Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01800

 

 

Х.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01167 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Оын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Дад холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  тайлбартаа:  М.Мт 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 100 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийг хугацаандаа төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцох, мөн торгууль төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Зээл, хүүг М.М нь бүрэн төлөөгүй,  тодорхой хэмжээгээр  төлж байгаад 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан.  Түүнийг нас барсны дараа  хууль ёсны өвлөгч 2 хүүхдэд нь эд хөрөнгө нь өвлөгдөх ёстой байсан ч  барьцаанд байсан. Өвлөгч нартай тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрт 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээл, барьцааны гэрээний эрх, үүргийг өвлөгч шилжүүлэн авах гэрээ байгуулсан.  Уг гэрээний өмнөх зээл нь нийт 85 000 000 төгрөг болсон. Уг 85 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөх бөгөөд хугацаандаа төлсөн тохиолдолд 80 000 000 төгрөг, харин хугацаандаа төлж чадахгүй бол 85 000 000 төгрөг төлүүлэхээр болсон. Иймд Х.Доржхандаас тооцооны үлдэгдлийн баталгааны үндсэн дээр шилжүүлэн авсан 85 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 45 000 000 төгрөг, нийт 130 000 000 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. М.М нь Х.Отой 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээгээр зээл, хүүд 112 000 000 төгрөг төлөхөөс 2013 оны 8 сарын 14-ний өдөр 50 000 000 төгрөг төлсөн, 2014 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар 35 750 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 23 750 000 төгрөг, түүнд ногдох алданги 11 875 000 төгрөг, нийт 35 625 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин 2016 оны 9 сарын 30-ны өдрийн 13/047/2 дүгээр 13/047 тоот зээл, барьцааны гэрээний эрх, үүргийг өвлөгч шилжүүлэн авах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16/105 дугаар зээлийн нэмэлт гэрээг хүчингүй болгож өгнө үү. Учир нь зээлийн нэмэлт гэрээгээр Х.О нь Ц.Дад 85 000 000 төгрөгийг зээлдүүлээгүй бөгөөд зээлийн гэрээ байгуулах үндэслэл болгосон 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл юм. Анх байгуулсан зээлийн гэрээ нь 2 сарын хугацаатай байхад 2013 оны 07 сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 сарын 12-ны өдөр хүртэлх хүүг тооцсон нь Иргэний хууль зөрчсөн. Мөн  85 000 000 төгрөгийг зээлсэн, түүнийг гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр заасан нь мөн хууль зөрчсөн.  Өв залгамжлагч нар нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан хуулийг зохицуулалтыг зөрчсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Даас /өвлөгч М.Мө, М.Мэ нарын хууль ёсны төлөөлөгч/ өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих зээлийн гэрээний үүрэгт 39 375 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Оод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90 625 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13/047/1 дүгээр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрий 16/105 дугаар “Зээлийн нэмэлт гэрээ”, “Барьцааны нэмэлт гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Д /М.Мө, М.Мэ нарын хууль ёсны төлөөлөгч/ нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар “Барьцааны гэрээ”-ний зүйл болох өвлөгч М.Мө, М.Мэ нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, Махатма гандийн гудамж, 21 дүгээр байр, 13 тоот, 125.15 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 807 950 төгрөг, 70 200 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хоос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 583 950 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 584 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Даас улсын тэмдэгтийн хураамжид 354 825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Оод олгож, нэхэмжлэгч Х.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 1 078 150 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Дад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх  хамтран зээлдэгч С.Мөнхдоржоос тайлбар аваагүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь оролцогч нарын эрх ашиг хөндөгдсөн.  Зээлдүүлэгч зээлдэгч нарын хийсэн гэрээний сунгалтыг нотлох баримтаар хавсаргаж өгснийг шүүх нотлох баримтаар шинжлэн судалсангүй.

Шүүх үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ хэтэрхий нэг талыг барьсан, зээлийн гэрээ,тооцооны үлдэгдлийн баталгаа, түүнд үндэслэн хийгдсэн зээлийн нэмэлт гэрээ, барьцааны нэмэлт гэрээг  хүчин төгөлдөр бусд тооцон шийдвэрлэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндлөө. Шүүх нь нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөхдөө зээлдэгч М.Мын өвийг нээсэн нотариатын үйлдэл хуулийн дагуу хийгдсэн эсэх, өвийн талаар маргаан бий эсэх дээр дүгнэлт өгөөгүй. Ц.Д нь М.Мтай хамтран амьдарч байснаа тодорхойлуулсан шүүхийн шийдвэрээ хэргийн материалд хавсаргаж өгөөгүйгээс М.Мын хууль ёсны эхнэр гэж үзэх үндэслэлгүй.

М.Мын барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн өвлөгч нар нь тодорхойгүй, өв залгамжлагч нар нь өвөөсөө татгалзсанаа мэдэгдээгүй байхад М.Мө, М.Мэ нарт өвлөх эрхийн гэрчилгээ нээжээ. Зээлдэгчид өвийн маргаантай талаар М.Мын хууль ёсны эхнэр, хүүхэд, М.Мын аав С.Мөнхдорж нар нь мэдэгдэж байсан. Тооцооны үлдэгдлийн баталгаа, зээлийн нэмэлт гэрээ, барьцааны нэмэлт  гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх дээр нотариатч дүгнэлт хийлгүй гэрчилсэн. Анхан шатны шүүх тооцоолол хийхдээ зээлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг зөрчсөн. Ц.Д нь 2013 оны 08 сарын 14-ний өдөр 50 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан ч баримтаар нотлоогүй.  Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56.1.1-д заасныг үндэслэл болгосон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ц.Дад холбогдуулан зээлийн үүрэгт 130 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..., 35 625 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн нэмэлт гэрээг хууль зөрчин байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Х.О, М.М нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 100 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 тоот барьцааны гэрээ байгуулж, М.Мын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Гандийн гудамжны, 21-13 тоот, 125,15 м.кв талбайтай сууцыг барьцаалсан. Талууд хүүтэй тохиролцсон зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар  зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-ийн 35-36/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд  зээлдэгч М.М нь 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 85 750 000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Уг төлбөр гүйцэтгэсэн баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангажээ./хх-ийн 37-46/

 

М.М 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нас барсан ба уг өдрөөр түүний үүргийг тодорхойлж, үндсэн зээл 100 000 000 төгрөг, хүү 12 000 000 төгрөг, нийт 112 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс зээлдэгчийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлсөн 85 750 000 төгрөгийг хасаж, үндсэн зээлийг 26 250 000 төгрөг, алдангийг 13 125 000 төгрөгөөр тогтоож өвлөгч М.Мө, М.Мэ нарын өвлөгдөх өвөөс гаргуулахдаа тэдгээрийг насанд хүрээгүй гэх үндэслэлээр тэдний төрсөн эх Ц.Дыг хариуцагчаар тогтоож шийдвэрлэсэн нь зөв юм. /хх-ийн 65-67/

 

Учир нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт “өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасан.

 

Өвчлөгч М.Мө, М.Мэ нар нь өвлүүлэгч М.Мын гүйцэтгэвэл зохих үүрэг болох 26 250 000 төгрөг, түүний алданги 13 125 000 төгрөгийн үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт тус тус зааснаар төлөх үүрэг хүлээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд хариуцагчаар нас барагч М.Мын өвлөгч нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Дыг тодорхойлсныг шүүхээс хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрч асуулгах, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч Х.О нь хамтран зээлдэгч С.Мөнхдоржийг хариуцагчаар тодорхойлоогүй тул түүнээс тайлбар аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар зээлдэгч М.Мыг 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нас барсны дараа түүний өв залгамжлагч нарын хууль ёсны төлөөлөгчтэй нэхэмжлэгч нь тооцооны үлдэгдлийн баталгаа, барьцааны нэмэлт гэрээ гэх баримтуудыг үйлдэж, гарын үсэг зурснаар зээлийн үүргийг илүү хэмжээгээр тодорхойлсон нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ. /хх-ийн 31, 61-64/

 

Учир нь өвлөгч нар нь өвлүүлэгчийн зээлийн хүү, алданги төлөх үүргийг нас барсан хугацаагаар тооцож, энэ хэмжээнд хүлээн авах ёстой юм. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч Х.О, зээлдэгч М.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар байгаа тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Оын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                              

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД