Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 183/2019/00843/и |
Дугаар | 183/ШШ2019/01515 |
Огноо | 2019-06-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2019/01515
2019 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2019/01515 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Ж.Б, Л.Б, С.Б, Т.Г, Д.Г, Ч.Г, М.Г, Н.Д, С.М, Б.М, Э.М, Б.М, Г.Н, Ц.Н, Д.Э нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч- “З Т Н” ОНӨААТҮГазарт холбогдох,
2013 оны 7 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013 оны 02-р сараас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны 01 дүгээр сараас хойших хүртэлх хугацааны илүү цагийн хөлс, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин, 2015 оны удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 127.661.429,05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, С.Түмэн-Ундраа,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дооханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь
2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Нийтийн тээврийн газраас смарт картаар үйлчлэх болсонтой холбогдуулан мөнгө хураагчийн ажлын байранд ажиллаж байсан 600 гаруй хүний ажлын байрыг тодорхойгүй болгож, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Нийслэлийн Засаг дарга ******* телевизээр НИХТ-ийн 29 дүгээр ээлжит бус хурал дээр асуултанд хариулахдаа 700,000 төгрөгөөр кондукторууд цалинжаад ажиллаж байгаа нэг ч хүнийг халахгүй гэж мэдээлж байсан. Гэтэл З Т Н ОНӨААТҮГ-ын удирдлагууд нь янз бүрийн дарамт шахалтаар кондукторуудыг ажлаас халж эрх ашгийг нь хохироож, шилжүүлэх нэрийн дор орон тооны цомхотголд оруулж байна. Ажилчдын зөвшөөрөлгүйгээр өөр ажилд буюу угаалга цэвэрлэгээ, бүртгэлийн ажилд томилж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, энэ талаархи тушаал шийдвэрийг ажилчдад танилцуулж, мэдэгдэхгүй байна. Тээврийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1860 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичигт нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтэрсэнтэй холбогдуулан мөнгө хураагч нар ажлын байргүй болж байгаа асуудлын талаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно, хамтын гэрээний 3.7-д ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэл ба бүтцийн өөрчлөлт хийгдсэн орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажилласан жилийг нь харгалзан ажилтанд доорхи дундаж цалинтай тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно. Үүнд 1-3 жил ажилласан бол 2 сар, 3-5 хүртэлх жил ажилласан бол 4 сар, 6-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 10 сар, 16 түүнээс дээш жил ажилласан ажилтанд 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно гэж заасны дагуу ажилчдын эрх ашгийн үүднээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гээд нийт мөнгө хураагчийн ажлын байранд ажиллаж байсан мөнгө хураагч нарт тэтгэмж олгохыг байгууллагад даалгаж, жагсаалтаар авагдсан нэр бүхий 61 ажилчдад 323.720.346 төгрөгийн тэтгэмжийг байгууллагаас гаргуулж өгнө үү гэж /1-р хх-1-2/,
2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа ...хамтын гэрээг дагаж мөрдөж ажиллахыг даалгаж, тарифын хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллахгүй байгааг шийдвэрлэж, цалингийн журам, дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран баталсан журмуудыг мөрдлөгө болгож ажиллахыг даалгах, М.Г, М.Батцэрэн нарыг нэмэгдүүлж байна гэж /2-р хх-55/,
2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын хэлэлцээрийн 2.1.12-т “мэргэшсэн жолооч, кондукторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-20% хүртэл хэмжээгээр нэмж олгоно” гэж заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгуулах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын хэлэлцээрийн 4.2-т заасны дагуу 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл хөлсийг байгууллагаас гаргуулах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын гэрээний 4.7-т заасны дагуу 2013, 2014, 2015 онуудын үр дүнгийн цалин гаргуулах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 61 ажилтны удаан жилийн нэмэгдэлийг байгууллагаас гаргуулах гэж /2-р хх-42-43/,
2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын хэлэлцээрийн 2.1.12-т “мэргэшсэн жолооч, кондукторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-20% хүртэл хэмжээгээр нэмж олгоно” гэж заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 142.307.071 төгрөг гаргуулах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын хэлэлцээрийн 4.2-т заасны дагуу 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны 136.981.000 төгрөгийг ур чадварын нэмэгдэл хөлсийг байгууллагаас гаргуулах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын гэрээний 4.7-т заасны дагуу 2013, 2014, 2015 онуудын үр дүнгийн цалинд 52.873.087 төгрөг гаргуулах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 61 ажилтны удаан жилийн нэмэгдэлд 6.910.000 төгрөгийг байгууллагаас гаргуулах гэж тодруулаад,
жагсаалтаар авагдсан нэр бүхий 72 ажилтны хамтын гэрээний 4.4-т заасны дагуу илүү цагийн хөлсөнд 5.085.531 төгрөгийг байгууллагаас гаргуулах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 3 ажилтны хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д заасны дагуу орон тооны цомхотголд орсон тушаалтай тул тэтгэмжид 9.514.625 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 57 ажилтны шагналт цалинд 52.888.508 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 13 жолоочид олгогдох жолоочийн даатгалын зөрүүд 611.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус гаргажээ /2-р хх-73-74/.
Хариуцагч З Т Н ОНӨААТҮГ шүүхэд болон төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй нэр бүхий 15 хүний нэмэгдэл цалин гаргуулах шаардлагад хариу тайлбар гаргаж байна. Б 2016 оны 9 сарын 8-ны өдрийн Б/917 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож тэтгэвэрт гарсан. Б нь нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Б нь хоёрдугаар баазад ажиллаж байгаа, Т.Г нь 2017 оны 8 сарын 28-ны өдөр Б/707 тоот тугаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан, Д.Г нь одоо нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Ч.Г нь 2017 оны 01 сарын 20-ны Б/42 тоот тушаалаар тэтгэвэрт гарсан, Д нь нэгдүгээр баазад ажиллаж байгаа, М.Г нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. М хоёрдугаар баазад ажиллаж байгаа, Мөнхамгалан нь 2015 оны 9 сарын 2-ны өдөр Б/1233 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. М нь хоёрдугаар баазад ажиллаж байгаа, М нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Э 2019 оны 1 сарын 4-ний өдөр Б/03 тоот тушаалаар өндөр нас тэтгэвэрт гарсан, Г.Н нь нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Ц.Н нь нэгдүгээр баазад ажиллаж байна. A.Эийн шаардлагыг Ж.Алтанцэцэгийн хэрэгт шийдвэрлэсэн байгаа. Ингээд 1 шалгагч нэхэмжлэлээсээ татгалзсан, 1 хүний асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн, 1 шалгагч өөрийн хүсэлтээр, 4 шалгагч өндөр насны тэтгэвэрт гарснаар нийт 5 хүн байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна. Үлдсэн шалгагч нар одоогийн байдлаар ажлаа хэвийн хийгээд явж байна.
Мэргэшсэн зэргийн нэмэгдэлийг 2013-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийг үндэслэн шаарддаг. Уг хамтын хэлэлцээрийн 8 дугаар зүйлд аж ахуйн нэгж байгууллага өөрийн хөрөнгийн бололцоо жолооч засварчдын мэргэжлийн зэргийн ур чадвар ажлын чанар хөдөлмөрийн гэрээний биелэлт үр дүнг харуулсан авто машины жолоочид дараах нэмэгдэл хөлс шагнал урамшууллыг олгож болно. Нэмэгдэл хөлсний хувь хэмжээ олгох журмыг байгууллагын захиргаа үйлдвэрчний эвлэлийн хамтын хэлэлцээрээр батлан шийдвэрлэнэ гэж заасан. Хамтын хэлэлцээрт заасны дагуу захиргаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага 2014 оны 1 сарын 22-ны өдөр хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа шалгагч нарт мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор тусгаагүй, 2013 оны 2 сарын 5-ны өдрийн хамтын гэрээнд мэргэшсэн зэргийн нэмэгдлийн талаар тохиролцоогүй. З Т Н автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний хороо нь 2013 оны 7 сарын 9-ны өдөр баталсан 2013 оноос 2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын тарифын хэлэлцээрт бие даан оролцоогүй, гарын үсэг зураагүй, байгууллагын төлөөлөл оролцоогүй тул шаардах эрхгүй. Байгууллага мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгох үүргийг хамтын гэрээгээр хүлээгээгүй.
Ур чадварын нэмэгдэлийг хамтын гэрээний 4.2 дугаар зүйлийг үндэслэн шаарддаг бөгөөд байгууллагын дотор мөрдөгдөж байгаа дүрэм журмуудыг мөрдлөг болгохоор хамтын гэрээнд заасан. Ингээд 2013 оны 5 сарын 23-ны өдрийн автобус нэгдүгээр баазын цалин хөлсний тухай журамд ур чадвараас хамаарах зэргийн нэмэгдлийг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон тоног төхөөрөмжийн засварчдад олгохоор тусгасан. Үргэлжлүүлэн 2013 оноос 2016 оны хувьд 2013 он 2014 онд цалин хөлсний журам үйлчилж байсан. 2015 оны цалин хөлсний журам 2016 онд үйлчлэх бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зорчигч тээврийн цалин хөлсний журмын 5.5.1 дүгээр заалтад мөн ур чадвараас хамаарах зэргийн нэмэгдлийг зөвхөн засвар үйлчилгээний засварчид болон ерөнхий механик тоног төхөөрөмжийн цахилгаан гэрэлтүүлгийн засварчдад олгохоор тусгагдсан тул энэ шаардлага үндэслэлгүй байгаа.
Илүү цагийн хөлсний тухайд нэхэмжлэгч анх 2016 оны 1 сарын 18-ны өдөр гаргасан 61 мөнгө хураагчийн цомхтголын тэтгэмж гаргуулах шаардлагаа 4 удаа өөрчилсөн бөгөөд 2015 оны 07 сард илүү цагийн асуудал гарч ирсэн. Тэрнээс хойш 3 сарын дотор цалин хөлстэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх ёстой байхад 2016 оны 10 сарын 27-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа илүү цагийн хөлсний асуудал шаардсан. Нэхэмжлэгч надад илүү цагийн хөлс энэ сар олгоогүй гэдгийг цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдсан тул сар бүр илүү цаг орсон эсэхийг сар бүр цалин авахдаа мэдэх бүрэн боломжтой байсан учраас хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсний дараа гаргасан шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарч байгаа.
Үр дүн, удаан жилийн шаардлагыг хамтын гэрээний 4.7 дугаар зүйлийг үндэслэн 2015 оны шаардаж байгаа, байгууллага 2015 онд үр дүн шагналт цалин олгоогүй. Яагаад гэвэл 2014 оны 12 сарын 5-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 220 дугаар тогтоолоор нийслэл дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага өмчит үйлдвэрийн ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох журмыг баталж, журмыг 2015 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр заасан. Энэ журмын 2 дугаар зүйлд үр дүнгийн шагнал урамшуулал олгох санхүүгийн эх үүсвэрийг нэрлэн заасан бөгөөд байгууллага 2015 онд алдагдалтай ажилласан, энэ талаар нотлох санхүүгийн тайлан баримтууд хэрэгт авагдсан байгаа учраас үр дүнгийн цалинг олгоогүй. Энэ шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа мөн яригдана. Үр дүнгийн шаардлага 2016 оны 5 сарын 4-ний өдрийн шаардлагаар орж ирсэн нь хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацааг хэтрүүлсэн байгаа. Яагаад 3 сарыг хэтрүүлсэн талаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөөгүй, мөн нэхэмжлэгч нар 2016 оны 1 сард цалин авахдаа мэдсэн байх боломжтой энэ нь цалин хөлсний лавлагаанаас тодорхой харагдана.
Удаан жилийн нэмэгдэлийг цалин хөлсний журмын 5.3.3 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжилдэг бөгөөд байгууллага 2013 оны удаан жилийг 2014 онд олгосон, дахиж олгоогүй шалтгаан нь санхүүжилттэй холбоотой, хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа. Удаан жилийн огноог нэхэмжлэгч буруу бичсэн байгаа. Уг шаардлагыг 2016 оны 5 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа албан ёсоор удаан жилийн шаардлага гэж оруулж ирдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч М хурал дээр бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гээд, 2016 оны 4 сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамж авагдсан байгаа. 2016 оны 5 сарын 10-ны өдөр болтол шүүх хуралдааныг хойшлуулдаг байгаа. Удаан жилийг 2013 оноос 2015 оных нэхсэн байгаад сүүлд зөвхөн 2015 он гэж өөрчлөгдсөн. Уг нь нэхэмжлэл гаргахдаа буюу 2016 оны 1 сарын 14-ний өдөр гаргах ёстой байсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.
Цомхтголын шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаарлагаа өөрчилөхдөө нэхэмжлэгч нарын ажлын байрыг цомхтгоогүй юм байна бид шаардлагаа өөрчилнө гээд шүүх хуралдаанд хэлсэн байгаа. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дугаар зүйлд зааснаар шаардлагын үндэслэлээ өөрөөр нотлох ёстой. Шаардлагын үндэслэлээ нотолсон баримт нэг ч байхгүй. Өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1. Нэхэмжлэгч З Т Н ОНӨААТҮГазрын автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороо нь хариуцагч З Т Н ОНӨААТҮГазарт холбогдуулан мөнгө хураагчийн ажлын байранд ажиллаж байсан мөнгө хураагч нарт тэтгэмж олгохыг даалгах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 61 ажилчдад 323.720.346 төгрөгний тэтгэмжийг байгуулагаас гаргуулж өгнө үү гэх шаардлагыг анх 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргаснаар /1-р хх-1-2/ шүүх иргэний хэрэг үүсгэхдээ тэтгэмжийн 323.720.346 төгрөгийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн байна /1-р хх-32/.
2. Дээрх шаардлагаа нэхэмжлэгч ******* нь 2016 оны 05-р сарын 04-ний өдөр ...Нийслэлийн засаг даргын 2014 оны 12-р сарын 18-ны өдрийн А/1053 дугаар захирамжаар тус байгууллагын бүтцэд кондукторын орон тоо бүтцийн өөрчлөлтөд ороогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилчдад хамтын хэлэлцээрийн 2.1.12-т зааснаар 2013-07-09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, хамтын гэрээний 4.2-т зааснаар 2013-02-05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл, хамтын гэрээний 4.7-д зааснаар 2013-2015 онуудын үр дүнгийн цалинг гаргуулах, цалин хөлсний журмын 5.3.3-т зааснаар 2013-2015 онуудын удаан жилийн нэмэгдлийг байгууллагаас гаргуулах, тус байгууллагаас цалин хөлсний дэлгэрэнгүй хуулгийг ирүүлсний дараа үнийн дүнг тодорхой болгож өгнө гэж өөрчилсөн шаардлага нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний огноотой боловч хавсралт нь 2016 оны 05-р сарын 04-ний өдрийн огноотой /2-р хх-42-43/.
3. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа хамтын гэрээг мөрдөж ажиллахыг даалгах, 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа тул шийдвэрлэж өгөх, автобусны 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран батлаагүй цалингийн журам, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ бусад журмуудыг хүчингүй болгож, үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран гаргасан журмуудыг мөрдлөг болгон ажиллахыг даалгах, кондуктор М.Г, М.Батцэрэн нарын ажилчдыг нэмэгдүүлж байна гэх нэмэгдүүлсэн шаардлагыг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан /2-р хх-55/.
4. Нэхэмжлэгч ******* нь дээрх шаардлагаа тодруулж нэмэгдүүлэхдээ нэхэмжлэлийн үнийн дүнг жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын хэлэлцээрийн 2.1.12-т зааснаар 2013-07-09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 142.307.071 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 136.981.000 төгрөг, үр дүнгийн цалинд 52.873.087 төгрөг, удаан жилийн нэмэгдэлд 6.910.000 төгрөгийг байгууллагаас гаргуулах гэж тодруулаад, илүү цагийн хөлс 5.085.531 төгрөг, нэр бүхий 3 ажилтан хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д зааснаар орон тооны цомхотголд орсон тушаалтай тул тэтгэмжид 9.514.625 төгрөгийг, шагналт цалин 52.888.508 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж нэмэгдүүлсэн шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байна /2-р хх-73-74/.
З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо нь 73 ажилтнуудын нэрийн өмнөөс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2018/13928 дугаар захирамжаар хэргийг тусгаарласан байх тул Ж.Б нарын 15 кондуктор, шалгагчийн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв /4-р хх-2-3/.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч болох үйлдвэрчний эвлэлийн хороо, түүний дарга ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан тэтгэмжид 323.720.346 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэмэгдүүлж, 2016 оны 05-р сарын 04-ний өдөр, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд өөрчлөн, нэмэгдүүлснээр хамгийн сүүлд буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөн нэмэгдүүлсэн жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 142.307.071 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 136.981.000 төгрөг, үр дүнгийн цалинд 52.873.087 төгрөг, удаан жилийн нэмэгдэлд 6.910.000 төгрөгийг байгууллагаас гаргуулах гэж шаардлагаа тодруулаад, илүү цагийн хөлс 5.085.531 төгрөг, нэр бүхий 3 ажилтан цомхотголд орсон тушаалтай тул тэтгэмжид 9.514.625 төгрөгийг, шагналт цалин 52.888.508 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж нэмэгдүүлэн гаргасан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2.193.804 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дансанд төлсөн байна /2-р хх-230/.
Ийнхүү нэхэмжлэгч нарын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулан, нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэж анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарсан 183/ШШ2017/02096 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01092 дугаартай тогтоол 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гарснаар /3-р хх-172-183, 226-230/ нэхэмжлэгч 73 иргэний хэргийг тусгаарласан шүүгчийн захирамж гарсантай холбогдуулан Ж.Б нарын 15 иргэний нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ******* нь нэхэмжлэлийн шаардлагын задаргаа бүхий үнийн дүнтэй хүснэгтийг шүүхэд өгөхдөө олгогдоогүй мэргэшсэн зэргийн, ур чадварын, удаан жилийн нэмэгдэл, олгогдоогүй илүү цагийн цалин, олгогдоогүй үр дүнгийн цалин, цомхотголын тэтгэмж гээд нийт 6 төрлийн шаардлага бүхий хүснэгтийг /4-р хх-62, 63/, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан, кондукторуудыг тодруулж, өөрчлөх тухай гэх хүснэгтийг шүүхэд гаргахдаа цомхотголын тэтгэмж гэх шаардлагыг оруулсан байна /4-р хх-64/.
Дээрх хүснэгтийг үндэслэн нэхэмжлэгч Ж.Б, Л.Б, С.Б, Т.Г, Д.Г, Ч.Г, М.Г, Н.Д, С.М, Б.М, Э.М, Б.М, Г.Н, Ц.Н, Д.Э нарын 2013 оны 7 дугаар сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013 оны 02-р сараас хойш хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны илүү цагийн хөлс, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин, 2015 оны удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 127.661.429,05 төгрөгийг хариуцагч З Т Н ОНӨААТҮГазраас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон гаргасан тул уг шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно /4-р хх-62/.
Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэлээр үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгч *******ад гэж 2017 оны 1-р сард гурван жилийн хугацаатай олгосон /1-р хх-34, 45, 54, 63,70, 84, 90, 100, 108, 118, 126, 135, 143, 150, 160/, хариуцагч З Т Н ОНӨААТҮГазар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг *******,*******,******* нарт 2019 оны 04-р сарын 25-ны өдрийн 1/828 дугаартай албан бичгээр /4-р хх-72, 73/ тус тус олгосон байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулах, 6-д зааснаар гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ******* нь З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болох нь ... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож /1-р хх-5/ байх бөгөөд мөн ******* ОНӨААТҮГазрын Автобус нэгдүгээр баазын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг болохыг зохигчид тайлбарлаж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй болно.
Түүнчлэн З Т Н ОНӨААТҮГазар нь хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулаагүй болох нь тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016-01-16-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр /1-р хх-19/ тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилсан нөхцлийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч тал дээрх нэр бүхий 15 кондуктор, шалгагчийн 2013 оны 7-р сараас хойших мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013 оны 3-р сараас хойших хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны үр дүнгийн цалин, удаан жилийн нэмэгдэл, 2015 оны илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж зэрэг нийт зургаан үндэслэл бүхий шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа хамтын гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт, автотээврийн салбарт 2013-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээр зэргийг үндэслэн тайлбарлан шаардлагаа тодорхойлсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгоно” гэж заасан.
******* ОНӨҮГазрын бүтэц өөрчлөгдөж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “*******” ОНӨААТҮГ, *******” ОНӨААТҮГ, “*******” НӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан “Нийслэлийн З Т Н” ОНӨААТҮГазар болж нэгдсэн асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-т зааснаар хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд харин хамтын гэрээг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилчны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэхээр хуульд заасан.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Зорчигч тээвэр гурав гэх ОНӨААТҮГазрыг байгуулсан байх боловч энэ талаарх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх боловч шинээр байгуулагдсан Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГазарт хариуцагч байгууллагаас эд хөрөнгийг шилжүүлэхээр тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч нар дээрх шинээр байгуулагдсан үйлдвэрийн газарт шилжээгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд “*******” ОНӨҮГазрын төлөөлөл, ажилтнуудын төлөөллийн хооронд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр “хамтын гэрээ” байгуулагдаж, уг гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Уг гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8, 12-18 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан, хууль тогтоомжид нийцсэн, хуульд заасан хугацаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна /1-р хх-10-13, 9/.
Түүнчлэн талуудын байгуулсан 2013 оны 02-р сарын 05-ны өдрийн хамтын гэрээний 2.2-т “хамтын гэрээний үйлчлэх хугацааг тогтоосон хэдий ч 2014 оны 01-р сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр ...гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэлх хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хамтын гэрээ гэж дүгнэв /1-р хх-10, 9/.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээний зохих заалтыг ажил олгогч биелүүлээгүй, Автотээврийн салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллаагүй ажилтаны эрх ашиг зөрчигдсөн гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан тул татан буугдсан ******* ОНӨҮГазрын үйл ажиллагаа хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн З Т Н ОНӨААТҮГазарт нийлүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ажил олгогчоос хамтын гэрээг биелүүлэхийг нэхэмжлэгч нар болон ажилчны төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн “2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээр”-ийн зорилго нь авто тээврийн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй нөхцлөөр зохицуулах, зохицуулагдаагүй харилцааг зохицуулахаар тодорхойлсон байх бөгөөд хэлэлцээрийг 2013-2014 онд хэрэгжүүлэхээр байгуулж, хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй бол талууд дараачийн хэлэлцээр батлан бүртгүүлэх хүртэл хугацаагаар үргэлжлүүлэн мөрдөхөөр, байгууллагуудын захиргаа эздэд хүргүүлэх, сурталчлах асуудлыг Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо хариуцахаар, хэлэлцээрээр тохирсон заалтуудыг автотээврийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн салбар байгууллагуудын хамтын гэрээнд тусгах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулахдаа үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөж батлахаар тохиролцсон байна /1-р хх-21/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т “үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг олгох журмыг ажил олгогч нь хууль, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн баталж мөрдүүлэхээр заасан.
Автотээврийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн салбар байгууллагуудын хамтын гэрээнд хэлэлцээрээр тохирсон заалтуудыг тусгахаар тохиролцсон байх боловч “З Т Н” ОНӨААТҮГазар нь гэрээний оролцогч биш гэж маргасан, хамтын гэрээнд тусгуулж тохиролцох талаар тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо маргаан үүсгэж шийдвэрлүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг хэлэлцээрт нийцүүлэн батлаагүй байх бөгөөд зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, 2015 оны 09-р сарын 18-ны өдөр хөдөлмөрийн дотоод журмыг батлахдаа 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн хэлэлцээрт тохирсон заалтуудыг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй байх тул нэхэмжлэгч нар 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрийн 2.1.12-т заасан үндэслэлээр мэргэшсэн кондукторын зэргийн нэмэгдлийг шаардах эрхгүй байна.
Түүнчлэн “*******” ОНӨҮГазрын дарга нь 2014-09-10-ны өдрийн 1126 дугаар албан бичгээр Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбоонд ...авто тээврийн салбарын хамтын, тарифийн хэлэлцээрийг дагаж мөрдөх чиг үүргийг ирүүлээгүй, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаас тарифийн хэлэлцээрийг хэрэгжүүлэн ажиллах үүрэг өгсөн тохиолдолд 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэгжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй” гэж саналаа хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн хувийг үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга *******ад гэж хаягласан байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь маргаан гаргаж зуучлагч, арбитрийн зөвлөмж гарсан талаар тайлбарлаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн маргаан зохицуулах зуучлагчийн зөвлөмж 2014-06-27-ны өдрийн огноотой, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Зам тээврийн яамны хооронд үүссэн хөдөлмөрийн хамтын маргаанд гарсан, хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах арбитрын зөвлөмж нь 2014-07-29-ний өдрийн огноотой, Зам тээврийн яам, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны хоорондын хамтын маргаанд гарсан зөвлөмж байх бөгөөд дээрх хамтын маргаан нь 2013-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээртэй холбогдон үүссэн маргаан байна.
Түүнчлэн ажил олгогчтой үйлдвэрчний эвлэлийн хороо тохиролцоо хийгдсэн гэх нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар З Т Н ОНӨААТҮГазрын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд хийсэн 2015-06-05-ны өдрийн тохиролцоонд ажил хаялттай холбоотой, 2015-06-05-ны өдрөөр тасалбар болгон ажил хаялтыг зогсоохоор, ажил хаялт зохион байгуулсантай холбогдуулан аль нэг тал хууль шүүхийн байгууллагад хандахгүй байхаар, байгууллагын төсвийг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хандан зохих шийдвэр гаргуулах талаар хамтран ажиллахаар тохирсон тохиролцоо /4-р хх-93/ байх бөгөөд уг тохиролцоонд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн дээрх 6 шаардлагын талаар тусгагдаагүй, уг тохиролцоо 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээний 4.2-т “ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн зэргийн, ур чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг мөрдлөгө болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байна.
Хариуцагч байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журам буюу ******* ОНӨҮГазрын цалин хөлсний 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн журмын 5.5-д “ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэл” гэж, 5.5.1-д “ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэлийг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон тоног төхөөрөмжийн засварчдад олгоно” гэж, 5.5.2-т “засварчдын зэргийг мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх, мөн байгууллагын зэрэг тогтоох комиссийн шийдвэрийг үндэслэн тогтооно” гэж, 5.6-д ажлын байрын нөхцөл нь хэвийн нөхцлөөс хүнд гэж тогтоогдсон ажлын байранд ажлын нөхцлийн нэмэгдлийг А жижүүрийн жолооч, ээлжийн ажилчдад, ариун цэврийн өрөө, бохир цэвэрлэдэг үйлчлэгч, сэрээт ачигч нарт нэмэгдэл цалин олгоно гэж,
2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн З Т Н ОНӨААТҮГазрын захиралын А/64 дүгээр тушаалаар баталсан З Т Н ОНӨААТҮГ-ын цалин хөлсний тухай журмын 5.5.1-т “ур чадвараас хамаарах зэргийн нэмэгдлийг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон ерөнхий механикийн, тоног төхөөрөмжийн, цахилгааны, гэрэлтүүлгийн засварчдад олгоно” гэж, 5.5.2-т “засварчдын зэргийг мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх мөн байгууллагын “Зэрэг тогтоох комисс”-ын шийдвэрийг үндэслэн тогтооно” гэж, 5.6-д ...хэвийн нөхцлөөс хүнд гэж тогтоогдсон ажлын байранд ажлын нөхцлийн нэмэгдлийг олгоно, А жижүүрийн жолооч нар, ээлжийн ажилчдад, ачигч машин хавсран барих ажилтанд сар бүр нэмэгдэл цалин олгоно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх цалин хөлсний журамд ур чадварын нэмэгдлийг кондуктор болон шалгагч нарт олгохоор тусгаагүй, нэхэмжлэгч нарт олгох нэмэгдэл цалингийн талаар дээрх журмаар зохицуулаагүй байх тул ур чадварын нэмэгдэл цалинг нэхэмжлэгч нар шаардах эрхгүй байна.
Мөн Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталсан 77 дугаар тушаалын хавсралтын хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 33-т ...кондуктор гэж дурдагдсан байх боловч уг тушаал нь тэтгэврийг хөнгөлттэй тогтоох нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт бөгөөд нэхэмжлэгч нар уг тушаалд заасан хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох, ажлын нөхцлийн нэмэгдлийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Хариуцагч байгууллагын 2013, 2015 оны цалин хөлсний журмын 5.5-д мэргэжлийн зэргийн нэмэгдлийн талаар, 5.6-д ажлын байрны байршил, ачаалал, онцлогоос шалтгаалсан бусад нөхцлийн буюу ажлын нөхцлийн нэмэгдэл гэж хоёр өөр нэмэгдлийн талаар журмалсан байх бөгөөд ажилтанд хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгохоор хамтын гэрээний 4.2-т ...урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлүүдийг сар бүр олгохдоо байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг мөрдлөгө болгохоор талууд тохирсон байх бөгөөд хариуцагч байгууллагын 2013, 2015 оны цалин хөлсний журамд нэхэмжлэгч нарын ажлын байрын нэр мэргэжлийн зэргийн нэмэгдэл болон ажлын нөхцлийн нэмэгдэлд тусгагдаагүй байна.
Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн ...бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээний 4.2-т ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон ...нэмэгдлүүдийг сар бүр олгохдоо ...байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг мөрдлөгө болгохоор, 4.7-д “үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно” гэж тус тус заасан боловч хариуцагч байгууллагад дагаж мөрдөгдөж байгаа 2013, 2015 оны цалин хөлсний тухай журмын 5-д заасан нэмэгдэлд үр дүнгийн нэмэгдлийн талаар зохицуулаагүй, журамд тусгаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг олгох журмыг ажил олгогч нь хууль, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн баталж мөрдүүлэхээр заасны дагуу ажилтаны төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо нь цалин хөлсний журамд хамтын гэрээгээр тохиролцсон заалтуудыг тусгахаар ажил олгогчид хандаагүй, хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа ажилтаны төлөөлөл энэ талаар мөн тусгаагүй, маргаан гаргаж шийдвэрлүүлээгүй байна.
Хариуцагч байгууллага нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байх бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар тогтоолоор “Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 2.2.1-д “орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын батлагдсан төлөвлөгөөнөөс давсан ашиг”, 2.2.2-т “орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өмнөх оны үйл ажиллагааны зардлын хэмнэлт”, 2.2.4-т “орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагчдын идэвхи санаачлагатай үйл ажиллагааны үр дүнд бий болсон нэмэлт санхүүгийн эх үүсвэр зэргийг үндэслэн орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын ажиллагсдыг шагнаж, урамшуулах зардлыг шийдвэрлэхээр, мөн журмын 4.2.2-т “...үйлдвэрийн газрын захирлын нийслэлийн Засаг даргатай байгуулсан контракт гэрээний биелэлтээр бүрэн хангалттай үнэлгээ авсан үйлдвэрийн газрын өмнөх оны зорилтот түвшингээс давсан ашгийн 20 хүртэл хувийг ажиллагсдын шагнал, урамшуулалд зориулан олгоно” гэж заасан болзлыг хариуцагч байгууллага хангасан, уг журамд заасан үндэслэлээр үр дүнгийн цалин олгохоор байгууллагын удирдлага баталгаажуулан шийдвэрлэсэн болох нь нотлогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2015 оны 4-р улирлын санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргаж тухайн онд алдагдалтай ажилласан тул нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар тогтоолоор баталсан “Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох журам”-д заасан санхүүгийн эх үүсвэр гараагүй гэж тайлбарлаж, нотлох баримтаар 2014-12-31-ний өдрийн орлогын дэлгэрэнгүй тайланд ашиг, алдагдлын эцсийн үлдэгдэл -82290130,95 гэж гаргасан баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 220 дугаар тогтоолыг 2015 оны 01-р сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байх бөгөөд үүнээс өмнөх 2012, 2013, 2014 оны ажлын өссөн гүйцэтгэлээр ажилчдад үр дүнгийн шагнал өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014-01-27-ны өдрийн А/07, 2015-02-10-ны өдрийн 8/200 дугаартай газрын даргын тушаалын хуулбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагч байгууллагад дагаж мөрдөгдөж буй 2013 оны цалин хөлсний тухай журмын 5.3.1-д “ажилласан жилийн нэмэгдэл нь тухайн ажилтны компанид удаан хугацаанд ажилласныг урамшуулан олгож буй нэмэгдэл цалин” гэж, 5.3.3-д “ажилласан хугацааг тухайн байгууллагад үндсэн ажилтнаар томилогдон тушаал гарсан үеэс эхлэн тооцно. Ажилласан жилийн нэмэгдлийг таваас дээш жил ажилласан ажилчдад ажилласан жил тус бүрийг 10 000 төгрөгөөр тооцож тайлант жилийн эцэст жилд нэг удаа байгууллагын даргын тушаалаар олгоно” гэж,
2015 оны цалин хөлсний тухай журмын 5.3.1-д “ажилласан жилийн нэмэгдэл нь ажилтны тухайн байгууллагад удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажилласныг урамшуулан олгож буй нэмэгдэл цалин” гэж, 5.3.3-д “ажилласан хугацааг тухайн байгууллагад үндсэн ажилтнаар томилогдон тушаал гарсан үеэс эхлэн тооцно. Ажилласан жилийн нэмэгдлийг таваас дээш жил ажилласан ажилчдад ажилласан жил тус бүрийг 10.000 төгрөгөөр тооцож тайлант жилийн эцэст жилд нэг удаа байгууллагын захирлын тушаалаар олгоно” гэж тус тус заасан.
Дээрх 2013, 2015 оны цалин хөлсний тухай журам нь 1990 онд орж өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаа ажилтанд хамаарна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарласан тул нэхэмжлэгч нар ажилласан жилийн нэмэгдлийг тооцуулж, энэ талаар байгууллагын удирдлагаар баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нар 2015 онд олгогдох ёстой ажилласан жилийн нэмэгдлийн талаар 2016 оны 1-р сард тушаал гарч олгоогүй учир гээд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө уг шаардлагыг гаргасан байна /2-р хх-42/.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай хүсэлтийн огноо 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэж бичигдсэн байх боловч хүсэлтийн хавсралтад байх жагсаалтын огноо 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр байх бөгөөд нэхэмжлэгч нарын төлөөлөгч шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул түүнээс өмнө буюу 1-р сарын 14-ний өдөр уг шаардлагыг гаргасан гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй тул уг шаардлагыг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гэж үзэв.
Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нэр бүхий 61 ажилчдад тэтгэмж олгохыг З Т Н ОНӨААТҮГазарт даалгах, тэтгэмжид 323.720.346 төгрөг гаргуулах тухай шаардлагад шүүх 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн болно /1-р хх-32/.
Тиймээс 2015 оны удаан жилийн буюу ажилласан жилийн нэмэгдлийг дараа оны буюу 2016 оны 1-р сард олгохоор тушаал шийдвэр гарсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай тул ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар 2015 оны удаан жилийн нэмэгдлийг 2016 оны 01-р сард олгоогүй бол энэ талаар мэдснээс хойш гурван сарын дотор шүүхэд хандах эрхтэй байжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж, мөн хуулийн 53.2-т “энэ хуулийн 53.1-д зааснаар олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан хамтын гэрээний 4.4-т “илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол цалин хөлсийг ердийн үеийнхээс хоёр дахин нэмэгдүүлж олгоно” гэж тохиролцсон байх тул “Автобуснэг ОНӨҮГ”-ын цалин хөлсний тухай журмын 6.4.6-д “илүү цаг ажилласан тохиолдолд илүү цагт ногдох хөлсийг хөдөлмөрийн хуулийн дагуу 2 дахин нэмэгдүүлж олгоно” гэж заажээ.
Нэхэмжлэгч нарын 2013-2016 оны цалин хөлсний талаар дэлгэрэнгүй хүснэгт /1-р хх-44, 52, 61-62, 68-69, 83, 89, 98, 107, 116-117, 125, 133-134, 142, 149, 159, 165-166/ хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч тал 2015 оны илүү цагийн хөлс гэж шаардсан бөгөөд уг шаардлагын талаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гаргасан шаардлага байна /2-р хх-74/.
Ажилтан илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан нэмэгдлийг хоёр дахин нэмэгдүүлж олгохоор хамтын гэрээний талууд тохиролцсоны дагуу тухайн сард олгоогүй илүү цагийн хөлсний талаар ажилтан мэдсэн даруйдаа гомдлоо гаргах эрхтэй буюу цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай тул ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар 2015 оны 1 дүгээр сард олгогдоогүй илүү цагийн хөлсний талаар мэдснээс хойш гурван сарын дотор шүүхэд хандах эрхтэй байсан.
Түүнчлэн хариуцагчаас гаргасан цалин хөлсний дэлгэрэнгүй хүснэгтээс үзэхэд нэхэмжлэгч нарын илүү цагт ногдох хөлсийг ажил олгогчийн зүгээс бодож ажилтанд олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан илүү цагийн хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж олгох ёстой гэх шаардлагын талаар хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл нотлогдон тогтоогдоогүй буюу хариуцагч байгууллага татан буугдаагүй, кондукторын ажлын байр хасагдсан эсхүл цөөрүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нар цомхотголын тэтгэмж шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 3.7-д зааснаар шаардлагаа тодорхойлсон боловч ажилтны буруу биш шалтгаанаар нэхэмжлэгч нар ажлаасаа чөлөөлөгдөөгүй буюу нэхэмжлэгч Ж.Быг 2016 оны 9 сарын 8-ны өдрийн Б/917 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар /4-р хх-74/, Т.Г нь 2017 оны 8 сарын 28-ны өдрийн Б/706 тоот тугаалаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргаснаар /4-р хх-78/, Ч.Г нь 2017 оны 01 сарын 20-ны өдрийн Б/42 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргаснаар /4-р хх-77/, Б.М нь 2015 оны 9 сарын 2-ны өдрийн Б/1233 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар /4-р хх-76/, Д.Э нь 2019 оны 1 сарын 4-ний өдрийн Б/03 тоот тушаалаар тэтгэвэрт гарах хүсэлт гаргаснаар /4-р хх-75/ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч Л.Б, С.Б, Д.Г, Н.Д, С.М, Э.М, Б.М, Г.Н, Ц.Н нар одоог хүртэл З Т Нийн 1, 2-р баазад шалгагчаар ажиллаж байгаа гэх хариуцагчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дээрх ажилчид тус байгууллагад ажиллаж байгаа талаарх тодорхойлолтыг гаргасан /4-р хх-79-80/.
Мөн кондукторын ажлын байрны чиг үүргийг өөрчилсөн А/89 тоот З Т Н ОНӨААТҮГазрын захиралын тушаал 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан байх бөгөөд уг тушаалаар кондукторуудын ажлын чиг үүрэгт өөрчлөлт оруулан хяналт зөвлөгөө өгөх ажилтанаар шугам замд ажиллуулж зохион байгуулахыг Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтэст үүрэг болгосон байна /1-р хх-239/.
Түүнчлэн Нийслэлийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1053 дугаар захирамжаар нийслэлийн З Т Н ОНӨААТҮГазрын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлахдаа автобусны мөнгө хураагч гэх албан тушаалын орон тоо батлагдсан /1-р хх-244/, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04-р сарын 18-ны өдрийн А/290 тоот захирамжаар З Т Нийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлахдаа шалгагч гэх албан тушаалын орон тоог баталсан байх боловч Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан кондукторын буюу мөнгө хураагчийн ажлын байрны чиг үүргийг хяналт зөвлөгөө өгөх ажилтан болгон өөрчилсөн байна.
Тиймээс нэхэмжлэгч нар мөнгө хураагчаар буюу кондуктороор ажиллаж байсныг 2015 оны 07-р сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон хяналт зөвлөгөө өгөх ажилтан болгосныг мэдээгүй гэх нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд ажил олгогчийн санаачилагаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарах тул ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заажээ.
Гэвч нэхэмжлэгч нар ажлын байр өөрчилсөн талаар шаардлага гаргаагүй бөгөөд гагцхүү цомхотголын тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч нараас өөрийн хүсэлтээр 2, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар 3 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн буюу хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон, нэхэмжлэгч М.Г 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаарлагаасаа татгалзсан байх тул бусад нэхэмжлэгч нар өнөөдрийн байдлаар хариуцагч байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байгаа болох нь хариуцагчийн гаргасан тодорхойлолтоор тогтоогдож, нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй тул цомхотголын тэтгэмж шаардах эрхгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 11-р бүлэгт зохицуулсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байх бөгөөд ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заажээ.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зохицуулсан бөгөөд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан ба хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно” гэж, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын төлөөлөгч 61 ажилтаны цомхотголын тэтгэмж гаргуулахаар 2016 оны 01-р сарын 18-ны өдөр гаргасан шаардлагаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэмэгдүүлэхдээ хамтын гэрээ, хэлэлцээрийг мөрдлөгө болгон ажиллахыг даалгах гэж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 2013 оны 7 дугаар сараас хойших 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн, ур чадварын, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалт цалин гаргуулах гэж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн цалин, удаан жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, 3 ажилтаны тэтгэмж, шагналт цалин, жолоочийн хариуцлагын даатгалын зөрүү гэж шаардлагаа тодорхойлж хэргийг тусгаарласан шүүгчийн захирамж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсны дараа 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тусгаарлан кондукторуудыг шаардлагыг тодруулж өөрчлөх тухай хүснэгт гаргахдаа цомхотголын тэтгэмжийг нэмж оруулсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын төлөөлөгч шүүхэд анх цомхотголын тэтгэмж гаргуулах тухай шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг 3 удаа өөрчлөн, тодруулж, нэмэгдүүлснээр дээрх 6 шаардлага буюу мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн цалин, цомхотголын тэтгэмж гэх шаардлага болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Тиймээс нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь 2013 оны 7-р сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн, ур чадварын, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн цалин, илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж зэргийг шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан байх тул нэхэмжлэгч нар эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй буюу 2016 оны 05 дугаар сарын 04, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагад дээрх шаардлагыг гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнөөр нэхэмжлэгч нар цалин хөлс, нэмэгдэл урамшууллын талаар хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул дээр дурдсан үндэслэлээр З Т Н ОНӨААТҮГазарт холбогдох 2013 оны 7-р сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн, ур чадварын, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн цалин, илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд зааснаар З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажилтнынхаа эрх ашгийг хамгаалахын тулд салбарынхаа үйлдвэрчний эвлэлийн холбоотой зөвлөн ажлуудыг хийж, ажлын тайлангаа тавьж байсан болох нь хэрэгт авагдсан тайлангуудаар нотлогдож байна.
Харин З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороонд гэж хаяглагдсан
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016-01-28-ны өдрийн 2/220 дугаартай албан бичигт ...ажлаас халсан, өөр ажилд шилжүүлсэн маргаан шүүхээр шийдвэрлэгдэхээр, хамтын гэрээг дагаж мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч ажилтаны төлөөлөл хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд улсын байцаагч хөндлөнгөөс оролцох үндэслэл байхгүй талаар дурдсан, Санхүүгийн зохицуулах хорооны 2014-01-07-ны өдрийн 6/60 дугаартай албан бичигт хавсаргасан шалгалтын тайланд ...жолооч нарын хариуцлагын даатгалд төлсөн төлбөрийн талаар гаргасан гомдолд хариу өгсөн талаар дурдсан, Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016-01-04-ний өдрийн 05/092/02 дугаартай дүгнэлтэд ...хамтын гэрээг цаг алдахгүй байгуулах талаар дурдсан, Автобус нэг компаний үйлдвэрчний эвлэлийн хорооны 2013-06-06-ны өдрийн 26 дугаартай албан бичигт ...автобус нэг ОНӨҮГ-ын даргад жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрийн талаар дурдсан, Санхүүгийн зохицуулах хорооны 2014-02-27-ны өдрийн 6/725 дугаартай албан бичигт ...жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын талаар дурдсан, Автобус нэг ОНӨҮГазрын 2013-06-14-ний өдрийн 694 дугаартай албан бичигт ...жолоочийн хариуцлагын даатгалын талаар дурдсан, Автобус нэг ОНӨҮГазрын 2014-09-10-ны өдрийн 1126 дугаартай албан бичигт ...Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтаны ҮЭ-үүдийн холбоонд гээд 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэн ажиллах үүрэг өгсөн тохиолдолд ажиллахад татгалзах зүйлгүй талаар дурдсан, Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах арбитрын 2014/07/29-ний зөвлөмжид маргааны талууд нь Зам тээврийн яам, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтаны ҮЭ холбоо-ны хоорондох маргааны талаар дурдсан, Хөдөлмөрийн маргаан зохицуулах зуучлагчийн 2014/06/27-ны зөвлөмжид маргааны талууд нь Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтаны ҮЭ холбоо, зам тээврийн яамны хоорондох маргааны талаар дурдсан, Автобус нэг компаний үйлдвэрчний эвлэлийн хорооны 2013-05-09-ний өдрийн 23 тоот Хан-Уул дүүргийн засаг даргад зуучлагч томилуулах тухай албан бичиг, 2013-06-14-ний өдрийн хөдөлмөрийн арбитрын зөвлөмж нь ажил олгогч Автобус нэг ОНӨҮГазар, ажилтаны төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд үүссэн хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, жолооч нараар түлшний өр төлүүлэхгүй байх, даатгалын талаар гарсан маргаанд гарсан зөвлөмж, 2013-05-29-ний өдрийн хөдөлмөрийн зуучлагчийн зөвлөмж нь ажил олгогч нь Автобус нэг ОНӨҮГазар, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд гарсан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах илүү цагийн хөлс олгох, даатгалаар хохирсон ажилчдын хохирлыг барагдуулах, түлшний өр төлүүлэхгүй байх талаар гарсан маргаанд гаргасан зөвлөмж, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны 2017-01-20-ны өдрийн 17/10 дугаартай албан бичигт ...нийтийн зорчигч тээврийн кондукторын мэргэшүүлэх сургалтын талаар дурдсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017-07-19-ний өдрийн 05/2275 дугаартай албан бичигт ...нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, цалин хөлсийг дутуу олгосон гомдлын хүрээнд шүүхээс шийдвэр гарсан талаар дурдсан, З Т Н ОНӨААТҮГазрын захиралын 2015-10-13-ны өдрийн 1/2975 тоот албан бичиг нь автобус нэг баазын ажилчны үйлдвэрчний эвлэлийн хороонд гэж хаяглагдсан ажилчдыг шилжүүлэн ажиллуулах талаар дурдсан, 2014-01-05, 2015-01-09, 2016-01-29-ний өдрийн огноотой З Т Н ОНӨААТҮГ-ын автобус нэг баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос хамтын гэрээ, хэлэлцээрийн тухай хийсэн ажлын тайлан, 2016-01-19-ний өдрийн огноотой улсын мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдолд смарт карт гарсантай холбоотой кондукторуудын ажлын байр, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар, ажлаас халагдсан тэтгэмжийн талаар дурдсан гомдол, 2015-12-02-ны өдрийн огноотой Улсын мэргэжлийн хяналтын газарт ҮЭ-ийн дарга *******ын гаргасан гомдол зэрэг хүсэлтийн талаар З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо, автобус нэг компаний үйлдвэрчний эвлэлийн хорооноос дээрх байгууллагад хандаж байсан болох нь тогтоогдож байх боловч тухайн байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тохиолдолд ажил олгогч, ажилтаны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар шүүхэд хандахаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан.
Түүнчлэн дээрх нэр бүхий байгууллагад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга *******аас явуулсан албан бичиг, гомдол, хүсэлт түүнд хариу ирүүлсэн албан бичиг хүсэлтийн утгад нэхэмжлэлийн 6 үндэслэл бүхий шаардлагын талаар дурдагдаагүй, энэ талаар дээрх байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нар үйлдвэрчний эвлэлийн хороонд дээрх шаардлагын талаар гомдол хүсэлт гаргаж байсныг нотлохоор гаргасан 4-р хх-147-184 дугаар хуудсанд авагдсан ажилтаны гараар бичсэн өргөдлийг үйлдвэрчний эвлэлийн хороо тухайн огноотой цаг хугацаанд хүлээж авсан болох нь тухайн өргөдөл гомдлыг мөн цаг хугацаанд бичсэн гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх боловч үйлдвэрчний эвлэлийн хороо хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг зохицуулах шийдвэрлэх эрх хэмжээгүй, хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэдгээ мэдсээр байж цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой асуудлаар тухайн цаг хугацаанд шүүхэд хандаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар хамтын гэрээний дагуу тохирсон нэмэгдэл цалин, хөлс, урамшуулал олгохгүй байгаа энэ талаар ажилтаны эрх ашиг зөрчигдөн хөндөгдөж байгааг мэдсэнээс хойш буюу 2013 оны 7 дугаар сараас хойш шаардсан мэргэшсэн зэргийн, ур чадварын, удаан жилийн нэмэгдэл, 2015 оны 1-р сараас хойш илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, цомхотголын тэтгэмжийн талаарх шаардлагаа эрх зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд хандах эрхтэй байжээ.
Ажилтны эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан гэх З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо, З Т Н ОНӨААТҮГазрын автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо гэх хоёр үйлдвэрчний эвлэлийн хороо байх бөгөөд нэхэмжлэгч нарын төлөөлөгч ******* нь дээрх хороодын даргаар ажилладаг болохыг талууд тайлбарлаж, тухайн байгууллагад маргаан таслах комисс байгуулагдаагүй талаар үйлдвэрчний эвлэлийн хороо мэдсэн болох нь 2016-01-16-ны өдөр шүүхэд хаягласан 30 дугаартай албан бичгээр тогтоогдож, шүүхэд хандах хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой боловч хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойших 3 сарын хугацаанд хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон газарт байсан зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шүүхэд хандаж гомдол гаргах боломжгүй байсныг ойлгох бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо, автобус нэгдүгээр баазын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороонд ажилтан буюу кондуктор, шалгагч нараас бичгээр өргөдөл, гомдол гаргаж байсан нь тухайн нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх эсхүл хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд уг хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 01092 дугаартай тогтоол 2018-06-26-ны өдөр гарсан, шүүхээс нэхэмжлэгч талд боломжит хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба үүнээс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх хүртэлх 224 хоногийн хугацаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргах хангалттай боломжит хугацаа байх тул энэ талаарх эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй болно.
Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой эсхүл өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэлээр нотлох баримтыг бүрдүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох баримтууд нь хуулийн дээрх үндэслэлд хамаарахгүй юм.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо, З Т Н ОНӨААТҮГазрын автобус нэгдүгээр баазын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороод нь нэхэмжлэгч нарыг төлөөлөн 2016-01-18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж нэхэмжлэгч талаас гаргасан дээр дурдсан нотлох баримтууд нь хамтын гэрээ, хэлэлцээр хэрэгжихгүй байгаа, хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байгаа, жолоочийн хариуцлагын даатгалын талаар, смарт карт ашиглах болсноор кондукторуудын ажлын байрны талаар, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй зэрэг асуудлаар үйлдвэрчний эвлэлийн хороо холбогдох байгууллагад гомдол мэдээлэл гаргаж шалгуулж байсан үйл баримтууд тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Ж.Б, Л.Б, С.Б, Т.Г, Д.Г, Ч.Г, М.Г, Н.Д, С.М, Б.М, Э.М, Б.М, Г.Н, Ц.Н, Д.Э нар 2013 оны 7-р сараас хойш мэргэшсэн зэргийн, ур чадварын, 2015 оны удаан жилийн нэмэгдэлүүд болон 2015 оны үр дүнгийн шагналт цалин, 2015 оны илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж зэрэг шаардлагын хүрээнд гомдол гаргаж шалгагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан түр зогссон гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн ажилтаны төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо нь эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж байсан нь дээрх шаардлага бүхий хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шууд үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” бөгөөд хуулиар тогтоосон хугацааг шүүх баримтлах үүрэгтэй тул хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны шаардлага тус бүрийн хүрээнд нэхэмжлэгч нар болон тэдгээрийн төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо эрхээ зөрчигдсөн өдрөөс хойших 3 сарын дотор шүүхэд хандах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн явдалд хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.
Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул хуулиар тогтоосон хугацаанд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шүүхэд хандах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаантай байдлын талаарх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийг хангахгүй, шүүгч болон бүх шүүгчээс татгалзсан хүсэлтийг хангаж өгөхгүй байгаа үндэслэлээр шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүх хуралдааны танхимаас гарсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч нараас дээрх нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй, урьдчилан шийдвэрлүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нараас 127.661.429 төгрөгний шаардлагад ногдох 796.257 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч З Т Н ОНӨААТҮГазраас 2013 оны 7-р сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн, ур чадварын нэмэгдэл, 2015 оны удаан жилийн нэмэгдэл, 2015 оны үр дүнгийн шагналт цалин, 2015 оны илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 127.661.429,05 /нэг зуун хорин долоон сая зургаан зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун хорин есөн/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б, Л.Б, С.Б, Т.Г, Д.Г, Ч.Г, М.Г, Н.Д, С.М, Б.М, Э.М, Б.М, Г.Н, Ц.Н, Д.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас 796.257 /долоон зуун ерөн зургаан мянга хоёр зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ