Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/0097

 

 

 

 

 

      2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/00944

                        Улаанбаатар хот

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Б.А /../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, Б.П /../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 231 938 280 төгрөг гаргуулж, гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2016 оны 3-р сарын 31-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийн 2 200 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 3 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн ... 3 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж, зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт, хугацаа сунгалтын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О..., хариуцагчийн төлөөлөгч Д.У.., хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б.., гэрч М.С.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.А-н  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зээлийн гэрээний дагуу 231 938 280 төгрөг, 2016 оны 3 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2 200 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан. Зээлийн гэрээний дагуу 231 938 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна. Бид ИХШХШТ Хуулийн 106 дугаар зүйлд заасан үр дагаврыг бүрэн ойлгож мэдэж байгаа. Иймд 2016 оны 3 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2 200 000 төгрөгийг Б.П-с  гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд энэ шаардлагаа шийдвэрлүүлнэ.  Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн байгаа. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг шүүх шийдэх боломжгүй. Харин хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тусдаа шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд учир нь харилцан үүссэн үүргийг дуусгавар болгох гэж сөрөг нэхэмжлэл гаргадаг, хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай ямарч хамааралгүй.

Талуудын хооронд 2016 оны 3 сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг хоёр тал зөвшилцөн үйлдээд нотариатаар батлуулсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд 1 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн. Зээлийн хугацаа 2016 оны 3 сарын 31-ний өдрөөс 2016 оны 4 сарын 05-ны өдөр хүртэл 6 хоногийн хугацаатай байсан. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний хүүг талууд 100 000 төгрөгөөр тохирсон. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор заасан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 3 сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 хороо Жаргалантын 4-р гудамж 361 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир талууд 2016 оны 4 сарын 05-ны өдөр уулзаж 2016 оны 3 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2016 оны 4 сарын 05-ны өдрөөс 2016 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, үүрэг гүйцэтгээгүй хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон гэрээ байгуулсан. Тийм учраас үндсэн зээлийн үүрэгт 1 000 000 төгрөг, зээлийн гэрээний хүүнд 700 000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйн алдангийг 165 хоногоор тооцоод нэг хоногийн 5 000 төгрөгөөр тооцоход 500 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 200 000 төгрөгийн баримт шүүхэд гаргаж өгсөн. Үүнийг зээлийн хүүнд юм уу, үндсэн төлөлтөнд төлсөн эсэх нь мэдэгдэхгүй байгаа тул 200 000 төгрөгийг зээлийн хүүнээс хасч тооцох боломжтой гэж үзэж байна. Мөн хариуцагч бэлнээр 300 000 төгрөг төлсөн гэх боловч хэргийн материалаас харахад энэ талаар баримт байхгүй байна. Нэхэмжлэгч Б.А  ч надад энэ талаар хэлээгүй. Тийм учраас хэрэгт байх нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Пүрэвсүрэнгийн Б.А д төлсөн 1 200 000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж байна. Харин шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.А , Б.Пүрэвсүрэн нарын хооронд 2016 оны 3 сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж хүлээн авсан энэ талаар маргахгүй. Б.Пүрэвсүрэн Б.А д 500 000 төгрөгийг өгсөн ба 200 000 төгрөгийг дансаар 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэхдээ 500 000 төгрөг төлсөн талаарх баримтыг бид үйлдээгүй гэж хэлдэг. Ямар ч байсан 200 000 төгрөг төлсөнд маргахгүй байна. Мөн хуулийн дагуу алданги төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин 200 000 төгрөгийг үндсэн төлбөрт төлсөн. Хариуцагч тайлбарлахдаа 1 000 000 төгрөгийн үндсэн төлбөрөөс нийт 500 000 төгрөгийг төлсөн гэдэг. Тиймээс шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд шийдэх байх гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Б.П-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 231 938 280 төгрөг гаргуулж, гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,  мөн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийн 2 200 000 төгрөг гаргуулахаар  шаардсныг,

хариуцагч нь 2015 оны 3 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн 17-р хороо 4-р хороолол, 37-р байр, 3 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж, зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт, хугацаа сунгалтын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүрэгт 231 938 280 төгрөг гаргуулж, гэрээний үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авах тухай хүсэлтээ бичгээр гаргаж, хариуцагч Б.П-с  2 200 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлнэ гэснийг хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлнэ гэж тайлбарлав.

 

Шүүх зохигч талуудын гаргасан хүсэлтийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно.” гэсэн, мөн хуулийн 106.5-д “энэ хуулийн 106.3...-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...нэхэмжлэгчийн татгалзал, ...  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана.” гэжээ.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч талын татгалзал нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүү 700 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөг гаруулах шаардлагын тухайд:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, 1 000 000 төгрөгийг 6 хоногийн хугацаатай 100 000 төгрөгийн хүүтэй, зээлийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.

Мөн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр талууд зээлийн гэрээ барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж, зээлийн хүүг сарын 10 хувь байхаар тохирч, зээлдэгч гэрээнд заасан хугацааг зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 11-13/

 

Дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч Б.Пүрэвсүрэн нь үндсэн зээл 1 000 000 төгрөг, үндсэн хүү 700 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2016 оны 10 дугаар сарын 05ы өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч Б.Пүрэвсүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 200 000 төгрөгийг төлсөн нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул нийт үүргээс хасаж тооцож, нийт 1 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Харин хариуцагч нь 300 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх тайлбарыг гаргаж маргасан хэдий ч энэ талаарх баримтаа ирүүлээгүй байх тул уг мөнгийг нийт төлбөрөөс хасаж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн алданги 500 000 төгрөг гаргуулна гэснийг хангах үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлагаас 2 000 000 төгрөгийг /1 500 000+500 000/ хангаж, үлдсэн 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.А  нь зээлийн гэрээний үүрэгт 231 938 280 төгрөг гаргуулж,  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан тул хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн уг шаардлагад харилцан тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх энэ хэрэгт эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзаж, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тус тус буцаан олгох нь зүйтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.П-с  2 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А  нь зээлийн гэрээний үүрэгт 231 938 280 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн 2015 оны 3 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн 17-р хороо 4-р хороолол, 37-р байр, 3 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж, зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт, хугацаа сунгалтын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 328 650 төгрөгөөс 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-с  улсын тэмдэгтийн хураамжинд 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А д олгож, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 1 270 691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А д, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 053 270 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.П-д  тус тус олгосугай.  

 

5. Зохигчид нь татан авсан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан нотлох баримтуудаа буцаан авч болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ