Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/03094

 

2021 оны 12 сарын 20 өдөр                  Дугаар 183/ШШ2021/03094                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б

 

Хариуцагч: Б.А

 

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хангарьд хотхон А блок 10 давхар 91 тоот 103,52 м.кв орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогод 7,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Г, нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 11 дүгээр сард Б.А, Б.Бнар манайх байраа зарчихлаа танай байранд оръё гэж хэлээд байранд орсон ба байранд орсноосоо хойш утсаа салгаад алга болсон. Одоо болтол надтай уулзаагүй. Би байраа суллуулаад байрандаа буцаж орох хүсэлттэй байна. Анх төлбөрөө 2020 оны 11 дүгээр сард багтаагаад 100 хувь төлье гэж хэлсэн. Би мөнгөө авах гэж маш их хөөцөлдсөн, 2021 оны 6 сард Б.А уулзаад  байрны мөнгөө авъя эсвэл байраа суллаж өг гэхэд  байрны мөнгөө өгч чадахгүй бол суллаж өгье гэж бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь 2020.07.31-ний өдөр орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хангарьд хотхон А блок 10 давхар 91 тоот 103,52 м.кв байрыг 196,365,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч нь бүрэн төлж барагдуулсан болохыг гэрээний 5.1-д тодорхой тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл Б.Батсайхан нь иргэн Б.Баясгалантай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1-д зааснаар гэрээний харилцаанд орж тухайн орон сууцыг эзэмшил ашиглалтдаа хүлээн авч тухайн орон сууцыг өмчлөх эрх нь үүсч хууль ёсны өмчлөгч болсон улмаар 2020 оны 11 дүгээр сард өөрийн орон сууцыг иргэн Б.Б, Б.А нарт 207,000,000 төгрөгөөр худалдахаар амаар хэлцэл хийсэн ба төлбөр тооцоог нь 11 дүгээр сард бүрэн төлж барагдуулна гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн орон сууцыг Б.А эзэмшилд хүлээлгэж өгсөн. Гэтэл хариуцагч Б.А нь орон сууцаа хүлээж авснаас хойш орон сууцныхаа төлбөрийг  огт төлөлгүй  жил 1 сарын хугацаанд эзэмшил, ашиглалтаа байлгаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж, нэхэмжлэгчийг хохироож байна. Нэхэмжлэгчийн хувьд орон сууцны төлбөрөө авахаар удаа дараа Б.А шаардаж байсан боловч өгнө гэж олон шалтаг хэлдэг байсан. Нэхэмжлэгч шүүхэд хандахаасаа өмнө 2020.06.12-ны өдөр Б.А өөрийн хүлээлгэж өгсөн байрандаа очиж уулзахад Б.А нь өөрийн гараар 2020.06.31-ний өдрийн дотор байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулна, барагдуулаагүй тохиолдолд байрыг чөлөөлж өгнө гэж бичиж өгсөн боловч хэлсэн үгэндээ хүрэлгүй өнөөдрийг хүрч байна. Хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч Б.Б болох нь тодорхой харагдана. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хангарьд хотхон А блок 91 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. Хариуцагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа зөвхөн гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч Б нь өмчлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй  гэж маргадаг. Хариуцагч тухайн орон сууцанд байгаа эсэх талаар маргадаггүй.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, харин 7,000,000 төгрөгнөөс татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч 2 үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт маргааны зүйл бүхий орон сууцнаас чөлөөлүүлэх, хоёрдугаарт 7,000,000 төгрөг гаргуулах гэсэн шаардлага гаргасан боловч 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу аман хэлцлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Эрх ашиг зөрчигдсөн гэж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх нэхэмжлэлийг 2021.07.05-ны өдөр гаргасан. Эдийн бус баялагтай холбогдох өмчлөх эрх нэхэмжлэгч Б.Б тухайн үед орон сууцны  өмчлөгчөөр тогтоогдоогүй байсан. 2021.07.09-ний өдөр иргэний хэрэг үүсгэх захирамж буруу гарсан, хэрэг үүсэх үндэслэл байхгүй байна. Иргэн н. Б орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн нь энэ хэрэгт хамааралгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

                                                             

Шүүх Д.Б гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хангарьд хотхон А блок 10 давхар 91 тоот 103,52 м.кв орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогод 7,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг Б.А холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч тал “...нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

           Хэргийн баримтаас үзэхэд Т.Б байгуулсан 2020.07.31-ний өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хангарьд хотхоны  А блок байрны 10 давхарын  91 тоот 103,52 м.кв талбай бүхий орон сууцыг 196,365,000 төгрөгөөр Д.Батсайхан  худалдан авсан, гэрээний 5.1-д төлбөр тооцоо дууссан болохыг тусгасан, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Б бүртгэгдсэн болох 2021.11.01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

 

           Нэхэмжлэгч Д.Б өөрийн худалдаж авсан орон сууцыг 207,000,000 төгрөгөөр хариуцагч Б.А худалдсан байх бөгөөд  2020 оны 11 сард багтаан мөнгийг төлөхөөр амаар тохиролцож орон сууцыг хүлээлгэн өгсөн,  Б.Ань 2020 оны 11 сараас хойш тухайн орон сууцанд амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

           Хариуцагч Б.А нь тохирсон хугацаандаа орон сууцны үнийг төлөөгүй, улмаар “...2021.06.30-ны дотор бүрэн барагдуулж дуусгахгүй бол орон сууцыг чөлөөлж өгнө” гэсэн 2021.06.12-ны өдрийн өөрийн гараар бичиж өгсөн амлалтаа биелүүлээгүйгээс маргаан үүссэн байх бөгөөд 2021.08.17-ны өдрийн хариу тайлбараас нь үзэхэд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар тусгажээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-д зааснаар амаар хийх хэлцлийг талууд  хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хийсэн гэж үздэг.

 

  Хэлцлийн гол нөхцөл болох орон сууцны үнэ, төлөх хугацааг талууд тохиролцож орон сууцыг хүлээн авсан байх тул Д.Б, Б.А нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд 2021.06.30-ны өдрөөс хойш Д.Батсайхан орон сууцаа худалдахаас татгалзаж, хариуцагч Б.А орон сууц чөлөөлөхийг шаардаж эхэлсэн байна.

 

 Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан байх бөгөөд Д.Б орон сууцаа худалдахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн, хариуцагч 2021.06.30-ны дотор төлбөр төлөөгүй бол орон сууцыг чөлөөлж өгөхийг зөвшөөрсөн атлаа  чөлөөлөхгүй, хууль бусаар эзэмшиж байна гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн  106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу тухайн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Д.Бнэхэмжлэлийг хангах үндэстэй  гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг бусдад түрээслүүлж олох байсан орлого 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн чанартай үнэлж болох хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид орон сууцны үнийн дүнгээс тооцож 1,192,950 төгрөг төлөхөөс 70,200 төгрөгийг төлсөн нь хуульд нийцээгүй тул төлсөн 70,200 төгрөгийг хасч үлдэх 1,122,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                               

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.Б өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хангарьд хотхоны  А блок байрны 10 давхрын 91 тоот 103,52 м.кв талбай бүхий орон сууцнаас Б.А албадан нүүлгэн гаргаж, орон сууцыг чөлөөлүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б олох байсан орлого 7,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,150 /70,200+126,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 1,122,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 1,192,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ