Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01915

 

Т.Д-гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02128 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1776 дугаар магадлалтай,

Т.Д-гийн хүсэлттэй,

Садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хүсэлт гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Д-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Хүсэлт гаргагч Т.Д-гийн шүүхэд гаргасан хүсэлтэд: ...Миний бие нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1929 онд төрсөн, 1937 онд эцэг Нямбуугийн Төмөр, эх Чоймболын Цэцэгмаа нар насан өөд болоход 5 настай байсан. Дүү Цогзолмаа, эгч Янжин нарын хамт өнчин хоцрох хүнд үед Дотоод явдлын яаманд хэлтсийн дарга байсан нагац ах Чоймболын Батсүх биднийг Улаанбаатарт авч ирэн асрамждаа авч, намайг яамны харьяа бага сургуульд оруулсан. Гэтэл ах Ч.Батсүх 1939 оны 7 дугаар сард улс төрийн хилс хэрэгт холбогдон баривчлагдаж, улмаар улс төрийн хилс хэрэгт цаазаар авах ялаар шийтгүүлсэн. Миний бие нь сургуулиасаа хасагдаж эргээд нутагтаа очиход үлдсэн мал хөрөнгө гэр орон үгүй болсон байсан. Ах, асран хамгаалагч Ч.Батсүх Оросын шоронд 2 жил хоригдож байгаад 1941 оны 7 дугаар сарын 05-ны өдөр СССР-ийн эрүүгийн хуулийн зүйл ангиар буудан алах ялаар шийтгүүлснээс хойш 15 жилийн дараа 1956 онд хэргийг хянаад цагаатгасан. Ах мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ миний эгч Янжин, дүү Цогзолмаа нарыг охиноо гэж бичүүлээд миний нэрийг хэлээгүй үлдээсэн нь сэтгэл зүйн дарамтад орж, ой санамж, ухаан санаа нь муудсан байсных болов уу эсвэл намайг сургуулиас хасна гэж болгоомжилсон гэж бодож байна. Намайг сургуульд оруулахдаа өөрийн нэрээр овоглож Батсүхийн Дүгэр гэж бүртгүүлсэн нь архивын лавлагаагаар батлагддаг. Миний бие нөхөн олговор авах зорилгоор садан төрлийн холбоогоо тогтоолгохоор материалаа бүрдүүлэн шүүхэд өгөхөд шүүгч Ч.Мөнхцэцэг шийдвэрлэж, намайг Ч.Батсүхийн зээ гэж тогтоосон. Ийнхүү Цагаатгалын комисст материалаа танилцуулахад надад 2 зөрчил байна гэж хэлсэн. Энэ хүний дүүгийн хүүхэд н.Очирбат 1 удаа нөхөн олговор авсан байна. Хуулиараа нөхөн олговрыг 1 удаа олгоно гэж заасан. Ургийн холбоо тогтоолгосон шүүхийн шийдвэрт таныг Ч.Батсүхийн зээ гэж тогтоосон байна. Шинэ хуулиар зээд нөхөн олговор олгогдохгүй, өөрийн төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нь олгогдоно гэсэн. Иймд нагац ах Ч.Батсүх өнчин үлдсэн 3 зээ нараа асрамждаа, үрчлэн авч намайг өөрөөрөө овоглон сургуульд оруулсан баримтуудыг үндэслэн Т.Д- нь Ч.Батсүхийн үрчилсэн хүүхэд мөн гэж тогтоож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02128 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-т заасныг баримтлан Ч.Батсүхийн үрчилсэн хүүхэд мөн болохыг тогтоолгох тухай Т.Д-гийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Т.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1776 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Д-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагч Т.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие улс төрийн хэлмэгдүүлэлтэд нэрвэгдсэн асуудлаар “Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст” хандахын тулд ураг төрлийн холбоогоо тогтоолгохоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа хандаж, 2017 оны 9 дүгээр сарын 25, 2018 оны 6 дугаар сарын 26-нд тус тус шийдвэр гаргуулсан юм. Би 2017 оны 9 дүгээр сарын 25-ны шийдвэрийг аваад Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтантай уулзаж асуудлаа танилцуулахад энэ асуудлаар шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд нөхөн олговрыг хэлмэгдэгчийн төрсөн ба үрчилсэн хүүхдэд олгоно гэж тусгаж байгаа тул энэ шийдвэрт байгаа зээ гэснийг үрчилсэн болгох шаардлагатай бөгөөд таны энэ ах Чоймболын Батсүхийн дүү Очирбат гэдэг хүн нөхөн олговорыг авсан байна. Хуучин хуулиараа нөхөн олговорыг нэг удаа олгох ёстой гэж тайлбарласан учраас би шинэ хууль гарахыг хүлээхээр болсон юм. Энэ шийдвэрийн талаар би тухайн үед нь давж заалдаагүй нэгэнт хугацаа алдсан учраас энэ талаар одоо ярих үндэслэлгүй гэж үзээд зөвхөн мэдээлэл болгон тэмдэглэж байгаа болно. Өөрөөр хэлбэл энэ шийдвэр миний давж заалдах асуудалд хамаагүй. Харин 2018 оны 6 дугаар сарын 26-ны шийдвэр гаргуулах болсон учир шалтгаан бол энэ асуудлаар шинэ хууль батлагдаж шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой юм. Шинэ хуулиар шинэ нөхцөл байдал үүссэнээр өмнө нь нөхөн олговор авсан эсэхийг үл харгалзан шинээр нэхэмжлэл гаргах боломж нээгдсэн бөгөөд хамгийн гол нь уг хуулийн үндсэн зорилго нь нөхөн олговорыг улс төрийн хэлмэгдлийн хор аюулыг бодит амьдралаараа амсаж мэдэрсэн хүнд нь олгоход чиглэгдсэн гэж хуулийг санаачлагчид нь тайлбарлаж байгаа билээ. Энэ асуудлаар анхны шатны шүүхээс гаргасан шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй давж заалдаж байгаагийн учир бол уг үйл явдалтай холбогдох бодит баримт нотолгоог дутуу үнэлж үгүйсгэсэнтэй холбоотой юм. Тухайлбал уг шийдвэрт хэлмэгдэгч Ч.Батсүх нь Төмөрийн Дүгэрээг үрчилж авсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй байх бөгөөд баримтаар нотлогдоогүй байна. Мөн ах маань намайг өөрөөрөө овоглож сургуульд оруулсныг нотлох Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын магадалгаанд Батсүх нь Дүгэрээг үрчилж авсан гэж бичигдээгүй байна гэжээ. Уг магадлагаа нь сургуулийн бүртгэлийг үндэслэн гаргасан байх тул түүнд хүүхдийн төрсөн, үрчилсэн, ач зээгээр нь ялгаж бүртгэх ёстой юм уу? Энэ мэтээр одоогоос 80 жилийн өмнө болж өнгөрсөн үйл явдлыг өнөөгийн өнцгөөс харж хийсвэр дүгнэлт хийжээ. Эцэг эхээс бүтэн өнчирч үлдсэн, бие дааж амьдрах чадваргүй балчир насны зээгээ хүнлэг энэрэнгүй сэтгэлээр өөрийн ивээлд авч ам бүлдээ нэгтгэн улмаар өөрөөрөө овоглож сургуульд оруулсан нь логик утгаараа энэ нь миний хүүхэд гэдгээ баталсан бодит нотолгоо биш гэж үү? Эндээс заавал үрчилсэн гэсэн үг нэхэж үхсэн хүнээс хүүхэд үрчилж авсан гэсэн тухай баримт шаардах зэрэг нь хүний ёсноос гажсан доромжлол гэж харагдаж байна. Ер нь одоогоос 80 жилийн өмнө манайд хүүхдийг албан ёсоор үрчилдэг хууль эрх зүйн зохицуулалт байсан билүү? Одоогийнхтой адил улсын асрамж, нийгмийн хамгаалал байгаагүй тэр цаг үед ач зээ нараа төдийгүй ойр дотны хүмүүс, үр хүүхдээ албан бусаар үрчилж авдаг түүхэн уламжлал байсаар өдий хүрснийг өнөөгийн хязгааргүй эрх мэдэл, өндөр цалиндаа бялуурсан эрхэм шүүгчид мэдэхгүй байх шиг байна. Өнөөгийн шүүгчдийн энэ мэт ёс зүйгүй үйлдэл нь тухайн шүүгчийн мэдлэг боловсролын түвшин, хувийн үзэл баримтлал, зан чанар, ашиг сонирхлын зөрчил, мэргэжлийн ёс зүй, ур чадвар зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой нь нууц биш. “Ёс зүйгүй хүнд шүүгчийн эрх мэдэл олговол нялх хүүхдэд хутга мэс бариулсантай адил” гэж нэрт хуульч агсан Совд багш анхааруулсан байдгийг санахад илүүдэхгүй байх. Анхан шатны шүүхийн үйл ажиллагаанд энэ мэт гажуудлыг давж заалдах шатны шүүх нь засаж залруулахын оронд зөвшөөрч дэмжээд байгаа нь системийн гажуудал болж харагдаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэг зүйлийг ойлгоогүйгээс буруу дүгнэлт хийсэн байна. Тухайлбал би нэхэмжлэлдээ энэ асуудлаар анхан шатны шүүхээр 2 удаа шийдвэр гаргуулснаа зөвхөн мэдээллийн зорилгоор тэмдэглэснийг өөрөөр ойлгож 2017 оны шийдвэр нь одоо хүчин төгөлдөр байгаа учраас нэг асуудлаар хоёр шийдвэр гаргаж болохгүй гэж магадлалд дурьдсан байна. Би энэ шийдвэртэй холбож гомдол гаргаагүйг дээр тодорхой тэмдэглэсэн. Уг магадлалд Т.Д- нь хэлмэгдэгч Батсүхийн зээ бөгөөд түүний гэр бүлийн гишүүн байсан гэж тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нөхцөлд өөрөөр тогтоож энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй гэжээ. Гэтэл нэхэмжлэлд миний бие тухайн шүүхийн шийдвэр нь үнэн бодит баримт нотолгоог үл харгалзсан шүүгчийн ёс зүйгүй үйлдлийг үл зөвшөөрч байгаагаа илэрхийлж, иргэнийхээ эрхийн дагуу ийнхүү давж заалдаж байна. Мөн уг магадлалд зээ, үрчлэгдсэн хүүхэд гэдэг нь хууль зүйн хувьд ялгаатай ойлголтууд бөгөөд энэ цаг үед зөвхөн нэг нь байх боломжтой гэсэн нь ойлгомжгүй байна. Яагаад гэвэл нэг хүн энэ хоёр ойлголтыг төлөөлж болно. Жишээлбэл нэг айл ах дүүгээсээ ач буюу зээ хүүхэд үрчлээд авлаа гэхэд тэр хүүхэд үрчлэгдсэн зээ болно биз дээ. Энэ нь нэг хүн хоёр ойлголтын төлөөлөл болж байгаа юм биш үү. Мөн архивын нэг лавлагаанд намайг Сэдэд нэртэй байсныг дурьдаж нэрээ өөрчилсөн баримт алга гэсэн байна. Би 5 настай байхдаа Сэдэд нэртэй байсныг лам нэр нь таараагүй гэж өөрчилж Дүгэр болгосон. Би 1995 онд архивын лавлагааг үндэслэн овгоо өөрчлүүлж өөрийн эцэг Төмөрөөр овоглосон албан ёсны баримтыг энд хавсаргав. Энэ мэт нэг үг, нэр томъёогоор хөөцөлдөж бодит баримт нотолгоог үгүйсгэж байгаа нь энэ талаар мөрдөгдөж байгаа зарим хуулийн зөрчилтэй холбоотой байна. Улс төрийн хэлмэгдэгсдэд нөхөн олгох тухай шинэ батлагдсан хуулийн гол зорилго нь нөхөн олговрыг хэлмэгдлийн хор аюулыг бодит амьдралаараа амсаж өнгөрүүлсэн хүнд нь олгоход чиглэгдсэн гэж тайлбарлаад байгаа атлаа түүнийг зөвхөн өөрийн төрсөн буюу үрчилж авсан хүүхдэд нь олгоно гэсэн шалгуур тавиад байгаа нь хоорондоо зөрчилтэй харагдаад байна. Яагаад гэвэл нэг хэлмэгдэгчийн асрамжинд байгаа 2 хүүхдийн нэг нь өөрийн төрсөн хүүхэд, нөгөө нь ач буюу зээ нь байлаа гэж бодоход тэр хүүхэд хэн байхаас үл хамааран адилхан хохирол амсана биз дээ. Энэ мэт хуулийн үзэл баримтлал (Концепц) түүний шалгуур (Критерия) хоёрын хоорондох зөрчил бол хуулийн ноцтой цоорхой мөн. Энэ мэтээс болж шүүхийн шийдвэрт ёс зүйн гажуудал алдаа гараад байгаа нь нууц биш билээ. Өөрөөр хэлбэл нөхөн олговрыг хэлмэгдэгчийн төрсөн ба үрчилсэн хүүхдээс гадна түүний ам бүл, асрамжинд байсан бага насны хүүхэд, ач, зээд нь олгоно гэсэн тодотгол шалгуур энэ хуулинд үгүйлэгдэж байна. Иймд миний хувьд хэлмэгдэгч Ч.Батсүхийн ам бүлийн гишүүн, түүний асрамжинд байсан зээ нь гэдгийг хуулиар нэгэнт хүлээн зөвшөөрч тогтоосон нь бодит утгаараа үрчилсэн зээ нь гэсэн ангилал, шалгуурт нийцэх бүрэн үндэстэй байгааг хүлээн зөвшөөрч баталгаажуулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

            Т.Д- шүүхэд хандаж, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу 1941 онд улс төрийн хилс хэрэгт шийтгүүлж, хэлмэгдсэн Чоймболын Батсүхийн үрчилсэн хүүхэд болохыг тогтоолгох хүсэлт гаргажээ.

            Анхан болон давж заалдах шатны шүүх Т.Д-гийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

           Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж, ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана.

           Т.Д- нь Ч.Батсүхийн үрчилсэн хүүхэд болохыг тогтоолгох зорилгоо, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхдэд олгох нөхөн олговорыг авах гэж тодорхойлсон байна.

           Түүний шүүхэд гаргасан тайлбар, хэргийн  баримтаар Т.Д- 1937 онд эгч, дүүгийн хамт эцэг, эхээс өнчирч, өөрийн эхийн төрсөн дүү нагац ах Ч.Батсүхийн асрамжид 2 жил орчим байсан бөгөөд Ч.Батсүх нь 1939 оны 07 дугаар сард улс төрийн хилс хэрэгт холбогдон баривчлагдаж, 1941 оны 07 дугаар сард СССР-ийн эрүүгийн хуулиар буудан алах ялаар шийтгүүлсэн, түүнийг 1956 онд цагаатгасан нь тогтоогджээ.

           Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02/281 тоотоор 1944 оны хүн амын тооллогын баримтад Батсүхийн Дүгэрээд холбогдох баримт байхгүй гэсэн лавлагаа өгсөн бөгөөд хүсэлт гаргагчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл тэрээр нагац ах Ч.Батсүхийг улс төрийн хилс хэрэгт баривчлагдсны дараа нутагтаа буцаж очиж, Гонсүрэн гэх айлын ам бүлийн гишүүн болж,  овоглон, улмаар 1995 онд овгоо  төрсөн эцэг Төмөр болгож өөрчилсөн байна.

           Хэрэгт Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02/1438 тоот “Батсүхийн Дүгэр 10 настай, сурагч, Дорнод аймгийн Дарханхан сумын 7 дугаар багийн харъяат” гэсэн тодорхойлолт авагдсан боловч энэхүү баримтаар Т.Д-г хэлмэгдэгч Ч.Батсүхийн үрчилсэн хүүхэд болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

         Үрчлэлт бол хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс тухайн хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхээр гэр бүлдээ авч, хүүхэд болон үрчилж авсан эцэг, эхийн хооронд эрх, үүрэг үүсгэдэг харилцаа бөгөөд зөвхөн дээр дурдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа нь хүсэлтийг хангах хангалттай баримт болох боломжгүй юм.

          Анхан болон давж заалдах шатны шүүх Т.Д-гийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02128 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1776 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Т.Д-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хүсэлт гаргагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ