Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00066

 

 

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02016 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б-т холбогдох,

 

84 626 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н.Б- нь Өмнөговь аймагт шинээр баригдаж буй Говь хүрээ хотхон, 6 дугаар баг, Их-Уул 0 гудамж, 1 дүгээр байр, 6 тоот хаягт байрлах, 91 м.кв талбайтай, 84 626 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 100 хувь төлбөрийг нь төлж захиалсан ба хариуцагч Н.Б- нь 2019 оны 10 сарын 28-ны өдөр орон сууц захиалж, худалдан авах гэрээг Н.Б-той байгуулсан. Тус гэрээнд 2017 оны 7 сарын 25-ны өдрийн дотор барилгыг барьж дуусгаж, орон сууцыг хүлээлгэж өгнө гэж заасан боловч тохиролцсон хугацаандаа дуусгаагүй өдий хүрч байна. Талууд хугацаа тохиролцохдоо хамт гэрээний 4.2-т гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож, худалдан авагчид төлөх нөхцөлийг тохирсон. Н.Б- нь дээрх Говь хүрээ хотхоны орон сууцыг баригдаж дуусахыг хүлээж, гэрээний хугацаа хэтэрснээс хойш 2 жил гаруй хугацаанд эв зүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж хүлээсэн боловч орон сууцны барилга үргэлжлэн баригдаагүй, мөн нэг ч барилгын ажил нэмж хийгдээгүй, харин ч барилга хараа хяналтгүйгээс, бусдын гарт өмнө хийсэн зүйлээ нэлээд алдаж, эвдүүлсэн нь цаашид барилга баригдаж дуусах боломжгүй, гэрээ хэрэгжихгүй болох нь тодорхой болсон. Түүний хөрөнгө мөнгөө 100 хувь төлсөн барилга цаашид дуусахгүй гэрээ хэрэгжихгүй, Н.Б-аас мөнгөө буцааж авъя гэж түүнтэй удаа дараа уулзаж, хугацаа өгөхөд мөнгөө өгөхгүй биелэгдэхгүй байгаа байдал нь Н.Б-ыг хохироосоор байна. Хариуцагч тал тухайн үед төлбөрийг хүлээж аваагүй учраас үүргийг хүлээхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ үүрэг бол Сайн шал ХХК-иас Н.Б-т шилжсэн үүрэг. Үүнийг талууд гэрээний 1.2-т зааснаар хүлээн зөвшөөрсөн. 80 хувийн гүйцэтгэлтэй энэ байрыг захиран зарцуулах эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал болон Иргэний хуульд заасны дагуу шилжиж, үүрэг нь хүртэл шилжсэн. Үүнийг Н.Б- хүлээн зөвшөөрсөн байдаг. Бид гэрээнээс татгалзаж, мөнгөө авах тухай мэдэгдлээ 1 жил гаруй хугацааны өмнөөс удаа дараа мэдэгдсэн. Харин хариуцагч ийм хэлбэрээр буцаан төлье гэх байдлаар хэлж байсан. Үүргийн биелэлт хуульд заасны дагуу зохих ёсоор биелэх ёстой ч биелэгдээгүй тул гэрээнээс татгалзсан. Хариуцагч хууль ёсны өмчлөгч нь учраас үүнийг хариуцах ёстой. Ах, дүү нарын хоорондын зээлийн асуудлаас болж бусад захиалагч нар хохирч болохгүй. Иймд Н.Б- нь Н.Б-тай байгуулсан 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 02 дугаар орон сууц захиалж, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний төлбөрт төлсөн 84 626 000 төгрөгийг буцааж Н.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н.Б- нь өөрийн хадам хүү О.Түвшинболдод 2016 онд 624 000 000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн бөгөөд зээлийн барьцаанд түүний эзэмшлийн компани болох Сайн шал ХХК-ийн нэр дээр баригдаж байгаа Өмнөговь аймгийн нутагт байрлах Говь хүрээ хотхоны 1, 2 дугаар байрыг зээлсэн мөнгө болон түүний хүүг төлөх хүртэл хугацаанд түр шилжүүлэн авсан. О.Түвшинболд нь нэгэнт байрыг шилжүүлэн авсан тул иргэн Н.Б-той орон сууц захиалж, худалдан авах гэрээ нөхөж байгуулах хэрэгтэй байна гэсэн учир тус гэрээнд гарын үсэг зурсан юм. Н.Б- нь иргэн Н.Б-той өөрийн хүсэл зоригоор орон сууц худалдах, болон өөр бусад орон сууц өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулаагүй бөгөөд мөн түүнээс 84 626 000 төгрөг хүлээн аваагүй, түүнтэй ямар ч эрх зүйн харилцаанд ороогүй тул Н.Б-аас 84 626 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд надад нэхэмжлэгчээс авсан мөнгө байхгүй учраас буцааж мөнгө өгөх үндэслэл байхгүй юм. Орон сууц захиалгаар бариулах болон 2016 оны 10 сарын 28-ны өдөр Н.Б- болон Н.Б- нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.2-т зааснаас үзвэл О.Түвшинболд буюу гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэхээр тохирсон байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно, мөн хуулийн 210.3 дахь хэсэгт гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна гэж тус тус заасан байна. Үндсэн үүрэг гүйцэтгэгч нь Сайн шал ХХК буюу О.Түвшинболд, гуравдагч этгээд буюу Н.Б-аар үүрэг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, энэ нөхцөл байдлыг Н.Б-, Н.Б-, О.Түвшинболд нар хүлээн зөвшөөрсөн. 84 626 000 төгрөгийг Н.Б- хүлээж аваагүй учраас төлөх үүргийг хүлээхгүй. Үндсэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх нь нээлттэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Н.Б-аас 84 626 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 581 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Н.Б- дээрх гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн боловч Сайн шал ХХК хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул талууд харилцан тохиролцож, 2016 оны 10 сарын 12-ны өдөр гэрээг цуцалжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь гэрээний талууд болох Сайн шал ХХК болон Н.Б- нар нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээ дуусгавар болгох хүсэл зориг байх ёстой. Гэтэл уг ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох Өмнөговь аймгийн, Шинэ Даланзадгад, Говь хүрээ хотхон Таун хаус 1-3 тоот, 91 м.кв талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгч барьж хүлээлгэн өгөх, захиалагч нь 84 626 000 төгрөгийн хөлс төлөх талуудын хооронд үүсэх үүрэг нь хэвээр үргэлжилсэн бөгөөд үүргийг биечлэн гүйцэтгэх үүрэг гүйцэтгэгчээр Н.Б- болж өөрчлөгдсөн нь уг гэрээний харилцаа дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Түүнчлэн гэрч Сайн шал ХХК-ийн захирал О.Түвшинболдын өгсөн мэдүүлэгт ... барилгын үйл ажиллагаа зогссонтой холбоотой хүмүүсээс зээлсэн өр авлагаа бүрэн дуусгаж, мөн бусад захиалагч нарын хохирлыг бүрэн барагдуулсан. Н.Б-той байгуулсан гэрээгээ цуцалж, мөнгийг бүрэн төлье гэхэд нэхэмжлэгч байраа бүрэн ашиглалтанд оруулсны дараа би байраа авъя гэсэн гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Н.Б-ын хувьд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хүсэл зориг байхгүй, орон сууцыг хэн барьж хүлээлгэн өгөх нь түүнд чухал биш харагдаж байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч болох Н.Б-од үүргийн гүйцэтгэл буюу ажлын үр дүн чухал юм. Гэвч талууд 2016 оны 10 сарын 12-ны өдөр гэрээ цуцлах тэмдэглэл үйлдсэн нь гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй. Хэрэв талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан бол цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэн гэрээ дуусгавар болох ёстой байсан. 2016 оны 10 сарын 13-ны өдөр Сайн шал ХХК, Н.Б- нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээний гол нөхцөл болон 2016 оны 10 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай акт, О.Түвшинболдын ... зээлийг хүүгийн хамт төлж дуусгасны дараа 2 орон сууцаа буцаан авахаар гэрээ байгуулсан гэх мэдүүлэг зэргээс үзэхэд талуудын хооронд 2015 оны 3 сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, эд хөрөнгөө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Улмаар уг гэрээ байгуулсантай холбоотойгоор Сайн шал ХХК болон Н.Б- нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон байна. Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт орж Н.Б- болон Н.Б- нарын хооронд 2016 оны 10 сарын 28-ны өдөр орон сууц захиалж, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр өмнөх гэрээний гол нөхцөл болох орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг сунгаж, 2017 оны 7 сарын 15-ны өдөр болгон хойшлуулснаас үзэхэд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцэж байна. Учир нь, гуравдагч этгээд болох Н.Б- нь үүрэг гүйцэтгэгч Сайн шал ХХК-ийн өмнөөс үүрэг гүйцэтгүүлэгч Н.Б-од орон сууцыг цаашид үргэлжлүүлэн барьж, хүлээлгэн өгөхөөр талууд хоорондоо тохиролцсон гэрээний 6-т 2016 оны 10 сарын 28-ны өдрийн байдлаар төлбөрийг 100 хувь барагдуулсан болно гэж тусгасан ба Н.Б- нь өмнөх гэрээ буюу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хөлс төлөх үүргээ биелүүлж, Сайн шал ХХК-д 84 626 000 төгрөгийг төлсөн учир Сайн шал ХХК-ийн гүйцэтгэх ёстой үүргийг Н.Б- гүйцэтгэж байгаа нь Н.Б-од тодорхой байна. Харин нэмэлт өөрчлөлт орсон гэрээний дагуу гуравдагч этгээд болох Н.Б- нь орон сууцыг 2017 оны 7 сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч болох Сайн шал ХХК нь Н.Б-ын өмнө хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсийг Н.Б- нь Сайн шал ХХК-д төлсөн эсэх талаар маргадаггүй, гэрч О.Түвшинболд гэрээний төлбөрийг манай компани хүлээж авсан, уг төлбөрийг Н.Б- руу шилжүүлэн өгөөгүй, хэрвээ Н.Б- нь мөнгөө буцааж авъя гэж байгаа бол тодорхой хугацааны дотор график гаргаад төлнө гэх зэрэг мэдүүлгээс үзэхэд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тогтоож чадаагүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй Н.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх Н.Б- нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болохоор хуульчилсны Сайн шал ХХК-ийн захирал О.Түвшинболдын өрийг шилжүүлж авсан байх бөгөөд нэхэмжлэгч Н.Б-той орон сууц захиалж, худалдан авах гэрээ байгуулсан нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж заасантай нийцэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал Сайн шал ХХК болон Н.Б- нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан бол цуцалснаас хойшхи үр дагавар болох Н.Б-оос шилжүүлсэн 84 626 000 төгрөгийг буцааж өгөх буюу учирсан хохирлыг нь төлөх Сайн шал ХХК-ийн үүрэг нь Н.Б- руу шилжээгүй буюу уг өрийг Н.Б- нь өөртөө шилжүүлэн аваагүй юм. Нэхэмжлэгч Н.Б-ын гаргасан Н.Б-тай байгуулсан 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 02 тоот орон сууц захиалж, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний төлбөрт төлсөн 84 626 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлиин шаардлагыг үзэхэд тэрээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, түүний үр дагаврыг нь шаардаж байна. Гэвч нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагчаа Н.Б- гэж буруу тодорхойлсон бөгөөд хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэл дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Н.Б-од ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөх үүргээ Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд болох Н.Б- нь биелүүлээгүй тул үндсэн үүрэг гүйцэтгэгч болох Сайн шал ХХК нь түүний хариуцлагыг хүлээх ёстой. Иймд Н.Б- нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 84 626 000 төгрөгөө Сайн шал ХХК-иас шаардах эрхтэй, Сайн шал ХХК нь уг төлбөрийг буцааж төлнө гэдгээ мөн хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан заалт тул уг заалтын дагуу талууд гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг үр дагавартай бол харин талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээний дагуу нэгэнт хэрэгжсэн харилцаа болох орон сууцыг барьж буй 80 хувийн гүйцэтгэлийг буцаах боломжгүй буюу гэрээг анхны байдалд эргүүлж авчрах боломжгүй байна. Гэвч үүрэг гүйцэтгэгч нь орон сууцыг хугацаандаа ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөөгүй тул захиалагч Н.Б- нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, түүний үр дагаврыг Сайн шал ХХК-иас шаардах эрхтэй байсан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Н.Б-т холбогдуулан гэрээнээс татгалзаж 84 626 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь 2015 оны 8 сарын 10-ны өдөр Сайн шал ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр Сайн шал ХХК нь Өмнөговь аймаг, Шинэ Даланзадгад, Говь хүрээ хотхоны таун хаус 1-3 тоот, 91 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Н.Б- нь орон сууцны төлбөр 84 626 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч Н.Б- нь дээрх гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн боловч Сайн шал ХХК гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, орон сууц захиалгаар барих гэрээ, гэрээ цуцалсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 36-44-р тал/

 

Барилгын ажил гүйцэтгэгч Сайн шал ХХК нь хариуцагч Н.Б-тай 2016 оны 10 сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр, нэхэмжлэгч Н.Б- болон Сайн шал ХХК-ийн байгуулсан гэрээний зүйл болох Говь хүрээ хотхоны, 1008.99 м.кв талбай бүхий орон сууцны барилга, гараашийн зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай акт үйлджээ. /хх-ийн 57-60-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч Н.Б- нь 2016 оны 10 сарын 28-ны өдөр хариуцагч Н.Б-тай орон сууц захиалж, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Н.Б- нь Өмнөговь аймаг, 6 дугаар баг, Говь хүрээ хотхоны 1 дүгээр байр, 6 дугаар орцны 91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 7 сарын 15-ны өдрийн дотор захиалагч Н.Б-од хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-6-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Н.Б- нь 2015 оны 8 сарын 10-ны өдөр Сайн шал ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан боловч Сайн шал ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас талууд гэрээг цуцалж, улмаар нэхэмжлэгч Н.Б- нь Сайн шал ХХК-ийн эрх, үүргийг хүлээн авсан хариуцагч Н.Б-тай 2016 оны 10 сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 1.2-т Сайн шал ХХК-ийн барьж байсан орон сууцны барилгыг хариуцагч Н.Б- өмчлөлдөө шилжүүлэн авсан тул өмнө нь Сайн шал ХХК-тай гэрээ байгуулсан захиалагчийн өмнө хүлээх хариуцлагыг хариуцагч Н.Б- хариуцах, захиалагч, худалдан авагч талын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, гэрээнд заасан хугацаанд чанарын шаардлага хангах түвшинд барилгыг хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5-6-р тал/

 

Гэвч хариуцагч Н.Б- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Б- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Иймд гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 84 626 000 төгрөгийг хариуцагч Н.Б-аас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагч нь татгалзал болон давж заалдах гомдолдоо 84 626 000 төгрөгийг хүлээн аваагүй, Сайн шал ХХК нь нэхэмжлэгч Н.Б-ын өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн боловч энэхүү тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: нэхэмжлэгч Н.Б- нь орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний үүрэгт 84 626 000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь гэрчийн мэдүүлэг болон хариуцагч Н.Б-тай байгуулсан 2016 оны 10 сарын 28-ны өдрийн гэрээний 6 дахь заалтаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 43.1 гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 25ы өдрийн 183/ШШ2019/02016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 43.1 ... гэснийг 343.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581 080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Г.ДАВААДОРЖ