Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02633 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч У ХХК-д холбогдох

 

Уурын зуухны үнэ болон вакум цонх, хаалганы үнэ 427 851 433 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Д.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би У ХХК-ийн захирал Р.Бадралтай 2010 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын өвөр, Богины аманд байрлах Дүнжингарав цогцолборт баригдаж байгаа барилгуудад 200 000 ам.долларын үнэ бүхий Герман вакум цонх, хаалга хийж өгч оронд нь газар авч, барилга барихаар тохиролцож барилга барьсан юм. Барилгыг 2012 онд ашиглалтад оруулахдаа Р.Бадралтай тохиролцож, Богины аман дахь хотхонд Би хувиасаа 62 000 000 төгрөгийн үнэтэй уурын зуух худалдан авч, суурилуулсан билээ. Бидний тохиролцсон тооцоо ёсоор уурын зуухны үнэ 62 000 000 төгрөг, угсралтын материал 800 000 төгрөг, гагнуур 500 000 төгрөг, бүгд 63 300 000 төгрөг болсон. Би Р.Бадралын өмнөөс банкнаас хүүтэй зээл авсан учир алданги гаргуулна. Иймд зуухны үнэ 63 299 000 төгрөг, алданги 3 042 673 төгрөг, нийт 66 341 672 төгрөгийг хариуцагч У ХХК-аас нэхэмжилж байна.

Мөн манай компани Дипломат хотхоны 734.12 м.кв талбайд 172 074.86 ам.долларын өртөгтэйгөөр 200 ширхэг вакум цонх, хаалгыг 2011-2012 онд 26 дугаар барилгад 26 ширхэг, 28а барилгад 21 ширхэг, 286 барилгад 21 ширхэг, 34 дүгээр барилгад 28 ширхэг, 34а барилгад 27 ширхэг, 34б барилгад 27 ширхэг, 30 дугаар барилгад 25 ширхэг, 36 дугаар барилгад 26 ширхэг, нийт 200 ширхэг цонх хаалгыг өөрийн материал зардлаар хийж өгсөн. Би Р.Бадрал, С.Алтанцэцэг нарт цонх, хаалга үйлдвэрлэсэн зардлаа буцаан авах шаардлага тавихад та Д.Батсайханаас газрыг худалдан авч, бидний төлөх 60 000 ам.долларыг төлчих гэсэн учир Д.Батсайхантай уулзаж, газрыг худалдан авахаар болоод 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр газар худалдан авах тухай хэлцэл хийж 20 000 ам.долларыг бэлнээр 5 300 ам.долларын цонх, хаалга хийж, нийтдээ 25 300 ам.доллараар 560 м.кв талбай бүхий суурь ухсан газрыг худалдаж авсан. Иймээс вакум цонх, хаалганы үнэ 146 775 ам.доллар буюу 361 509 761 төгрөг, нийт 427 851 433 төгрөгийг хариуцагч У ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд төрийн захиргааны төв байгууллагаас олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр 30 га газрыг эзэмшдэг. Тус компани нь энэхүү газарт амрагчдын сууц бүхий Дипломат хотхон болон өндөр зэрэглэлийн зочид буудал, Улаанбаатар хотыг бүхэлд нь харах боломжтой Улаанбаатар цамхаг, гэр бүлийн амралтын төв зэрэг цогцолборуудыг бариулахаар барилгын зураг төслийг боловсруулж, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсан. Амрагчдын Дипломат хотхон нь гурван давхар бүхий 26 ширхэг амрагчдын сууцтай байхаар төлөвлөгдсөн ба энэхүү төслийн менежментийг 2010 онд "Нийслэл харш" ХХК хариуцан ажиллаж байсан. Тухайн үед Э ХХК болон "Нийслэл харш" ХХК-иуд амаар харилцан тохиролцож, 2 ширхэг амрагчдын сууц барих эрхийг тухайн газарт хийгдсэн дэд бүтцийн зардлаар буюу 200 000 ам.доллараар үнэлж Э ХХК-д шилжүүлэхээр болсон. Э ХХК нь дэд бүтцийн зардал болох 200 000 ам.долларын төлбөрт амрагчдын Дипломат хотхоны сууцнуудад "Уярал трейд" ХХК-ийн үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангасан вакум цонх, хаалга хийж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Э ХХК нь найман сууцанд 712.2 м.кв талбай бүхий 113 594 ам.долларын үнэ бүхий цонх, хаалгыг хийсэн. Энэхүү тооцоог "Нийслэл харш" ХХК-ийн нягтлан бодогч Д.Бямбадорж, У ХХК-ийн нягтлан Ц.Дэнсмаа нар 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Эдгээр цонх, хаалганы 50 хувьд цоож, бариул огт хийгээгүй, зарим цонхонд шилийг нь хийгээгүй, тохируулгыг бүрэн хийгээгүй ба хийсэн цонх хаалгаа өнөөдрийг хүртэл У ХХК-д хүлээлгэн өгөөгүй байгаа. Мөн дөрвөн сууцны цонхыг хийж өгөөгүй, үүнээс үүдэн манай компани нь алдагдал хүлээж хохирсоор байна. Э ХХК нь нийт 560 м.кв талбайтай, 1 568 м.куб эзэлхүүнтэй 3 давхар 2 ширхэг амрагчийн сууц барих байсан боловч түүнээс хэд дахин их эзэлхүүнтэй орон сууцны барилга барьсан. Улмаар У ХХК-аас уг барилгад халаалт өгөхгүй гэхэд "Ану сервис" ХХК-аас хэт өндөр үнээр буюу 62 000 000 төгрөгөөр уурын зуух худалдан авч, суурилуулсан. Э ХХК нь нэг ширхэг зуухыг 62 000 000 төгрөгөөр худалдан авсан нь эргэлзээтэй юм. Мөн Э ХХК нь зуух худалдан авах тухай, зуухны үнийг хамтран хариуцах тухай, зуухыг худалдан авахын тулд банкнаас зээл авах тухай ямар ч мэдээллийг У ХХК-д өгөөгүй, өгч байгаагүй, харилцан тохиролцоогүй юм. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У ХХК-аас халаалтын зуухны үнэ 31 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 396 851 433 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 678 236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-аас 312 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Э ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв дүгнэлгүйгээр талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч У ХХК-аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аманд байрлах Дипломат хотхонд газар авч 172 074.86 ам долларын вакуум цонх, хаалга хийж өгөх хүсэл зориг огт байхгүй байсан бөгөөд тухайн дурьдагдаж буй газрыг хариуцагч нь 2008 онд Д.Батсайханд 60.000 ам.доллараар худалдсан болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 830 шийдвэрээр нотлогддог. Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Д.Даваадорж нь 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Д.Батсайхантай худалдах-худалдан авах гэрээг байгуулж 20 000 ам.доллар бэлнээр өгч 7 096.71 ам.долларын цонх нийлүүлж худалдан авч байсан болно. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас үнэлэлгүйгээр таамаглалд үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хариуцагч У ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

1. Манай компаний нийт 560 м.кв талбайтай тус бүр нь 3 давхар 26 ширхэг амрагчийн сууц барихаар төлөвлөсний дагуу хотхоны дэд бүтцийг байгуулсан бөгөөд дулаан, цэвэр, бохир усны хэрэглээг хотхоны сууцны нийт хүчин чадлаар бодож тооцоолсон. Гэтэл Э ХХК тухайн газар дээр анх төлөвлөсөн амрагчийн сууцнаас хэд дахин их эзлэхүүнтэй, 7 айлын орон сууцны барилга барьсан. Уурын зуухыг "Ану сервис" ХХК-ийн ажилчид ирж суурилуулсан бөгөөд У ХХК-ийн ажилчид өөрсдийн захиалсан зуухыг авчирч байна хэмээн бодож хүлээн авсан байдаг. Гэтэл 2013 оны 8 дугаар сарын 6-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, суурилуулсан уурын зуухны үнийг төлүүлэхээр шаардсан. Энэхүү нэхэмжлэлийг гардаж авснаар Э ХХК "Ану сервис" ХХК-с зуух худалдан авсан болохыг У ХХК мэдсэн байдаг. Уурын зуух байрлуулахаас өмнө уурын зуухны үнэ болон худалдан авах нөхцлийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, уурын зуухны үнийг хуваан төлөх талаар ямар ч тохиролцоо, хэлцэл бичгээр болон амаар хийгдээгүй болно.

2. Шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг үндэслэл болгон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч Ж.Батхүү, хуульч Л.Батжаргал нар нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг огт тодорхойлж байгаагүй, зөвхөн үйл баримт ярьдаг. Тэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй.

Шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийг хэрэглэхийн тулд мөн зүйлийн 496.3 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй болохыг тогтоох ёстой, Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасан шаардлагыг нэхэмжлэгч гаргах эрхтэй эсэхийг мөн зүйлийн 496.3 дахь хэсгээр шалгаж шаардлага гаргах эрхтэй эсэхийг тогтооно. Э ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө У ХХК-д өөрийн зардлаар зуух худалдан авч суурилуулсан тухай огт мэдэгдэж байгаагүй талаар бид тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч, гаргасан зардлынхаа талаар ердийн боломжит хугацаа буюу 30 хоногийн дотор мэдэгдэж байсан болохоо нотлоогүй, энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэгэнт хуульд заасан журмын дагуу тогтоосон хугацаанд зардлын тухай мэдэгдээгүй бол Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасан шаардлагыг гаргах эрхээ нэхэмжлэгч алдах хууль зүйн үндэслэлтэй.

3. Нэхэмжлэгч зураг төсөлд зааснаас өөр барилга барьсан бөгөөд уг барилгын дулааны асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж уурын зуух худалдан авч суурилуулсан байна. Суурилуулсан уурын зуухаа нэхэмжлэгч өөрөө буцаан авах боломжтой бөгөөд буцааж авахад хариуцагч татгалзахгүй. Гэвч өнөөдрийг хүртэл буцааж авьяа гэдэг шаардлага гаргаагүй, мэдэгдэл хийж байгаагүй. Нөгөө талаас хуулийн энэхүү зохицуулалт нь эд хөрөнгийг засан сайжруулсантай холбоотой зохицуулалт юм. Нэхэмжлэгч хариуцагчийн гаргаж өгсөн төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаас баталсан төлөвлөгөө, зураг төслийн дагуу барилгаа барьсан тохиолдолд уурын зуухны асуудал үүсэхгүй байх байсан. Гэтэл өөрийн дур зоргоороо байшин барьсан нь түүнийг зуух худалдан авахад хүргэсэн учир Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэг хамаарахгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Э ХХК  нь хариуцагч У ХХК-д холбогдуулан уурын зуухны үнэ, суурилуулалтын зардалд 63 299 000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол, алдангид 3 042 672 төгрөг, вакум цонх, хаалганы үнэ 361 509 761 төгрөг, нийт 427 851 433 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал “... зуухыг өөрсдийн дураар зөвшөөрөлгүй суурилуулсан ..., ... үнийг хувааж төлөхөөр тохиролцоогүй ..., ... эзэмшлийн газар дээр 2 орон сууц барих эрхийг 200 000 ам.доллараар үнэлж өгсөн, төлбөрт нь вакум цонх, хаалга хийхээр тохирсон ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзжээ. Талууд гэрээний төрөл болон хэлцэл хийсэн эсэх талаар маргаж уг асуудал нь тэдгээрийн давж заалдах гомдлын үндэслэл болсон байна.

1. Хариуцагч У ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дархан цаазат Богд Хан-Уулын өвөр Богинын аманд амрагчдын “Дипломат” хотхон барьж буй газарт нэхэмжлэгч Э ХХК-д амрагчдын 2 сууц барих эрхийг 200 000 ам.доллараар арилжиж, нэхэмжлэгч нь уг төлбөрт тус компанийн барьж буй барилгад вакум цонх, хаалга шилжүүлэн, угсарч өгөхөөр аман хэлцэл хийж, дараа нь бичгийн хэлбэрт оруулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан “Хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ, Э ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/50 тоот албан бичиг зэрэг баримтаар нотлогджээ. /1хх 1, 68-72, 88, 135, 2хх 13-17, 20 дахь тал/

Улмаар хэлцлийн дагуу нэхэмжлэгч Э ХХК нь амрагчдын Дипломат хотхонд 4 давхар сууц барьж, хариуцагчийн барьж буй барилгуудад вакум цонх, хаалга суурилуулсан үйл баримт мөн талуудын тайлбараар тогтоогдсон байна. /1хх 1, 68-72, 88, 135 дахь тал/

Зохигчдын гэрээний дагуу хүлээх эрх, үүрэг буюу гэрээний агуулгын талаарх шүүхэд гаргасан тайлбар, гэрээнээс үзэхэд хоёр тал хариу үүрэг бий болгон, үүргийг эд хөрөнгө шилжүүлэх хэлбэрээр гүйцэтгэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний шинжтэй байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн тул нэг тал нөгөө талаасаа энэ гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, дээрх харилцааг ажил гүйцэтгэх гэрээний агуулгаар тайлбарлан ажлын хөлс, материалын үнэ шаардаж байгаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцэхгүй. Түүнчлэн хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч тал, хариуцагчийн “... барьж буй амрагчдын “Дипломат” хотхоны барилга баригдаж дуусаагүй, зарим барилга нь ашиглалтад орсон ...” гэх тайлбарыг үгүйсгээгүйн гадна /хх 70 дахь тал/ талууд гэрээгээ дүгнэсэн, тооцоо нийлсэн тухай баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас арилжааны гэрээний үүргийг шаардах эрхгүй  юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, нэхэмжлэгч Э ХХК-ийн дээрх шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч Э ХХК нь “Ану сервис” ХХК-аас Унгар Улсад үйлдвэрлэсэн Карборобот фирмийн автомат тохируулга бүхий уурын зуух, дагалдах хэрэгслийн хамт худалдан авч үнэ, угсралтын төлбөрт  нийт 62 000 000 төгрөг төлсөн, мөн уурын зуухыг Дипломат хотхонд суурилуулсан болох нь хэрэгт авагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн баримт, гэрч Б.Инжинашийн мэдүүлэг, шинжээч “Лэндс” ХХК-ийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогджээ. /1хх 75-82, 137, 184, 2хх 56-59, 70 дахь тал/ 

Нэхэмжлэгч тал уг зуухыг хариуцагчийн хүсэлтээр худалдан авсан, үнийг хувааж төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлах боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Харин хариуцагч У ХХК-ийн барьж буй Дипломат хотхонд нийт 4 зуух суурилуулсан, уг зуухыг хоёр хоёроор нь ээлжлэн ашиглаж байгаа үйл баримт нь шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогджээ. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэн хариуцагчаас уурын зуухны үнийн 50 хувь буюу 31 000 000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь зөв болно.

Мөн талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй, анз /алданги/-ын гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгийн хэлбэрээр хийгээгүй учир нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй юм. Түүнчлэн, дээрх үүрэгтэй холбоотой хохирол учирсан болохоо нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/02633 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 680 000 төгрөгийг, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                 Ч.ЦЭНД