Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 0590

 

 

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0590

     Улаанбаатар хот

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Б-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүлийн 25.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, ажил эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Б-ыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл болон “Тогтоол өөрчлөлт оруулах тухай” 24 дүгээр тогтоолд хариуцагчийн тайлбар болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон үйл баримтуудын тухай огт дурьдаагүй, хурлын тэмдэглэлүүдийг бэлтгэж гардуулаагүй, тэдгээрийг албажуулаагүй, 2016 оны ажлын төлөвлөгөөнд заасан ажлын албаны хариуцсан нэр бүхий 5 арга хэмжээ хэрэгжээгүй тул албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн ба дээрх үндэслэлээр 44, 24 дүгээр тогтоолууд гарсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч талын маргааны зүйл нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоол нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байсан эсэх асуудал бөгөөд шүүх болон хариуцагч талууд иргэнийг үндэслэлгүйгээр, хууль зөрчиж ажлаас халаад дараа нь ямар нэг үндэслэл гаргаж түүгээрээ хууль бус актаа зөвтгөж болно гэж ойлгож, дүгнэж буй нь буруу юм. Хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нэхэмжлэгч Д.Б-ыг албан үүргээ удаа дараа хангалттгүй биелүүлсэн гэдгийг хуульд заасан журмын дагуу шалгаж тогтоолгүйгээр, тогтоолдоо дурьдалгүйгээр халсан шийдвэрийг анхан шатын шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагада нийцэхгүй байна.

            Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолын үндэслэл нь нэхэмжлэгч Д.Б нь албан тушаалаасаа чөлөөлөглдөх хүсэлт гаргасан гэх үндэлслэл байсан ба уг тогтоолтой холбогдуулан Д.Б нь анхан шатны шүүхэд дээрх хууль бус актыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлага бүхий  нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авч хариу тайлбар гарган, шүүх хурал зарлагдахад өмгөөлөгч авах хүсэлт гарагж шүүх хуралдааныг хойшлуулсан ба энэ хугацаанд 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 24 дүгээр тогтоолыг гаргаж, 44 дүгээр тогтоол өөрчлөлт оруулсан. Мэдээж хариуцагчийн хүсэл зориг өмгөөлөгч авах байгаагүй тул ямар ч өмгөөлөг ч аваагүй анхан шатны шүүхийн ажиллагааг дуусгасан. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоол яг ямар үндэслэлээр гарсан нь тодорхой бус ба уг тогтоолын тэмдэглэх нь хэсэгт Д.Б нь ... хэрүүл ам хийж явах боллоо ... , хуулийг буруу хэрэглэсэн байна зэрэгт үндэслэн гарсан нь тогтоол болон хурлын тэмдэглэлийг уншихад л тодорхой байна. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн үндэслэ хэсэг болон хариуцагчийн тайлбарт дурьдагдаж буй үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй, хурлын тэмдэглэлүүдийг бэлтгэж гаргуулаагүй, тэдгээрийг албажуулаагүй, 2016 оны ажлын төлөвлөгөөнд заасан ажлын албаны хариуцсан нэр бүхий арга хэмжээ хэрэгжээгүй тухай огт хэлэлцээгүй.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дурьдагдсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй, хурлын тэмдэглэлүүдийг бэлтгэж гаргуулаагүй, тэдгээрийг албажуулаагүй, 2016 оны ажлын төлөвлөгөөнд заасан ажлын албаны хариуцсан нэр бүхий 5 арга хэмжээ хэрэгжээгүй зэрэг асуудал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Б-ын ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ажил үүргээ хангалттай биелүүлсэн, хангалттай гэж үнэлсэн баримтаар тогтоогдоно гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үндэслэх хэсэгт дурьдсан боловч албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг хэн, хэзээ, яаж тогтоосон гэдгийг огт дурьдаагүй байна.

            Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 123/ШШ2017/0014 тоот шийдвэрийгл хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хууль буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.Б “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Д.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” 44 дүгээр тогтоол гарсан бөгөөд уг тогтоол нь өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай байна. Гэтэл нэхэмжлэгч төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй нь тогтоогдсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд уг зохицуулалтаар тавигдаж буй гол шаардлага нь захиргааны актын бичилт болон түүнтэй адилтгаж болох өөр бусад илэрхий алдааг засахдаа актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр засах эрхтэй байна. Гэтэл Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 44 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн “Д.Б нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсугай” гэж өөрчилснийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь буруу болжээ.

            Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 44 дүгээр тогтоолыг өөрчилж, 24 дүгээр тогтоолыг гаргахдаа “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх 44 дүгээр тогтоолыг гаргахдаа хэлэлцэж, үндэслэл болгоогүй өөр үндэслэлийг заажээ. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч шийдвэр гаргахаасаа өмнө уг шийдвэрийн үндэслэл болсон нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа хийгээгүй байна.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон хариуцагчийн тайлбарт дурьдагдаж буй үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй, хурлын тэмдэглэлүүдийг бэлтгэж гаргуулаагүй, тэдгээрийг албажуулаагүй, 2016 оны ажлын төлөвлөгөөнд заасан ажлын албаны хариуцсан нэр бүхий 5 арга хэмжээг хэрэгжүүлээгүй тухай огт хэлэлцээгүй” гэсэн гомдол үндэслэлтэй байна. 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болсон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан болон хариуцагчийн тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгчийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдлыг шалгаж, тогтоосон баримт, нөхцлийг үнэлж шийдвэрээ гаргаагүй байна.

Хариуцагч 44 болон 24 дүгээр тогтоолуудыг гаргахдаа нэхэмжлэгчийг ажлаа хэрхэн хангалтгүй биелүүлсэн, тэдгээр нь ямар баримтуудаар хэрхэн нотлогдож байгаа талаар тогтоож шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүх “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь өөрийн ажлын албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тус ажлын албаны дарга албан үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар Хурлын ажлын төлөвлөгөө болон хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд урьдчилан төлөвлөж тусгахгүйгээр хэдийд ч хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. Нэхэмжлэгч Д.Б нь төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан бөгөөд түүнийг төрийн албанаас халах тохиолдолд хуульд заасан журмыг баримтлан “ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй”  байдлыг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг оролцуулан, энэ тухай холбогдох  баримт гаргах, санал өгөх боломжийг олгож, хэлэлцэн тогтоогоогүй байна.

            Анхан шатны шүүх “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Ажлын албаны 2016 оны үйл ажиллагааны тайланд дүгнэлт өгч “хангалттай” гэж үнэлсэн байх бөгөөд энэ нь Ажлын албаны үйл ажиллагаа болон Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг хамт үнэлж, дүгнэсэн ...” зэргээр хариуцагчийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр гаргахдаа тогтоож, нотлоогүй зүйлийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь буруу байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ыг урд эрхэлж байсан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-т 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн магадлал гарсан 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ