Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01798

 

“Б” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01289 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Бт холбогдох

 

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 497 430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Туяажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сууц өмчлөлийн холбооны гишүүн 21 дүгээр байрны 01 тоотын оршин суугч Д.Б нь Баялаг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Энэхүү хүлээсэн үүргээ биелүүлэхгүй Б СӨХ-оос удаа дараа шаардаж нэхэмжлэл гаргаж байсан боловч үүргээ биелүүлэхгүйд хүрсэн. Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2-т заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд сууц өмчлөгчдийн холбооны гишүүн Д.Баас 497 430 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б хариу тайлбартаа: Б Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ 1999 оны Насанжаргал гээд хүнээр бичигдсэн. Гэтэл үүнээс хойш гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас аваагүй. Бид хуучин Б Сууц өмчлөгчдийн холбооны н.Батаа даргатай гэрээ хийж төлбөрөө төлдөг байсан. Гэтэл А.М даргад удаа дараа гэрээ хийх, мөн удирдах зөвлөлийн тогтоолтой танилцах, үнэ хөлс тогтоосон баримт зэргийг шаардахад, гэрээ хийгээгүй. Бусад аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулаагүй, хийгдээгүй байсан. Хяналтын зөвлөлийн тайлангаа бүрэн гүйцэд танилцуулах, өрх бүрд тайлангаа өгөхийг шаардахад өгдөггүй. Бидний эрүүл аюулгүй байдлын талаар анхаарч дундын өмчийн мөнгөн хуримтлалыг үүсгээгүй. Бидний дундын өмчлөлийн гол зүйл болох цахилгааны монтаж гэмтэлтэйгээс байнга анивчдаг. Гэтэл тайландаа жил болгон дундын өмчийн цахилгааны монтажийг сольж засварлана гэсэн мөртлөө манай байрны цахилгааныг засаагүй, үүнээс болж, манай аж ахуй нэгжийн цахилгаан хэрэгслүүд шатах эрсдэлтэй байдаг. Б Сууц өмчлөгчдийн холбооны ахмадуудад ахмадын баяраар баярлуулах ажиллагаа хийхдээ манай аж ахуй нэгжээс 399 500 төгрөг авч, энэхүү хийсэн үйл ажиллагаагаа жилийн эцсийн тайландаа тусгасан байдаг. Дээрх мөнгийг СӨХ-ны мөнгөнд суутгуулна гэхээр асуудлыг шийдэж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Баас 450 000 /дөрвөн зуун тавин мянган /төгрөг гаргуулж, Б Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 47 430 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 753 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 14 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Б” СӨХ нь Баялаг хүнсний дэлгүүртэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, дэлгүүрийн удирдлагад үйлчилгээний үнэ тогтоосон тогтоолоо мэдэгдэж танилцуулаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж СӨХ-ний төлбөрийг иргэнд үйлчилгээ үзүүлсэн жишгээр тооцолгүй аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх жишгээр тооцож хэргийг шийдвэрлэсэн нь хуул зүйн үндэслэлгүй байна. “Б” СӨХ нь анх нэхэмжлэл гаргахдаа иргэн Д.Быг хариуцагчаар татсан, гэтэл шүүх “Баялаг” хүнсний дэлгүүрийг хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч талуудыг бүрэн мэтгэлцүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ,нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Бт холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд /2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны /497 430 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “..., гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч Д.Б нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүн тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 497 430 төгрөг төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

 

Хэргийн 20 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Д.Б нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 21-р байрны 01 тоот үйлчилгээний зориулалттай 61 м.кв талбайтай хөрөнгийн өмчлөгч, уг 01 тоотод “Баялаг” хүнсний дэлгүүр ажилладаг болох нь тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д тус тус заасан сууц өмчлөгчдийн холбоо байгуулах, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг нь зөвхөн орон сууц өмчлөгчид хамаарах хуулийн дагуу үүсч буй үүрэг юм. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ”орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг  хэлэх бөгөөд 01 тоот нь орон сууц биш, харин үйлчилгээний зориулалттай хөрөнгө тул дээрх хуулийн зохицуулалтууд тухайн хөрөнгийн өмчлөгчид хамаарахгүй.

 

Үйлчилгээний зориулалттай хөрөнгийн өмчлөгчид заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх үүргийг хуулиар хүлээлгээгүй. Гэвч иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь үндэслэлгүй хөрөнгөжих эрхгүй тул тус үйлчилгээний зориулалттай хөрөнгийн өмчлөгч нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгө болон Сууц өмчлөгчдийн холбооноос үзүүлж буй үйлчилгээг хэдий хэмжээнд авч байгааг талууд тогтоож, зардлын асуудлаар гэрээ байгуулан ажиллах, өөр үндэслэлээр шаардлага гаргах эрх нь нээлттэй юм.

 

Талуудын хоорондын үзүүлсэн үйлчилгээ, зардлын хэмжээ тодорхойгүй байгаа нөхцөлд одоогийн шаардаж буй 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны, нэг талын буюу нэхэмжлэгчийн тогтоосон гэх тарифаар тооцож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01289 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Бт холбогдох, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 497 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

 

                   ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД