Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0424

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0424

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, улсын байцаагч А.М

Гомдлын шаардлага: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч А.М, гэрч М.О, Л.Э, Б.Ү, Ж.Ө, э.н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М ХХК-ийн Ногоотой котлет нэрийн бүтээгдэхүүнээс тамхины иш гарсан талаарх гомдол хэрэглэгчээс ирж, ******* тоот зөрчлийн хэрэг нээн шалгагдаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийг дуусгавар болж, ******* тоот шийтгэврийн хуудсыг бичсэн байсан. М ХХК-ийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг болон шийтгэврийн хуудастай танилцсан бөгөөд зөрчлийн хэрэгтэй холбоотойгоо дараах гомдлыг гаргаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасан ч хариуцсан байцаагч нь хэргийг танилцуулахаас өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шийтгэлийн хуудсыг бичсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Шийтгэлийн хуудасны 10 дугаар зүйлд шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 2020 оны 05 дугаар сарын 23-ны дотор буюу Ням гарагаас өмнө прокурорт гомдол гаргана гэж бичсэн байгаа. М ХХК-ийн зүгээс шийтгэлийн хуудастай 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр танилцсан бөгөөд алдаатай шийтгэлийн хуудас гарсан байна. Танилцсанаас хойш буюу 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нь ажлын бус өдөр тул прокурорт гомдол гаргах боломжтой байсан нь шийтгэврийн хуудасны дээрх зүйлийг өмнө нь бичсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6-д Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно гэж заасан ч М ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/132 тоот албан хүсэлтээр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ч 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор улсын байцаагч нь хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан. Энэ нь хэргийг бодитойгоор шийдвэрлүүлэх оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тухайн бүтээгдэхүүнийг гардан үйлдвэрлэсэн ажилтан болохГ.Б, Э.Э нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасаар байтал 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөрГ.Б, Э.Э нараар тайлбар бичүүлж авсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд заасан мэдүүлэг авах шаардлагыг зөрчсөн бөгөөд хүсэлтийг хангасан эсэх талаар шийдвэрлэхгүйгээр хэргийг дуусгавар болгосон.

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1/132 тоот албан хүсэлтээр давтан шинжилгээ хийлгэх, тухайн гомдол гаргасан бүтээгдэхүүнтэй ижил цаг хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бүтээгдэхүүний загвар дээж болон гомдол гаргасан хэрэглэгчийн худалдан авалт хийсэн дэлгүүрээс давтан шинжилгээ авах талаар хүсэлт өгснийг хүлээн авахаас татгалзах тогтоолд гомдол гаргасан прокурорт хүргүүлж, прокуророос гомдлыг шийдвэрлүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. 2020.04.27-ны өдөр эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолд гомдол гаргасан бөгөөд 2020.05.04-ны өдөр хэрэг бүртгэлийн ажиллагааг дуусгасан байгаа талаар хариу мэдэгдэх хуудсыг 2020.05.06-ны өдөр М ХХК-ийн төлөөлөгчид гаргуулан " өгсөн байсан бөгөөд хэргийг хариуцан хянах прокурорын хувьд зөрчлийн хэргийг хааж, шийдвэрлэхээс өмнө хянах боломжтой байсан ч зөрчлийн хэрэгт хяналт хангалттай тавиагүй.

Прокурорын 2020.05.04-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоолыг 2020.05.06-ны өдөр М ХХК-ийн төлөөлөгч гардан авсан байдаг.

2020.03.05-ны өдрийн хэв загвар дээж авсан тэмдэглэлд .... мөн иргэнээс ирүүлсэн гомдлын бүтээгдэхүүний хаяг шошго үйлдвэрлэсэн хугацаа цувралыг хайчилж хаясан байсан тул үйлдвэрлэсэн хугацаа, цувралаар нь тогтоож харьцуулсан дээж шинжилгээнд хамруулах боломжгүй байсан болно гэж тусгасан байна.

Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл-ийг хөтлөх шаардлага тавьдаг бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагчийн 2020.03.09-ны өдөр мэргэжлийн хяналтын байцаагчийн өгсөн үүргийн дагуу ул мөрийг тодорхойлж өгсөн ч дээрх баримтыг үнэлээгүй байна.

Тухайн бүтээгдэхүүний ижил нөхцөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээж М ХХК болон хэрэглэгчийн гомдол гаргасан Миний дэлгүүр-102 салбарт байсан ч байцаагч харьцуулах дээж байхгүй байсан гэж тэмдэглэсэн нь үндэслэлгүй байна.

М ХХК нь М ХХК-д хадгалагдаж байсан болон хэрэглэгчийн гомдол гаргасан миний дэлгүүрт худалдаалагдаж байсан дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангасан гэж гарсан.

Мөн 2020.03.05-ны өдрийн хэв загвар дээж авсан тэмдэглэлд .... мөн иргэнээс ирүүлсэн гомдлын бүтээгдэхүүний хаяг шошго үйлдвэрлэсэн хугацаа цувралыг хайчилж хаясан байсан тул үйлдвэрлэсэн хугацаа, цувралаар нь тогтоож харьцуулсан дээж шинжилгээнд хамруулах боломжгүй байсан болно гэж тусгасан байсан ч зөвхөн тухайн хэрэглэгчийн ирүүлсэн дээжний лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, бодитой, бүрэн үнэлээгүй.

Гомдол гаргасан хэрэглэгчийн дээж нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дээж авах тэмдэглэлд ...үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, шарж болгосон мах гэж тэмдэглэсэн байна. Гэтэл огноо тодорхойгүй зүйлд шинжилгээ хийсэн хариуг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь тал бүрээс нь бодитой шийдвэрлээгүй гэж үзэхэд хүргэж байна. Байцаагчийн зүгээс огноог тодруулах талаар тодорхой ажиллагаа хийгээгүй.

2020.04.17-ны өдрийн магадалгааны 7-р хэсэгт... Магадалгааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдогч, оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тоглов гэсэн ч дээрх магадлагааг хэргийн оролцогч тал болох М ХХК-д танилцуулаагүй. М ХХК 2020 04.16-ны өдөр давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ч үндэслэлгүйгээр татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэхтухайхуулийг зөрчсөн

2020,04.28-ны өдөр тухайн бүтээгдэхүүний технологи үйл ажиллагааг хариуцан хяналт тавьж ажилладаг М ХХК-ийн Ерөнхий технологич Л.Эгаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд 2020.04.20-ны өдөр тайлбар авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу ажлын байранд тавьж, ээмэг. бөгж, зүүлт, асаагуур, хумстай байх, тамхи зэргийг авч нэвтрэхийг хориглодог бөгөөд энэ шаардлагын дагуу өглөө үйлдвэрийн байранд нэвтрэхэд эрүүл ахуйч ажилтан бүрийг хянаж оруулдаг тул тамхины иш зэрэг гадны биөт бүтээгдэхүүнээс гарах боломжгүй болно.

Тиймээс зөвхөн хэрэглэгчийн гомдол гаргасан бүтээгдэхүүний огноо, цуврал нь тодорхойгүй дээжид хийсэн шинжилгээгээр зөрчлийн хэргийг бүхэлд нь дүгнэсэн, М ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл болон улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтийг харгалзан үзээгүй олон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн тул 0******* тоот шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, улсын байцаагч А.М хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...НМХГ-ын БГД дэх МХХ-ийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч А.М би 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр иргэн Э.*******эс ирүүлсэн БГД, 20-р хороо Сонсголон М ХХК-н Нүнжиг савласан ногоотой котлет авахад котленоос нь тамхины иш гарч ирсэн маш муухай үнэртэй байна. Шалгаж өгнө үү гэх гомдлыг хүлээн аваад 2020-03-04 ний өдөр иргэний Э.*******тэй холбогдож тамхи гарсан гэх баримт материал байвал ирүүлнэ үү гэж мэдэгдэхэд иргэн э.н нь 2020-03-04 өдрийн 11 цагийн орчим М ХХК-ий үйлдвэрлэсэн Нүнжиг нэрийн котлетний махны үлдэгдэл болох 40-50 гр орчим шарж болгосон мах, тамхины шүүлтүүр цаас /түүнд махны амтлагчууд шингэсэн ер нь амталсан маханд ороод удсан байдалтай байсан/ зэргийг манай хэлтэс дээр ирүүлсэн. Ингээд би энэ өдрийн 15-16 цагт М ХХК-ий гүйцэтгэх захирал Л.Бтой холбогдсон боловч утсаа аваагүй, дараа нь ерөнхий аудитор Х.Атай холбогдоход үйлдвэрийн дарга ******* очно гэснээр, *******, үйлдвэрийн технологич Б.Ү нарыг дуудан ирүүлж үйлдвэрийнх нь бүтээгдэхүүн мөн эсэх, иргэнээс ирүүлсэн дээж үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхойгүй байгаа эсэх, шарсан маханд тамхины үнэр шингэсэн эсэх, амталсан махан дотроос гарсан тамхины ишинд махны амтлагчууд нь шингэсэн эсэхийг үнэртүүлж, харуулаад үлдэгдэл амталж шарсан махан дотроос тамхины иш, тамхины цаас гарч ирэх эсэхийг тодорхойлуулахаар зорилгоор НМХГ-ын лабораторид шинжилгээнд хамруулахаар дээжний тэмдэглэлд гарын үсэг зуруулсан.

2020-03-05-ний өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж 2020-03-05-ний иргэнээс ирүүлсэн З.Номин-Зрдэнээс дээжийг НМХГ-ын лабораторид шинжилгээнд хамруулахаар хүргэж өгсөн. Ингээд НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулахад 2020 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 3368 дугаартай лабораторийн шинжилгээний сорилын дүнгээр Escherichia coli, Salmoneli ssp илрээгүй, харин дээжийн тодорхойлолтоор уг бүтээгдэхүүн нь гадны механик бохирдолтой, бүтээгдэхүүний гадаргууд татсан иш наалдаж, тамхины үнэр шингэсэн байв гэсэн нь Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн.Техникийн ерөнхий шаардлага ММ31804:2006 стандартын 5.2 дугаар зүйлийн 3 дахь заалт /хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн нь нэр төрөлдөө тохирсон өөрийн өвөрмөц үнэртэй, гадны элдэв үнэргүй байна. /-ын шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон. Мөн НМХГ-ын лабораторийн шинжээчийн ирүүлсэн тайлбар, шинжилгээ хийсэн зураг, хохирогчоос авсан мэдүүлэг зэргээр 2020 оны 03 дугаар сарын ирүүлсэн Нүнжиг нэрийн ногоотой котлет бүтээгдэхүүнд стандартад заагдсанаас өөр төрлийн үнэр шингэсэн, дотроос нь тамхины иш болон цаас зэрэг гадны биет гарсан нотлогдсон болно

Иймд холбогдогч МХХК-ий гаргасан зөрчилд дээрх нотлох баримтуудыг бүрдүүлэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 Дугаар зүйлд заасныг удирдлага болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд 2020 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг дуусгавар болгож ******* дугаартай шийтгэлийн хуудас бичигдсэн болно.

Зөрчлийн хэргийг дуусгавар болгож шийтгэл оногдуулах гэж байгаа хэргийн материалтай танилцаарай гэдгийг урьдчилан мэдэгдсээр байхад /2020-04-01 холбогдогч Х.Аг дуудаж хохирогч Э.Н гомдол нотлогдсон тул арга хэмжээ тооцох талаар мэдэгдэж, зөрчлийн хэргийн материалтай танилцсан, 2020-04- 21 -нд хэргийн материалтай танилцсан, одоо нэмэлт ажиллагаа хийгдэхгүй хохирогчоос ирүүлсэн дээжний шинжилгээний дүн, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн ирүүлсэн тайлбараар зэргээр тогтоогдож байгаа тул зөрчлийн хэрэг хаагдана, хохирогчийн ирүүлсэн дээж үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхойгүй байгаа нь үйлдвэрийн технологи дамжлагыг ажилтанГ.Б, Э.Э, ерөнхий технологич Э нараас гэрчээр мэдүүлэг авах боломжгүй, хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй бүтээгдэхүүний дээж шинжилгээнд хамруулахгүй зэргийг тайлбарлан хэлсэн/ өөрөө ажилтай очиж амжихгүй байна гэж шалтгаанаар ирээгүй нь /мессэж бичсэн тэмдэглэл хавсаргасан/ нь эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн үйлдэл гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар дагуу Оролцогч эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно гэсэн заалтын дагуу шийтгэлийн хуудсанд прокурорт гэдгийг тэмдэглэсэн. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд хуанлийн болон ажлын ...тэд хоногийн дотор гэсэн хугацаа заагаагүй байсан тул хуанлийн 5 хоногийн дотор буюу 2020 оны 05 дугаар сарын 03-ний дотор гэж бичигдсэн болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу оролцогч нь шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоног дотор гомдол гаргах эрх нь нээлттэй байсан болно.

М ХХК-ийн ажлын байранд ээмэг, бөгж, зүүлт асаагуур, хумстай байж болохгүй зэрэг шаардлагыг нэвтрүүлж ажилладаг гэж боловч бууз банш, котлетний мах үйлдвэрлэх технологи дамжлага нэг дор явагддаг, машиндсан махыг дамжлага дундын тэргэнцрээр зөөвөрлөдөг, гар ажиллагаа ихтэй, машиндах холих, хэвлэх, хөргүүрт зөөж оруулах дамжлагууд гар ажиллагаатай зэрэг нь үйлдвэрийн бүтээгдэхүүнд эрсдэл үүсэх магадлалтайг харуулж байсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

М ХХК нь Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсаар стандартын шаардлага хангаж ажиллаагүй буюу котлетноос нь тамхины иш гарсан гэх зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 байдахь хэсгийн 5.1 дэх заалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй бол ...хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан байна.

Маргаан бүхий захиргааны актаар буюу хяналтын улсын байцаагчийн 2020 оны №00666789 тоот шийтгэлийн хуудсаар стандартын шаардлага хангаж ажиллаагүй буюу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй гэсэн зөрчлийг гаргасан гэж үзсэн байна.

М ХХК нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчлийг гаргасан болох нь буюу тус компанийн үйлдвэрлэсэн ногоотой котлетноос тамхины иш гарсан, котлетод тамхины үнэр шингэсэн гэсэн зөрчлийг гаргасан болох нь ******* дугаартай зөрчлийн хэрэгт хохирогчоор, тус захиргааны хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Э.Нн мэдүүлэг болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 20-769 бүртгэлийн дугаар бүхий Шинжилгээний дүн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн нян судлаач, микробиологич Ж.Өын хийсэн гомдлын шинжилгээ, мөн түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд дээр дурдсан нотлох баримтуудаар котлетноос тамхины иш гарсан, котлетод тамхины үнэр шингэсэн зөрчил гарсан болох нь нотлогдож байх тул Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №00666789 тоот шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шийтгэлийн зорилго нь ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, ...д оршино гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд зөрчил гаргасан болох нь нотлогдон тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээх нь зайлшгүй, гарцаагүй юм.

Иймээс эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх, хүнсний аюулгүй байдлын асуудал нь хүний үндсэн эрхтэй шууд холбоотой бөгөөд гомдол гаргагч нь үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчлийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд нотлогдож байх тул М ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журам, процессын дагуу явуулаагүй агуулгаар буюу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 12 үндэслэлийг заан тайлбарлаж байх хэдий ч котлетноос тамхины иш гарсан, котлетод тамхины үнэр шингэсэн зөрчил гарсан болох нь нотлох баримтуудаар нотлогдож байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эдгээр тайлбарууд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл болж чадахгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий М ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ