Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/00123

 

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:... тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ..., Б... овогт С...ын А...гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод байлах,  регистрийн дугаар ..., Т... ХХКомпанид холбогдох

 

Авто машины үнэ 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б..., түүний өмгөөлөгч Б.М..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Т... ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах С... авто ломбардаас би УБА ... улсын дугаартай ачааны машин барьцаалж, зээл авсан бөгөөд өөриин эзэмшил УБА ... улсын дугаартай ачааны машиныг худалдан борлуулсан, машины үнийн  дүн болох 15 000 000 төгрөгийн хохирол төлүүлнө.Би С... авто ломбардаас 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр УБА ... улсын дугаартай ачааны машии барьцаалж, 2 500 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай гэрээ хийж авсан, сар болгон хүү  137 000 төгрөг, зогсоолын өдрийн 2000 төгрөг сард алдангитайгаа 197 000-550 000 төгрөг тогтмол төлсөн.Уг машин 7 метр орчим урт, бүхээгтэй, ачааны машин юм.Гэвч 2015 оны 12 дугаар сарын 21-нд гэрээний хугацаа дууссан боловч миний зөвшөөрөлгүйгээр гэрээг С... ломбард автоматаар сунгасан, илүү төлөлт 2,8 сая гаран төгрөг, зээл, хүү, алданги төлсөн байхад үндсэн төлбөрөөс хасалт хийхгүйгээр хохироосон, машиныг 15 000 000 төгрөгөөр зарахаар зар өгсөн.Гэрээний хугацаа дууссан байхад 2,8 сая төгрөгнөөс илүүг хэтрүүлэн хүү алданги төлсөн учир үндсэн төлбөр болох 2,5 сая төгрөгийг төлж дуусгасан, цаашид хүү алданги төлөх ёсгүй байсан юм.Иймд үндсэн төлбөр 2,8 сая төгрөг төлөх ёсгүй цаашид хүү, алданги төлөхгүй болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү, зээлийн гэрээ болон зээл төлсөн баримтууд П.Б...ны хамтран амьдрагч эмэгтэйн гэрт байгаа бөгөөд Солонгос улс руу явсан бөгөөд тухайн баримтуудыг би С... авто ломбардаас шаардсан боловч өгөөгүй бөгөөд тухайн авто ломбардаас гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн баримтуудыг авч хэргийн материалд хавсаргана уу.Гэтэл 2016 оны 7 дугаар сард машин худалдан авахыг сонирхсон хүмүүсийг буцаасан байсан бөгөөд худалдан борлуулчихсан гэж хэлсэн.Манай машиныг эзэнд нь мэдэгдэлгүйгээр худалдан борлуулж хохироосон, бүтэн 2 жил хүү алданги төлж, санхүүгийн хувьд хохироосон, Т... ХХК-ийн С... авто ломбардаас 15 сая төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна.Иймд С... авто ломбардад байгаа миний эзэмшил ... ... УБА авто машиныг худалдан борлуулахыг удаа дараа мэдэгдсээр байтал, эзэнд нь мэдэгдэлгүй хууль бусаар нэр шилжүүлж, ачааны машиныг худалдан борлуулж хохироосон учир уг машины үнийн дүнтэй тэнцэх 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.А... Т... ХХК-ийн С... авто ломбардаас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ... УБА улсын дугаартай авто машин барьцаалж 2 500 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлж авсан, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дууссан байхад 2 800 000 төгрөгийн илүү төлөлт хийсэн, үндэслэлгүйгээр хүү, алданги төлүүлсэн, үндсэн төлбөрөөс хасалт хийхгүй хохироосон.С.А... Т... ХХК-ийн зээлийн болон барьцааны гэрээ хийхээс өмнө худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, гэтэл энэ ломбардаас зээл авахаас нэг сарын өмнө 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... УБА улсын дугаартай авто машиныг худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь хуурамч баримт бүрдүүлсэн байна.Манай машиныг эзэнд мэдэгдэлгүйгээр худалдсан, 2 жил хүү, алданги төлүүлж хохироосон тул Т... ХХК-ийн С... ломбардаас машины үнэ 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.С.А... зээлийн төлбөрийг төлөөд дууссан боловч баримт нь олдохгүй байна, эднийхтэй авто машин худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, машиныг эрх бүхий байгууллагаар үнэлгээ хийлгээгүй байгаа гэв.

 

Хариуцагч Т... ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа: С.А... Т... ХХК-ийн 10 дугаар хороонд байрлах С... авто ломбардаас И... маркийн ... УБА улсын дугаартай ачааны машиныг барьцаалж 2 500 000 төгрөгийн зээл авсан гэж байх боловч 15 000 000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О.. шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.А... Т... ХХКомпанийн С... авто ломбардтай 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийн болон барьцааны гэрээ 3 удаа байгуулсан байдаг, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 2 500 000 төгрөгийг, сарын 5,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд гэрээг нэг сараар сунгаж явдаг, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу сарын хүүгээ төлж байгаад 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээг дахин өмнөх нөхцлөөр байгуулсан бөгөөд 2 удаагийн үйлдээр хугацааг сунгасан байдаг.С.А... 137 500 төгрөгөөр 2 удаа л төлөлт хийсэн, үүнээс өөр мөнгө төлөөгүй байдаг.Гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дууссан, үүнээс хойш хүү төлөөгүй учир хугацааг энэ өдөр дууссан гэж үзэж байгаа, хүүгээ төлж байвал хугацаа автоматаар сунгагдаад байдаг.Ломбарднаас хариуцагчид олон удаа мэдэгдсэн, мэдэгдэл явуулсан байдаг.2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр С... гэдэг хүн ирээд зээлийн хүүг бодуулаад явсан боловч С.А... үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар мэдэгдэл хүргүүлж, түүнээс хойш 10 хоногийн дараа хөрөнгийг худалдан борлуулж хохиролоо барагдуулж авах эрхтэй байдаг тул захирлын тушаал болон комиссын шийдвэрийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр барьцаа хөрөнгийг Бумцэнд гэдэг хүний нэр дээр 2 500 000 төгрөгт тооцож шилжүүлсэн, С.А... нийт 3 183 650 төгрөгийн өглөгтэй байхад машиныг 2 500 000 төгрөгөөр худалдсан байдаг. Нэхэмжлэлд дурдсан 15 000 000 төгрөгийг нотлоогүй байна, шинжээчийн дүгнэлтгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч С.А... ньТ... ХХКомпанид холбогдуулан авто машины үнэ 15 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч С.А... нь хариуцагч Т... ХХКомпанитай 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан ба С.А... нь 2 500 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй зээлсэн байх бөгөөд зээлийн барьцаанд 1998 онд үйлдвэрлэгдсэн Исузу Элф маркийн ... УБА улсын дугаартай, ачааны машиныг тавьж Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т заасан хэлцэл хийгдсэн байна.

 

Улмаар дээрх нөхцлөөр талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээнд дурдсан 2 500 000 төгрөг нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгогдсон зээлийн мөнгө гэж талууд тайлбарлаж байна.

 

Энэхүү зээлийн гэрээний үүргээс зээлдэгч С.А... авто машины зогсоолын төлбөртэй нийлээд нийт 335 000 төгрөг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгээгүй гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбарлаж байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар болгон хүү, алданги төлсөн гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч С.А... болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн төлбөрт Т... ХХКомпанид хэдэн төгрөг төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй байхад зээлдэгч С.А...г хариуцагч байгууллагаас авсан зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ.Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасан байна.

 

Зээлдэгч С.А...д Т... ХХКомпанис мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд-“2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж 2 500 000 төгрөг зээлээр авсан, төлөгдөх хугацаа 66 хоног хэтэрсэн ба үндсэн зээл 2 500 000 төгрөг, зээлийн хүү 302 500 төгрөг, зогсоолын төлбөр 66 000 төгрөг, алданги 315 150 төгрөг нийт 3 183 650 төгрөгийн өглөгтэй байна.Дээрх төлбөр тооцоог 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж байна, энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох авто машиныг гуравдагч этгээдэд худалдан борлуулж хохирлоо барагдуулах болно” гэжээ.

 

Ийнхүү Т... ХХКомпани нь зээлдэгч С.А...гийн зээлийн барьцааны хөрөнгө болох И... маркийн ... УБА улсын дугаартай, ачааны зориулалттай, тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд шилжүүлэн С.А...гийн зээлийн төлбөрийг хаасан үйлдлийг буруутгах боломжгүй байна.

 

Нөгөө талаар зээлийн барьцааны хөрөнгө болох 1998 онд үйлдвэрлэгдсэн Исузу Элф маркийн ... УБА улсын дугаартай, ачааны зориулалттай авто машин 15 000 000 төгрөгийн үнэтэй болохыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байна.

Иймд С.А...гийн авто машины үнэ 15 000 000 төгрөгийг Т... ХХКомпаниас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан баримтлан Т... ХХКомпаниас 15 000 000 /арван таван сая/ òºãðºã гаргуулахыг хүссэн Сүхбаатарын А...гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН