Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                

    Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж

Улсын яллагч Б.Батсайхан 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Лхааганжав

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шувуун овгийн Даваагийн Дэлгэрсайхан, Баяд овгийн Сайнжаргалын Билэгдэмбэрэл нарт холбогдох 201603000513 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цахир сумын Цахир баг Овоот хорооллын 03-01 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Шувуун овгийн Даваагийн Дэлгэрсайхан  /РД:АЙ85080218/

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цахир сумын Жинст баг Үйлчилгээний хорооллын 01-07 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Баяд овгийн Сайнжаргалын Билэгдэмбэрэл  /РД:АЙ81072215/

 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

Яллагдагч Д.Дэлгэрсайхан, С.Билэгдэмбэрэл нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир баг Овоот хорооллын 01-09 тоотод оршин суух иргэн С.Батчулууны хувийн байшинд сэм нэвтэрч бурхны хүрдийг хулгайлан авч 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба уг хэрэгт Д.Дэлгэрсайхан нь зохион байгуулагч, С.Билэгдэмбэрэл нь гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Билэгдэмбэрэлийн мэдүүлсэн: ... Намайг Цахир сум руу гараад явж байхад Э.Дэлгэрсайхан над руу залгаад та хаана явж байгаа юм гэж асуухаар нь би Цахир орж явна яасан гэж асуухад сүлжээ тасраад ярьж болохгүй утас тасарсан. Тэгээд намайг Цахир суманд ирээд байж байхад надруу залгаад С.Батчулуун ахынхан гэртээ байхгүй байна, охин нь ганцаараа байна. Би охиныг нь аргалаад байж байх хооронд та гэрт нь ороод авчих гэж хэлсэн. Тэгээд би авсан гэв. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дэлгэрсайханы мэдүүлсэн: ...Би хаалга нь онгорхой байна, одоо ирээд авчих гэж хэлсэн чинь орж байна гэхээр нь би хүүхдийг нь аргалж байя гэж хэлсэн. Тэгээд С.Билэгдэмбэрэл ах ирээд авсан гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч С.Батчулууны мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 20-ны өдөр 19 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Эмгэнт гэх газар өвөлжиж байсан Б.Элбэгжаргал гэдэг айлд эхнэр Д.Чимэдбалдир, Д.Очирбат, Д.Очирбатын эхнэр Нараа нарын хамт идэш хоолоо авчрахаар яваад, манай гэрт манай охин Сувд-Эрдэнэ ганцаараа үлдсэн. Манай хүргэн болох Дэлгэрсайханых манай хашаанд гэр бариад хамт амьдардаг юм. Тэгээд Эмгэнт гэдэг газарт очоод 20 цаг өнгөрч байхад манай охин Сувд-Эрдэнэ ээж рүүгээ утсаар залгаад манай байшинд байсан том хүрд алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд  гэртээ ирэхэд манай том өрөөний бурхны торхонд байсан Гэсэр багшийн эдэлж, хэрэглэж байсан том хүрд алга болсон байсан. Манайд бас жижиг хүрд байдаг юм. Манай охин Сувд-Эрдэнэ хэлэхдээ та хоёрыг явсны дараа Дэлгэрсайхан ах орж ирсэн бөгөөд намайг пийшингийн ард байхад хараагүй орж ирээд, гараад явсан. Сүүлд нь 4 настай хүү Дархансайхан нь орж ирээд аав таныг дуудаж байна, хоол ид гэж байна, юм өгөх гэж байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь Дэлгэрсайхан ахын гэрт ороход алим жимс авчихсан, бууз жигнэж байсан бөгөөд хоол идээд дууссаны дараа Дэлгэрсайхан ах махаа эргүүлнэ гээд 10 гаруй минут болоод орж ирсэн гэж хэлсэн. Энэ хооронд манай охин гэрт нь байсан гэсэн. Дэлгэрсайханыг орж ирэхээр гартал байшингийн хаалга онгорхой байхаар нь гэртээ ороод сууж байгаад хүрдээ алга болсон тухай мэдсэн гэж хэлсэн. Би тухайн үед гэртээ байгаагүй учраас охиноосоо энэ тухай сонссон. Манай охин байшиндаа ойр хавиараа үзээд байхгүй болохоор нь Дэлгэрсайханд ороод хэлэхэд эхнэртэйгээ хамт орж ирсэн гэсэн. Манай байшинд байсан хүрд Гэсэр багшийн амьд сэрүүн байхдаа эдэлж байсан соёлын өвд бүртгэлтэй их олон үе дамжин хадгалагдаж ирсэн, зэсээр хийсэн, алтан шармал өнгөтэй, 4 хэсэг болж салдаг, сүм хэлбэртэй суурь нь эрдэнийн чулуун шигтгээтэй хүрд байгаа юм. Гэсэр багш өөрөө 1816 онд төрсөн, 200 жилийн өмнө амьдарч байсан хүн юм. Гэсэр багшаас манай ах дүү, ээж Хорлоогоос үе дамжиж ирсэн. Энэ хүрдийг үе дамжиж ирсэн гэдгийг манай сумынхан бүгд мэднэ. Надад байгаа Гэсэр багшийн эдэлж хэрэглэж байсан зүйлс байдаг гэдэг нь” Өвгөн Гэсэр богдын цадиг домгийн цоморлиг”, “Дагшин нутгийн лагшин шүтээн”, “Очир хайрханы өвөрт төрсөн хутагтууд” зэрэг номон дээр зурагтайгаа байгаа бөгөөд мөн манайд хадгалагддаг гэдэг нь бичээстэй байдаг. Би өөрийн хүрдийг хараад суурийг тойрсон шигтгээ унасан байдал, энд тэнд нь учирсан хонхорхой, халцархай, өнгө төрх гээд бүгдийг нь танина. Энэ хүрд манайд үе дамжиж ирээд 27-28 жил болж байна. Би 2015 оны эхээр “Боловсрол Соёл шинжлэх ухааны яам”-ны “Соёлын өвийн төв”-д биетээр нь энэ алдагдсан хүрд болон бусад 8 зүйлсийг аваачиж бүртгүүлж, шинжлүүлж байсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Урьдаас төлөвлөн зохион байгуулж бүлэглэн миний хүрдийг хулгайлсанд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

 

Гэрч Б.Ариунзаяагийн мэдүүлсэн: ...Манай нэг гэр хөдөө Цахир сумын Цахир багийн Онх нэртэй газар байдаг. Би хүүхдээ харж Цахир сумын төвд Батчулуун ахын хашаанд нэг гэртэйгээ байдаг. Манай нөхөр хөдөө гэртээ малаа хараад ирж, очоод байдаг. 2016 оны 11 сарын 20-ны өдөр манай нөхөр 19 цагийн үед хөдөө гэрээсээ ирсэн. Манай хүүхэд чихэр идэж, ундаа уумаар байна гээд манай нөхөр дэлгүүр рүү яваад ирсэн. Тэгээд хоолоо хийчихээд, манай нөхөр өөрийн 5 настай хүү Дарханбаатарыг явуулаад Батчулуун ахын охин Сувд-Эрдэнийг хоол ид гэж дуудуулсан. Сувд-Эрдэнэ манайд хоолоо идээд гарсан. Батчулуун ах, Чимэдбальдир эгч хоёр хөдөө яваад гэртээ байхгүй байсан. Манай нөхөр идэшний махаа эмхлүүлээд ирье гээд удалгүй ирсэн. Сувд-Эрдэнэ ч харихаар явсан. Тэгээд би хүүхдэдээ ор засч өгөөд унтахаар хэвтэж байтал Сувд-Эрдэнэ манай том хүрд алга болсон байна гээд орж ирсэн. Тэгээд Сувд-Эрдэнэ, Дэлгэрсайхан бид гурав хамт Батчулуун ахынд ороход бурхны торхон дотор нь байдаг том хүрд алга болсон байсан. Батчулуун ах, Чимэдбальдир эгч нар руу Сувд-Эрдэнэ утсаар мэдэгдэхэд хэсэг хугацааны дараа Батчулуун ах, Чимэдбальдир эгч нар хөдөөнөөс ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 сарын 21-ний өдөр 19 цагийн үед манайд Улаанаа гэж дууддаг Баярцогт гэдэг хүн ирээд Билэгдэмбэрэл Архангай аймгаас гарч байна гэнэ, хайрцагтай юм Дэлгэрсайхан өгч байна, дотор нь юу байсанг мэдэхгүй, би 4 жилийн ял авах гээд байна, хань ижил нь юм бол нөхөртөө ойлгуулж хэл, хүргэн нь юм чинь бага ял авна гэж хэлүүлсэн байсан. Би тухайн үедээ юу ч ойлгоогүй. Маргааш нь цагдаа дээр ирж энэ тухай мэдсэн. Би хулгай хийх гэж байгаа, хулгай хийсэн талаар мэдэхгүй. Батчулуун ах манай аавын төрсөн дүү нь байгаа юм. Надад хулгай хийх талаараа ярьж байгаагүй. Манай нөхөр хөдөөнөөс ирээд Батчулуун ах, Чимэдбальдир эгч нар байгаа юу гэж асуухаар нь Чимэдбалдир эгч гараатай, Батчулуун ахыг машин ирээд аваад явсан гэж хэлсэн. ...Би энэ хүрдийг харж байсан. Энэ хүрд манайхны шүтээн байгаа юм. Энэ хүрд Батчулуун ахад очихоос өмнө манай аавын ээж Хорлоо гэдэг хүнд байсан бөгөөд үе дамжиж ирсэн Гэсэр ламын амьд сэрүүн байхдаа хэрэглэж байсан хүрд байгаа юм. Манай нөхөр өмнө нь хулгай хийж байгаагүй. Дэлгэрсайхан бид хоёр гэр бүл болоод 9 жил болж байна. Бид хоёр 5 настай хүүгийн хамт мал маллан амьдардаг бөгөөд манай том хүү Дэлгэрхангай Улаанбаатар хотод байдаг. Манай нөхөр хааяа найз нөхөдтэйгээ пиво уудаг, өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, даруухан, ажилсаг, гэр бүл, үр хүүхдэдээ халамжтай сайн хүн. Манай нөхөр хөдөө гэртээ ганцаараа байдаг. Би хүүхдээ хараад сумын төвд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/

 

Гэрч Б.Баярцогтын мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 21-ний 19 цагийн үед 94840101 дугаарын утсаар манай эхнэрийн 99759867 дугаарын утас руу залгаад, надтай яриад Дэлгэрсайхантай яаралтай ярьмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу ярих гээд байгаа юм гэхэд “Дэлгэрсайхан надад нэг хайрцагтай юм өгч явуулсан, энэ хайрцагтай юмыг юу байгааг нь мэдэхгүй гэж хэлээд өгөөчээ, би 4-5 жилийн ял авах гээд байна, Дэлгэрсайхан хамаатан чинь юм чинь гайгүй шүү дээ” гэж хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрсайхантай уулзахаар гэрт нь очиход Дэлгэрсайхан байхгүй байхаар нь эхнэрээс нь асуухад цагдаа аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Дэлгэрсайхан нь Батчулуун ахын гэрээс хулгай хийсэн юм шиг байна гэхээр нь би Билэгдэмбэрэл ахын хэлүүлсэн зүйлийг Дэлгэрсайханы эхнэр Ариунзаяад хэлчихээд гараад явсан. ...Би хулгай хийсэн талаар мэдээгүй. ...Би Батчулуун гэх айлд хүрд байсан талаар мэдэхгүй, харин номон дээр бол бичсэн байхыг харж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  54-56 хуу/

 

Гэрч Д.Чингисийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Цахир сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлыг 2000 оноос хойш хийж байна. ...Би Батчулууны гэрт хүрд байдаг талаар мэднэ. Гэсэр ламын эдэлж хэрэглэж байсан зүйлс Батчулууныд байдаг бөгөөд хулгайд алдагдсан гэх хүрд нь Гэсэр багшийн хэрэглэж байсан зүйл юм. Тэр хүрд нь 20 гаруй см өндөр, салдаг, сүм хэлбэртэй хүрд байдаг юм. Мөн энэ хүрднээс гадна өөр эд зүйлс Батчулууныд байдаг. Би 2014 онд Батчулууны гэрт очиж зургийг авч, судалгааг нь авч сумын соёлын өвд бүртгэж байсан. Би энэ материалаа улсын соёлын өвийн төвд явуулж байсан бөгөөд Батчулуун өөрөө улсын соёлын өвийн төвд бүртгүүлсэн гэсэн. Батчулууны удмыг Гэсэр ламын үр удам гэж ярьдаг. Эдгээр эд зүйлсийг 200 гаруй жилийн түүхтэй Гэсэр ламын амьд сэрүүн байхдаа хэрэглэж байсан эд зүйлс гэж Батчулуун болон манай сумынхан бүгд ярьж шүтдэг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/

 

Гэрч Д.Чимэдбальдирын мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 20-ны өдөр би Цахир сумын Эрүүл мэндийн төвд ээлжтэй байсан. Тэгээд орой 19 цагийн үед нөхөр Батчулууны хамт идэшээ авчрахаар хөдөө явсан. Тэгээд хөдөө Эмгэнт гэх газар Элбэгжаргал гэх айлд байхад манай охин Сувд-Эрдэнэ утсаар залгаад манай байшингаас хүрд алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Батчулуун бид хоёр Очирбатаар хүргүүлж ирсэн. Очирбат гэхдээ манайд ороогүй хашааны гаднаас явсан. Тэгээд гэртээ иртэл манай байшингийн том өрөөнд байх бурхны торхон дотор байсан хүрд алга болсон байсан бөгөөд манай нөхөр ойр хавьд нуусан байж магадгүй гэж хайсан боловч олдоогүй. Тэгээд манай нөхөр эрэл сурал болоод байсан. Тэгтэл 2 хоногийн дараа манай сумын хэсгийн төлөөлөгч Баяртогтох манай нөхрийг утсаар дуудсан. Би юу болсон талаар бол мэдээгүй. Манай нөхөр эргэж ирэхдээ хүрдээ олоод ирсэн бөгөөд Дэлгэрсайхан, Билэгдэмбэрэл нар хулгайлсан байна гэж хэлж байсан. Манай хүн сүм хэлбэртэй, луу шиг хэлбэрийн хээтэй, сууриндаа оюу номин шигтгээтэй, 4 талдаа тээгтэй, 4 ширхэг гахай зүүсэн, алтан шармал өнгөтэй, 4 хэсэг болж салдаг хүрд байсан. Би нөхөр Батчулуунтай 1989 онд гэр бүл болоход л манайд байсан. Энэ хүрд олон үе дамжиж ирсэн Гэсэр багшийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл байгаа юм. Манай энэ хүрд болон Гэсэр багшийн бусад эдэлж хэрэглэж байсан эд зүйлс нь сумын болон улсын соёлын өвд бүртгэлтэй байдаг. Манай хадам ээж Хорлоо Гэсэр багшийн 3 дахь үе гэж өөрөө амьд сэрүүн байхдаа  ярьдаг байсан. Энэ тухай манай нутгийнхан бүгд мэдэж, шүтдэг юм. Гэсэр багшийн эдэлж хэрэглэж байсан зүйлс манайд болон манай хамаатан саднуудад байдаг. Энэ тухай Гэсэр багшийн номонд бичигдсэн байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/

 

Гэрч Б.Отгонжаргалын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны улсын байцаагчийн албан тушаалд 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Би Батчулууны гэрт Гэсэр багшийн эдэлж хэрэглэж байсан гэх хүрд байдаг талаар мэднэ. ...Энэ хүрдийг Гэсэр багшийн эдэлж хэрэглэж байсан эд хэмээн манай нутгийнхан шүтэж ирсэн. ...Архангай аймгийн Цахир сумын иргэн Батчулууны гэрт байдаг Гэсэр багшийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс гээд соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Энэ тухай нь номон дээр хүртэл бичээстэй, мөн зурагтайгаа хамт байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

 

Гэрч Г.Сунжидмаагийн мэдүүлсэн: ...Билэгдэмбэрэл хувиараа мужаан хийдэг, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цахир сумын төвд оршин суудаг, эхнэр нь Цахир сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч ажилтай. Тэрээр хувиараа юм хийгээд амьдрах гэж явдаг хүн бөгөөд ажилсаг, томоотой, архи ууж, тамхи татдаггүй, гэр бүл үр хүүхдэдээ халамжтай сайн залуу байгаа юм. Тэрээр эхнэртэйгээ гэр бүл болоод тогтвор суурьшилтай сайхан амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/

 

Гэрч С.Буянбадрахын мэдүүлсэн: ...Дэлгэрсайхан багаасаа Архангай аймгийн Цахир суманд мал маллан амьдарч байгаа. Тэрээр эхнэр, 2 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Дэлгэрсайхан нь ажилсаг, архи их уугаад байдаггүй, өмнө нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчил гарган шалгагдаж байгаагүй, их томоотой нуруутай залуу шиг санагддаг. Ер нь их сайн залуу гэж боддог. Билэгдэмбэрэлийн аавыг амьд сэрүүн байхад бид нар хамт ажилладаг байсан. Томоотой сайн хүү шиг л байдаг бөгөөд аав нь их сайн хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

 

Гэрч Б.Эрдэнэ-Очирын мэдүүлсэн: ...Дэлгэрсайхан хүнтэй нөхөрсөг, найрсаг харьцаатай, даруухан, сайн хүн гэж боддог. Тэрээр эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Дэлгэрсайхан их даруухан залуу шиг байдаг. Би өмнө нь цагдаад шалгагдаж байна гэж сонсож байгаагүй. Энэ удаа л нэг хэрэг тарьсан юм шиг байна. Билэгдэмбэрэлийг би их сайн залуу гэж боддог...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

 

Гэрч М.Болормаагийн мэдүүлсэн: ...Би утасны цэнэг дууссан байсан учраас 2 дахь өдөр буюу 2016 оны 11 сарын 22-ны өдөр нөхөртэйгээ холбоо барьж чадалгүй, 23 цагийн үед хамт байсан хүнийхээ утсаар нөхөр рүүгээ залгахад би Цахирт ирсэн байна гэхээр нь юу болсон юм гэж асуухад Дэлгэрсайхан надад нэг хайрцагтай юм дайсан тэр нь Гэсэр багшийн бурхан тахилын холбоотой зүйл байсан байна, нэг балай юманд холбогдоод ирчихлээ гэж хэлж байсан. Би тухайн үед тоогоогүй бөгөөд хүний дайж явуулсан юм байх гэж ойлгож байсан. Маргааш нь би нөхөр рүүгээ залгахад утсаа авахгүй болохоор нь Баяртогтох цагдаатай ярихад хулгайн хэрэгт холбогдсон гэж хэлсэн. ...Билэгдэмбэрэл надад ямар нэгэн юм яриагүй, машинд хүрд аваад явж байна гэж бодоогүй, төсөөлөгдөхгүй байна. Намайг ажил дээрээ байх хооронд манай нөхөр хаана байсныг би мэдэхгүй байна. Би хувцасаа өгөөд манай нөхөр машиндаа хийгээд шууд хөдөлсөн. ...Орон нутгийн сонгууль болсноос хойш Дэлгэрсайхан манайхаар хааяа орж гараад байдаг байсан. 2016 оны 11 сарын 17-ны үед бид нар гэртээ бүгд амарсан байхад Дэлгэрсайхан нь Билэгдэмбэрэл рүү залгаад байсан бөгөөд юу ярьсан талаар мэдэхгүй. Би нөхрөөсөө асуухад намайг хөдөө хүргээд өгөөч гэж байна гэхээр нь би уурлаад явуулаагүй. ...Билэгдэмбэрэл бид хоёр 2008 онд гэр бүл болсон, одоо 3 хүүхдийн хамт амьдардаг, архи ууж, тамхи татах муу зуршилгүй, хааяа л нэг гэр бүлийн хүрээнд архи ууж байдаг. Архи уухаараа элдэв ааш байхгүй, гэр бүл үр хүүхдэдээ халамжтай, би ажил ихтэй болохоор манай нөхөр үр хүүхдээ харж гэр орноо авч явдаг, хүмүүстэй их нийтэч, тусч зантай, их итгэмтгий гэнэн зантай гэж бодож байна. ...Манай нөхөр өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байгаагүй, энэ удаа бусдад уруу татагдаад ийм зүйл болчихлоо л гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Сувд-Эрдэнийн мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 20-ны өдөр би Дэлгэрсайхан ахын хүү Дарханбаатартай хамт өөрийн гэртээ зурагт үзээд сууж байтал 19 цаг 30 минутын орчим Дэлгэрсайхан ах хөдөөнөөс ирсэн. Тэгээд Дарханбаатар аав ирлээ гээд гараад явсан. Дэлгэрсайхан ахынх манай хашаанд байдаг юм. Тэгээд удалгүй Дэлгэрсайхан ах манайд орж ирээд намайг харалгүй гараад явчихсан. Тэгээд удалгүй Дэлгэрсайхан ахын хүүхэд 5 настай хүү Дарханбаатар манайд орж ирээд аав таныг ороод ир гээд дуудаж байна гэсэн. Би тэгээд байшингаа түгжилгүй хаалга хаачихаад Дэлгэрсайхан ахынд орсон. Дэлгэрсайхан ахынх бууз хийчихсэн намайг хоол ид гэсэн. Тэгээд хоол идэж дуусаад Дэлгэрсайхан ах махаа эргүүлнэ гэж гараад 10 орчим минут болоод ирсэн. Тэгээд би зөрөөд байшин руугаа ороход манай байшингийн хаалга онгорхой байсан. Би тухайн үед анзаараагүй бөгөөд гэртээ ороод зурагтаа үзэж байгаад бурхны торх руугаа харахад манай том хүрд алга болсон байхаар нь Дэлгэрсайхан ахынд орж хэлсэн, бас аав, ээж рүү утсаар ярьж энэ талаар хэлсэн. Тэгээд Ариунзаяа эгч, Дэлгэрсайхан ах хоёр манайд хамт орж харсан, удалгүй аав, ээж хоёр ирсэн. Удалгүй 2 хоногийн дараа манай хүрд эргээд олдсон бөгөөд яаж олдсон талаар мэдэхгүй байна. ...Дэлгэрсайхан ах ямар зорилгоор манайд орж ирсэн талаар мэдэхгүй байна, тэр манайд орж ирээд намайг харахгүй гараад явсан. Дэлгэрсайхан ах намайг хоол ид гээд бууд өгөөд, мандарин, зайрмаг өгсөн. Манай аав, ээж хоёр хөдөө Эмгэнт гэх газар руу мах авчрахаар явсан байсан. Дэлгэрсайхан ахыг орж ирэхээс өмнө Ариунзаяа эгч орж ирээд ээжийг гараатай байгаа, аавыг байхгүй байгааг мэдсэн. Ариунзаяа эгч бол манайхаар байнга л орж гарч байдаг юм. Намайг Дэлгэрсайхан ахын гэр рүү хоол идэх гээд орох үед манай хүрд бурхны торхон дотроо байсан. Би Дэлгэрсайхан ахын гэрт нь ороход Дэлгэрсайхан ах намайг муухай ааштай юм, айлд орж гарч бай гээд хоол унд өгөөд байсан. Би хулгай хийх гэж байгааг нь мэдээгүй. Намайг Дэлгэрсайхан ахынхаас гараад байшиндаа ороход байшингийн гадна тамбарны хаалга онгорхой байсан. Дотор хаалга хаалттай байсан. Би гарахдаа гадна хаалгаа хаагаад гарсан. ....Намайг Дэлгэрсайхан ахын гэрт нь хоол идэж байхад утас нь дуугараад байсан бөгөөд яагаад дуугарсан талаар мэдэхгүй байна. Дэлгэрсайхан ах хоолоо түргэн, түргэн идээд утас нь дуугарахаар нь тасдаад байсан бөгөөд хоол идэж дууссаны дараа махаа эргэнэ гэж гараад удалгүй орж ирсэн. Тэр өөрөөр гэрээс гараагүй. Тухайн үед Дэлгэрсайхан ахынд Дэлгэрсайхан ах, эхнэр Ариузаяа, бас 5 настай хүү Дарханбаатар нар нь л байсан. Дэлгэрсайхан ах эхнэртэйгээ юм ярихгүй байсан бөгөөд хулгай хийх талаар юм яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 хуу/

 

С.Билэгдэмбэрэлийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: ...Архангай аймгийн Цахир сумын иргэн Дэлгэрсайхан над руу 98150560 дугаарын утсаар 2016 оны 11 сарын 16-ны үед залгаад Батчулуун ах Архангай аймагт байгаа, Бальдир эгчийг сая хүн ирээд аваад явсан, би хүүхдийг нь аргалж байя, та ирээд байшинд нь байгаа хүрдийг аваад өгчих гэж хэлэхээр нь би дэмий байхаа, чадахгүй гэж хэлсэн. Үүнээс хойш манайхаар орж гараад ганц нэг таарсан бөгөөд энэ үедээ янз бүрийн юм ярьдаггүй байсан. Тэгээд 2016 оны 11 сарын 20-ны өдөр буюу бүтэн сайн өдөр би Хангай сумаас Цахир сум руу 17 цагийн үед гарсан. Тэр өдөр Дэлгэрсайхан 98150560 дугаарын утсаар миний 94840101 дугаарын утас руу залгаад Бальдир эгч гараатай байна, та хаана байгаа юм гэж асуусан. Би Хангай сумаас гарч явна гэж хэлээд, утасны сүлжээ тасраад юм ярьж чадаагүй. Тэгээд Хангай сумаас Цахир суманд 19 цагийн үед ирсэн. Цахир суманд ирээд эхнэрээ ажил дээр нь буюу Эрүүл мэндийн төвд буулгаад өөрөө гэр рүүгээ хариад галаа түлэх гээд сууж байтал Дэлгэрсайхан залгаад та хэзээ Архангай аймаг явах вэ гэж асуухаар нь би удахгүй гэж хэлтэл та 40 орчим минут хүлээж байгаач гэж хэлсэн. Би амжихгүй л байх даа гэж хэлэхэд би Батчулуун ах байгаа эсэхийг мэдээд хэлье гэсэн. Тэгээд эргэж залгаад Батчулуун ахыг машинтай хүн ирээд аваад явчихлаа, би одоо сумын төв рүү орно гэж хэлсэн. Тэгээд 10-20 минутын дараа манайд Дэлгэрсайхан ирээд би сая сумын төвд байх гэрээрээ ороод ирлээ, Батчулуун ахын охин нь ганцаараа байна, би дэлгүүр ороод чихэр идэх юм аваад Батчулуун ахын охиныг хоол ид, чихэр ид гээд дуудаад гэртээ байлгаж байна, та энэ хооронд нь байшинд нь ороод хүрдийг нь авчих, хүрд нь байшинд ороход өөдөөс чинь харсан бурхны торхон дотор дунд хэсэгт нь байгаа гэж зааж өгөөд, таныг авсан гэж хэн ч мэдэхгүй, та аваад Архангай аймаг явчих, би дараа долоо хоногоос  махаа зарахаар Улаанбаатар явна, тэр үед таниас авна, зарах нь болох байх гэж хэлсэн. Би гэртээ галаа түлээд сууж байтал “би хүүхдийг нь гэртээ оруулчихлаа, та гялс ирээд аваарай” гэсэн утгатай мессеж ирсэн. Би хариуд “гарлаа” гэж мессеж бичсэн. Намайг гэрээсээ гараад Батчулуун ахын гэр рүү алхаж байхад хурдлаарай, бушуулаарай гэсэн мессеж ирсэн. Би Батчулуун ахын хашаанд ороод шууд байшинд нь орсон бөгөөд байшин нь онгорхой хүнгүй байсан. Тэгээд байшинд нь ороход байшингийн том өрөөнийх нь авдар дээр бурхны торх байсан бөгөөд торхон дотор гол хэсэгт нь шар өнгөтэй хүрд байсныг би аваад гэртээ харьсан. Намайг гэртээ харихаар явж байхад “авсан уу” гэсэн мессеж ирэхээр нь хариуд нь би “тийм” гэж бичсэн. Би гэртээ ирээд өөрийнхөө 51-79 АРХ улсын дугаартай Приус 20 маркийн машины багажинд босоогоор нь тавьсан. Тэгээд би гэртээ ороод галаа түлээд сууж байхад манай эхнэр Болормаа залгаад би болчихлоо, эмнэлэг дээрээс ирээд авчих гэж хэлэхээр нь би эхнэрээ очиж аваад гэртээ ирээд аймаг авч явах эд зүйлээ янзлаад байшингийнхаа түлхүүрийг Батбаяр гэх хүнд өгчихөөд, колонк орж бензин аваад Цахир сумаас Архангай аймаг руу гарахад 21.00 цаг болж байсан байх. Намайг Архангай аймаг руу гарч байхад Дэлгэрсайхан залгаад та явсан уу гэж асуухаар нь би одоо гарч байна гэж хэлсэн. Тэгээд би 00 цагийн үед Архангай аймагт ирээд Дэлгэрсайхан руу залгаад наагуур чинь юу болж байна гэхэд цагдаа мэдсэн байна, Батчулуун ах урагшаа, хойшоо хүмүүс рүү их ярьж байна, Хөвсгөлийн Жаргал руу хүн хардаж байгаа юм шиг байна, та санаа зоволтгүй, та бид хоёрыг бол хүн мэдэхгүй, сайн юманд хадгалаарай алдчихваа гэж хэлсэн. 2016 оны 11 сарын 21-ний орой залгах үед нь би хичээлтэй байсан болохоор яриагүй. Би Архангай аймгийн төвд удирдлагын сургуульд сурдаг юм. 2016 оны 11 сарын 22-ны өдөр 11 цагийн үед хичээлээ хийгээд ах Гантөмөрийн гэрт сууж байтал Дэлгэрсайхан залгаад та наадахаа цааш нь хот руу шуудангаар явуулчих гэхээр би одоо амжихгүй гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн үед цагдаагаас Баяртогтох гэх хүн залгаад Билэгдэмбэрэлээ наад хүрдээ яаралтай авчирч өг гэхээр нь би шууд Цахир сум руу очсон. Би Архангай аймгаас явахдаа хулгай хийсэн хүрдээ гялгар уутанд хийгээд ганцаараа яваад шууд цагдаа дээр очсон. Би Дэлгэрсайханы ятгалганд ороод хулгай хийчихлээ, Дэлгэрсайхан намайг та зөвхөн аваад өгчих, би арыг чинь даана, таныг үрэхгүй гээд байсан. Мөн багийн засаг даргын сонгуульд чинь таныг дэмжинэ гэж хэлсэн. ....Би Батчулуун ахын хаалгаар нь орсон бөгөөд хаалга нь онгорхой, гэр нь эзэнгүй байхаар нь би шууд ороод хүрдийг нь аваад гарсан. Би ямар нэгэн хүнтэй таараагүй. ...Би машиныхаа багажинд нь босоогоор нь хадгалж байсан бөгөөд хэн нэгэнд үзүүлээгүй, машинаасаа гаргаагүй. Би тухайн эд зүйлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулаагүй. Би нилээд дээр үед номон дээрээс Гэсэр ламын эд зүйлс Батчулуун гэдэг айлд хадгалагддаг гэж бичсэн байсныг уншиж байсан. Би өмнө нь Батчулуун ахынд орж байгаагүй, хаана байдгийг нь мэдэхгүй, харин Дэлгэрсайхан надад хэлж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 93-100 хуу/

 

Д.Дэлгэрсайханы сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 20-ны өдөр би хөдөө гэр болох Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Онх нэртэй газар байж байгаад 19 цаг 30 минутын үед Цахир сумын төвд байх гэртээ ирсэн. Би тэгээд Билэгдэмбэрэл ах руу залгаад Батчулуун ах байхгүй байна, Бальдир эгч гараатай байна, би хүүхдийг нь аргалж байя, та ирээд байшингаас нь хүрдийг нь авчих гэж хэлсэн. Тэгээд удалгүй Билэгдэмбэрэл ах хүрдийг авчихлаа, “ок” гэсэн мессеж бичсэн. Энэ хүрдийг Билэгдэмбэрэл ах энэ шөнөө Архангай аймгийн төвд аваад ирсэн байсан бөгөөд цагдаа мэдээд Билэгдэмбэрэл буцаагаад аваачиж өгсөн. Хулгай хийх санааг би гаргасан. Би Билэгдэмбэрэл ахад хоёулаа хулгай хийе гэхэд Билэгдэмбэрэл ах зөвшөөрсөн. ...Манайх Батчулуун ахын хашаанд байдаг юм. Би гэрээр нь орж гардаг болохоор энэ хүрдийг мэдэх бөгөөд энэ хүрд нь Гэсэр ламын үед хэрэглэж байсан эд зүйл гэдгийг мэднэ. Би хөдөө байхдаа Билэгдэмбэрэл ахтай утсаар яриад та аймаг явах гэж байгаа юм уу гэхэд тийм гэж хэлсэн. Тэгээд би сумын төвд ирэхэд Билэгдэмбэрэл ах өөрөө над руу 89897770 дугаарын утсаар миний 98150560 дугаарын утас руу залгаад чи ирчихсэн үү гэхээр нь би ирчихлээ гэхэд Батчулуун ах байна уу гэсэн. Тэгэхээр нь би байхгүй байна гэсэн чинь намайг хүрээд ирэх үү гэхээр нь би очиж уулзаад, би хүүхдийг нь хоол ид гээд саатуулж байя гэж хэлсэн. Тэгээд би Батчулуун ахын охин Сувд-Эрдэнийг гэртээ хоол идүүлж байх хоорондоо Билэгдэмбэрэл рүү “охин нь манайд хоол идэж байна, ороод авчих” гэж мессеж бичихэд Билэгдэмбэрэл ах хариуд нь “орж байна” гэж мессеж бичсэн. Тэгээд удалгүй “ок” гэж мессеж бичээд аваад явсан байсан. Миний утсан дээр энэ мессежүүд байхгүй, утасны мессеж 40 хүрээд автоматаар устдаг учраас устгагдсан байгаа. Билэгдэмбэрэл ах бид хоёр хоорондоо иймэрхүү эртний эд зүйлс зардаг юм байна лээ гэж ярилцсан бөгөөд хэн нэгэн хүнд зарахаар ярилцаагүй. Бид хоёр тэр эд зүйлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулаагүй. Бид хоёр өмнө нь ямар нэгэн эд зүйл хулгай хийж байгаагүй. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 116-121 хуу/

           

            Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31-32 хуу/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-39 хуу/

2016 оны 12 сарын 12-ны өдрийн 329 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 82 хуу/

Архангай аймгийн Музейн тодорхойлолт /хх-ийн 86 хуу/

Архангай аймгийн Цахир сумын Соёлын төвийн тодорхойлолт /хх-ийн 87 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09, 33-37, 40-43, 88 хуу/

Соёлын өвийн төвийн тодорхойлолт /хх-ийн 89 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101-102, 128/

Цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106, 125 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 107-108, 126-127/

Утасны биллийн хуулбар /хх-ийн 133-139, 140-166 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайхан, С.Билэгдэмбэрэл нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир баг Овоот хорооллын 01-09 тоотод оршин суух иргэн С.Батчулууны хувийн байшинд нэвтэрч бурхны хүрдийг хулгайлан авч 1.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Д.Дэлгэрсайхан нь зохион байгуулагчаар, С.Билэгдэмбэрэл нь гүйцэтгэгчээр оролцсон болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч С.Батчулууны...Тэгээд  гэртээ ирэхэд манай том өрөөний бурхны торхонд байсан Гэсэр багшийн эдэлж, хэрэглэж байсан том хүрд алга болсон байсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Ариунзаяагийн ... Тэгээд би хүүхдэдээ ор засч өгөөд унтахаар хэвтэж байтал Сувд-Эрдэнэ манай том хүрд алга болсон байна гээд орж ирсэн. Тэгээд Сувд-Эрдэнэ, Дэлгэрсайхан бид гурав хамт Батчулуун ахынд ороход бурхны торхон дотор нь байдаг том хүрд алга болсон байсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Баярцогтын ...2016 оны 11 сарын 21-ний 19 цагийн үед 94840101 дугаарын утсаар манай эхнэрийн 99759867 дугаарын утас руу залгаад, надтай яриад Дэлгэрсайхантай яаралтай ярьмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу ярих гээд байгаа юм гэхэд “Дэлгэрсайхан надад нэг хайрцагтай юм өгч явуулсан, энэ хайрцагтай юмыг юу байгааг нь мэдэхгүй гэж хэлээд өгөөчээ, би 4-5 жилийн ял авах гээд байна, Дэлгэрсайхан хамаатан чинь юм чинь гайгүй шүү дээ” гэж хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Дэлгэрсайхан нь Батчулуун ахын гэрээс хулгай хийсэн юм шиг байна гэхээр нь би Билэгдэмбэрэл ахын хэлүүлсэн зүйлийг Дэлгэрсайханы эхнэр Ариунзаяад хэлчихээд гараад явсан...гэх мэдүүлэг, гэрч Д.Чингисийн ...Би Батчулууны гэрт хүрд байдаг талаар мэднэ. Гэсэр ламын эдэлж хэрэглэж байсан зүйлс Батчулууныд байдаг бөгөөд хулгайд алдагдсан гэх хүрд нь Гэсэр багшийн хэрэглэж байсан зүйл юм. Тэр хүрд нь 20 гаруй см өндөр, салдаг, сүм хэлбэртэй хүрд байдаг юм...гэх мэдүүлэг, гэрч Д.Чимэдбальдирын ... Тэгээд хөдөө Эмгэнт гэх газар Элбэгжаргал гэх айлд байхад манай охин Сувд-Эрдэнэ утсаар залгаад манай байшингаас хүрд алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд гэртээ иртэл манай байшингийн том өрөөнд байх бурхны торхон дотор байсан хүрд алга болсон байсан бөгөөд манай нөхөр ойр хавьд нуусан байж магадгүй гэж хайсан боловч олдоогүй. Манай нөхөр эргэж ирэхдээ хүрдээ олоод ирсэн бөгөөд Дэлгэрсайхан, Билэгдэмбэрэл нар хулгайлсан байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Отгонжаргалын ...Архангай аймгийн Цахир сумын иргэн Батчулууны гэрт байдаг Гэсэр багшийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс гээд соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Энэ тухай нь номон дээр хүртэл бичээстэй, мөн зурагтайгаа хамт байдаг...гэх мэдүүлэг, гэрч М.Болормаагийн ...Би утасны цэнэг дууссан байсан учраас 2 дахь өдөр буюу 2016 оны 11 сарын 22-ны өдөр нөхөртэйгээ холбоо барьж чадалгүй, 23 цагийн үед хамт байсан хүнийхээ утсаар нөхөр рүүгээ залгахад би Цахирт ирсэн байна гэхээр нь юу болсон юм гэж асуухад Дэлгэрсайхан надад нэг хайрцагтай юм дайсан тэр нь Гэсэр багшийн бурхан тахилын холбоотой зүйл байсан байна, нэг балай юманд холбогдоод ирчихлээ гэж хэлж байсан. Маргааш нь би нөхөр рүүгээ залгахад утсаа авахгүй болохоор нь Баяртогтох цагдаатай ярихад хулгайн хэрэгт холбогдсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Сувд-Эрдэнийн... Тэгээд удалгүй Дэлгэрсайхан ах манайд орж ирээд намайг харалгүй гараад явчихсан. Тэгээд удалгүй Дэлгэрсайхан ахын хүүхэд 5 настай хүү Дарханбаатар манайд орж ирээд аав таныг ороод ир гээд дуудаж байна гэсэн. Би тэгээд байшингаа түгжилгүй хаалга хаачихаад Дэлгэрсайхан ахынд орсон. Дэлгэрсайхан ахынх бууз хийчихсэн намайг хоол ид гэсэн. Тэгээд хоол идэж дуусаад Дэлгэрсайхан ах махаа эргүүлнэ гэж гараад 10 орчим минут болоод ирсэн. Тэгээд би зөрөөд байшин руугаа ороход манай байшингийн хаалга онгорхой байсан. Би тухайн үед анзаараагүй бөгөөд гэртээ ороод зурагтаа үзэж байгаад бурхны торх руугаа харахад манай том хүрд алга болсон байхаар нь Дэлгэрсайхан ахынд орж хэлсэн, бас аав, ээж рүү утсаар ярьж энэ талаар хэлсэн...гэх мэдүүлэг, С.Билэгдэмбэрэлийн .... Би гэртээ галаа түлээд сууж байтал “би хүүхдийг нь гэртээ оруулчихлаа, та гялс ирээд аваарай” гэсэн утгатай мессеж ирсэн. Би хариуд “гарлаа” гэж мессеж бичсэн. Намайг гэрээсээ гараад Батчулуун ахын гэр рүү алхаж байхад хурдлаарай, бушуулаарай гэсэн мессеж ирсэн. Би Батчулуун ахын хашаанд ороод шууд байшинд нь орсон бөгөөд байшин нь онгорхой хүнгүй байсан. Тэгээд байшинд нь ороход байшингийн том өрөөнийх нь авдар дээр бурхны торх байсан бөгөөд торхон дотор гол хэсэгт нь шар өнгөтэй хүрд байсныг би аваад гэртээ харьсан...гэх мэдүүлэг, Д.Дэлгэрсайханы... Тэгээд би Батчулуун ахын охин Сувд-Эрдэнийг гэртээ хоол идүүлж байх хоорондоо Билэгдэмбэрэл рүү “охин нь манайд хоол идэж байна, ороод авчих” гэж мессеж бичихэд Билэгдэмбэрэл ах хариуд нь “орж байна” гэж мессеж бичсэн. Тэгээд удалгүй “ок” гэж мессеж бичээд аваад явсан байсан...гэх мэдүүлэг эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 329 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, утасны биллийн хуулбар, зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайхан, С.Билэгдэмбэрэл нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульзүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

 Иймд шүүгдэгч Шувуун овгийн Даваагийн Дэлгэрсайхан, Баяд овгийн Сайнжаргалын Билэгдэмбэрэл нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудаснаас үзэхэд шүүгдэгч нар нь ял шийтгүүлж байгаагүй нь тогтоогдож байх тул Д.Дэлгэрсайхан, С.Билэгдэмбэрэл нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч нь С.Билэгдэмбэрэл, Д.Дэлгэрсайхан нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Д.Дэлгэрсайхан, С.Билэгдэмбэрэл нар нь  хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                         

     

    ТОГТООХ нь:

           

  1. Шүүгдэгч Шувуун овгийн Даваагийн Дэлгэрсайхан, Баяд овгийн Сайнжаргалын Билэгдэмбэрэл нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Монгол Улсын тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Билэгдэмбэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.Дэлгэрсайханд оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Билэгдэмбэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрсайханд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Билэгдэмбэрэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай.

7. Тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                           

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ОДХҮҮ    

                             

 

                                                                   

                   

 

­