Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 01736

 

  Ц.Ө-ын нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01515 дугаар шийдвэртэй, Ц.Ө-ын нэхэмжлэлтэй, “Б” ТӨААТҮГ-т холбогдох

Буруу ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу “Б” ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилогдсон Б.Б 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг гардуулж өгсөн. Уг тушаалд “ажиллагсдыг хууль бусаар цуглуулан, хууль бусаар хуралдаж, тайван замаар ажил хаяна гэж ажилтнуудыг турхирч, вакцин захиалгат төлөвлөгөөг биелүүлэх ажилд санаатай саад хийж болзошгүй гэж зүй бусаар харьцсан ёс зүйн зөрчлийг гаргасан тул сануулах арга хэмжээг авсугай” гэжээ. Тэрээр миний ажлын өрөөнд орж ирэхдээ гар утсаараа бичлэг хийж үйлдвэрлэл хэдэн хувьтай явж байгааг, яг одоо хэл гэхчилэн хэрүүл хийх хандлагыг Б.Б өөрөө гаргасан. Тэр үед Б.О захирал гарын үсгээ шилжүүлээгүй, албан ёсоор ажлаас халаагүй байсан учраас Б.Б-ыг захирал гэж үзэх боломжгүйгээ хэлсэн. Ажиллагсдын төлөөлөл, мэргэжилтний уулзалтыг би зохион байгуулаагүй бөгөөд захирал Б.О нь ажлыг хүч түрэмгийлэн гэнэт булаан авсан талаар болон үйлдвэрт захирлаар ажилласан хугацааныхаа нөхцөл байдал, үйлдвэрийг ямар байдалтай хүлээж аваад одоо ямар болгосон талаар товчхон танилцуулаад холбогдох хуулийн дагуу түүний хууль бус, бусармаг үйлдлүүдтэй тууштай тайван замаар хийж буй тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлсэн. Ийм үйл явдал болж өнгөрөхөд тэнд байсан хүмүүсээс хоёр хүнд сануулах арга хэмжээ авсан. “Б” ТӨААТҮГ-ын захирал Б.Б-ын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 дүгээр “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүхэд гаргасан тайлбартаа:  “Б” ТӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.7-д зааснаар ажил олгогч нь ажилтнаас гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь холбогдуулан төлөвлөгөө тайлан гаргуулах, хянах, дүгнэх эрхтэй байна. Мөн дотоод журмын 8.2.11-т ажилтан хийсэн ажлын үр дүнг тайланг сар, улирал, жилээр гаргаж өгч байх, мөн журмын 8.2.8 дахь заалтад зааснаар ажилтан нь ...ёс суртахууны өндөр соёлтой байх тус тус үүрэгтэй байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсон захирал Б.Б Ц.Ө-оос ажил, үйлдвэрлэлийн явц, төлөвлөгөөний талаар мэдээлэл авах гэхэд нь Вакцин үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэдэн хувийн биелэлттэй байх нь чамд хамаагүй гэж зүй бус хариулт өгсөн. Ц.Ө хийсэн ажлын тайлан гаргаж өгөөгүй, хууль ёсны дагуу томилогдсон удирдлагыг эсэргүүцэж, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан байна. “Б” ТӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5-д ажлын болон ажлын бус цагаар цех нэгж, үйлдвэрийн обьектуудаар дэмий сэлгүүцэж, өөрийн албан өрөө, тасалгаандаа хүн цуглуулан бусдын ажилд саад учруулахыг хориглосон байна. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14.11 цагаас 15.10 цагийн хооронд ажиллагсдыг хууль бусаар цуглуулахад оролцож, хууль бусаар хуралдаж, тайван замаар ажил хаяна гэж ажилтнуудыг турхирч вакцин захиалгат төлөвлөгөөг биелүүлэх ажилд санаатай саад хийж болзошгүй зөрчлийг гаргасан байна.

“Б” ТӨААТҮГ-ын зүгээс Ерөнхий технологич, Үйлдвэрлэл технологийн дарга Ц.Ө-д хуулийн дагуу, үндэслэл бүхий сахилгын шийтгэл оногдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 01 сарын 24-ний өдрийн Ц.Ө-д сахилгын арга хэмжээ авах тухай А/19 тоот тушаалыг хүчингүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийнхураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн төлөөлөгч П.У 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 10.00 цагт Сант сургуулийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцох тул Ц.Ө-ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, миний бие шүүх хуралдаан давхцсан шалтгаанаа тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн байхад хүлээж аваагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзсэн нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр Б.Э-ыг оролцуулах хүсэлтийг хангаж, мэдүүлэг авсан байна. Энэ талаар хариуцагч талд мэдэгдээгүй бөгөөд гэрчээс асуулт асуух боломж олгоогүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн төрөлжсөн архиваас гаргуулсан нотлох баримт хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй нь хариуцагч талын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн болно.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор Б.Б-ыг “Б” ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Б.Б-ыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажилд эгүүлэн томилсон. Б.Б 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр захирал Б.О-аас ажлаа хүлээн авсан байдаг. Гэтэл Ц.Ө шүүхийн шийдвэрийн дагуу, эрх бүхий байгууллагаас томилогдон ирсэн төрийн өмчид үйлдвэрийн газрын хууль ёсны удирдлагыг эсэргүүцэж, "хулгайч", "луйварчин" "бузар" зэрэг ёс бус олон үгээр доромжилж буй нь видео бичлэг, түүнийг буулгасан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогддог. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр захирал Б.О-аас ажил хүлээн авч, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Ц.Ө-оос үйлдвэрийн явц, төлөвлөгөөтэй танилцах гэхэд танилцуулаагүй, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, ажлын явцын мэдээллийг өгөөгүй. "Б" ТӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 7.1.7-д зааснаар ажил олгогч нь ажилтнаас гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь холбогдуулан ажлын төлөвлөгөө тайлан гаргуулах, хянах дүгнэх эрхтэй байна. Мөн дотоод журмын 8.2.8-д "ажилтан нь ...ёс суртахууны өндөр соёлтой байх" үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл шүүх хариуцагчаас гаргаж өгсөн видео бичлэг, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн ажилтны гаргасан зөрчлийн онцлогт тохируулан хуульд нийцүүлэн арга хэмжээ авах эрхтэй. Анхан шатны шүүх сахилгын шийтгэлийг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Ө хариуцагч “Б” ТӨААТҮГ-т холбогдуулан буруу ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Б” ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 дүгээр тушаалаар тус байгууллагад ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны дарга ажилтай Ц.Ө-д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр оролцох боломжгүй болсон тухай хүсэлтээ, шүүхийн мэдэгдэх хуудсыг хавсарган ирүүлсэн байна. /хэргийн 88-89 дүгээр тал/ Анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд хэргийн оролцогч хүсэлтээ нотлох баримтын хамт ирүүлсэн байхад уг хүсэлтийг шүүх харгалзан үзээгүй нь буруу болжээ.

Хэргийн 90 дүгээр талд авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн “нэхэмжлэгч Ц.Ө-ын ёс зүйн зөрчил гаргасан үйл баримтыг бэхжүүлсэн” гэх CD бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлээгүй байна. Шүүх хуралдааны явцад CD-г шинжлэн судалснаар талуудын үзлэг хийлгэх хүсэлт шийдвэрлэгдсэн гэж үзэхгүй. / хэргийн 100, 102 дугаар тал/

Нэхэмжлэгч талаас гэрчээр Б.Э-ыг оролцуулах хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шийдвэрлэхээр заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, гэрч асуулгах хүсэлтийг хариуцагч талд мэдэгдээгүй нь буруу.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх зөрчлүүдийн улмаас талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх эрхийн үндсэн дээр явагдсан гэж үзэх боломжгүй, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.МӨНХЗУЛ

                                                      ШҮҮГЧИД                                             С.ЭНХТӨР

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА