Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/01776

 

Т.Дгийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж,шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02128 дугаар шийдвэртэй,

 

Хүсэлт гаргагч: Т.Дгийн хүсэлттэй

 

Садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Т.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь С аймгийн С суманд 1929 онд төрсөн, 1937 онд эцэг Н.Б, эх Ч.Ц нар насан өөд болоход 5 настай байсан. Дүү Ц,эгч Я нарын хамт өнчин хоцрох  хүнд үед Дотоод явдлын яаманд хэлтсийн дарга байсан нагац ах / ээжийн маань төрсөн дүү/ Чоймболын Батсүх биднийг Улаанбаатарт авч ирэн асрамждаа авч, намайг яамны харьяа бага сургуульд оруулсан.Гэтэл ах Ч.Б 1939 оны 7 дугаар сард улс төрийн хилс хэрэгт холбогдон баривчлагдаж, улмаар улс төрийн хилс хэрэгт цаазаар авах ялаар шийтгүүлсэн. Миний бие нь  сургуулиасаа хасагдаж эргээд нутагтаа очиход үлдсэн мал хөрөнгө гэр орон үгүй болсон байсан. Ах, асран хамгаалагч Ч.Б Оросын шоронд 2 жил хоригдож байгаад 1941 оны 7 дугаар сарын 5-ны өдөр СССР-ийн эрүүгийн хуулийн зүйл ангиар буудан алах ялаар шийтгүүлснээс хойш 15 жилийн дараа 1956 онд хэргийг хянаад цагаатгасан. Ах мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ миний эгч Я, дүү Ц нарыг охиноо гэж бичүүлээд миний нэрийг хэлээгүй үлдээсэн нь сэтгэл зүйн дарамтад орж, ой санамж, ухаан санаа нь муудсан байсных болов уу эсвэл намайг сургуулиас хасна гэж болгоомжилсон гэж бодож байна. Намайг сургуульд оруулахдаа өөрийн нэрээр овоглож Б-ийн Д гэж бүртгүүлсэн нь архивын лавлагаагаар батлагддаг.  Иймд нагац ах Ч.Б өнчин үлдсэн 3 зээ нараа асрамждаа, үрчлэн авч намайг өөрөөрөө овоглон сургуульд оруулсан баримтуудыг үндэслэн Д нь Ч.Бийн үрчилсэн хүүхэд мөн гэж тогтоож өгнө үү. Ийнхүү тогтоолгох нь нөхөн олговор авах зорилготой. Ноднин жил материалаа бүрдүүлэн шүүхэд өгөхөд Ч.Мөнхцэцэг шүүгч шийдвэрлэж,намайг Ч.Бийн зээ гэж тогтоосон. Шийдвэрээ аван Цагаатгалын комисст очин материалаа танилцуулахад надад 2 зөрчил байна гэж хэлсэн. Энэ хүний дүүгийн хүүхэд н.Очирбат 1 удаа нөхөн олговор авсан байна. Хуулиараа нөхөн олговрыг 1 удаа олгоно гэж заасан. Ургийн холбоо тогтоолгосон шүүхийн шийдвэрт таныг Ч.Бийн зээ гэж тогтоосон байна. Хуучин хуулиар нөхөн олговрыг зээд олгож байсан. Харин одоо шинэ хуулийн төсөл явагдаж байгаа. Шинэ хуулиар зөвхөн зээд нөхөн олговор олгогдохгүй, өөрийн төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нь олгогдоно гэсэн. Ийм учраас шүүхийн шийдвэрээ давж заалдах журмаар өөрчлүүлсэн нь дээр гэж зөвлөсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-т заасныг баримтлан Ч.Бийн үрчилсэн хүүхэд мөн болохыг тогтоолгох тухай Т.Дгийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Т.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие  нь  ураг төрлийн холбоогоо тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хоёр удаа 2017 оны 9-р сарын 25, 2018 оны 6-р сарын 26-нд тус тус шийдвэр гаргуулсан ч хүлээж авах боломжгүй шийдвэр байсан. Дээрх хоёр шийдвэрийн эхнийх нь намайг Батсүх ахын зээ, ам бүл асрамжид нь амьдардгийг хүлээн зөвшөөрсөн атлаа үрчилсэн хүү нь болох үнэн баримтыг үгүйсгэсэн, хоёр дахь шийдвэр нь үрчилж авсан хүүхэд нь гэж тогтоох боломжгүй байна гэсэн болно. Одоотой адил улсын асрамж хамгаалал байгаагүй үед хүнлэг энэрэнгүй сэтгэл гаргаж эцэг эхээсээ өнчрөн үлдсэн зээ хүүгээ ам бүлдээ нэгтгэж асрамждаа авч өөрөөрөө овоглон сургуульд оруулсан баримт нь  хүү мөн гэж нотолж байгаа хэрэг биш үү. Одоогоос 80 жилийн өмнө бурхан болсон дүүгийнхээ хүүхдийг үрчилж авсан тухай баримт нэхэж байгаа нь хүний ёсонд үл нийцэх доромжлол гэж харагдаж байна. Тухайн үед ах дүү нарын хооронд хүүхдээ албан ёсоор үрчилж авах журам байгаагүй.Нотлох баримтыг дутуу үнэлсэн дээрх шийдвэрийг өөрчлөхгүй тохиолдолд улс төрийн хэлмэгдүүлэлтэд дахин өртөх нь тодорхой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч Т.Д нь 1941 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ч.Б-ийн үрчилж авсан хүүхэд мөн болохоо тогтоолгохоор шаарджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ. Хүсэлт гаргагч нь уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг “.., улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдэд олгох нөхөн олговрыг авах зорилготой” гэж тайлбарласан./ хх -ийн 45-46 дугаар хуудас/ Түүнчлэн олон жилийн өмнөх үйл явдлыг шүүхээс өөрөөр тогтоох боломжгүй, тухайн үеийн архивын хадгалалт муу байснаас хангалттай баримт олдохгүй байх, нэр зөрөх зэрэг бэрхшээл байгааг нэмэлт тайлбартаа дурдаж, энэ талаар архивын баримт хавсаргажээ./ хх-ийн 3,17 дугаар хуудас/

 

Хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Хүсэлт гаргагч өмнө нь тухайн асуудлаар шүүхэд хандахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 102/ШШ2017/02528 дугаар шүүхийн шийдвэрээр “..,Хатиган овогт Т-ийн Дг хэлмэгдэгч Ч.Б-ийн гэр бүлийн гишүүн буюу зээ мөн болохыг тогтоож” шийдвэрлэсэн, уг шийдвэрт давж заалдах журмаар гомдол гараагүй, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Өмнө нь шийдвэрлэгдсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 102/ШШ2017/02528 дугаар шүүхийн шийдвэртэй болон одоо шийдвэрлэгдэж буй хэргүүдийн хүсэлт гаргагч нь Т.Д, шийдвэрлүүлэхээр шаардаж буй эрх зүйн ач холбогдолтой үйл явдлыг тогтоолгох зорилго нь нэг, тогтоолгохоор шаардаж буй үйл явдал нь адилхан байна.

 

Нэг цаг үед нэг үйл явдал өөр өөрөөр байх боломжгүй юм. Т.Д нь тухайн үед хэлмэгдэгч Ч.Б-ийн гэр бүлийн гишүүн, зээ дүү байсан гэж тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нөхцөлд дахин уг үйл явдлыг өөрөөр тогтоох, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Зээ дүү буюу садангийн хүн, үрчлэгдсэн хүүхэд гэх ойлголтууд нь хууль зүйн хувьд ялгаатай ойлголтууд бөгөөд нэг цаг үед зөвхөн эдгээрийн нэг нь л байх боломжтой.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн эрх үүрэг үүсдэг бол мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар гэрлэгчдийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг садангийн хүн гэж үздэг.

 

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 02/1438 дугаартай лавлагаагаар ДЯЯ-ны хүүхдийн бага сургуулийн 3 дугаар салааны 1939 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн түргэн бүртгэлд: ”Б-ийн Д 10 настай, сурагч, Дорнод аймгийн Дарханхан сумын 7 дугаар багийн харьяат” гэж бүртгэгдсэн нь хүсэлт гаргагчид хамаарах баримт болох нь эргэлзээтэй, хүсэлт гаргагч архивын лавлагаанд Сэдэд нэрээр бүртгэгдэж, нэрээ өөрчлүүлсэн тухай хүсэлт гаргагчийн тайлбараас өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар хамт амьдарч, гэрлэгчдийн асрамжид байгаа бол заавал үрчлэгдсэн хүүхэд гэж үзэх боломжгүй, төрөл садангийн хүн ч гэр бүлийн гишүүн байж болохоор заажээ.

 

Т.Дг хэлмэгдэгч Ч.Б-ийн гэр бүлийн гишүүн буюу зээ мөн болохыг шүүх тогтоосон байхад түүнийг дахин хэлмэгдэгч Ч.Б-ийн үрчилж авсан хүүхэд гэж тогтоох боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Дгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                               Ш.ОЮУНХАНД