Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/шш2020/01731

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/01731

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01775 тоот шийдвэрээр Л.Эрдэнэцэцэгээс 31.120.611 төгрөг гаргуулж “Кредит юнион Монгол” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Миний бие Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дэлгүүр ажиллуулан амьдардаг бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16 дугаар байрны 29 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 116.775.000 төгрөгөөр үнэлсэн болохыг хот руу дэлгүүрийн бараа татахаар ирэхдээ шийдвэр гүйцэтгэгчтэй 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр уулзаж мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг талуудад 3 хоногийн дотор мэдэгдэж, мөн хуулийн 55.7-д зааснаар талууд уг дүгнэлтийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар хуульчилсан байх тул шүүхэд гомдлоо гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын иргэн Л.Э  миний өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01775 тоот шийдвэрээр Л.Э-с 31.312.487 төгрөг гаргуулж “Кредит юнион Монгол” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Э үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн бүртгэлийн Ү-0000000 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16 дугаар байрны 29 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19290045/10 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19250045/01 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч Л.Э , өмлөгч Х.Р  нараас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үнийн санал авахад 175.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээг “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-иар тогтоолгоход 116.775.000 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээг Л.Э т 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4/5274 тоот, өмчлөгч Х.Р 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4/5273 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нар үнэлгээний мэдэгдлийг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар хөрөнгөө бие даан худалдан борлуулах 30 хоногийн буюу 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаа авсан боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгч Л.Э Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э  нь хариуцагч Н  холбогдуулан, “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хэрэгт авагдсан төлбөр төлөгч Л.Э холбогдох 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19290045 дугаар бүхий “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоолтой хувийн хэргээс үзэхэд тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01775 тоот шийдвэрээр Л.Э зээлийн гэрээний үүрэгт 31.120.611 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 191.876 төгрөгийг гаргуулж “К ” хадгаламж зээлийн хоршоонд олгох, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16 дугаар байрны 00 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэсэн байна.  

            Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19290045/10 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор төлбөр төлөгчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, мөн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19290045/01 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч Л.Э 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр эд хөрөнгийн үнийн санал авсныг төлбөр авагч “К ” хадгаламж зээлийн хоршооноос 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр зөвшөөрөхгүй тухай тайлбар ирүүлснээр шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 92 тоот тогтоолоор шинжээч томилж, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, тухайн өдрөө шинжээч Э.Э  холбогдох хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.

            Шинжээчээс дүгнэлтээ 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад мөн өдөр 4/5273, 4/5274 тоот албан бичгүүдийг Л.Э  болон Х.Рэнцэн нарт /охин Д.Ц -д гардуулан танилцуулсан нь хэргийн 61-62 дугаар хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд төлбөр төлөгч Л.Э  тус байрны өмчлөгч Х.Р нар 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “Эд хөрөнгөө өөрийн боломжоор нэг сарын хугацаанд худалдан борлуулах тухай” /хх-63-64/ хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, хугацаа олгожээ.    

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

            Харин нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Үнэлгээний талаар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгаас ирэхдээ мэдсэн” гэж тайлбарласан боловч дээр дурдсан баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан тухай баримтаа шүүхэд ирүүлээгүй.

            Нэгэнт нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шатгаангүйгээр хэтрүүлсэн бөгөөд үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур байгаа тухай түүний гомдлын үндэслэлийн тухай шүүх тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

            Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Э  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г  “Ээлжийн амралт эдлэх болсон тул хариуцагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдав.

 

Мөн шүүх хуралдааны үеэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх шат өнгөрсний дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “Шинжээч Э.Э  үнэлгээ хийхдээ ямар ямар баримт бүрдүүлснийг гаргуулж өгнө үү” гэж хүссэн, өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдын хүсэлт хянан шийдвэрлэх тухай шүүх хуралдааны дарааллыг зөрчсөн тул тухайн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01775 тоот шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/05254 тоот захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Л.Э  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Э  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б  “Шинжээч Э.Э  нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/05254 тоот “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжийн “Захирамжлах нь” хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА