагүй, 1 уурын зуухын үнийг нь нэхэмжлэгч төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул уг уурын зуухны үнэ 62 000 000 төгрөгний 50 хувь болох 31 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь уурын зуухны угсралтын үнэд буюу уурын зуухны яндан бэхлэх ажлын хөлс 800 000 төгрөг, гагнуурын ажлын хөлсөнд 500 000 төгрөгийг төлсөн болох нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх боловч хэрэгт авагдсан 019/21 тоот гэрээний хавсралт болох “Э ХХК-нд нийлүүлэх халаалтын зуух болон бусад тоног төхөөрөмжийн тоо ширхэг, үнэ гэсэн баримтад уурын зуухын угсралтын төлбөр 10 456 170 төгрөг ороод нийт үнэ 62 000 000 төгрөг гэсэн байх тул угсралтын зардал 1 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг 1 300 000 төгрөгийг тоног төхөөрөмжийн холбох материалын үнэ биш суурилуулсны зардал гэж тайлбарласан болно.   

Мөн нэхэмжлэгч нь банкнаас хүүтэй зээл авч уурын зуух суурилуулсан тул хүү алдангид 3 042 672 төгрөг нэхэмжилсэн боловч алданги тооцох талаарх гэрээг бичгээр хийгээгүй, улмаар зээл авч уурны зуухыг суурилуулсан болохыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул алданги гэх 3 042 672 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.  

 

 Нэхэмжлэгч “Э ХХК нь хариуцагч “У” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, өөрийн зардлаар амрагчийн сууц барихаар, дэд бүтэц бүхий талбайд баригдаж буй амрагчдын сууцны барилгад 200 000 /хоёр зуун мянган ам.доллартай/ тэнцэх хэмжээний зардал гаргаж, БНГУ-ын THYSSEN фирмийн вакум цонх, тагтны хаалгыг хийж өгөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г эзэмшигч “У” ХХК-ийг төлөөлж С.А, хамтрагч “Э ХХК-ийг төлөөлж Ч.Э нар гарын үсэг зурсан баримтыг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 13-17-р хуудас/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа газрыг шилжүүлэн авч, түүний төлбөрт нь вакум цонх хаалга хийж өгөхөөр тохиролцсон талаар хэн аль нь маргаагүй, мөн гэрч С.А нь хариуцагч “У” ХХК-тай хамтран ажиллаж байсан, уг гэрээнд төлөөлөн гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж хэн аль нь тайлбарласан, маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.  

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн, хариуцагчаас 2 айлын газрыг авсан, гэхдээ “У” ХХК-иас нэг айлынх, иргэн Д.Б-аас 1 айлын газрыг авсан гэж тооцоод 120  000 ам.долларын газарт нийт 146 775 ам.долларын буюу 361 509 761 төгрөгний вакум цонх, хаалгыг хийж өгсөн боловч хөлсийг төлөөгүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг 200 000 ам.долларт тооцож вакум цонх, хаалгыг хийж өгөх байсан, гэвч ажлаа хүлээлгэн өгөөгүй, тооцоо нийлээгүй, нийт 113 000 ам.долларын цонх, хаалга хийсэн боловч тэдгээр нь доголдолтой чанарын шаардлага хангаагүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь Х дүүргийн аманд баригдаж буй Дипломат хотхоны барилгуудад “Э ХХК-ийн гүйцэтгэсэн вакум цонхны тооцоо 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн албан зөрүү ханш гэсэн баримтаар “...200 ширхэг, 734,12 м.кв 172 074,86 ам.доллар,Э ХХК-ийн захирал Д.Д-оос / хотхонд гүйцэтгэсэн вакум цонхны дүн 172 074,86 ам.доллар, газрын төлбөрт Батсайханд тушаасан мөнгө 20 000 ам.доллар, Шарга морьтод Б-д хийсэн цонхны үнэ 7 096,71 ам.доллар, газрын төлбөрт өгсөн нийт үнийн дүн 199 171,57 ам.доллар/ нийт газрын төлбөрт 199 171,57 ам.долларт тооцохоор тооцоо нийлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2 айлын газрын 200 000 ам.долларт тооцож авсан гэж тайлбарлаж байсан болно. /хэргийн 2 хавтас 18-19-р хуудас/   

Мөн нэхэмжлэгч нь нийт нийт 146 775 ам.долларын буюу 361 509 761 төгрөгний вакум цонх, хаалгыг хийж өгсөн талаараа баримтаар нотлоогүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг 146 775 ам.долларын вакум цонх, хаалга хийгээгүй 113 593 ам.долларын вакум цонх, хаалга хийсэн болох нь 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “У” ХХК-тай хийх вакум цонхны тооцоо гэсэн баримтаар нотлогдоно гэсэн боловч уг баримтад нэхэмжлэгч нь гарын үсэг зураагүй, тооцоо нийлээгүй гэж маргасан тул уг баримтыг талуудын хоорондох тооцоо нийлсэн акт гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Зохигч талууд хэн аль нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хийгдсэн цонхны хэмжээг талуудын гүйцэтгэлээр тогтооно гэж харилцан тохиролцсон гэж тайлбарласан боловч хэн аль нь гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, хийсэн ажлын гүйцэтгэлийг хамтран дүгнээгүй байна. Мөн хариуцагч нь вакум цонх хаалга нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой болох нь хэрэгт авагдсан гэрэл зургаар нотлогдоно гэсэн боловч энэ талаар шаардлага гаргаж байсан талаараа нотлоогүй.

Нэхэмжлэгч нь вакум цонх, балконы хаалга хийсэн гэх зарлагын баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч /1 351 020+ 1 969 176+7 537 547+7 537 538/ уг баримтаар хаана, ямар барилгад хэдэн м.кв цонх, хаалга хийсэн болох нь тодорхойгүй, хийсэн ажлын хөлсийг гаргуулахаар шаардаж байна гэсэн боловч хариуцагчаас газрыг хүлээн авч, хүлээн авсан газартаа орон сууц барьсан талаараа маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээнээс татгалзаж байгаа эсэх нь тодорхойгүй, газрын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч нь гаргаж өгөөгүй эрх зөрчиж байгаа гэсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд талуудын хооронд арилжааны гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу газар шилжүүлэн өгөх, уг газрын төлбөрт нь вакум цонх, хаалга хийж өгөхөөр тохиролцсон гэсэн боловч нэхэмжлэгч нь газраа хүлээн авч, хүлээн авсан газартаа орон сууц барьсан боловч түүний төлбөрт шилжүүлэхээр тохирсон вакум цонх, хаалганы үнийг нэхэмжилсэн нь ойлгомжгүй, нийт хэдэн вакум цонх, хаалга хийж гүйцэтгэсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн вакум цонх, хаалгын үнэ 146 775 ам.доллар буюу 361 509 761 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 678 236 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээний буюу 31 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 312 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-д зааснаар хариуцагч “У” ХХКомпаниас халаалтын зуухны үнэ 31 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 396 851 433 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 678 236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У” ХХК-иас 312 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХУЛАН