Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00439

 

П.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01508 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1669 дүгээр магадлалтай,

П.Н, А.Н, Б.С, Б.С, Г.С, Я.П, Б.П, Д.Ө, Д.Ө, Ц.О, Ш.О, А.О, П.О, И.Н, Д.Н нарын нэхэмжлэлтэй,

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт холбогдох

Мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж, нийт 109.644.267 төгрөг гаргуулах, Б.Пыг ажилд нь эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Г.Н, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зорчигч тээврийн нэгтгэлээс 73 хүний мэргэшсэн зэргийн нэмэгдлийг 2013-2014 онд хэрэгжүүлэхээр баталсан автотээврийн салбарын хэлэлцээрийн 2.1.12-т заасныг үндэслэн, ур чадварын нэмэгдлийг хамтын гэрээний 4.2-т заасныг үндсэн, удаан жилийн нэмэгдлийг цалин хөлсний журмын 5.3.3-д заасныг үндэслэн, үр дүнгийн цалинг хамтын гэрээний 4.7-д заасныг үндэслэн, цомхтголын тэтгэмжийг хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д заасныг үндэслэн, илүү цагийн хөлсийг хамтын гэрээний 4.4-т заасныг үндэслэн тус тус нэхэмжилж байна. Мөн Б.Пыг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байна. Зорчигч тээврийн нэгтгэлийн даргын 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б1618 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хүснэгтэд заасан мөнгөн дүнг нэхэмжилж байна. Тэмдэгтийн хураамж төлөгдсөн байгаа. Зорчигч тээврийн нэгтгэл өнөөдрийг хүртэл хамтын хэлэлцээр оролцоогүй гэж маргадаг. Нийслэлийн тээврийн газрын дарга Энхбат ажил олгогч эздийн том оврын автобусны холбоо төлөөлж гарын үсэг зурсан байгаа. 2015 оны 6 сарын 05-ны өдөх ажил хаялт болсны дараа Зорчигч тээврийн нэгтгэлийн захиргаатай тохиролцсон, ямар нэгэн ажил хаялт шүүхийн байгууллагад хандахгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ гэж, авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэн гээд байнга ажилчдаа хуураад явж байгаа. Кондукторыг мэргэшүүлж ажилд авдаг. Мэргэшсэн зэргийн үнэмлэх, жолооны үнэмлэх, эрх бүхий байгууллагын ажилтан нарт үүнийг өгөх ёстой. Ур чадварын нөхцөлийн нэмэгдэл нь цалин хөлсний журамд заасан ажилчдад олгох ёстой боловч манайх олгохгүй гэдэг. Хамтын гэрээнд 2014 оны 01 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа хамтын гэрээний 4.2 дугаар заалтыг төсөв мөнгөтэй байсан бол хэрэгжүүлнэ гэж зорчигч тээврийн нэгтгэлийн захиргаа хэлдэг, төсөв мөнгө нь хүрэхгүй бол хасаад хэрэгжүүлж болох юм. Үр дүнгийн шагналт цалинг хамтын гэрээний 4.7-д нэг сарын дундаж цалингаас бодож 2015 оны үр дүнг 2016 оны 01 сарын 27-ны өдөр олгодог. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтаар нотлогдоно. Гэтэл 2015 оны 12 сарын 27-ны өдөр өгөхгүй байгаа тул 2016 оны 01 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа ур чадвар дээр яригдахгүй. Б.Пыг ажилд оруулах тухай ярихад хүлээн авахгүй, үйлдвэрчний хорооны даргын эхнэр гээд ажлаас нь чөлөөлсөн тул 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б1618 тоот тушаалыг хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжилж байна. Кондуктор гэдгээр нь ажлаас халаагүй даргын эхнэр гэдгээр нь ажлаас халдаг. Энэ тушаал шийдвэрийг 2016 оны 3 сарын 01-ний өдөр тэтгэврийн нас хүрэхэд гардуулж өгсөн. Ажлаа хийе гэхээр ямар ч ажил хийлгэдэггүй, ажлаас халсан гэж хэлдэг. Автобус 1-р баазын, 2-р баазын хүний нөөц гэж байдаг. 1-р баазын хүний нөөцийг шилжүүлчихээд ажлаас халж байгаа нь хууль бус юм. Зорчигч тээврийн нэгтгэлийн бүтэц орон тоог Нийслэлийн Засаг дарга 2011 оны А1054 тоот захирамжаар баталсан байдаг. Үүнд хяналт зөвлөгөөний ажилтан, угаалга цэвэрлэгээний ажилтан гэсэн нэр байдаггүй. 2014 оны А290 тоот захирамжид хяналт, зөвлөгөө өгөх ажилтан гэж байгаа бөгөөд угаалга цэвэрлэгээний ажилтан гэдгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд батлуулаагүй бөгөөд хяналт зөвлөгөөний ажилтан гэдгээр нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгээ хийж халсан. Өргөдлүүдийг зорчигч тээврийн нэгтгэлийн хороогоор дамжуулж өгсөн, зорчигч тээврийн захиргаанд ч гэсэн байгаа. Цомхтголын хувьд кондуктор 3 хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээр цомхотгож ажлаас халсан байдаг. Энэ нь кондуктор гэдэг албан тушаалыг цомхтгож байна гэдэг. Хамтын гэрээндээ заасан цомхтголын тэтгэмжээ авья гэхээр тэтгэмжийг нь өгдөггүй, цомхтголын тэтгэмжийг яагаад дараагийн ажилчид нь мэдээгүй вэ гэхээр 2016 оны 4 сарын 12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цомхотгол явуулаад байгаа юмуу гэхэд үгүй гэсэн хариу хэлсэн. Тиймээс бүх шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Манай байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй. Мөн бидэнд мэргэшсэн зэргийн нэмэгдлийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж төөрөгдүүлээд байсан учраас шүүхэд хандаагүй байсан. Б.Паас олгосон итгэмжлэл байхгүй, Үйлдвэрчний эвлэл ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахад ямар нэгэн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэжээ.

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нараас олгосон хэрэгт авагдсан итгэмжлэлүүд шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь үйлдвэрчний эвлэлийн тамгатай нэхэмжлэл, үйлдвэрчний эвлэл ажилчдын хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулдаг эсэх нь эргэлзээтэй. Хэрэгт байгаа нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд зохих хэмжээний тэмдэгтийн хураамж төлсөн баримт байгаа эсэх, нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, тодорхой бус, үнийн дүн, ямар үндэслэлээр цалингаа аваагүй, байгууллага өгөөгүй гэдэг нь хэрэгт хамааралгүй тул хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. П.Н нь 2018 оны 7 сарын 02-ны өдрийн Б540 тоот тушаалаар ажлаас халагдсан, А.Н нь 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Б1800 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Б.С нь 2016 оны 01 сарын 13-ны өдрийн Б64 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Б.С нь 1-р баазад ажиллаж байгаа, Г.С нь 2017 оны 8 сарын 23-ны өдрийн Б708 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Пүрэвсүрэн нь 2-р баазад ажиллаж байгаа, н.Пүрэвдулам нь 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б1618 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Өрнөхбаяр 1-р баазад ажиллаж байгаа, н.Отгонсүрэн 1-р баазад ажиллаж байгаа. н.Оюунбилэг 2017 оны 01 сарын 27-ны өдрийн Б82 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Оюунжаргал 2016 оны 7 сарын 07-ны өдрийн Б663 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, н.Оюунгэрэл 2-р баазад ажиллаж байгаа, н.Наранцэцэг нь 2017 оны 8 сарын 30-ны өдрийн Б728 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан, н.Нямсүрэн нь 2015 оны 9 сарын 18-ны өдрийн Б1343 тоот тушаалаар харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлаасаа гарсан, н.Оюунтунгалаг 1-р баазад ажиллаж байна. Хөдөлмөрийн харилцааны хувьд нийт 15 шалгагчаас өөрийн хүсэлтээр болон өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар 9 шалгагчийн хөдөлмөрийн харилцаа дууссан байна. Мэргэшсэн зэргийн нэмэгдлийн тухайд хамтын хэлэлцээрийн 2.1.12-т заасныг үндэслэн шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд цалин хөлсний бүрдлийг заасан. Үүнд үндсэн цалин хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж хуулиар зохицуулсан. 2013-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн 8.7-р зүйлд аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн хөрөнгийн бололцоо, жолооч засварчдын мэргэжлийн ур чадвар ажлын чанар, хөдөлмөрийн гэрээний биелэлт үр дүнг харгалзан автомашины жолоочид нэмэгдэл цалин хөлс олгож болно гээд нэмэгдэл хөлсийг олгох журмыг байгууллагын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээгээр шийдвэрлэхээр заасан. Хамгийн сүүлд хамтын гэрээнд 2014 оны 01 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа кондуктор нарт мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор тохиролцоогүй, 2013 оны хамтын гэрээнд мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор тусгаагүй. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болон автобус 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2013 оны 7 сарын 09-ний өдөр бүртгүүлсэн авто тээврийн хэлэлцээрт оролцоогүй, хэлэлцээрт гарын үсэг зураагүй. Иймд мэргэшсэн зэргийн нэмэгдлийн шаардах эрхгүй гэж үзэж байгаа. Ур чадварын нэмэгдэл цалинг 2013 оны 02 сарын 5-нд байгуулсан хамтын гэрээний 4.2-т заасныг үндэслэдэг бөгөөд энд байгууллагын дотор мөрдөгдөж байгаа дүрэм журмыг мөрдлөгө болгохоор урьдчилан заасан. 2013 оны 5 сарын 23-ны автобус нэгдүгээр баазын цалин хөлсний журмын 5.5.1-д хамаарах ур чадварын нэмэгдлийг засвар үйлчилгээний станц, тоног төхөөрөмжийн засварчдад олгохоор заасан. Илүү цагийн хөлс олгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 15 шалгагч дээр 1 110 000 төгрөгийн 0,5 хувийн зөрүү гардаг. Шалгагч нарын хамгийн сүүлийн илүү цаг нь 2015 оны 7 сарынх байдаг бөгөөд үүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 27-нд буюу жил хагасын дараа нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа. Үр дүнгийн цалингийн тухайд 2015 онд байгууллага үрд дүн, удаан жилийн нэмэгдлийг олоогүй. Яагаад гэвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 220 дугаар тогтоолоор Нийслэл орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үр дүнгийн шагнал урамшуулах журмыг батлаад 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. 2015 онд байгууллага алдагдалтай ажилласан болох нь санхүүгийн тайлангаас харагдаж байгаа, Энд хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Анх 2016 оны 01 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа зөвхөн 61 ажилчдын тэтгэмж гэж шаардсан бөгөөд үүнээс хойш 4 удаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн байдаг. Үр дүнгийн цалин болон удаан жилийн нэмэгдлийн шаардлагыг 2016 оны 10 сарын 27-ны өдрийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Цомхтголын тэтгэмжийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар эдгээр хүмүүсийг цомхтгосон гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан ажлын байрны орон тоо цөөрсөн, татан буугдсан гэдэг үйл баримт байхгүй. Бид эдгээр ажилчдыг цомхотгоогүй ажлын байрыг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Хэрэгт кондукторын ажлын байрны чиг үүргийг өөрчилсөн тушаал авагдсан, мөн ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрт энэ талаар бичилт хийгдсэн байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Пүрэвдуламтай холбоотой ажлаас үндэслэлгүй халагдсан ажилд эргүүлэн тогтоолгоно гэдэг шаардлагыг өнөөдөр анх удаа сонсож байна. Хэрэв ийм шаардлага гаргаж байгаа бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны уг шаардлагыг хариуцагч талд гардуулах, шаардлагын бүрдүүлбэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэхийг шалгаж процесс ажиллагаанууд хийгдэх ёстой. Хариуцагчийн зүгээс Пүрэвдуламыг ажлаас нь халаагүй, 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б1618 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байгаа. Нэхэмжлэгч талаас 2017 оны 01 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт авагдсан бөгөөд энэ хэргээс тусгаарлан өмнө нь шийдвэрлэсэн Алтанцэцэг, Сэрсмаа, Уранбат гэсэн 3 хэргийн шаардлагад ногдох хураамжийг хасаж тооцсон тул одоо үлдэгдэл хураамжийн дүн хүрэхгүй байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн эсэх талаарх баримт ерөөсөө байхгүй учир тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Харьяа байгууллагын хувьд нийтийн тээврийн газар гэж байна, үйл ажиллагааны хүрээнд хамтран ажилладаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан шиг яг манай байгууллагыг төлөөлж хэлэлцээрт оролцоно гэсэн ойлголт байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн хороонд хэрхэн ажиллах, хуулийг яаж хэрэглэх талаар захиргаа заахгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01508 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-с удаан жилийн нэмэгдэлд нийт 1,130,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нод 110,000 төгрөг, Б.Сд 100,000 төгрөг, Г.Сд 100,000 төгрөг, Я.Пд 100,000 төгрөг, Б.Пд 100,000 төгрөг, Д.Өт 90,000 төгрөг, Д.Өт 140, 000 төгрөг, Ц.Од 130,000 төгрөг, Ш.От 70,000 төгрөг, А.Од 50, 000 төгрөг, И.Нт 80,000 төгрөг, Д.Нд 60,000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хяналт зөвлөгөө өгөх ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Б.Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нараас 565,663 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 31, 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1669 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.П, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 341,183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тын хяналтын журмаар гаргасан гомдолд: Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг байгуулахдаа Төрийн байгууллагыг төлөөлж Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат, ажил олгоч эздийг төлөөлж том оворын Автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дарга Ц.Пүрэвсамбуу ажилтаныг төлөөлж, дээд Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэбат болон бусад байгууллагууд хэлэлцээрт оролцож байгуулан Хөдөлмөрийн яаманд баталгаажуулан бүртгүүлсэн салабарын 2013-2014 оны хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн 2.1.12-т зааснаар кондуктор нарын мэргэшсэн зэргийн нэмэгдэл 10-20 хувь цалинг нэхэмжилж байна. Тус хэлэлцээрээр Сүхбаатар дүүрэгт 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргаан үүсгэсэн. Мөн Сүхбаатар дүүргээс Зуучлагчийн зөвлөмж 2014 оны 6 сарын 27-ны өдөр гарсан. Арбиторын зөвлөмж 2014 оны 07 сарын 29-ний өдөр гарч зөвлөмжийн 2.1 дэх заалтанд 2014 оны 9 сарын 10-ны дотор багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж зөвлөмж хүргүүлсэн байдаг. Зорчигч тээврийн нэгтгэлийн захиргааанаас 2014 оны 9 сарын 10-ны өдөр 1126 тоотоор Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоонд болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобусны 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хороонд Авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг эрх бүхий байгууллагаас чиглэл өгвөл Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь хэрэгжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн ҮЭХ-дод албан ёсоор хариу өгсөн байдаг. Монгол улсын зам тээврийн яамнаас хэлэлцээр байгуулсан байгууллагуудад 2014 оны 10 сарын 01-ний өдрийн 2/5127 тоот албан бичгээр, мөн 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлсэн байдаг. Үүнд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хэрэгжүүлж ажиллах чиглэл өгсөн байдаг. Монгол улсын Зам тээврийн яамнаас 2015 оны 05 сарын 14-ны өдөр 02/2046 тоот бичгээр Улаанбаатар хотын захирагч н.Бат-Үүл Авто тээврийн хэлэлцээрийг харъяа салбар байгууллагуудад хэрэгжүүлэх ажиллах чиглэл дахин хүргүүлсэн байна. 2015 оны 5 сарын 25-ны өдрөөс эхлэн 2015 оны 6 сарын 05-ны өдөр хүртэл Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т жолооч кондукторын ажил хаялт 12 хоног болсон. Тохиролцооны 3-т зааснаар захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран байгууллагын төсвийг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хандан зохих шийдвэрийг гаргуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон. Тохиролцооны 6-д захиргааны санаачилгаар шүүхэд хандахгүй байхаар заалт оруулсан байдаг. Кондуктор жолооч нарын Мэргэшсэн нэмэгдэлийг 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан маргаан үүсгэж зуучлагч, арбиторын зөвлөмж гаргаж ажиллаж эцэслэн шийдэгдээгүй маргаан үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хамтын гэрээний 4.4 дэх заалтаар илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтаныг амруулаагүй бол цалин хөлсийг ердийн үеийнхээс хоёр дахин нэмэгдүүлж олгоно. Цалин хөлсний журмын 6.4.6-д зааснаар нэхэмжилсэн. Илүү цагаар ажилласан мөнгийг нэхэмжилсэн дүнгээр хангаж шийдвэрлэж өгнө үү. Захиргаанаас үйлдвэрчний эвлэлийн хороонд 2013 оны 03 сарын 21-ний өдөр 348 тоот бичгээр Ур чадвартай ажиллахыг ажилчдаас шаардсан байна. Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Ажилчид үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нэмэгдэлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн нөхцөл харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдлөгө болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар нэхэмжилж байна. Хариуцагч байгууллагын цалин хөлсний журмын 5.2-т нэмэгдэл олгохоор заасан. Хариуцагч байгууллагын цалин хөлсний журманд зааснаар хүнд нөхцөлийн нэмэгдэл 5.6-т заасан байгаа тухайн ажлын байрны нөхцөл нь хэвийн нөхцөлөөс хүнд гэж тогтоогдсон ажлын байранд нөхцөлийн нэмэгдэл олгоно. Автобусны жолооч нь Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тушаалын хавсралтаар, тэтгэвэрт гарахад хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтанд хамрагдсан байдаг. Үүний 33 дахь заалтанд Нийтийн тээврийн том оворын зорчигч тээврийн автобус, цахилгаан тээвэр, кондуктор гэх мэтээр заасан байдаг. 2015 оны үр дүнгийн цалинг олгохдоо жилийн эцсийн 2015 оны 12 сарын 27-ны өдөр буюу 2016 оны 01 сарын 27-ны өдөр цалингийн хамт олгодог. Гэтэл нэхэмжлэлийг 2016 оны 01 сарын 14-ний өдөр үр дүнгийн цалинг нэхэмжилсэн байдаг. 2013 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 4.7-д заасан Үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалин хөлснөөс буруулахгүйгээр бодож олгоно гэж заасан байдаг. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а зааснаар тодорхойлон нэхэмжилж байна. Тухайн ажилчны нийгмийн даатгалын дэвтэрийн сүүлийн 3 сараар тодорхойлж 2015 оны 10 сар, 11 сар, 12 сар бүтэн ажилласан сүүлийн гурван сарын дундаж цалингаар нэхэмжилж байна. 2015 оны үр дүнгийн цалингийн нэмэгдэлийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь хөдөлмөрийн хуулийн 129.1-т заасантай нийцэхгүй байна. Нийслэлийн засаг даргын тамгын газарт Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2016 оны 4 сарын 05-ны өдөр 61 тоот бичгээр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2016 онд бүтэц орон тоог баталсан захирамжийг гаргуулж авах хүсэлт өгөхөд 2016 оны 4 сарын 12-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан Нийслэлийн засаг даргын 2016.12.23-ны өдөр А/1053 тоот захирамжийг Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороонд 2016 оны 4 сарын 12-ны өдөр өгсөн. Энэ захирамжинд 543 кондукторуудыг ажлаас чөлөөлөөгүй болохыг мэдэгсэн. Зорчигч тээврийн нэгггэл ОНӨААТҮГ-ын бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан 2014.12.23 өдөр А/1053 тоот Нийслэлийн засаг даргын захирамжийг Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын захиргаа нь шүүхэд 2014 оны 04 сарын 26-ны өдөр нотариотаар батлуулж ирүүлэн кондукторыг ажлаас чөлөөлөөгүй болохыг шүүхэд дахин мэдэгсэн. Ингээд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2018 оны 9 сарын 21-ний өдөр 70 тоот бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2015 он, 2016 он, 2017 он, 2018 онуудын бүтэц орон тоог баталсан мэдээлэл авахыг хүсэхэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А/290 тоот захирамжаар кондукторуудыг ажлын байрнаас чөлөөлж шалгагчийн ажилд томилж бүтэц орон тоог батлуулсан болохыг Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэг дүгээр баазын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороонд 2018 оны 01 сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Мэдэгдсэн өдрөөс эхлэн шүүхэд кондукторуудын цомхотголын тэтгэмжийг гаргуулахаар 2016 оны 01 сарын 16-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийг сэргээх хүсэлт шүүхэд гаргахад 2018 оны 11 сарын 27-ны өдөр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгсөн. Иймд цомхотголын тэтгэмжийг дундаж цалинг тодохойлохдоо 2016 оны 1 сар, 2 сар, 3 сарын дундаж цалингаар Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар тодорхойлон нэхэмжилж байна. Нэхэмжлэгч 71 ажилтны нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүгчийн захирамжаар 14 ажилчнаар багц болгож 5-н хэсэг хувааж тусгаарлан шийдвэрлэсэн 71 ажилчны цалин 335.247.594.78 төгрөгийг нэхэмжилж, Улсын тэмдэгтийн хураамж 2.193.804 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч 56 кондукторын цомхотголын тэтгэмжинд 207.760.684.92 төгрөг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Кондукторуудын цомхотголын тэтгэмжийг 2016 оны 01 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч П.Н нарын 15 кондукторын цалингийн нэмэгдэл (цомхотголын тэтгэмжинд нийт 109.644.267,69 төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэгт 706.171 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч П.Н нарын 15 Кондуктор цалинд 61.141.364 төгрөг нэхэмжилсний тэмдэгтийн хураамжинд 463.656,82 төгрөг төлөгдсөн. Нэхэмжлэгч П.Н нарын 15 кондуктор цомхотголын тэтгэмжинд нэхэмжилсэн 48.502.903,67 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байтал тэмдэгтийн хураамжинд 242.515 төгрөгийг илүү төлөгдсөн нь хуульд нийцэхгүй байна. 2016 оны 01 сарын 16-ны өдөр анх нэхэмжлэл гаргаж байхад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч 4 кондуктор П.Н, Ц.Саранчимэг, Ц.О, А.О нар нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй болно. Нэхэмжлэгч А.Н нарын 11 кондуктор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. А.Н цомхотголын тэтгэмжид 4.664.692 төгрөг, Б.С тэтгэмжид 3.511.400 төгрөг, Г.С тэтгэмжид 3.673.400 төгрөг, Я.П цалин 4.697.007 төгрөг, тэтгэмжид 3.673.400 төгрөг, Б.П цалинд 3.890.672,18 төгрөг, Д.Ө тэтгэмжид 3.511.821,66 төгрөг, Д.Ө тэтгэмжид 6.148.375 төгрөг, Ш.О цалинд 4.275.603,71 төгрөг, тэтгэмжид 5.514.470 төгрөг, П.О тэтгэмжид 1.224.466,67 төгрөг, И.Н цалинд 4.561.606,45 төгрөг, тэтгэмжид 2.449.502 төгрөг, Д.Н тэтгэмжид 2.690.154 төгрөг тус тус нэхэмжилж байна. Цалинд 17.424.889,41 төгрөгийн тэмдэгтийн хураамж 245.074 төгрөг төлсөн. Цомхотголын тэтгэмжинд 37.061.681,33 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1 заалтын дагуу тэмдэгтийн хураамжийг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд чөлөөлөх хүсэлтийг гаргаж байна. Кондуктор А.Н нь тус байгууллагад 11 жил ажиллаад 2015 оны 12 сарын 08-ны өдөр Б/1800 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу халагдсан. 2013 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3.7-д зааснаар 10 сарын тэтгэмж 4.664.692 төгрөг нэхэмжилж байна. 2015 оны 01 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Кондуктор Б.С нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 10 жил ажиллаад 2016 оны 01 сарын 13-ны өдөр Б/64 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас халагдсан. 2013 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3.7-д зааснаар 6 сарын тэтгэмж 4.664.692 төгрөг нэхэмжилж байна. 2016 оны 01 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Кондуктор Д.Н нь 7 жил ажиллаад 2015 оны 09 сарын 15-ны өдрийн Б/1343 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар халагдсан. 2013 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3.7-д зааснаар 6 сарын тэтгэмж 2.690.154 төгрөг нэхэмжилж байна. 2016 оны 01 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н бүтэц орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн Засаг даргаар батлуулахдаа 2014 оны 12 сарын 23-ны өдрийн А/1053 тоот захирамж нь мөнгө хураагч албан тушаал байна. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын бүтэц орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн Засаг даргаар батлуулахдаа шинэчлэн 2016 оны 4 сарын 18-ны өдөр А/290 тоотоор шалгагч гэсэн албан тушаал батлуулсан байна харин хяналт зөвөлгөө өгөх угаалга цэвэрлэгээний ажлын орон тоог батлуулаагүй байна. Мөнгө хураагчийн ажлаас цомхтголд орж, шалгагч гэдэг ажилд томилогдож ажилласан. Б.П ажлаа хийхийг даалгаж өгөх, 2005 оны 05 сарын 26-ны өдөр № 26 тоот тушаалаар Автобус нэг дүгээр баазад мөнгө хураагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахаар тохиролцож Б.Пыг хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажлыг хийж гүйцэтгэхийг тулган шаардаж, хөдөлмөрийн гэрээ өөрчлөгдөөгүй Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй байхад Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын ажилтан намайг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын хүний нөөц хяналт зөвөлгөө өгөх угаалга цэвэрлэгээний ажлаас халсан хуурамч тушаал гаргаад ажил хийлгэхгүй байна. Б.П миний анхны нэхэмжлэл гаргасан баримтыг хэргийн 4 дүгээр хавтасны 203 хуудсанд сольж хийсэн байна. 2-р баазын ажилтан Б.П намайг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1-р баазын хүний нөөц намайг хяналт зөвөлгөө өгөх угаалга цэвэрлэгээний ажлаас халсан гэсэн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн Б/1618 тоот тушаалыг хүчингүй болгож ажил хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

П.Н, А.Н, Б.С, Б.С, Г.С, Я.П, Б.П, Д.Ө, Д.Ө, Ц.О, Ш.О, А.О, П.О, И.Н, Д.Н нар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт холбогдуулан мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж, нийт 109.644.267 төгрөг гаргуулах, Б.П ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс удаан жилийн нэмэгдлийн зарим хэсгийг гаргуулж, үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч А.Н, Б.С, Г.С, Я.П, Б.П, Д.Ө, Д.Ө, Ш.О, П.О, И.Н, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа, “ ...хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлсон, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах байсан...” гэжээ.

Шийдвэр, магадлалын зарим дүгнэлт хуульд нийцээгүй тул дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулах нь зөв байна.

4-р хавтаст хэргийн 11, 56-р хуудаст нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тус бүрээр тооцоолж тодорхойлжээ.

Үүнд: 1. П.Н мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 дугаар сараас 2016 оны 4 сар хүртэл 1.680.713 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.369.353.төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны  43.633 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 554.433 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 1.224.466 төгрөг, нийт 4.872.599 төгрөг, 

2. А.Н ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2015 оны 10 сар хүртэл 1.409.232 төгрөг,  илүү цагийн хөлс 2015 оны 20.873 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 466.469 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 110.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 4.664.692 төгрөг, нийт 6.671.266 төгрөг, 

3. Б.С мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 дугаар сараас 2015 оны 12 сар хүртэл 1.917.967 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2015 оны 12 сар хүртэл 1.595.975 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 29.098 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 585.233 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 100.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.511.400 төгрөг, нийт 7.739.673 төгрөг, 

4. Б.С ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.754.144 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 55.080 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 1.229.674 төгрөг, нийт 3.590.798 төгрөг, 

5. Г.С мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 9 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.151.926 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.823.348 төгрөг,  илүү цагийн хөлс 2015 оны 36.645 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 100.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.673.400 төгрөг, нийт 8.337.219 төгрөг, 

6. Я.П мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 9 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.247.435 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.893.190 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 7.814 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 548.566 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 100.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.673.400 төгрөг, нийт 8.470.405 төгрөг, 

7. Б.П мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2015 оны 10 сар хүртэл 1.788.150 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2015 оны 10 хүртэл 1.545.444 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 35.977 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 521.100 төгрөг,  удаан жилийн нэмэгдэл 2015 оны 100.000 төгрөг, нийт 3.990.671 төгрөг, 

8. Д.Ө мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.239.158 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.832.394 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 141.558 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 90.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны  тэтгэмж 3.511.821 төгрөг, нийт 8.366.831 төгрөг, 

9. Д.Ө мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.340.553 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.961.239 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 215.253 төгрөг,  үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 140.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны  тэтгэмж 6.148.375 төгрөг, нийт 11.357.320 төгрөг, 

10. Ц.О мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.317.211 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.947.908 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 101.356 төгрөг,  үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 130.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны  тэтгэмж 6.148.375 төгрөг, нийт 11.196.781 төгрөг, 

11. Ш.О мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.970.959 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.670.719 төгрөг,  илүү цагийн хөлс 2015 оны 37.816 төгрөг,  үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 536.109 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 130.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны  тэтгэмж 5.514.470 төгрөг, нийт 9.860.073 төгрөг, 

12. А.О мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.239.319 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.836.989 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 179.140 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 517.288 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 50.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны  тэтгэмж 2.838.706 төгрөг, нийт 7.661.442 төгрөг, 

13. П.О мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.266.342 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.888.080 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 117.093 төгрөг,  үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 552.513 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 1.224.466 төгрөг, нийт 6.048.295 төгрөг, 

14. И.Н мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.154.564 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.820.767 төгрөг,  илүү цагийн хөлс 2015 оны 34.375 төгрөг,  үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 80.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны  тэтгэмж 2.449.502 төгрөг, нийт 7.091.108 төгрөг, 

15. Д.Н мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2014, 2015 оны 892.000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2014, 2015 оны 669.000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 60.000 төгрөг, илүү цагийн хөлс 78.411 төгрөг, ажлаас халагдсны тэтгэмж 2.690.154 төгрөг, нийт 4.389.565 төгрөг, бүгд 109.644.267 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “мэргэшсэн зэргийн нэмэгдлийг 2013-2014 онд хэрэгжүүлэхээр баталсан Автотээврийн салбарын тарифын хэлэлцээрийн 2.1.12-т, ур чадварын нэмэгдлийг хамтын гэрээний 4.2-т,  удаан жилийн нэмэгдлийг цалин хөлсний журмын 5.3.3-д, үр дүнгийн цалинг хамтын гэрээний 4.7-т, илүү цагийн хөлсийг хамтын гэрээний 4.4-т заасныг тус тус үндэслэжээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн харъяалал, урьдчилан шийдвэрлэх журам болоод уг журмыг хэрэглэх боломжгүйгээс шүүхэд хандсан нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч нар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт кондуктороор ажиллаж байгаад, П.Н 2018.07.02-ны өдрийн Б/540 тоот, А.Н  2015.12.08-ны өдрийн Б/1800 тоот, Б.С 2016.01.13-ны өдрийн Б/64 тоот, Г.С 2017.08.23-ны өдрийн Б/708 тоот, Б.П 2015.11.04-ний өдрийн Б/1618 тоот, Ш.О 2017.01.27-ны өдрийн Б/82 тоот, А.О 2016.07.07-ны өдрийн Б/663 тоот, И.Н нь 2017.08.30-ны өдрийн Б/728 тоот, Д.Н нь 2015.09.18-ны өдрийн Б/1343 тоот тушаалаар тус тус ажлаас чөлөөлөгдсөн,  Б.С, Я.П, Д.Ө, Д.Ө, П.О, Ц.О нар тус тус ажиллаж байгаа нь тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “нэмэгдэл”-ийн талаар, ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн ...нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно гэж заажээ.

Ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан хамтын гэрээгээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн шууд зохицуулагдаагүй асуудлаар тохиролцдог байна.

Автобус-1 компанийг бусад аж ахуйн нэгжтэй нэгтгэж Зорчигч тээврийн нэгтгэл  ОНӨААТҮГазар болгож өөрчлөн байгуулсныг зохигч маргаагүй бөгөөд уг хугацаанаас  хойш шинээр хамтын гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болоогүй тул Автобус-1 компанийн  2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний зохицуулалт хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Дээрх хамтын гэрээгээр ажилтанд мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгохоор зохицуулаагүй байна.

2013-2014 онд хэрэгжүүлэхээр баталсан Автотээврийн салбарын хэлэлцээрээр зохицуулагдсан асуудлыг өөрийн компанийн хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгуулаагүйгээс уг хэлэлцээрийн 2.1.12-т заасан нь нэхэмжлэгч нарын мэргэшлийн зэргийн нэмэгдэл гаргуулах шаардлагын үндэслэл болохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй байна. Дээрх нэхэмжлэлийн талаар шүүх дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 16 дугаар зүйлийн 16.2,16.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд нэхэмжлэгч нарын мэргэжлийн зэргийн нэмэгдэл гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “...ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно гэж заажээ.

Хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдэл олгох үндэслэл тогтоогдоогүйг шүүх дүгнэжээ. Автобус-1 ОНӨААТҮГ-ын хамтын гэрээний 4.2-т “ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно” гэж заахдаа   мэргэжлийн зэргийн чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзаж байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг баримтлах, тухайн нэмэгдэл нь ажилтны үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байхаар журамлажээ. Автобус-1 компанийн мөрдөж байсан 2013.05.23-ны өдрийн болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын мөрдөж буй 2015.05.20-ны өдрийн цалин хөлсний журамд “ур чадварын” гэсэн нэмэгдлийн талаар зохицуулахдаа кондуктор, шалгагчид олгохоор заагаагүй тул энэ үндэслэлээр ур чадварын нэмэгдлийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.3.4, 50, 51 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн тухай дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Дээрх журмуудад хөдөлмөрийн нөхцөлийн болон ажлын байршил, ачаалал, онцлогоос хамаарсан бусад нөхцөлийн нэмэгдэл, тухайлбал мэргэжлийн зэргийн нэмэгдэл  олгохдоо тухайлсан ажлын байрыг тодорхойлсонд кондукторын ажлын байр хамаараагүй байна.

Удаан жилийн нэмэгдлийн зарим хэсгийг олгохдоо шүүхийн хийсэн дүгнэлтийг нэхэмжлэгч нар маргаагүй хүлээн зөвшөөрчээ.

Хамтын гэрээний 4.7-д үр дүнгийн нэмэгдэл олгохдоо нэг сарын цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно гэсэн боловч байгууллагын 2013, 2015 оны цалин хөлсний журмын 5-д заасан нэмэгдэлд үр дүнгийн нэмэгдлийн талаар зохицуулаагүй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 220 тогтоолд заасан нөхцөл бий болсон нь тогтоогдоогүй байна. Шүүх энэ шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.3.4-т заасныг зөрчөөгүй байна.

Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан байна. Хамтын гэрээнд уг нэмэгдүүлсэн хөлсийг 2 дахин олгохоор тохиролцсон, шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар хэргийн баримтад үндэслэгдсэн дүгнэлт хийжээ. Харин нэхэмжлэгч нар 2015 оны 1-р сараас 2016 оны 01-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлсийг 2016 оны 10 сарын 27-ны өдөр шаардсан тул уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Нэхэмжлэгч А.Н, Б.С, Д.Н нарын “орон тоо хасагдсан” үндэслэлээр тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.  

А.Н, Б.С, Д.Н нарын ажлаас халагдсан тушаалаас үзэхэд, тэднийг мөнгө хураагчийн орон тоо хасагдсан үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэсэн байх тул эдгээр нэхэмжлэгч нар хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.9-т зааснаар ажилласан жилийн хугацаанаас хамаарч тэтгэмж авах эрхтэй байна.

А.Н 2004.06.07-ны өдрөөс 2015.12.08-ны өдөр хүртэл 11 жил, 6 сар, Б.С анх 2003.04.04-ны өдөр ажилд орж, 2016. 01.13-ны өдөр ажлаас халагдсан байх боловч түүний бүтэн ажилласан хугацаа нь 10 жил, Д.Н 2006.05.30-наас 2015.09.13-ны өдөр хүртэл 9 жил 4 сар тус тус ажиллажээ.

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын А.Н, Б.С, Д.Н нарыг ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар харилцан тохиролцож 1 сарын тэтгэмж олгосон гэсэн нь хамтын гэрээ болон хуульд нийцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заажээ.

Хуулиар “нэг, түүнээс дээш” гэж заасан, байгууллагын хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.9-д хуулиар тогтоосон нөхцлөөс илүүгээр буюу ...орон тоо хасагдсан ...бол “...6-10 жил 6 сар, 11-15 жил 10 сар”-ын тэтгэмж олгохоор  ажил, олгогч, ажилтны төлөөлөгч  тохиролцсон байх тул энэ хэмжээгээр тооцож, олгосон 1 сарын тэтгэмжийг хасч, хариуцагчаас А.Нод 4.198.221 төгрөг /цалин 466.469 төгрөг х 9 сар/, Б.Сд   2.926.165 төгрөг /585.233 төгрөг х 5 сар/ Д.Нд 2.241.795 төгрөг /448.359 төгрөг х 5 сар/ гаргуулж олгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэгч нар анх ажлаас халагдсны... тэтгэмж шаардаж 2016.01.18-ны өдөр нэхэмжлэл гаргаж байснаас үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэнэ.

Бусад нэхэмжлэгч нар өөрийн хүсэлтээр болон өндөр насны тэтгэвэрт гарах болсон шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тул тэдэнд тэтгэмж олгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Б.Пын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн талаар шүүх хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, улмаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.2-т заасантай нийцээгүй байна.

Б.Пыг төлөөлж Н.Т нэхэмжлэл гаргасан ба тэрээр нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй нь тогтоогдоогүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна. Иймээс түүний нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх байжээ. Улсын тэмдэгтийн хураамжид 2.193.804 төгрөг төлсөн гэх 2-р хавтаст хэргийн 232-р талд байгаа баримт эх хувиараа бус, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд төлсөн нь тодорхой бус байх тул энэ хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гаргаагүй гэж үзнэ. Шүүх улсын нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжид 140.508 төгрөг төлөгдсөн гэж уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэднээс нөхөж 565.663 төгрөг  гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг зөрчсөн тул энэ талаар өөрчлөлт оруулав. Харин нэхэмжлэл хангагдсан хэмжээнд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй.

Түүнчлэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлага гаргах хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн  115, 125 дугаар зүйлийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1669 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтын “....115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1...” гэснийг “...50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1...” гэж, “А.Нод 110.000 төгрөг” гэснийг “А.Нод 4.308.221 төгрөг” гэж, “Б.Сд 100.000 төгрөг” гэснийг “Б.Сд 3.026.165 төгрөг” гэж, “Д.Нд 60.000 төгрөг” гэснийг “Д.Нд 2.301.795 төгрөг” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл ТӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Б.Пын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дах заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-с 182.889 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус  өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.100 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ