Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00022

 

“Б”СӨХны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01289 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1798 дугаар магадлалтай,

“Б”СӨХны нэхэмжлэлтэй

Д.Бт холбогдох

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 497 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Туяажаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Б”СӨХны гүйцэтгэх захирал А.Мандхай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сууц өмчлөлийн холбооны гишүүн 21 дүгээр байрны 01 тоотын оршин суугч Д.Б нь Баялаг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Энэхүү хүлээсэн үүргээ биелүүлэхгүй “Б”СӨХ-оос удаа дараа шаардаж нэхэмжлэл гаргаж байсан боловч үүргээ биелүүлэхгүйд хүрсэн. Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2-т заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд СӨХны гишүүн Д.Баас 497 430 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б”СӨХны гэрчилгээ 1999 оны Насанжаргал гээд хүнээр бичигдсэн. Гэтэл үүнээс хойш гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас аваагүй. Бид хуучин “Б”СӨХны н.Батаа даргатай гэрээ хийж төлбөрөө төлдөг байсан. Гэтэл А.Мандхай даргад удаа дараа гэрээ хийх, мөн удирдах зөвлөлийн тогтоолтой танилцах, үнэ хөлс тогтоосон баримт зэргийг шаардахад, гэрээ хийгээгүй. Бусад аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулаагүй, хийгдээгүй байсан. Хяналтын зөвлөлийн тайлангаа бүрэн гүйцэд танилцуулах, өрх бүрд тайлангаа өгөхийг шаардахад өгдөггүй. Бидний эрүүл аюулгүй байдлын талаар анхаарч дундын өмчийн мөнгөн хуримтлалыг үүсгээгүй. Бидний дундын өмчлөлийн гол зүйл болох цахилгааны монтаж гэмтэлтэйгээс байнга анивчдаг. Гэтэл тайландаа жил болгон дундын өмчийн цахилгааны монтажийг сольж засварлана гэсэн мөртлөө манай байрны цахилгааныг засаагүй, үүнээс болж, манай аж ахуй нэгжийн цахилгаан хэрэгслүүд шатах эрсдэлтэй байдаг. “Б”СӨХны ахмадуудад ахмадын баяраар баярлуулах ажиллагаа хийхдээ манай аж ахуй нэгжээс 399 500 төгрөг авч, энэхүү хийсэн үйл ажиллагаагаа жилийн эцсийн тайландаа тусгасан байдаг. Дээрх мөнгийг СӨХ-ны мөнгөнд суутгуулна гэхээр асуудлыг шийдэж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01289 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Баас 450 000 /дөрвөн зуун тавин мянган /төгрөг гаргуулж, “Б”СӨХнд олгож, нэхэмжлэлээс 47 430 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Б”СӨХноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 753 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 14 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1798 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01289 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Бт холбогдох, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 497 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б”СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Туяажаргал хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байгаа болно. Магадлалаар “Хэргийн 20-р талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Д.Б нь Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 2-р 40 мянгатын 21-р байрны 01 тоот үйлчилгээний зориулалттай 61 м.кв хөрөнгийн өмчлөгч, уг 01 тоотод “Баялаг” хүнсний дэлгүүр ажилладаг болох нь тогтоогджээ” гэж дүгнэж, Иргэний хуулийн 143.1, 147.1, 148.2.3-д тус тус заасан СӨХ байгуулах, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХнд төлөх, нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг нь зөвхөн орон сууц өмчлөгчид хамаарах хуулийн дагуу үүсч буй үүрэг тул үйлчилгээний зориулалттай хөрөнгийн өмчлөгчид заавал СӨХны гишүүн байх үүргийг хуулиар хүлээгээгүй тул гэрээ байгуулан ажиллах, өөр үндэслэлээр шаардлага гаргах эрх нь нээлттэй тул нэг талын буюу нэхэмжлэгчийн тогтоосон гэх тарифаар тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.4 дэх хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөс бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно”, мөн хуулийн 16.4.2 дахь хэсэгт “сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 16.5 дах хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэжээ. Иймд хуульд заасны дагуу “Бамбар” СӨХны удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот тогтоол болон бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны хэсэгт аж ахуйн үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжээс сар бүр төлөх ашиглалтын зардлын хэмжээг тус тус тогтоосон байдаг бөгөөд уг тогтоолоор баялаг хүнсний дэлгүүр нь сард 15 000 төгрөг төлөхөөр тогтоосны дагуу тооцож нэхэмжлэгч “Бамбар” СӨХ нь хариуцагч Д.Баас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд сууц өмчлөгч Д.Б нь сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.3.2-д зааснаар бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй юм. Мөн сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн орон сууцны засвар үйлчилгээтэй холбоотой зардал төлбөрийг сар бүр төлөх үүргийг хуулиар ийнхүү хүлээсэн байдаг тул нэхэмжлэгч “Бамбар” СӨХ болон сууц өмчлөгч Д.Б нарын хооронд гэрээ байгуулахыг хуулиар шаардаагүй байхад давж заалдах шатны шүүх талуудын хооронд дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг тохиролцсон гэрээ хэлцэл байгуулагдаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч “Б”СӨХ нь хариуцагч Д.Бт холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал 497 430 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Д.Б нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 21-р байрны 01 тоот үйлчилгээний зориулалттай 61 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, уг эд хөрөнгөө хүнсний дэлгүүрийн зориулалтаар ашигладаг байх ба Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.4-т заасан сууц өмчлөгч биш тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэг хуулиар үүсэхгүй байна. Харин түүний өмчлөлийн эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны нэг хэсэг учир дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг  зайлшгүй төлөх шаардлагатай, энэ тохиолдолд СӨХтой гэрээ байгуулах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээний үндсэн дээр, гэрээгээр тогтоосон зардлыг төлөх ёстой байна.

Хариуцагч Д.Б нь гэрээ байгуулаагүй хэдий ч СӨХнд зохих хэмжээний төлбөр төлж байсан, 2014 оны 10 сард өгсөн 399 500 төгрөгийг СӨХны төлбөрт суутгахаар тохирсон гэсэн байх ба хариуцагчийн нэгэнт хүлээн зөвшөөрч, төлсөн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц өмчлөгч бус этгээдийн үүргийн талаар Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1798 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 800 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЦАГААНЦООЖ

                     ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА