Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 473

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 123/ШШ2017/0014 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0590 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Д.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 123/ШШ2017/0014 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-н Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0590 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ыг урд эрхэлж байсан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-т 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн магадлал гарсан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1.3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “... нэхэмжлэгч Д.Б төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй нь тогтоогдсон байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь Д.Б-г өөрийн хүсэлтээр нь чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь тухайн өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр хэлэхдээ “...Та бүхний саналыг хүндэтгэж хүлээн авч байна. Эрт орой хэзээ нэгэн цагт ийм зүйл болох л байсан ойлгомжтой угаасаа гадуур бүгдийг нь солино гэж ярьж байсан, ... миний хувьд албан тушаалаа өгөхөд бэлэн байна.” гэсэн бөгөөд ажлаа хүлээлгэж өгөхөө өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн хуралдаан дээр өөрийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор чөлөөлөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 16 дугаар тушаалаар Д.Б-г аймгийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний танхим, олон нийт, шашин, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар томилогдсон болно.

Гэвч Д.Б нь уг ажлаа хүлээж аваагүй. Д.Б нь нэхэмжлэлд дурдсанаар “... миний бие хэн нэгэн албан тушаалтан, Тэргүүлэгчдэд ямар ч хүсэлт гаргаагүй талаар дурдсан байна” хүсэлт гаргах хэлбэрийг амаар болон бичгээр гаргаж болох бөгөөд Д.Б нь хуралдаан дээр Нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэн өгч, аймгийн ИТХ-ын Ажлын албандаа мэргэжилтнээр ажиллах, тэр бүү хэл ямар асуудал хариуцахаа өөрөө илэрхийлсэн болно. Энэ нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, хуралдааны цахим бичлэгээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүх цахим нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна үзэж байна.

2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь гаргасан шийдвэрээ хууль тогтоомжид нийцээгүй байна гэж үзвэл Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж 2016 оны 44 дүгээр тогтоолд тогтоолын үндэслэх хэсэгт хуулийн заалтыг буруу хэрэглэсэн тул 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хуралдан тогтоолын заалтад өөрчлөлт оруулан 24 дүгээр тогтоолыг батлан хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 44 дүгээр тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэл, мөн 2017 оны 24 дүгээр тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл нь нэхэмжлэгч Д.Б-г албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр хуулийг зөв хэрэглэн төрийн албанаас халж шийдвэрлэсэн байхад захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь 2016 оны 44 дүгээр тогтоолын хуулийн заалтыг зөв үнэлэхгүй, зөвхөн тогтоолын 1 дүгээр заалт ....өөрийн хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэдэгт анхаарлаа хандуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

З. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон хариуцагчийн тайлбарт дурдагдаж буй үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй, хурлын тэмдэглэлүүдийг бэлтгэж гаргуулаагүй, тэдгээрийг албажуулаагүй, 2016 оны ажлын төлөвлөгөөнд заасан ажлын албаны хариуцсан нэр бүхий 5-н арга хэмжээг хэрэгжүүлээгүй зэрэг гомдлыг үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь эрх зүйч мэргэжилтэй, мэргэшсэн төрийн албан хаагчид биш бөгөөд Нарийн бичгийн даргын ажлын хариуцлагын талаар ярихдаа Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх мэтээр хуулийн үг хэллэг, үндэслэлийг шууд хэлж чадахгүй бөгөөд өөрсдийн үгээрээ ажлын хариуцлагын талаар үг хэлж Д.Б-н ажлыг дүгнэж, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоосон байхад захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь уг шүүхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй гэж үзэх боломжтой байна. Учир нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.1.11-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Б-г албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоосон гэж үзэж байна. Мөн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд Хурлын дарга Ц.Э, мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит бус хуралдаанд Тэргүүлэгч Б.Ж, Ж.Б, Б.Н нарын хэлсэн үг тэмдэглэл, тогтоолоор тогтоогдож байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-г аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд биечлэн оролцуулж тайлбар, хүсэлт гаргах боломжийг олгож, ажлын хариуцлага, үр дүнгийн талаар хэлэлцсэн болно.

Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Д.Б-г төрийн албанаас халах тохиолдолд хуульд заасан журмыг баримтлан “ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байдлыг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг оролцуулан, энэ тухай холбогдох баримт гаргах, санал өгөх боломжийг олгож, хэлэлцэн тогтоогоогүй гэж үндэслэлгүй дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн Д.Б нь тангараг өргөсөн Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хэлсэн үгэндээ эзэн байж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих нь зүйтэй бөгөөд хуралдаан дээр ажлаа хүлээлгэж өгөхөө өөрөө хүлээн зөвшөөрсөн нь үнэн юм.

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Б нь тус Хурлын дарга Т.М-тай 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Үр дүнгийн гэрээ байгуулсан, уг гэрээнд гэрээний хэрэгжилтийг 2016 оны 06, 12 дугаар сарын 20-ны дотор тайлагнах тухай заасан байна. Д.Б нь үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн хэрэгжилтийн илтгэх хуудсыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд гаргаж өгөөгүй бөгөөд үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй. Энэ нь түүний "...Хурлын дарга Т.М сонгуульд нэр дэвшиж, сурталчилгаанд явж байсан учраас би үр дүнгийн гэрээний илтгэх хуудсаа Т.М даргад өгөөгүй, сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймгийн Хурлын дарга Ц.Э-д үр дүнгийн гэрээний илтгэх хуудас өгөөгүй" гэсэн тайлбараар нотлогдож байна.

Мөн түүнийг өөрт хамаарах ажил үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Анхдугаар хуралдааны тэмдэглэл, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3-р хуралдааны тэмдэглэл, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5-р хуралдааны тэмдэглэлүүд хэвлэгдэж хадгалагдаагүй. Хурлын нарийн бичгийн дарга нь хуралдааны тэмдэглэлүүдтэй танилцаж гарын үсэг зураагүй, 2015-2016 оны 1-7 дугаар хуралдааны тэмдэглэл, баримтуудаар хадгалалтын нэгж үүсгээгүй, дугаарлаагүй. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны тогтоол болон Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолын дугаарыг 1 бүртгэлд бүртгэснээр дугаарын бүртгэл нь буруу болсон зэргээр нотлогдож байна. Иймд Д.Б-г Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэмд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан дүрмийн 5 дугаар бүлгийн 23.1.12-д “Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба хуралдааны үйл ажиллагааны тэмдэглэл, Хурлын албан хэргийг төрийн албан хэргийн стандартын дагуу хөтөлнө” гэж, мөн Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.4.3.1, 2.4.3.4-т заасныг зөрчсөн гэж үзэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлүүдийг албан бичгийн стандартад, нийцүүлээгүй, түүнийг баталгаажуулах, бэлэн болгох, албажуулах зэрэг өөрийн үүргийг биелүүлээгүй гэж үзнэ.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албаны 2016 оны төлөвлөгөөнд заасан Хурлын ажлын алба буюу ажлын албаны дарга Д.Б-н хариуцсан нэр бүхий 5-н арга хэмжээг хэрэгжүүлээгүй гэж үзсэн бидний тайлбар үндэслэлтэй. Учир нь уг нэр бүхий арга хэмжээг Д.Б, түүний ажлын алба хэрэгжээгүй болох нь тус хавтас хэрэгт авагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албаны 2016 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн жагсаалт. товчоо зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй, хурлын тэмдэглэлүүдийг бэлтгэж гаргуулаагүй, тэдгээрийг албажуулаагүй. 2016 оны ажлын төлөвлөгөөнд заасан ажлын албаны хариуцсан нэр бүхий 5-н арга хэмжээг хэрэгжүүлээгүй зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл болж байна. Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Б нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий 44 дүгээр тогтоолоор “өөрөө хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, дараа нь уг тогтоолыг өөрчилж, 24 дүгээр тогтоолоор “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас халж шийдвэрлэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө ... засах эрхтэй ...” гэж заажээ.

Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд захиргааны байгууллагад өөрийн гаргасан шийдвэрийн илэрхий алдааг засах эрхийг хууль тогтоогчоос олгохдоо актын үндсэн агуулгыг өөрчлөхгүй байхаар хязгаарласан байна.

Гэтэл тухайн тохиолдолд захиргааны байгууллагаас хуулийн дээр заалтыг зөрчиж, эхний гаргасан тогтоолын үндсэн зохицуулалт болох “өөрөө хүсэлт гаргасан” гэх үндэслэл буюу захиргааны актын утга, агуулгыг өөрчилж, хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан “Хурлаас гарсан тогтоол нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх эрхтэй” тухай заалт нь энэхүү маргаанд хэрэглэгдэхгүй гэж үзнэ.

Учир нь хуулийн дээрх нь заалтаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх олгосон болохоос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд эрх олгоогүй байхаас гадна маргаан бүхий тогтоол нь “хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй” гэх үндэслэлээр гараагүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн “дээрх хуулийн заалтыг хэрэглэж, өмнөх тогтоолыг өөрчилсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Маргаан бүхий тогтоолууд нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тул захиргааны байгууллагаас хэрэглэвэл зохих, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг зөв хэрэглээгүй, алдаатай захиргааны акт гаргажээ.

Тухайлбал, 2016 оны 10 дугаар сарын 21, 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн актууд нь нэгэн адил үр дагавартай буюу “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцохоор маргаан бүхий 24 дүгээр тогтоолд заасан байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан “өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” үйл баримт, 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үйл баримтууд нь өөр өөр тохиолдолд хэрэглэгдэх үндэслэлүүд юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй” болох нь тогтоогдсон бөгөөд захиргааны байгууллагаас маргаан бүхий тогтоолын эрх зүйн үндэслэлийг өөрчилж, нэхэмжлэгчийг 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ажлаас халахдаа 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэн тогтоогдоогүй, өөр үндэслэлийг нэрлэн зааж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй атал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь энэхүү үүргээ биелүүлээгүй, хууль зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл ойлгомжтой тодорхой байх ёстой бөгөөд захиргааны байгууллага шүүхэд маргаан үүссэний дараа өөрийн гаргасан шийдвэрээ тодруулж, тайлбарлах биш, харин шийдвэр гаргах үедээ шийдвэрт тодорхой тусгах, түүний үндэслэлийг урьдчилан шалгаж холбогдох баримтыг цуглуулсан байх үүрэгтэй.

Хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” тухай үйл баримтыг дүгнээгүй, тогтоолын үндэслэл болгоогүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд хэрэглэх ба энэ тохиолдолд захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл нь өөр буюу “нэхэмжлэгч өөрөөр хүсэлт гаргасан” гэх үндэслэл байсан, нөгөө талаар төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг хэрэглэх учиртай. 

Хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгч албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх үнэлээгүй” тухай гомдол үндэслэлгүй байна. Учир нь дээр дурдсанаар захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааг эхлэн тооцох 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч ямар албан үүргээ хэрхэн хангалтгүй хэрэгжүүлсэн талаар захиргааны байгууллага тодорхой нэрлэн заагаагүй, нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, холбогдох баримтыг цуглуулаагүй байсан.

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл, түүнд тусгагдсан Тэргүүлэгчдийн үзэл бодол нь нэхэмжлэгчийн ажил байдлыг шалган тогтоосон нотолгооны ач холбогдолтой баримт биш бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэх учиртай.

Тодруулбал, хариуцагчаас “Ажлын албаны ажилчдыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаагүй, Тэргүүлэгчдийн хуралдаанаар 49 асуудал хэлэлцэхээс 22 асуудал хэлэлцсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгасан боловч нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалан 22 асуудлыг хэлэлцээгүй, ажилчдыг хэрхэн нэгдсэн удирдлагаар хангаагүй, үүний улмаас ямар алдаа дутагдал үүссэн тухай баримт байхгүй буюу тодорхойгүй асуудлаар нэхэмжлэгчийг буруутгасан байхаас гадна 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаанаар Ажлын албаны 2016 оны ажлын тайланг хэлэлцэж, “хангалттай” гэж дүгнэж байснаар дээрх гомдол няцаагдаж байна.

Түүнчлэн хариуцагчаас “Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан” үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4 дэх хэсэгт нийцэхгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд “Сонгуулийн хорооны” үйл ажиллагааны талаар үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хуулиар олгогдоогүй, өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар нэхэмжлэгчийг буруутгасан гэж үзнэ.

Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0590 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ