Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/01508

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/01508

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- П.Н, А.Н, Б.С, Б.С, Г.С, Я.П, Б.П, Д.Ө, Д.О, Ц.О, Ш.О, А.О, П.О, И.Н, Д.Н нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо “З Т Н” ОНӨААТҮГазарт холбогдох,

2013 оны 8 дугаар сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013 оны 4-р сараас хойших хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 109.644.267 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, С.Түмэн-Ундраа, Г.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дооханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: З Т Нээс 73 хүний мэргэшсэн зэргийн нэмэгдлийг 2013-2014 онд хэрэгжүүлэхээр баталсан автотээврийн салбарын хэлэлцээрийн 2.1.12-т заасныг үндэслэн, ур чадварын нэмэгдлийг хамтын гэрээний 4.2-т заасныг үндэсэн, удаан жилийн нэмэгдлийг цалин хөлсний журмын 5.3.3-д заасныг үндэслэн, үр дүнгийн цалинг хамтын гэрээний 4.7-д заасныг үндэслэн, цомхтголын тэтгэмжийг хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д заасныг үндэслэн, илүү цагийн хөлсийг хамтын гэрээний 4.4-т заасныг үндэслэн тус тус нэхэмжилж байна. Мөн Б.Пыг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байна. З Т Нийн даргын 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б1618 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хүснэгтэд заасан мөнгөн дүнг нэхэмжилж байна. Тэмдэгтийн хураамж төлөгдсөн байгаа. З Т Н өнөөдрийг хүртэл хамтын хэлэлцээр оролцоогүй гэж маргадаг. Нийслэлийн тээврийн газрын дарга Энхбат ажил олгогч эздийн том оврын автобусны холбоо төлөөлж гарын үсэг зурсан байгаа. 2015 оны 06 сарын 05-нд ажил хаялт болсны дараа З Т Нийн захиргаатай тохиролцсон, ямар нэгэн ажил хаялт шүүхийн байгууллагад хандахгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ гэж, авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэн гээд байнга ажилчидаа хуураад явж байгаа. Кондукторыг мэргэшүүлж ажилд авдаг. Мэргэшсэн зэргийн үнэмлэх, жолооны үнэмлэх, эрх бүхий байгууллагын ажилтан нарт үүнийг өгөх ёстой. Ур чадварын нөхцлийн нэмэгдэл нь цалин хөлсний журамд заасан ажилчдад олгох ёстой боловч манайх олгохгүй гэдэг. Хамтын гэрээнд 2014 оны 01 сарын 22-нд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хамтын гэрээний 4.2 дугаар заалтыг төсөв мөнгөтэй байсан бол хэрэгжүүлнэ гэж З Т Нийн захиргаа хэлдэг, төсөв мөнгө нь хүрэхгүй бол хасаад хэрэгжүүлж болох юм. Үр дүнгийн шагналт цалинг хамтын гэрээний 4.7-д нэг сарын дундаж цалингаас бодож 2015 оны үр дүнг 2016 оны 01 сарын 27-нд олгодог. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтаар нотлогдоно. Гэтэл 2015 оны 12 сарын 27-нд өгөхгүй байгаа тул 2016 оны 01 сард шүүхэд гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа ур чадвар дээр яригдахгүй. Б.Пыг ажилд оруулах тухай ярихад авахгүй, үйлдвэрчний хорооны даргын эхнэр гээд ажлаас нь чөлөөлсөн тул 2015 оны 11 сарын 04-ний өдрийн 1618 тоот тушаалыг хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжилж байна. Кондуктор гэдгээр нь ажлаас халаагүй даргын эхнэр гэдгээр нь ажлаас халдаг. Энэ тушаал шийдврийг 2016 оны 03 сарын 01-ний өдөр тэтгэврийн нас хүрэхэд гардуулж өгсөн. Ажлаа хийе гэхээр ямар ч ажил хийлгэдэггүй, ажлаас халсан гэж хэлдэг. Автобус 1-р баазын, 2-р баазын хүний нөөц гэж байдаг. 1-р баазын хүний нөөцийг шилжүүлчихээд ажлаас халж байгаа нь хууль бус юм.

 З Т Нийн бүтэц орон тоог Нийслэлийн Засаг дарга 2011 оны А1054 тоот захирамжаар баталсан байдаг. Үүнд хяналт зөвлөгөөний ажилтан, угаалга цэвэрлэгээний ажилтан гэсэн нэр байдаггүй. 2014 оны А290 тоот захирамжид хяналт, зөвлөгөө өгөх ажилтан гэж байгаа бөгөөд угаалга цэвэрлэгээний ажилтан гэдгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд батлуулаагүй бөгөөд хяналт зөвлөгөөний ажилтан гэдгээр нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгээ хийж халсан.  Өргөдлүүдийг З Т Нийн хороогоор дамжуулж өгсөн, зорчигч тээврийн захиргаанд ч гэсэн байгаа. Цомхтголын хувьд кондуктор 3 хүнийг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээр цомхотгож ажлаас халсан байдаг. Энэ нь кондуктор гэдэг албан тушаалыг цомхтгож байна гэдэг. Хамтын гэрээндээ заасан цомхтголын тэтгэмжээ авья гэхээр тэтгэмжийг нь өгдөггүй, цомхтголын тэтгэмжийг яагаад дараагийн ажилчид нь мэдээгүй вэ гэхээр 2016 оны 4 сарын 12-ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу  цомхотгол явуулаад байгаа юмуу гэхэд үгүй гэсэн хариу хэлсэн. Тиймээс бүх шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Манай байгуулагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй. Мөн бидэнд мэргэшсэн зэргийн нэмэгдлийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж төөрөгдүүлээд байсан учраас шүүхэд хандаагүй байсан. Паас олгосон итгэмжлэл байхгүй, Үйлдвэрчний эвлэл ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахад ямар нэгэн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэв.

 

Хариуцагч З Т Н ОНӨААТҮГ шүүхэд болон төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нараас олгосон хэрэгт авагдсан итгэмжлэлүүд шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь  үйлдвэрчний эвлэлийн тамгатай нэхэмжлэл, үйлдвэрчний эвлэл ажилчдын хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулдаг эсэх нь эргэлзээтэй. Хавтаст хэрэгт байгаа нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд зохих хэмжээний тэмдэгтийн хураамж төлсөн баримт байгаа эсэх, нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, тодорхой бус, үнийн дүн, ямар үндэслэлээр цалингаа аваагүй, байгууллага өгөөгүй гэдэг нь хэрэгт хамааралгүй тул хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэлийн шаардлага  нь үндэслэлгүй гэж үзэж байна. П.Н нь 2018-07-02-ны өдрийн Б540 тоот тушаалаар ажлаас  халагдсан, А.Н нь 2015-12-08-ны өдрийн Б1800 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Б.С нь 2016-01-13-ны өдрийн Б64 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Б.С нь 1-р баазад ажиллаж байгаа, Г.С нь 2017-08-23-ны өдрийн Б708 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. П нь 2-р баазад ажиллаж байгаа, П нь 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б1618 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Ө 1-р баазад ажиллаж байгаа, О 1-р баазад ажиллаж байгаа. О 2017-01-27-ны өдрийн Б82 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. О 2016-07-07-ны өдрийн Б663 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, О 2-р баазад ажиллаж байгаа, Н нь 2017-08-30-ны өдрийн Б728 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан, Н нь 2015-09-18-ны өдрийн Б1343 тоот тушаалаар харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлаасаа гарсан, О 1-р баазад ажиллаж байна. Хөдөлмөрийн харилцааны хувьд нийт 15 шалгагчаас өөрийн хүсэлтээр болон өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар 9 шалгагчийн хөдөлмөрийн харилцаа дууссан байна.

 Мэргэшсэн зэргийн нэмэгдлийн тухайд хамтын хэлэлцээрийн 2.1.12-т заасныг үндэслэн шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд цалин хөлсний бүрдлийг заасан. Үүнд үндсэн цалин хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж хуулиар зохицуулсан. 2013-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн 8.7-р зүйлд аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн хөрөнгийн бололцоо, жолооч засварчдын мэргэжлийн ур чадвар ажлын чанар, хөдөлмөрийн гэрээний биелэлт үр дүнг харгалзан авто машины жолоочид нэмэгдэл цалин хөлс олгож болно гээд нэмэгдэл хөлсийг олгох журмыг байгууллагын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээгээр шийдвэрлэхээр заасан. Хамгийн сүүлд хамтын гэрээнд 2014 оны 1 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа кондуктор нарт мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор тохиролцоогүй, 2013 оны хамтын гэрээнд мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор тусгаагүй. З Т Н ОНӨААТҮГазар болон  автобус 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2013-7-9-ны өдөр бүртгүүлсэн авто тээврийн хэлэлцээрт оролцоогүй, хэлэлцээрт гарын үсэг зураагүй. Иймд мэргэшсэн зэргийн нэмэгдлийн шаардах эрхгүй гэж үзэж байгаа.

Ур чадварын нэмэгдэл цалинг 2013 оны 2 сарын 5-нд байгуулсан хамтын гэрээний 4.2-т заасныг үндэслэдэг бөгөөд энд байгууллагын дотор мөрдөгдөж байгаа дүрэм журмыг мөрдлөгө болгохоор урьдчилан заасан. 2013 оны 5 сарын 23-ны автобус нэгдүгээр баазын цалин хөлсний журмын 5.5.1-д хамаарах ур чадварын нэмэгдлийг засвар үйлчилгээний станц, тоног төхөөрөмжийн засварчдад олгохоор заасан. Илүү цагийн хөлс олгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 15 шалгагч дээр 1.110.000 төгрөгийн 0.5 хувийн зөрүү гардаг. Шалгагч нарын хамгийн сүүлийн илүү цаг нь 2015 оны 07 сарынх байдаг бөгөөд үүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 27-нд буюу жил хагасийн дараа нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа.

Үр дүнгийн цалингийн тухайд 2015 онд байгууллага үрд дүн, удаан жилийн нэмэгдлийг олоогүй. Яагаад гэвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 220 дугаар тогтоолоор нийслэл орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үр дүнгийн шагнал урамшуулах журмыг батлаад 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. 2015 онд байгууллага алдагдалтай ажилласан болох нь санхүүгийн тайлангаас харагдаж байгаа, Энд хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Анх 2016 оны 1 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа зөвхөн 61 ажилчдын тэтгэмж гэж шаардсан бөгөөд үүнээс хойш 4 удаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн байдаг. Үр дүнгийн цалин болон удаан жилийн нэмэгдлийн шаардлагыг 2016 оны 10 сарын 27-ны өдрийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Цомхтголын тэтгэмжийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар эдгээр хүмүүсийг цомхтгосон гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан ажлын байрны орон тоо цөөрсөн, татан буугдсан гэдэг үйл баримт байхгүй. Бид эдгээр ажилчидыг цомхотгоогүй ажлын байрыг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Хэрэгт кондукторын ажлын байрны чиг үүргийг өөрчилсөн тушаал авагдсан, мөн ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрт энэ талаар бичилт хийгдсэн байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацаа яригдана.

Птай холбоотой ажлаас үндэслэлгүй халагдсан ажилд эргүүлэн тогтоолгоно гэдэг шаардлагыг өнөөдөр анх удаа сонсож байна. Хэрэв ийм шаардлага гаргаж байгаа бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны уг шаардлагыг хариуцагч талд гардуулах, шаардлагын бүрдүүлбэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэхийг шалгаж процесс ажиллагаанууд хийгдэх ёстой. Хариуцагчийн зүгээс Пыг ажлаас нь халаагүй, 2015 оны 11 сарын 4-ны өдрийн Б1618 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байгаа.

Нэхэмжлэгч талаас 2017 оны 1 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт авагдсан бөгөөд энэ хэргээс тусгаарлан өмнө нь шийдвэрлэсэн Алтанцэцэг, Сэрсмаа, Уранбат гэсэн 3 хэргийн шаардлагад ногдох хураамжийг хасаж тооцсон тул одоо үлдэгдэл хураамжийн дүн хүрэхгүй байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн эсэх талаарх баримт ерөөсөө байхгүй учир тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Харьяа байгууллагын хувьд нийтийн тээврийн газар гэж байна, үйл ажиллагааны хүрээнд хамтран ажилладаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан шиг яг манай байгууллагыг төлөөлж хэлэлцээрт оролцоно гэсэн ойлголт байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн хороонд хэрхэн ажиллах, хуулийг яаж хэрэглэх талаар захиргаа заахгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

 

1. Нэхэмжлэгч З Т Н ОНӨААТҮГазрын автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороо нь хариуцагч З Т Н ОНӨААТҮГазарт холбогдуулан мөнгө хураагчийн ажлын байранд ажиллаж байсан мөнгө хураагч нарт тэтгэмж олгохыг даалгах, жагсаалтаар авагдсан нэр бүхий 61 ажилчдад 323.720.346 төгрөгний тэтгэмжийг байгуулагаас гаргуулж өгнө үү гэх шаардлагыг анх 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргаснаар /1-р хх-1-2/ шүүх иргэний хэрэг үүсгэхдээ тэтгэмжийн 323.720.346 төгрөгийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн байна /1-р хх-32/.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гарч хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 30 минутад товлосон /1-р хх-201/ байх бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 31-ний, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдийн шүүх хуралдаанаар нэр бүхий 61 ажилчдад 323.720.346 төгрөгний тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хэлэлцэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаас “...хариуцагчийн гаргасан нотлох баримтуудтай танилцахад кондукторын ажил албан тушаалд цомхотголд ороогүй харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлттэй байна...” гэснээр шүүх хуралдаан хойшлогдсон байна /2-р хх-26/.

 

2. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Н.Төрбат нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамтын гэрээг мөрдөж ажиллахыг даалгах, 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа тул шийдвэрлэж өгөх, автобусны 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран батлаагүй цалингийн журам, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ бусад журмуудыг хүчингүй болгож, үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран гаргасан журмуудыг мөрдлөг болгон ажиллахыг даалгах, кондуктор М.Ганчимэг, М.Батцэрэн нарын ажилчдыг нэмэгдүүлж байна гэх нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан 2-р хх-58/.

 

3. Дээрх шаардлагаа нэхэмжлэгч Н.Төрбат нь Нийслэлийн засаг даргын 2014 оны 12-р сарын 18-ны өдрийн А/1053 дугаар захирамжаар тус байгууллагын бүтцэд кондукторын орон тоо бүтцийн өөрчлөлтөд ороогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилчдад хамтын хэлэлцээрийн 2.1.12-т зааснаар 2013-07-09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, хамтын гэрээний 4.2-т зааснаар 2013-02-05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл, хамтын гэрээний 4.7-д зааснаар 2013-2015 онуудын үр дүнгийн цалинг гаргуулах, цалин хөлсний журмын 5.3.3-т зааснаар 2013-2015 онуудын удаан жилийн нэмэгдлийг байгууллагаас гаргуулах, тус байгууллагаас цалин хөлсний дэлгэрэнгүй хуулгийг ирүүлсний дараа үнийн дүнг тодорхой болгож өгнө гэж өөрчилсөн шаардлага 2016 оны 01 дүгээр сарын 14-ний огноотой боловч хавсралт нь 2016 оны 05-р сарын 04-ний өдрийн огноотой /2-р хх-42-43/, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар нэр бүхий 73 ажилчдад зэргийн нэмэгдэл болон нэмэгдэл хөлсийг 2013-02-05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх, 2013-2015 оны үр дүнгийн цалин болон удаан жилийн нэмэгдлийг гаргуулах тухай шаардлага хэлэлцэгдсэн байна /2-р хх-62-63/.

 

4. Нэхэмжлэгч Н.Төрбат нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дээрх шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ нэхэмжлэлийн үнийн дүнг жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтны хамтын хэлэлцээрийн 2.1.12-т зааснаар 2013-07-09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 142.307.071 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 136.981.000 төгрөг, үр дүнгийн цалинд 52.873.087 төгрөг, удаан жилийн нэмэгдэлд 6.910.000 төгрөгийг байгууллагаас гаргуулах гэж тодруулаад, илүү цагийн хөлс 5.085.531 төгрөг, нэр бүхий 3 ажилтан хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д зааснаар орон тооны цомхотголд орсон тушаалтай тул тэтгэмжид 9.514.625 төгрөгийг, шагналт цалин 52.888.508 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж нэмэгдүүлэн гаргасан шаардлагыг /2-р хх-76/ хариуцагч талд 2019-12-02-ны өдөр гардуулсан /2-р хх-147/ байна.

 

З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо нь 73 ажилтнуудын нэрийн өмнөөс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2018/13928 дугаар захирамжаар хэргийг тусгаарласан байх тул П.Н нарын 15 кондуктор, шалгагчийн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв /4-р хх-3-4/.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч болох үйлдвэрчний эвлэлийн хороо, түүний дарга Н.Төрбат нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан тэтгэмжид 323.720.346 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэмэгдүүлж, 2016 оны 05-р сарын 04-ний, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд өөрчлөн, нэмэгдүүлснээр хамгийн сүүлд буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөн нэмэгдүүлсэн жагсаалтаар авагдсан нэр бүхий 73 ажилтаны мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 142.307.071 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 136.981.000 төгрөг, үр дүнгийн цалинд 52.873.087 төгрөг, удаан жилийн нэмэгдэлд 6.910.000 төгрөгийг байгууллагаас гаргуулах гэж шаардлагаа тодруулаад, илүү цагийн хөлс 5.085.531 төгрөг, нэр бүхий 3 ажилтан цомхотголд орсон тушаалтай тул тэтгэмжид 9.514.625 төгрөгийг, шагналт цалин 52.888.508 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж нэмэгдүүлэн гаргасан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2.193.804 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дансанд төлсөн байна /2-р хх-232/.

 

Ийнхүү нэхэмжлэгч нарын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулан, нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэж анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарсан 183/ШШ2017/02096 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01092 дугаартай тогтоол 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гарснаар /3-р хх-161-172, 215-219/ нэхэмжлэгч 73 иргэний хэргийг тусгаарласан шүүгчийн захирамж гарсантай холбогдуулан П.Н нарын 15 иргэний нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Н.Төрбат нэхэмжлэлийн шаардлагын задаргаа бүхий үнийн дүнтэй хүснэгтийг шүүхэд өгөхдөө олгогдоогүй мэргэшсэн зэргийн, ур чадварын, удаан жилийн нэмэгдэл, олгогдоогүй илүү цагийн цалин, олгогдоогүй үр дүнгийн цалин, цомхотголын тэтгэмж гээд нийт 6 төрлийн шаардлага бүхий хүснэгтийг /4-р хх-11, 56/ мөн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан, кондукторуудыг тодруулж, өөрчлөх тухай хүснэгтийг шүүхэд гаргахдаа цомхотголын тэтгэмж гэх шаардлагыг оруулсан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардагын үндэслэлээ тайлбарлахдаа Б.Пыг ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлага гаргасан.

 

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрий огноотой нэхэмжлэлийн шаардлагаа тусгаарлан кондукторуудыг тодруулж өөрчлөх тухай гэх хүснэгтэд Б.Пыг ажил хийлгэхийг даалгуулахаар нэхэмжилж байгаа тодруулж байна гэж тусгасан байна /4-р хх-11/.

 

Дээрх хүснэгтийг үндэслэн нэхэмжлэгч П.Н, А.Н, Б.С, Б.С, Г.С, Я.П, Б.П, Д.Ө, Д.О, Ц.О, Ш.О, А.О, П.О, И.Н, Д.Н нарын  2013 оны 8 дугаар сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013 оны 4-р сараас хойш хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 109.644.267 төгрөгийг хариуцагч З Т Н ОНӨААТҮГазраас гаргуулж, Б.Пыг ажилд эгүүлэн тогтоолгох гэх шаардлагыг шүүх хуралдаанд гаргасан тул уг шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэлээр үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгч Н.Төрбатад гэж 2017 оны 1-р сард гурван жилийн хугацаатай олгосон /1-р хх-33, 40, 54, 71, 80, 88, 100, 110, 117, 126, 135, 136, 143, 150, 160, 168, 4-р хх-194/, хариуцагч З Т Н ОНӨААТҮГазар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг С.Түмэн-Ундармаа, Ц.Баясгалан, Г.Наранбаатар нарт 2019 оны 04-р сарын 25-ны өдрийн 1/824 дугаартай албан бичгээр /4-р хх-68, 69/ тус тус олгосон байна.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулах, 6-д зааснаар гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Н.Төрбат нь З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болох нь 8096767 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож /1-р хх-5/ байх бөгөөд мөн Зоригч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын Автобус нэгдүгээр баазын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг болохыг зохигчид тайлбарлаж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй болно.

 

Түүнчлэн З Т Н ОНӨААТҮГазар нь хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулаагүй болох нь тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2016-01-16-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр /1-р хх-19/ тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилсан нөхцлийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэр бүхий 15 кондуктор, шалгагчийн 2013 оны 8-р сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл, 2013 оны 4-р сараас хойших хугацааны ур чадварын нэмэгдэл, 2015 оны үр дүнгийн цалин, удаан жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж зэрэг нийт зургаан үндэслэл бүхий шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа хамтын гэрээ, түүнд орсон нэмэлт өөрчлөлт, автотээврийн салбарт 2013-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээр зэргийг үндэслэн тайлбарлан шаардлагаа тодорхойлсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгоно” гэж заасан.

 

Автобус-1 ОНӨҮГазрын бүтэц өөрчлөгдөж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨААТҮГ, Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан “Нийслэлийн З Т Н” ОНӨААТҮГазар болж нэгдсэн асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-т зааснаар хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд харин хамтын гэрээг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилчны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэхээр хуульд заасан.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Зорчигч тээвэр гурав гэх ОНӨААТҮГазрыг байгуулсан байх боловч энэ талаарх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх боловч шинээр байгуулагдсан Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГазарт хариуцагч байгууллагаас эд хөрөнгийг шилжүүлэхээр тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч нар дээрх шинээр байгуулагдсан үйлдвэрийн газарт шилжээгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд “Автобус-1” ОНӨҮГазрын төлөөлөл, ажилтнуудын төлөөллийн хооронд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр “хамтын гэрээ” байгуулагдаж, уг гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Уг гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 8, 12-18 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан, хууль тогтоомжид нийцсэн, хуульд заасан хугацаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна /1-р хх-10-13, 9/.

 

Түүнчлэн талуудын байгуулсан 2013 оны 02-р сарын 05-ны өдрийн хамтын гэрээний 2.2-т “хамтын гэрээний үйлчлэх хугацааг тогтоосон хэдий ч 2014 оны 01-р сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр ...гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэлх хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хамтын гэрээ гэж дүгнэв /1-р хх-10, 9/.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээний зохих заалтыг ажил олгогч биелүүлээгүй, Автотээврийн салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллаагүй ажилтаны эрх ашиг зөрчигдсөн гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан тул татан буугдсан Автобус-1 ОНӨҮГазрын үйл ажиллагаа хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн З Т Н ОНӨААТҮГазарт нийлүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ажил олгогчоос хамтын гэрээг биелүүлэхийг нэхэмжлэгч нар болон ажилчны төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн “2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээр”-ийн зорилго нь авто тээврийн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй нөхцлөөр зохицуулах, зохицуулагдаагүй харилцааг зохицуулахаар тодорхойлсон байх бөгөөд хэлэлцээрийг 2013-2014 онд хэрэгжүүлэхээр байгуулж, хугацаа дуусахаас өмнө шинэ хэлэлцээр байгуулаагүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй бол талууд дараачийн хэлэлцээр батлан бүртгүүлэх хүртэл хугацаагаар үргэлжлүүлэн мөрдөхөөр, байгууллагуудын захиргаа эздэд хүргүүлэх, сурталчлах асуудлыг Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо хариуцахаар, хэлэлцээрээр тохирсон заалтуудыг автотээврийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн салбар байгууллагуудын хамтын гэрээнд тусгах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулахдаа үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөж батлахаар тохиролцсон байна /1-р хх-21/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т “үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг олгох журмыг ажил олгогч нь хууль, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн баталж мөрдүүлэхээр заасан.

 

Автотээврийн байгууллагын үйлдвэрчний эвлэлийн салбар байгууллагуудын хамтын гэрээнд хэлэлцээрээр тохирсон заалтуудыг тусгахаар тохиролцсон байх боловч “З Т Н” ОНӨААТҮГазар нь гэрээний оролцогч биш гэж маргасан, хамтын гэрээнд тусгуулж тохиролцох талаар тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо маргаан үүсгэж шийдвэрлүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг хэлэлцээрт нийцүүлэн батлаагүй байх бөгөөд зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, 2015 оны 09-р сарын 18-ны өдөр хөдөлмөрийн дотоод журмыг батлахдаа 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн хэлэлцээрээр тохирсон заалтуудыг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй байх тул нэхэмжлэгч нар 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрийн 2.1.12-т заасан үндэслэлээр мэргэшсэн кондукторын зэргийн нэмэгдлийг шаардах эрхгүй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн “Автобус-1” ОНӨҮГазрын дарга нь 2014-09-10-ны өдрийн 1126 дугаар албан бичгээр Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбоонд ...авто тээврийн салбарын хамтын, тарифийн хэлэлцээрийг дагаж мөрдөх чиг үүргийг ирүүлээгүй, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаас тарифийн хэлэлцээрийг хэрэгжүүлэн ажиллах үүрэг өгсөн тохиолдолд 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэгжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй” гэж саналаа хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн хувийг үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбатад гэж хаягласан байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат нь маргаан гаргаж зуучлагч, арбитрийн зөвлөмж гарсан талаар тайлбарлаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн маргаан зохицуулах зуучлагчийн зөвлөмж 2014-06-27-ны өдрийн огноотой, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Зам тээврийн яамны хооронд үүссэн хөдөлмөрийн хамтын маргаанд гарсан, хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах арбитрын зөвлөмж нь 2014-07-29-ний өдрийн огноотой, Зам тээврийн яам, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны хоорондын хамтын маргаанд гарсан зөвлөмж байх бөгөөд дээрх хамтын маргаан нь 2013-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээртэй холбогдон үүссэн байна.

 

Түүнчлэн ажил олгогчтой үйлдвэрчний эвлэлийн хороо тохиролцоо хийгдсэн гэх нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар З Т Н ОНӨААТҮГазрын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд хийсэн 2015-06-05-ны өдрийн тохиролцоонд ажил хаялттай холбоотой, 2015-06-05-ны өдрөөр тасалбар болгон ажил хаялтыг зогсоох, ажил хаялт зохион байгуулсантай холбогдуулан аль нэг тал хууль шүүхийн байгууллагад хандахгүй байхаар, байгууллагын төсвийг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хандан зохих шийдвэр гаргуулах талаар хамтран ажиллахаар тохирсон тохиролцоо /4-р хх-94/ байх бөгөөд уг тохиролцоонд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн дээрх 6 шаардлагын талаар тусгагдаагүй, уг тохиролцоо 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээний 4.2-т “ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн зэргийн, ур чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг мөрдлөгө болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байна.

 

Хариуцагч байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журам буюу Автобус-1 ОНӨҮГазрын цалин хөлсний 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн,

З Т Н ОНӨААТҮГазрын захиралын А/64 дүгээр тушаалаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан цалин хөлсний журмын 5.5-д “ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэл” гэж, 5.5.1-д “ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэлийг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон тоног төхөөрөмжийн засварчдад олгоно” гэж, 5.5.2-т “засварчдын зэргийг  мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх, мөн байгууллагын зэрэг тогтоох комиссийн шийдвэрийг үндэслэн тогтооно” гэж, 5.6-д ажлын байрын нөхцөл нь хэвийн нөхцлөөс хүнд гэж тогтоогдсон ажлын байранд ажлын нөхцлийн нэмэгдлийг А жижүүрийн жолооч, ээлжийн ажилчдад, ариун цэврийн өрөө, бохир цэвэрлэдэг үйлчлэгч, сэрээт ачигч нарт нэмэгдэл цалин олгоно” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх цалин хөлсний журамд ур чадварын нэмэгдлийг кондуктор болон шалгагч нарт олгохоор тусгаагүй, нэхэмжлэгч нарт олгох нэмэгдэл цалингийн талаар дээрх журмаар зохицуулаагүй байх тул ур чадварын нэмэгдэл цалинг нэхэмжлэгч нар шаардах эрхгүй байна гэж үзлээ.

 

Мөн Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталсан 77 дугаар тушаалын хавсралтын хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 33-т ...кондуктор гэж дурдагдсан байх боловч уг тушаал нь тэтгэврийг хөнгөлттэй тогтоох нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт бөгөөд нэхэмжлэгч нар уг тушаалд заасан хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох, ажлын нөхцлийн нэмэгдлийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

Хариуцагч байгууллагын 2013, 2015 оны цалин хөлсний журмын 5.5-д мэргэжлийн зэргийн нэмэгдлийн талаар, 5.6-д ажлын байрны байршил, ачаалал, онцлогоос шалтгаалсан бусад нөхцлийн буюу ажлын нөхцлийн нэмэгдэл гэж хоёр өөр нэмэгдлийн талаар журмалсан байх бөгөөд ажилтанд хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгохоор, хамтын гэрээний 4.2-т ...урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлүүдийг сар бүр олгохдоо байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг мөрдлөгө болгохоор талууд тохирсон байх бөгөөд хариуцагч байгууллагын 2013, 2015 оны цалин хөлсний журамд нэхэмжлэгч нарын ажлын байрны нэр мэргэжлийн зэргийн нэмэгдэл болон ажлын нөхцлийн нэмэгдэл тусгагдаагүй байна.

 

Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн ...бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээний 4.2-т ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон ...нэмэгдлүүдийг сар бүр олгохдоо ...байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг мөрдлөгө болгохоор, 4.7-д “үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно” гэж тус тус заасан боловч хариуцагч байгууллагад дагаж мөрдөгдөж байгаа 2013, 2015 оны цалин хөлсний тухай журмын 5-д заасан нэмэгдэлд үр дүнгийн нэмэгдлийн талаар зохицуулаагүй, журамд тусгаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг олгох журмыг ажил олгогч нь хууль, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн баталж мөрдүүлэхээр заасны дагуу ажилтаны төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо нь цалин хөлсний журамд хамтын гэрээгээр тохиролцсон заалтуудыг тусгахаар ажил олгогчид хандаагүй, хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа ажилтаны төлөөлөл энэ талаар мөн тусгаагүй, маргаан гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байх бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар тогтоолоор “Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 2.2.1-д “орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын батлагдсан төлөвлөгөөнөөс давсан ашиг”, 2.2.2-т “орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өмнөх оны үйл ажиллагааны зардлын хэмнэлт”, 2.2.4-т “орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагчдын идэвхи санаачлагатай үйл ажиллагааны үр дүнд бий болсон нэмэлт санхүүгийн эх үүсвэр зэргийг үндэслэн орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын ажиллагсдыг шагнаж, урамшуулах зардлыг шийдвэрлэхээр,мөн журмын 4.2.2-т “...үйлдвэрийн газрын захирлын нийслэлийн Засаг даргатай байгуулсан контракт гэрээний биелэлтээр бүрэн хангалттай үнэлгээ авсан үйлдвэрийн газрын өмнөх оны зорилтот түвшингээс давсан ашгийн 20 хүртэл хувийг ажиллагсдын шагнал, урамшуулалд зориулан олгоно” гэж заасан болзлыг хариуцагч байгууллага хангасан, уг журамд заасан үндэслэлээр үр дүнгийн цалин олгохоор байгууллагын удирдлага баталгаажуулан шийдвэрлэсэн болох нь нотлогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2015 оны 4-р улирлын санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргаж тухайн онд алдагдалтай ажилласан тул нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 220 дугаар тогтоолоор баталсан “Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох журам”-д заасан санхүүгийн эх үүсвэр гараагүй гэж тайлбарлаж, нотлох баримтаар 2014-12-31-ний өдрийн орлогын дэлгэрэнгүй тайланд ашиг, алдагдлын эцсийн үлдэгдэл -82290130,95 гэж гаргасан баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 220 дугаар тогтоолыг 2015 оны 01-р сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байх бөгөөд үүнээс өмнөх 2012, 2013, 2014 оны ажлын өссөн гүйцэтгэлээр ажилчдад үр дүнгийн шагнал өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014-01-27-ны өдрийн А/07, 2015-02-10-ны өдрийн 8/200 дугаартай газрын даргын тушаалын хуулбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн байгууллагад алдагдал гарвал машин цагийн зардлаар санхүүждэг, энэ зардлаас мөнгө дутвал Нийслэлийн зорчигч тээврээс мөнгө олгодог тул үр дүнгийн цалин мөн машин цагийн зардалд багтаж байгаа. З Т Н машин цагийн зардлаар санхүүждэг бөгөөд үүнийг нийслэлийн өмчийн газраас зөрүүг нь тогтоодог, үр дүнгийн шагналт цалин машинт цагийн зардалд ордог учраас алдагдал байдаггүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015-10-22-н өдрийн 6/22 тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журмыг баталсан /1-р хх-218-223/ байх бөгөөд уг журамд зааснаар машин цагийн зардал гэдгийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа автобусны нэг цаг ажиллахад гарах зардлыг, нийтийн тээврийн үйлчилгээний орлого, зарлагын зөрүү гэдгийг машин цагийн зардлаас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний орлогыг хассан дүнг ойлгохоор, журмын 5.4-т ...тухайн жилийн дундаж үнэлгээг 90-ээс дээш буюу бүрэн хангалттай үнэлгээтэй дүгнүүлж чадсан тохиолдолд урамшуулал олгоно. Урамшуулалын хэмжээг нийслэлийн засаг даргатай байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрлэх”-ээр тус тус заасан байна.

 

Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Нийслэлийн З Т Н” ОНӨААТҮГазрыг байгуулсан бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар тогтоолоор “Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам”-ыг баталсан ба хариуцагч нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байх тул дээрх журмын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд уг журмыг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр заасан.

 

Хариуцагч байгууллагад дагаж мөрдөгдөж буй 2013, 2015 оны цалин хөлсний тухай журмын 5.3.1-д “ажилласан жилийн нэмэгдэл нь тухайн ажилтны компанид удаан хугацаанд ажилласныг урамшуулан олгож буй нэмэгдэл цалин” гэж, 5.3.3-д “ажилласан хугацааг тухайн байгууллагад үндсэн ажилтнаар томилогдон тушаал гарсан үеэс эхлэн тооцно. Ажилласан жилийн нэмэгдлийг таваас дээш жил ажилласан ажилчдад ажилласан жил тус бүрийг 10.000 төгрөгөөр тооцож тайлант жилийн эцэст жилд нэг удаа байгууллагын даргын тушаалаар олгоно” гэж тус тус заасан.

 

Дээрх цалин хөлсний тухай журам нь 1990 онд орж өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаа ажилтанд хамаарна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарласан тул нэхэмжлэгч нар ажилласан жилийн нэмэгдлийг тооцуулж, энэ талаар байгууллагын удирдлагаар баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нар 2015 онд олгогдох ёстой ажилласан жилийн нэмэгдлийн талаар 2016 оны 1-р сард тушаал гарч олгоогүй учир гэж шаардсан /2-р хх-42/.

 

Хариуцагч байгууллагад дагаж мөрдөж байгаа цалин хөлсний тухай журамд дээрх нэмэгдлийг жилийн эцэст нэг удаа олгохоор тусгасан байх тул нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас хариуцагч байгууллагад ажилд орсон хугацааг тооцон нэхэмжлэгч П.Н /2013-05-06-нд ажилд орж 2018-07-02-нд ажлаас чөлөөлөгдсөн байх тул/ хамаарахгүй /1-р хх-36/, Б.С нь /2011-05-24-нд ажилд орсон одоо 1-р баазад ажиллаж байх боловч удаан жилийн нэмэгдэл/ хамаарахгүй /1-р хх-75/, П.О /2013-01-29-нд ажилд орсон одоо 2-р баазад ажиллаж байх боловч удаан жилийн нэмэгдэл/ хамаарахгүй /1-р хх-153/ байх тул

А.Нод 2004-06-07-нд ажилд орж 2015-12-08-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байх тул ногдох нэмэгдэл 110.000 төгрөг /1-р хх-44-45, 48/,

Б.Сд 2003-04-04-нд ажилд орсон, 2016-01-13-нд ажлаас чөлөөлөгдсөн байх тул ногдох нэмэгдэл 100.000 төгрөг /1-р хх-56, 67/,

Г.Сд 2001-03-21-нд ажилд орсон одоо 2017-08-23-нд ажлаас чөлөөлөгдсөн байх тул ногдох нэмэгдэл 100.000 төгрөг /1-р хх-83/,

Я.Пд 1995-03-06-нд ажилд орсон одоо 2-р баазад ажиллаж байх тул ажилласан хугацаанд ногдох нэмэгдэл 100.000 төгрөг /1-р хх-92/,

Б.Пд 2005-05-26-нд ажилд орсон 2015-11-04-нд ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул ногдох нэмэгдэл 100.000 төгрөг /1-р хх-104, 107/,

Д.Өт 2006-01-17-нд ажилд орж одоо 1-р баазад ажиллаж байх тул ажилласан хугацаанд ногдох нэмэгдэл 90.000 төгрөг /1-р хх-112/,

Д.От 2001-04-02-нд ажилд орсон одоо 1-р баазад ажиллаж байх тул ажилласан хугацаанд ногдох нэмэгдэл 140.000 төгрөг /1-р хх-122/,

Ц.Од 2002-04-04-нд ажилд орсон одоо 1-р баазад ажиллаж байх тул ажилласан хугацанд ногдох тэтгэмжид 130.000 төгрөг /1-р хх-130/,

Ш.От 2008-01-01-нд ажилд орж 2017-01-27-нд ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул ногдох тэтгэмж 70.000 /1-р хх-140/,

А.Од 2010-05-14-нд ажилд орж 2016-07-07-нд ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул ногдох тэтгэмжид 50.000 төгрөг /1-р хх-146/,

И.Нт 2001-08-31-нд ажилд орж 2017-08-30-нд ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул ногдох тэтгэмжид 80.000 төгрөг /1-р хх-164/,

Д.Нд 2006-05-30-нд ажилд орж 2015-09-18-нд ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул ногдох тэтгэмжид 60.000 төгрөг /1-р хх-172-173, 175/-ийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж, мөн хуулийн 53.2-т “энэ хуулийн 53.1-д зааснаар олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан хамтын гэрээний 4.4-т “илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол цалин хөлсийг ердийн үеийнхээс хоёр дахин нэмэгдүүлж олгоно” гэж тохиролцсон байх тул “Автобуснэг ОНӨҮГ”-ын цалин хөлсний тухай журмын 6.4.6-д “илүү цаг ажилласан тохиолдолд илүү цагт ногдох хөлсийг хөдөлмөрийн хуулийн дагуу 2 дахин нэмэгдүүлж олгоно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нарын 2013-2016 оны цалин хөлсний талаарх дэлгэрэнгүй хүснэгт /1-р хх-39, 50,76, 86-87, 98, 108, 116, 124, 133, 141, 148, 155-156, 166, 174/ хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч тал 2015 оны илүү цагийн хөлс гэж шаардсан бөгөөд уг шаардлагын талаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гаргасан /2-р хх-76-77/.

 

Ажилтан илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан нэмэгдлийг хоёр дахин нэмэгдүүлж олгохоор хамтын гэрээний талууд тохиролцсоны дагуу тухайн сард олгоогүй илүү цагийн хөлсний талаар ажилтан мэдсэн даруйдаа гомдлоо гаргах эрхтэй буюу цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай тул ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан.

 

Түүнчлэн хариуцагчаас гаргасан цалин хөлсний дэлгэрэнгүй хүснэгтээс үзэхэд нэхэмжлэгч нарын илүү цагт ногдох хөлсийг ажил олгогчийн зүгээс бодож ажилтанд олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан илүү цагийн хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж олгох ёстой гэх шаардлагын талаар хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар 2015 оны илүү цагийн цалинг 2016 оны 01-р сард олгоогүй бол энэ талаар мэдснээс хойш гурван сарын дотор шүүхэд хандах эрхтэй байжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл нотлогдон тогтоогдоогүй буюу хариуцагч байгууллага татан буугдаагүй, кондукторын ажлын байр хасагдсан эсхүл цөөрүүлсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нар цомхотголын тэтгэмж шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 3.7-д зааснаар цомхотголын тэтгэмж гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон боловч ажилтны буруу биш шалтгаанаар нэхэмжлэгч нар ажлаасаа чөлөөлөгдөөгүй буюу П.Н нь 2018-07-02-ны өдрийн Б/500 тоот тушаалаар, А.Н нь 2015-12-08-ны өдрийн Б/1800 тоот тушаалаар, Б.С нь 2016-01-13-ны өдрийн Б/64 тоот тушаалаар, Г.С нь 2017-08-23-ны өдрийн Б/708 тоот тушаалаар, Б.П 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б/1618 тоот тушаалаар, Ш.О 2017-01-27-ны өдрийн Б/82 тоот тушаалаар, А.О 2016-07-07-ны өдрийн Б/663 тоот тушаалаар, И.Н 2017-08-30-ны өдрийн Б/728 тоот тушаалаар, Д.Н 2015-09-18-ны өдрийн Б13/43 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах, өөрийн хүсэлтээр, ажил олгогчтой тохиролцсон үндэслэлээр тус тус ажлаасаа чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна.

 

Харин нэхэмжлэгч Б.С 1-р баазад, Я.П 2-р баазад, Д.Ө 1-р баазад, Ц.О 1-р баазад, П.О 2-р баазад, Д.О 1-р баазад тус тус ажиллаж байгаа гэх хариуцагчийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дээрх ажилчид тус байгууллагад ажиллаж байгаа талаарх тодорхойлолтыг гаргасан /4-р хх-86-87/.

 

Мөн кондукторын ажлын байрны чиг үүргийг өөрчилсөн А/89 тоот З Т Н ОНӨААТҮГазрын захиралын тушаал 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан байх бөгөөд уг тушаалаар кондукторуудын ажлын чиг үүрэгт өөрчлөлт оруулан хяналт зөвлөгөө өгөх ажилтанаар шугам замд ажиллуулж зохион байгуулахыг Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтэст үүрэг болгосон байна /1-р хх-226/.

 

Түүнчлэн Нийслэлийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1053 дугаар захирамжаар нийслэлийн З Т Н ОНӨААТҮГазрын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлахдаа автобусны мөнгө хураагч гэх албан тушаалын орон тоо батлагдсан,

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04-р сарын 18-ны өдрийн А/290 тоот захирамжаар З Т Нийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлахдаа шалгагч гэх албан тушаалын орон тоог баталсан байх боловч Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан кондукторын буюу мөнгө хураагчийн ажлын байрны чиг үүргийг хяналт зөвлөгөө өгөх ажилтан болгон өөрчилсөн байна.

 

Тиймээс нэхэмжлэгч нар мөнгө хураагчаар буюу кондуктороор ажиллаж байсныг 2015 оны 07-р сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон хяналт зөвлөгөө өгөх ажилтан болгосныг мэдээгүй гэх нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд ажил олгогчийн санаачилагаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарах тул ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заажээ.

 

Гэвч нэхэмжлэгч нар ажлын байр өөрчилсөн талаар шаардлага гаргаагүй бөгөөд гагцхүү цомхотголын тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч нараас 9 ажилтан өөрийн хүсэлтээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, ажил олгогчтой тохиролцсон үндэслэлээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж, бусад нэхэмжлэгч нар өнөөдрийн байдлаар хариуцагч байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байгаа болох нь хариуцагчийн гаргасан тодорхойлолтоор тогтоогдож, нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй тул цомхотголын тэтгэмж шаардах эрхгүй байна. 

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 11-р бүлэгт зохицуулсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байх бөгөөд ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зохицуулсан бөгөөд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан ба хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно” гэж, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын төлөөлөгч 61 ажилтаны цомхотголын тэтгэмж гаргуулахаар 2016 оны 01-р сарын 18-ны өдөр гаргасан шаардлагаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэмэгдүүлэхдээ хамтын гэрээ, хэлэлцээрийг мөрдлөгө болгон ажиллахыг даалгах гэж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 2013 оны 7 дугаар сараас хойших 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн, ур чадварын, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалт цалин гаргуулах гэж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн цалин, удаан жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, 3 ажилтаны тэтгэмж, шагналт цалин, жолоочийн хариуцлагын даатгалын зөрүү гэж шаардлагаа тодорхойлж хэргийг тусгаарласан шүүгчийн захирамж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсны дараа 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тусгаарлан кондукторуудыг шаардлагыг тодруулж өөрчлөх тухай хүснэгт гаргахдаа цомхотголын тэтгэмжийг нэмж оруулсан байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын төлөөлөгч шүүхэд анх цомхотголын тэтгэмж гаргуулах тухай шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг 3 удаа өөрчлөн, тодруулж, нэмэгдүүлснээр дээрх 6 шаардлага буюу мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн цалин гэх шаардлага болсон байх бөгөөд дээрх шаардлагын талаарх дэлгэрэнгүй хүснэгтийг шүүхэд гаргахдаа цомхотголын тэтгэмж гэж оруулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Тиймээс нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь 2013 оны 8-р сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн, ур чадварын, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн цалин, илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж зэргийг шаардаж, ажилтан Б.Пыг ажилд эгүүлэн тогтоолгох гэх шаардлагыг шүүх хуралдаанд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан байх тул нэхэмжлэгч нар эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй буюу 2016 оны 05 дугаар сарын 04, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагад дээрх шаардлагыг гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнөөр нэхэмжлэгч нар цалин хөлс, нэмэгдэл урамшууллын талаар хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул дээр дурдсан үндэслэлээр З Т Н ОНӨААТҮГазарт холбогдох 2013 оны 8-р сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн, ур чадварын, үр дүнгийн цалин, илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд зааснаар З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажилтнынхаа эрх ашгийг хамгаалахын тулд салбарынхаа үйлдвэрчний эвлэлийн холбоотой зөвлөн ажлуудыг хийж, ажлын тайлангаа тавьж байсан болох нь хэрэгт авагдсан тайлангуудаар нотлогдож байна.

 

Харин З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороонд гэж хаяглагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016-01-28-ны өдрийн 2/220 дугаартай, Санхүүгийн зохицуулах хорооны 2014-01-07-ны өдрийн 6/60 дугаартай, Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016-01-04-ний өдрийн 05/092/02 дугаартай, Автобус нэг компаний үйлдвэрчний эвлэлийн хорооны 2013-06-06-ны өдрийн 26 дугаартай, Санхүүгийн зохицуулах хорооны 2014-02-27-ны өдрийн 6/725 дугаартай, Автобус нэг ОНӨҮГазрын 2013-06-14-ний өдрийн 694 дугаартай, Автобус нэг ОНӨҮГазрын 2014-09-10-ны өдрийн 1126 дугаартай, Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах арбитрын 2014/07/29-ний зөвлөмж, Хөдөлмөрийн маргаан зохицуулах зуучлагчийн 2014/06/27-ны зөвлөмж, Автобус нэг компаний үйлдвэрчний эвлэлийн хорооны 2013-05-09-ний өдрийн 23 тоот албан бичиг, 2013-06-14-ний өдрийн хөдөлмөрийн арбитрын зөвлөмж, 2013-05-29-ний өдрийн хөдөлмөрийн зуучлагчийн зөвлөмж, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны 2017-01-20-ны өдрийн 17/10 дугаартай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017-07-19-ний өдрийн 05/2275 дугаартай, З Т Н ОНӨААТҮГазрын захиралын 2015-10-13-ны өдрийн 1/2975 тоот албан бичиг, 2014-01-05, 2015-01-09, 2016-01-29-ний өдрийн огноотой З Т Н ОНӨААТҮГ-ын автобус нэг баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос хамтын гэрээ, хэлэлцээрийн тухай хийсэн ажлын тайлан, 2016-01-19-ний өдрийн огноотой улсын мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдол, 2015-12-02-ны өдрийн огноотой Улсын мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдол зэргээс үзэхэд З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо, автобус нэг компаний үйлдвэрчний эвлэлийн хорооноос дээрх байгууллагад хандаж байсан болох нь тогтоогдож байх боловч тухайн байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тохиолдолд ажил олгогч, ажилтаны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар шүүхэд хандахаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан.

 

Түүнчлэн дээрх нэр бүхий байгууллагад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбатаас явуулсан албан бичиг, гомдол, хүсэлт түүнд хариу ирүүлсэн албан бичиг хүсэлтийн утгад нэхэмжлэлийн 6 үндэслэл бүхий шаардлагын талаар дурдагдаагүй, энэ талаар дээрх байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нар үйлдвэрчний эвлэлийн хороонд дээрх шаардлагын талаар гомдол хүсэлт гаргаж байсныг нотлохоор гаргасан 4-р хх-136-165 дугаар хуудсанд авагдсан ажилтаны гараар бичсэн өргөдлийг үйлдвэрчний эвлэлийн хороо тухайн огноотой цаг хугацаанд хүлээж авсан болох нь тухайн өргөдөл гомдлыг мөн цаг хугацаанд бичсэн гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх боловч үйлдвэрчний эвлэлийн хороо хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг зохицуулах шийдвэрлэх эрх хэмжээгүй, хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэдгээ мэдсэн атлаа цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой асуудлаар тухайн цаг хугацаанд шүүхэд хандаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар хамтын гэрээний дагуу тохирсон нэмэгдэл цалин, хөлс, урамшуулал олгохгүй байгаа энэ талаар ажилтаны эрх ашиг зөрчигдөн хөндөгдөж байгааг мэдснээс хойш буюу 2013 оны 8 дугаар сараас хойш шаардсан мэргэшсэн зэргийн, ур чадварын, 2015 оны илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, цомхотголын тэтгэмжийн талаарх шаардлагаа эрх зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд хандах эрхтэй байжээ.

 

Ажилтны эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан гэх З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо, З Т Н ОНӨААТҮГазрын автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо гэх хоёр үйлдвэрчний эвлэлийн хороо байх бөгөөд нэхэмжлэгч нарын төлөөлөгч Н.Төрбат нь дээрх хороодын даргаар ажилладаг болохыг талууд тайлбарлаж, тухайн байгууллагад маргаан таслах комисс байгуулагдаагүй талаар үйлдвэрчний эвлэлийн хороо мэдсэн болох нь 2016-01-16-ны өдөр шүүхэд хаягласан 30 дугаартай албан бичгээр тогтоогдож, шүүхэд хандах хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой боловч хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойших 3 сарын хугацаанд хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон газарт байсан зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шүүхэд хандаж гомдол гаргах боломжгүй байсныг ойлгох бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо, автобус нэгдүгээр баазын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороонд ажилтан буюу кондуктор, шалгагч нараас бичгээр өргөдөл, гомдол гаргаж байсан нь тухайн нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх эсхүл хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд уг хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 01092 дугаартай тогтоол 2018-06-26-ны өдөр гарсан, шүүхээс нэхэмжлэгч талд боломжит хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба үүнээс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх хүртэлх 220 хоногийн хугацаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргах хангалттай боломжит хугацаа байх тул энэ талаархэрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой эсхүл өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэлээр нотлох баримтыг бүрдүүлэх бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох баримтууд хөдөлмөрийн гэрээ, өөр ажил албан тушаалд шилжүүлсэн тухай тушаал, шийдвэр нь хуулийн дээрх үндэслэлд хамаарахгүй.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д зааснаар З Т Н ОНӨААТҮГазрын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороо, З Т Н ОНӨААТҮГазрын автобус нэгдүгээр баазын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороод нь нэхэмжлэгч нарыг төлөөлөн 2016-01-18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж нэхэмжлэгч талаас гаргасан дээр дурдсан нотлох баримтууд нь хамтын гэрээ, хэлэлцээр хэрэгжихгүй байгаа, хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байгаа, жолоочийн хариуцлагын даатгалын талаар, смарт карт ашиглах болсноор кондукторуудын ажлын байрны талаар, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй зэрэг асуудлаар үйлдвэрчний эвлэлийн хороо холбогдох байгууллагад гомдол мэдээлэл гаргаж шалгуулж байсан үйл баримтууд тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нар 2013 оны 8-р сараас хойш мэргэшсэн зэргийн, ур чадварын, 2015 оны үр дүнгийн шагналт цалин, илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж зэрэг шаардлагын хүрээнд гомдол гаргаж шалгагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан түр зогссон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн ажилтаны төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо нь эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж байсан нь дээрх шаардлага бүхий хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шууд үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” бөгөөд хуулиар тогтоосон хугацааг шүүх баримтлах үүрэгтэй тул хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны шаардлага тус бүрийн хүрээнд нэхэмжлэгч нар болон тэдгээрийн төлөөлөл болох үйлдвэрчний эвлэлийн хороо эрхээ зөрчигдсөн өдрөөс хойших 3 сарын дотор шүүхэд хандах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн явдалд хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

 

Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул хуулиар тогтоосон хугацаанд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шүүхэд хандах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаантай байдлын талаарх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаагүй.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас удаан жилийн нэмэгдэлд А.Нод 110.000 төгрөг, Б.Сд 100.000 төгрөг, Г.Сд 100.000 төгрөг, Я.Пд 100.000 төгрөг, Б.Пд 100.000 төгрөг, Д.Өт 90.000 төгрөг, Д.От 140.000 төгрөг, Ц.Од 130.000 төгрөг, Ш.От 70.000 төгрөг, А.Од 50.000 төгрөг, И.Нт 80.000 төгрөг, Д.Нд 60.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Б.Пын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Б.П нь Улаанбаатар хотын автобуснэг ОНӨҮГазарт 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 26 тоот тушаалаар автобусны кондукторын ажилд томилогдсон байх бөгөөд З Т Н ОНӨААТҮГазрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/1518 тоот тушаалаар хяналт зөвлөгөө өгөх, угаалга цэвэрлэгээний ажилтанаар томилогдон ажиллаж байгаад тус нэгтгэлийн захиралын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/1618 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан тушаалын хуулбар, 054184 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна /1-р хх-105-107/.

 

Б.Пыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар ажил олгогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.3-д заасныг тус тус баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байх бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн эрх зөрчигдсөн талаар гомдол гаргаагүй, Б.Пыг өөрийнх хүсэл зоригоос гадуур ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоотойгоор ажлаас чөлөөлөгдөх болсон гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Пыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах нь ажилтны хүсэл зоригийн дагуу түүний хүсэлтийг үндэслэн ажил олгогч шийдвэр гаргадаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж зааснаар Б.П нь шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл Б.П ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Паас итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэлд ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардлага гаргах уг маргаанд төлөөлөн оролцох эрхийг олгоогүй байна /1-р хх-100/. 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “...хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно...” гэж заасан боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байдал тогтоогдохгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдлоо гаргасан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон, тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.П нэхэмжлэгч ажлаас халагдсан тушаалд гомдол гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо баримтаар нотлоогүй, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш ажлаас халагдсан тушаалын талаар гомдол гаргаагүй байх тул хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хугацааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч З Т Н ОНӨААТҮГазраас удаан жилийн нэмэгдэлд нийт 1.130.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нод 110.000 төгрөг, Б.Сд 100.000 төгрөг, Г.Сд 100.000 төгрөг, Я.Пд 100.000 төгрөг, Б.Пд 100.000 төгрөг, Д.Өт 90.000 төгрөг, Д.От 140.000 төгрөг, Ц.Од 130.000 төгрөг, Ш.От 70.000 төгрөг, А.Од 50.000 төгрөг, И.Нт 80.000 төгрөг, Д.Нд 60.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан З Т Н ОНӨААТҮГазрын хяналт зөвлөгөө өгөх ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Б.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 01 дгээр сарын 27-ны өдөр төлсөн 140.508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нараас 565.663 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 31670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЯНЖИНДУЛАМ