Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00607

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00607

 

 

 

Д.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03094 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Бы хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан орон сууц албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогод 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Галтаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Бы нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 11 дүгээр сард Б.А, Б.Буянжаргал нар “манайх байраа зарчихлаа, танай байранд оръё” гэж хэлээд байранд орсон ба байранд орсноосоо хойш утсаа салгаад алга болсон. Одоо болтол надтай уулзаагүй. Би байраа суллуулаад байрандаа буцаж орох хүсэлтэй байна. Анх төлбөрөө 2020 оны 11 дүгээр сард багтаагаад 100 хувь төлье гэж хэлсэн. Би мөнгөө авах гэж маш их хөөцөлдсөн. 2021 оны 6 сард Б.Атай уулзаад байрны мөнгөө авъя, эсхүл байраа суллаж өг гэхэд байрны мөнгөө өгч чадахгүй бол суллаж өгье гэж бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байна гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Эрх ашиг нь зөрчигдсөн гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Нэхэмжлэгч Б.Батсайхан тухайн үед орон сууцны өмчлөгчөөр тогтоогдоогүй байсан. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн иргэний хэрэг үүсгэх захирамж буруу гарсан. Хэрэг үүсэх үндэслэл байхгүй. Иргэн Баясгалантай орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн нь энэ хэрэгт хамааралгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.Бы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хангарьд хотхоны  А блок байрны 10 давхрын 91 тоот 103,52 м.кв талбай бүхий орон сууцнаас Б.Аыг албадан нүүлгэн гаргаж, орон сууцыг чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б олох байсан орлого 7,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,150 /70,200+126,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 1,122,750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 1,192,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч болохоо нэхэмжлэгч Д.Б нотлоогүй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрх үүсээгүй орон сууцыг бусдын эзэмшил ашиглалтаас чөлөөлүүлэх шаардах эрх үүсээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.б. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б хариуцагч Б.Аын эзэмшлээс маргааны зүйл болох орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Д.Б анхан шатны шүүхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв үнэлж дүгнэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.  Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэх үндэслэлтэй байгаа. Иймд нэхэмжлэгчийн зүгээс эрх нь зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан тул шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй. Зохигчдын хооронд орон сууц худалдах-худалдан авах талаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар аман хэлцэл байгуулагдаж, хариуцагч нь төлбөрийг төлөөгүйн улмаас Д.Б нь 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөр хэлцлээс татгалзаж орон сууц чөлөөлөхийг Б.Ааас шаардсан байна гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь 7,000,000 төгрөгийн шаардлагатай холбогдуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж тайлбарласан тул энэ шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзсан байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд Д.Бы өмчлөлийн орон сууцыг 1 жил гаруй хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа атлаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Б нь иргэн Б.Ад  холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогод 7,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд “Маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч болохоо нэхэмжлэгч Д.Б нотлоогүй,... шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн... нэхэмжлэгч Д.Б анхан шатны шүүхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” гэж заасан нь үндэслэлгүй тул хангах боломжгүй.

4.а. Зохигчдын хооронд 2020 оны 11 дүгээр сард худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Д.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 1460 дугаар байрны 91 тоот 103.35 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх, худалдан авагч Б.А уг орон сууцны төлбөрт 207,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөхөөр тус тус тохиролцжээ.

4.б. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн хэдий ч гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт өгөөгүй байна.

4.в. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцэл уг шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Д.Б маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206084405 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр тогтоогджээ.

Иймд хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг нэхэмжлэгч шаардах эрхтэй. 

5.а.  Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээр орон сууцыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцээгүй байна. Учир нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журам хүчин төгөлдөр гэрээнд хамаарна.

5.б. Харин гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 7,000,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагаас татгалзсан тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

5.в. Иймд “Маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч болохоо нэхэмжлэгч Д.Б нотлоогүй,... шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн... нэхэмжлэгч Д.Б анхан шатны шүүхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН