Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/02016

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар183/ШШ2019/02016

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Б

 

Хариуцагч: Н.Б холбогдох,

 

84 626 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: ................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б нь Өмнөговь аймагт шинээр баригдаж буй Говь хүрээ хотхон, 6 дугаар баг, Их-Уул 0 гудамж, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах, 91 м.кв талбайтай, 84 626 000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг 100 хувь төлбөрийг нь төлж захиалсан ба хариуцагч Н.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалж, худалдан авах гэрээг Н.Б-тай байгуулсан. Тус гэрээнд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор барилгыг барьж дуусгаж, орон сууцыг хүлээлгэж өгнө гэж гэрээнд заасан боловч тохиролцсон хугацаандаа дуусгаагүй өдий хүрч байна. Мөн гэрээний талууд хугацаа тохиролцохдоо хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож  худалдан авагчид төлнө гэж нөхцөлийг тохирч гэрээ байгуулсан. Н.Б нь дээрх Говь хүрээ хотхоны орон сууцыг баригдаж дуусахыг хүлээж, гэрээний хугацаа хэтэрснээс хойш 2 жил шахуу эв зүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж хүлээсэн боловч орон сууцны барилга үргэлжлэн баригдаагүй, мөн нэг ч барилгын ажил нэмж хийгдээгүй, харин ч барилга хараа хяналтгүйгээс, бусдын гарт өмнө хийсэн зүйлээ нэлээд алдаж, эвдүүлсэн нь цаашид барилга баригдаж дуусах боломжгүй, гэрээ хэрэгжихгүй болох нь  тодорхой болсон. Түүний хөрөнгө мөнгөө 100 хувь төлсөн барилга цаашид дуусахгүй гэрээ хэрэгжихгүй, Н.Б аас мөнгөө буцааж авья гэж түүнтэй удаа дараа уулзаж, хугацаа өгөхөд мөнгөө өгөхгүй биелэгдэхгүй байгаа байдал нь Н.Б-ыг хохироосоор байна. Хариуцагч тал тухайн үед төлбөрийг хүлээж аваагүй учраас үүргийг хүлээхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ үүрэг бол С  ХХК-иас Н.Б т шилжсэн үүрэг. Үүнийг талууд гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөн. 80 хувийн гүйцэтгэлтэй энэ байрыг захиран зарцуулах эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал болон Иргэний хуульд заасны дагуу шилжиж, үүрэг нь хүртэл шилжсэн. Үүнийг Н.Б  хүлээн зөвшөөрсөн байдаг. Бид гэрээнээс татгалзаж, мөнгөө авах тухай мэдэгдлээ 1 жил гаруй хугацааны өмнөөс удаа дараа мэдэгдсэн. Харин хариуцагч ийм хэлбэрээр буцаан төлье гэх байдлаар хэлж байсан. Үүргийн биелэлт хуульд заасны дагуу зохих ёсоор биелэх ёстой ч биелэгдээгүй тул гэрээнээс татгалзсан. Хариуцагч хууль ёсны өмчлөгч нь учраас үүнийг хариуцах ёстой. Ах, дүү нарын хоорондын зээлийн асуудлаас болж бусад захиалагч нар хохирч болохгүй. Иймд Н.Б нь Н.Б тай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар орон сууц захиалж, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний төлбөрт төлсөн 84 626 000 төгрөгийг буцааж Н.Б аас гаргуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Н.Б  шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б  нь өөрийн хадам хүү О.Т-д 2016 онд 624 000 000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн бөгөөд зээлийн барьцаанд түүний эзэмшлийн компани болох С  ХХК-ийн нэр дээр баригдаж байгаа Өмнөговь аймгийн нутагт байрлах Говь хүрээ хотхоны 1, 2 дугаар байрыг зээлсэн мөнгө болон түүний хүүг төлөх хүртэл хугацаанд түр шилжүүлэн авсан. О.Т  нь нэгэнт байрыг шилжүүлэн авсан тул иргэн Н.Б-тай орон сууц захиалж, худалдан авах гэрээ нөхөж байгуулах хэрэгтэй байна гэсэн учир тус гэрээнд гарын үсэг зурсан юм. Н.Б  нь иргэн Н.Б-тай өөрийн хүсэл зоригоор орон сууц худалдах, болон өөр бусад орон сууц өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулаагүй бөгөөд мөн түүнээс 84 626 000 төгрөг хүлээн аваагүй, түүнтэй ямар ч эрх зүйн харилцаанд ороогүй тул Н.Б аас 84 626 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд надад нэхэмжлэгчээс авсан мөнгө байхгүй учраас буцааж мөнгө өгөх үндэслэл байхгүй юм. Орон сууц захиалгаар бариулах болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Н.Б  болон Н.Б нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалтаас үзвэл О.Т  буюу гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэхээр тохирсон байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно, мөн хуулийн 210.3 дахь хэсэгт гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна гэж тус тус заасан байна. Үндсэн үүрэг гүйцэтгэгч нь С  ХХК буюу О.Т , гуравдагч этгээд буюу Н.Б аар үүрэг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, энэ нөхцөл байдлыг Н.Б , Н.Б , О.Т  нар хүлээн зөвшөөрсөн. 84 626 000 төгрөгийг Н.Б  хүлээж аваагүй учраас төлөх үүргийг хүлээхгүй. Үндсэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх нь нээлттэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.                                             

    

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Н.Б т холбогдуулан 84 626 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзвэл анх 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр С  ХХК болон Н.Б нарын хооронд орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр С  ХХК нь .....................тоот, 91 м2 талбай бүхий орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан захилагчид хүлээлгэж өгөх, Н.Б нь 84 626 000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Б нь дээрх гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн боловч С  ХХК хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохиролцож 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцалжээ.

 

Үүний дараа, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О.Т , Э.Б  нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үүгээр С  ХХК-ийн захирал О.Т  нь хариуцагч Н.Б тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор .................орон сууц, гараашийн зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байна.

 

Улмаар Н.Б болон Н.Б  нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, Говь хүрээ цогцолбор хорооллын 1 дүгээр байрны 6 тоот, 91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор Н.Б од хүлээлгэж өгөхөөр тохиролцон орон сууц захиалж, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч, С  ХХК-ийн захирал О.Т  “...Н.Б-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан, тэрээр төлбөрөө бүрэн төлсөн, 2016 онд хөрөнгө оруулагчдын дунд маргаан үүссэнээс барилгын ажил бүрэн зогсож, захиалагч нарын хохирлыг барагдуулах үед Н.Б гэрээгээ цуцлахгүйгээр байраа бүрэн ашиглалтад орсны дараа авъя гэсэн. ...Н.Б аас авсан зээлийн барьцаанд орон сууцыг шилжүүлэхдээ маргаанаа дуусгаад байраа буцааж авна, хэрвээ буцааж авч чадахгүй бол Н.Б од байрыг шилжүүлж өгөөрэй гэх нөхцлийг тавьж, Н.Б  хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлгийг гаргасныг хариуцагч няцаагаагүй байна.

 

Дээрхээс үйл баримтаас дүгнэхэд Н.Б  нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болохоор хуулчилсны С  ХХК-ийн захирал О.Т ын өрийг шилжүүлж авсан байх бөгөөд нэхэмжлэгч Н.Б-тай орон сууц захиалж, худалдан авах гэрээ байгуулсан нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасантай нийцжээ.

 

 Нэхэмжлэгч Н.Б нь гэрээнээс татгалзсан шалтгаанаа “...2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор барилгыг барьж дуусгаж, орон сууцыг хүлээлгэж өгнө гэж гэрээнд заасан боловч тохиролцсон хугацаандаа дуусгаагүй. Уг барилга үргэлжлэн баригдаагүй, нэмж ажил хийгдээгүй, харин ч барилга хараа хяналтгүйгээс, бусдын гарт өмнө хийсэн зүйлээ нэлээд алдаж, эвдүүлсэн нь цаашид барилга баригдаж дуусах боломжгүй, гэрээ хэрэгжихгүй болох нь тодорхой болсон” гэж тайлбарласан.

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзэх бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн, авснаа буцаадаг.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Б нь орон сууцны үнэд төлсөн төлбөрөө Н.Б аас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 581 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Н.Б аас 84 626 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б од олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 581 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ