Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01765

 

Л.Э-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01731 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Л.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01775 дугаар шийдвэрээр Л.Э-ээс 31.120.611 төгрөг гаргуулж “Кредит юнион Монгол” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205005259 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16 дугаар байрны 29 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг 116.775.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн. Иймд дээрх орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01775 дугаар шийдвэрээр Л.Э-ээс 31.312.487 төгрөг гаргуулж “Кредит юнион Монгол” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч Л.Э-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн бүртгэлийн Ү-2205005259 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16 дугаар байрны 29 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 19290045/10 дугаар тогтоолоор битүүмжилж, 19250045/01 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Л.Э-, өмлөгч Х.Рэнцэн нараас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үнийн санал авахад 175.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээг “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-аар тогтоолгоход 116.775.000 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээг Л.Э-т 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4/5274 тоот, өмчлөгч Х.Рэнцэнд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4/5273 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нар үнэлгээний мэдэгдлийг хүлээн авч, хөрөнгөө бие даан худалдан борлуулах 30 хоногийн хугацаа авсан боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгч Л.Э- мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Л.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргалын “Шинжээч Э.Эрдэнэбатаас нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/05254 тоот “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжийн “Захирамжлах нь” хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэг сарын хугацаа өгөөч гэж өргөдөл хариуцагчид гаргаж өгөөгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр уг хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж үнэлгээтэй анх танилцсан бөгөөд 7 хоногтоо гомдлоо өгсөн. Мөн шинжээч үнэлгээг тогтоохдоо байрны нийт ашиглалтын талбайн хэмжээг тогтоогоогүй, талбайн хувьд хол зөрүүтэй байрыг харьцуулан үнэлгээг тогтоосон нь эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд шийдвэрийг  бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж тайлбарлажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01775 дугаар шүүгчийн захирамжийн дагуу төлбөр төлөгч Л.Э- нь “Кредит юнион монгол” ХЗХ-нд өр төлбөрт төлөх 31.120.611 төгрөгийг сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16 дугаар байрны 29 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эдгээр ажиллагааны талаар гомдол гаргаагүй байна. / хх-ийн 40, 44, 46 /

Төлбөр төлөгч Л.Э-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16 дугаар байрны 29 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэл хүргүүлсэн ба 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр төлөгч Л.Э- орон сууцыг 170.000.000 төгрөгөөр үнэлж буй тухай хариу ирүүлсэн бол төлбөр авагч төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай санал гаргасныг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 92 тоот шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцжээ. / хх-ийн 49-51 /

Шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг 116.775.000 төгрөгөөр үнэлжээ. Үнэлгээний талаар  2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 53-62, 65, 88-90 /

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээч орон сууцны үнийг зах зээлийн аргаар тогтоосон, тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01731 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

     

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

                

                                ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                     Н.БАТЗОРИГ