Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2018/01167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Довууч овогтой, Х.Г нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 9 дүгээр байр, 41 тоотод оршин суух, /

 

Хариуцагч: Боржигин овогтой, Ц.Д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма ганди гудамж, 21 дүгээр байр, 13 тоотод оршин суух /

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Г нь М.Мөнхбаярт 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 100.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийг хугацаандаа төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох, мөн торгууль төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний үүргийг зээлдэгч М.Мөнхбаяр нь төлж барагдуулаагүй бөгөөд тодорхой хэмжээгээр төлбөр төлж байгаад 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нас барсан байдаг. Түүнийг нас барсны дараа түүний хууль ёсны өвлөгч 2 хүүхдэд нь эд хөрөнгө нь өвлөгдөх ёстой байсан боловч тухайн үл хөдлөх хөрөнгө нь бусдын барьцаанд байсан учир өвлөгдөх боломжгүй болсон юм. Үүний дараа өвлөгч нараас уг хөрөнгийг барьцаанд шилжүүлэх тухай хүсэлт гаргасан байдаг бөгөөд тооцоо нийлсний баталгаа болгож, үлдэгдэл төлбөрт гэрээ байгуулахаар болсон байна. Үүний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээний эрх, үүргийг өвлөгч шилжүүлэн авах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний өмнөх зээл нь нийт 85.000.000 төгрөг болсон. Уг 85.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөх бөгөөд хугацаандаа төлсөн тохиолдолд 80.000.000 төгрөг, харин хугацаандаа төлж чадахгүй бол 85.000.000 төгрөг төлүүлэхээр болсон. Иймд Х.Доржхандаас тооцооны үлдэгдлийн баталгааны үндсэн дээр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авсны дүн болох 85.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 45.000.000 төгрөг, нийт 130 сая төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. М.Мөнхбаяр нь Х.Гтой 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүд 112.000.000 төгрөг төлөхөөс 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 35.750.000 төгрөгийг төлсөн тул зээлийн үлдэгдэл 23.750.000 төгрөг, түүний алданги 11.875.000 төгрөг, нийт 35.625.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13/047/2 дүгээр 13/047 тоот Зээлийн болон барьцааны гэрээний эрх, үүргийг өвлөгч шилжүүлэн авах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16/105 дугаар Зээлийн нэмэлт гэрээг хүчингүй болгож өгнө үү. Учир нь зээлийн нэмэлт гэрээгээр Х.Г нь Ц.Дад 85.000.000 төгрөгийг зээлдүүлээгүй бөгөөд зээлийн гэрээ байгуулах үндэслэл болгосон 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд тооцогдох юм. Анх байгуулсан зээлийн гэрээ нь 2 сарын хугацаатай байгуулсан байхад 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хүүг тооцсон нь Иргэний хууль зөрчсөн байх бөгөөд 85.000.000 төгрөгийг зээлсэн, түүнийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр заасан нь мөн хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл өв залгамжлагч нар нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан хуулийг зохицуулалтыг зөрчсөн байна гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х.Гын нэхэмжлэлтэй, Ц.Дад холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Х.Г, М.Мөнхбаяр нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 13/047 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Х.Г нь 100.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдэгч М.Мөнхбаярт зээлдүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон талууд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар Барьцааны гэрээгээр М.Мөнхбаярын нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма гандийн гудамж, 21-13 тоот, 125.15 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан талаар талууд маргаагүй байна.

 

Уг гэрээний дагуу зээлдэгч М.Мөнхбаяр нь үндсэн зээлд 100.000.000 төгрөг, зээлийн хүүд 12.000.000 төгрөг, нийт 112.000.000 төгрөг төлөхөөс 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 50.000.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 750.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 750.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 750.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 750.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 750.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 750.000 төгрөг, 20113 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 750.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 750.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 750.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 750.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 750.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 750.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 750.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 750.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 750.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 750.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3.750.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөг, нийт 85.750.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Голомт банкны Орлогын мэдүүлгээр нотлогджээ.

 

1. Зээлдэгч М.Мөнхбаяр нь 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болох нь талуудызн тайлбар, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Нас барсны бүртгэлийн 1284 дүгээр гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Мөнхбаярын эхнэр /өвлөгч хүү М.Мөнх-Оргил, хүү М.Мөнх-Эрдэнэ нарын хууль ёсны төлөөлөгч/ Ц.Д, зээлдүүлэгч Р.Гэрэлт-Од нарын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13/047/1 дүгээр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-д 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар Зээлийн гэрээгээр 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал зээлдүүлэгч Х.Год төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 35.000.000 төгрөг, нийт 85.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч М.Мөнхбаяр нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүд нийт 112.000.000 төгрөг төлөхөөс 85.750.000 төгрөг төлсөн, 26.250.000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нотлогдсон тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д “өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч Х.Г нь 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өвлүүлэгч М.Мөнхбаярын гүйцэтгэвэл зохих үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 26.250.000 төгрөг, гэрээний 2.4, Иргэний хуулийн 232.4, 232.6-д зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу алдангид 13.125.000 төгрөг, нийт 39.375.000 төгрөгийг шаардах эрхтэй юм.

 

“Тооцооны үлдэгдлийн баталгаа”-нд “...зээлийн хүүгийн дутуу 35.000.000 төгрөг” гэх боловч 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар Зээлийн гэрээнд 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй байхаар тохиролцсон байх бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул зээлдэгч Х.Г нь гэрээний дагуу 2 сарын зээлийн хүүд 12.000.000 төгрөгийг шаардах эрхтэй болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Даас 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар Зээлийн гэрээний дагуу өвлүүлэгч М.Мөнхбаярын гүйцэтгэвэл зохих үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 26.250.000 төгрөг, алдангид 13.1250.000 төгрөг, нийт 39.375.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Год олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Мөн хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар “Барьцааны гэрээ”-ний зүйл болох өвлөгч М.Мөнх-Оргил, М.Мөнх-Эрдэнэ нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, Махатма гандийн гудамж, 21-13 тоот, 125.15 м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасантай нийцэж байна.

 

2. Зээлдэгч М.Мөнхбаяр нь 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр нас барж, зээлдүүлэгч Р.Гэрэлт-Од нь М.Мөнхбаярын эхнэр Ц.Дтай /өвлөгч хүү М.Мөнх-Оргил, хүү М.Мөнх-Эрдэнэ нарын хууль ёсны төлөөлөгчтэй/ 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13/047/1 дүгээр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г байгуулж, уг хэлцлээр 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг талууд дүгнэж, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал зээлдүүлэгч Х.Год төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 35.000.000 төгрөг, нийт 85.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж тохиролцон, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрий 16/105 дугаар “Зээлийн нэмэлт гэрээ”, “Барьцааны нэмэлт гэрээ”-г зээлдүүлэгч буюу барьцаалагч Х.Г, зээлдэгч буюу барьцаалуулагч М.Мөнхбаярын хууль ёсны эрх, үүрэг залгамжлагч М.Мөнх-Оргил, М.Мөнх-Эрдэнэ нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Д нар байгуулж, уг гэрээгээр 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар Зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн үлдэгдэл 85.000.000 төгрөгийг хүүгүйгээр 2 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлдүүлэх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцжээ.

 

Дээрх гэрээг байгуулах үед зээлдэгч М.Мөнхбаяр нь 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 100.000.000 төгрөг, зээлийн хүүд 12.000.000 төгрөг, нийт 112.000.000 төгрөг төлөхөөс 85.750.000 төгрөгийг төлсөн, 26.250.000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул өвлүүлэгч М.Мөнхбаярын гүйцэтгэвэл зохих үүргийг 85.000.000 төгрөг гэж үзэн, зээлдүүлэгч Х.Г, /өвлөгч хүү М.Мөнх-Оргил, хүү М.Мөнх-Эрдэнэ нарын хууль ёсны төлөөлөгчтэй/ Ц.Д нар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13/047/1 дүгээр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г байгуулан, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрий 16/105 дугаар “Зээлийн нэмэлт гэрээ”, “Барьцааны нэмэлт гэрээ”-г байгуулсан нь Иргэний хуулийн 240.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 535 дугаар зүйлийн 535.1, 282.1, 282 дугаар зүйлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн хэлцэл байгуулсан гэж дүгнэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Х.Г болон өвлөгч М.Мөнх-Оргил, М.Мөнх-Эрдэнэ нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13/047/1 дүгээр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”,  2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16/105 дугаар “Зээлийн нэмэлт гэрээ”, “Барьцааны нэмэлт гэрээ”-г тус тус хүчин төлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Даас /өвлөгч М.Мөнх-Оргил, М.Мөнх-Эрдэнэ нарын хууль ёсны төлөөлөгч/ өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих зээлийн гэрээний үүрэгт 39.375.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Год олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13/047/1 дүгээр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрий 16/105 дугаар “Зээлийн нэмэлт гэрээ”, “Барьцааны нэмэлт гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Д /М.Мөнх-Оргил, М.Мөнх-Эрдэнэ нарын хууль ёсны төлөөлөгч/ нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/047 дугаар “Барьцааны гэрээ”-ний зүйл болох өвлөгч М.Мөнх-Оргил, М.Мөнх-Эрдэнэ нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, Махатма гандийн гудамж, 21 дүгээр байр, 13 тоот, 125.15 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 807.950 төгрөг, 70.200 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч М.Хатанзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 583.950 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 584.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Даас улсын тэмдэгтийн хураамжид 354.825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Год олгож, нэхэмжлэгч Х.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 1.078.150 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Дад олгосугай.

           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД