Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2020/00187

 

 

 

 

     2020 оны 01 сарын өдөр 21

        Дугаар 182/ШШ2020/00187

              Улаанбаатар хот

 

 

 

                   

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Ж-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: БХЗХТБАА УТҮГ-т холбогдох

АБХХК-ийн 2019.11.08-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Х, түүний өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Д нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.18-ны өдрийн 2516 дугаар шүүгчийн захирамжаар ЭАХХК-аас 347.904.045 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгох, уг төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны 6 үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Дээрх захирамжийн дагуу БХЗХТБ ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч, ахмад Т.Ань шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусад үл хөдлөх эд хөрөнгөнд албадах ажиллагаа явуулаагүй, зөвхөн нэхэмжлэгч Ж.Жгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 45 дугаар байр, 28 тоотод байрлах 116 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар Ж.Жгийн 4 өрөө орон сууцыг 194.222.770 төгрөгөөр үнэлсэн тухай тус албаны тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Ц.Отгонцэцэгийн 2019.11.08-ны өдрийн 3/15254 дугаартай мэдэгдлийг 2019.11.11-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч ахмад Т.Ань Ж.Жгийн орон сууцны үнэлгээг ямар байгууллага, хэнээр үнэлүүлсэн болон шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг Ж.Жд болон бусад өмчлөгч болох Г.Та, Г.Ту, түүний нөхөр О.Гэд мэдэгдээгүй танилцуулаагүй, шууд л 194.222.770 төгрөгөөр үнэлсэн.

Албадан дуудлага худалдаанд оруулна гэж нэг л хуудас мэдэгдэл ирүүлж байсан. Өөрөөр хэлбэл Шийдвэр гүйцэтгэгч, ахмад Т.Ань Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-т заасныг зөрчиж Ж.Жгийн хөрөнгөнд үнэлгээ хийлгэсэн. Учир нь өмчлөгч нарын үнийн саналаа гаргах эрхийг нь хязгаарлаж, үнийн санал аваагүй, талуудыг тохиролцуулах арга хэмжээ аваагүй, шууд үнэлгээчин томилж үнэлгээчний тогтоосон үнээр дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай 4 өрөө орон сууцыг зах зээлийн бодит үнэ ханшийг хэрхэн яаж тогтоосныг өмчлөгч нар мэдээгүй, шийдвэр гүйцэтгэгч ахмад Т.Ата нилцуулаагүй, өмчлөгч нарт үнийн саналаа гаргах боломж олгоогүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул орон сууцыг 194.222.770 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээ нь хэт бага байгаа учир АБХХК-ийн 2019.11.08-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.18-ны өдрийн 2516 дугаар шийдвэрээр ЭАХХК-аас 349.871.715 төгрөгийг гаргуулж  Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч ЭАХХК-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2202012425 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байр, 29 тоотод байрлах 116 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019.10.15-ны өдөр 19300745/03 дугаартай тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасан байдаг. Үнийн саналын хувьд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу 2019.10.31-ий өдрийн 3/15072 дугаар бичгээр төлбөр төлөгч ЭАХХК-ний захирал Ж.Жаргалсайханд, тус орон сууцны өмчлөгч Ж.Жд 2019.10.31-ний өдрийн 3/15067, өмчлөгч О.Гэд 3/15070, өмчлөгч Г.Туд 3/15068, өмчлөгч Г.Тат 3/15069 дүгээр албан бичгээр өмчлөгч Ж.Жгийн төрсөн ах ЭАХХК-ийн захирал Ж.Ж-нд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт гардуулан өгөхийг даалгаж, 2019.11.01-ний өдөр гардуулсан. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт 2019.11.01-ний өдөр баталгаат шуудангаар илгээсэн мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч буюу төлбөр авагч, өмчлөгч нар нь үнийн саналаа харилцан тохиролцож ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2019.11.07-ны өдрийн 10/25 тоот шинжээч томилох тогтоолоор АБХХК-ийг томилоход дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 194.222.770 төгрөгөөр тогтоосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байдаг. Үүний дагуу ЭАХХК-ийн захирал Ж.Жгийн төрсөн ах Ж.Жаргалсайханд мэдэгдлийг танилцуулсан. Өмчлөгч Г.Та, Г.Ту нар 2019.11.07-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газраас авсан лавлагаагаар гадагшаа явсан нь тогтоогдсон байгаа. Ж.Ж 2019.11.08-ны өдрийн 3/15254 тоот мэдэгдлийг 2019.11.11-ний өдөр гардаж авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Өмчлөгч Г.Та, Г.Ту, О.Г, Ж.Ж нарт мэдэгдлийг баталгаат шуудангаар илгээсэн. Өмчлөгч Ж.Жтай 8880**** дугаарын утсаар 2019.11.02-ны өдөр холбогдож хөрөнгийн үнийн саналаа өгөхийг мэдэгдэхэд “би нөхрөө сахиад эмнэлэгт байна, манай гэрт битгийн ирээрэй, манай нөхөр мэдээгүй байгаа, мэдчихвэл бие нь муудна” гэж тайлбар өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Тиймээс үнэлгээг тогтоох ажиллагааг хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ НЬ:

           

          Нэхэмжлэгч Ж.Ж нь хариуцагч БХЗХТБАА УТҮГ-т холбогдуулж АБХХК-ийн 2019.11.08-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан õóãàöààíû äîòîð гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тус гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, шийдвэрийн агуулгад хамаарахгүй тул шүүх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд буюу маргааны зүйл болсон эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх, шийдвэр гүйцэтгэлийн энэхүү ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч Ж.Жгаас үнийн санал аваагүй, энэ талаар төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарыг тохиролцуулах арга хэмжээ аваагүй шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн, энэ үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт бага байгааг зөвшөөрөхгүй учир хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлав.

 

          Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Ж болон бусад өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, төрсөн ах болох ЭАХХК-ийн захирал Ж.Жаргалсайханаар дамжуулж хэлүүлсэн, Ж.Жтай утсаар ярьсан, өөрөө үнийн санал өгөхгүй гэсэн учраас шинжээч томилж, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн, энэ ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

          Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.18-ны өдрийн 2516 дугаартай шүүгчийн захирамжаар ЭАХХК нь 347,904,045 төгрөгийг 2019.03.01-ний дотор Капитал банк ХХК-нд төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019.03.18-ны өдрийн 172 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, БХЗХТБАА УТҮГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, барьцааны хөрөнгүүдийн нэг, маргааны зүйл болсон нэхэмжлэгч Ж.Ж болон гэр бүлийн бусад гишүүд О.Г, Г.Та, Г.Ту нарын 4 хүний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, их тойруу гудамжны ** дугаар байрны ** тоотод байрлах 116 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хурааж, битүүмжлэх, үнэлүүлэх зэргээр холбогдох ажиллагааг явуулжээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч БХЗХТБАА УТҮГ нь маргаан бүхий дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх зорилгоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Жд эд хөрөнгийн үнийн саналаа 2019.11.05-ны өдрийн дотор ирүүлэх тухай 2019.10.31-ний өдрийн 3/15067 дугаартай албан бичгийг 2019.11.01-ний өдөр түүний оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэн баримтжуулж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн, мөн энэ албан бичгийг нэхэмжлэгч Ж.Жгийн төрсөн ах гэх төлбөр төлөгч ЭАХХК-ийн захирал Ж.Ж-д 2019.11.04-ний өдөр хүлээлгэн өгч түүнд мэдэгдэхийг даалгаж, энэ талаарх тэмдэглэлийг үйлдсэн байна.

 

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч Т.Ань нэхэмжлэгч Ж.Ж-тай утсаар ярьж, үнийн санал өгөх талаар мэдэгдсэн байх бөгөөд “тэрээр би үнийн санал өгөх талаар мэдсэн, гэхдээ үнийн санал өгөх боломжгүй байна, нөхөр О.Г-ийн бие муу байгаа учир нөхөрт маань битгий мэдэгдээрэй” гэсэн хариуг хэлж байжээ.

 

Тийм учраас БХЗХТБАА УТҮГ нь маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, их тойруу гудамжны ** дугаар байрны ** тоотод байрлах 116 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэхээр 2019.11.07-ны өдрийн 10/25 дугаартай тогтоолоор АБХХК-ийг томилсон байх бөгөөд АБХХК-ийн 2019.11.08-ны өдрийн үнэлгээний тайлангаар тухайн эд хөрөнгийг 194,222,770 төгрөгөөр үнэлсэн, БХЗХТБАА УТҮГ нь уг үнэлгээний талаар нэхэмжлэгч Ж.Жд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн байна.

 

Дээрх үйл баримтууд нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн холбогдох баримтуудаар тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл дээр дурдсан үйл баримтуудын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу нэхэмжлэгч Ж.Жд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг түүний оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн, уг албан бичиг шуудангаас буцаж ирээгүй болох нь нэгэнт тогтоогдсон бөгөөд үнийн санал ирүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2019.10.31-ний өдрийн 3/15067 дугаар албан бичгийг нэхэмжлэгч Ж.Жг хүлээн авсан, мөн энэ талаар ах Ж.Ж-с мэдсэн гэж үзэх бөгөөд түүнтэй утсаар ярьсан шийдвэр гүйцэтгэгч Т.А-н дээр дурдсан тайлбар үндэслэл бүхий байна.

 

Харин нэхэмжлэгч Ж.Ж нь үнийн санал өгөх ёстойгоо мэдсэн атлаа өгөөгүй явдал нь шинжээч томилоход саад болохгүй, энэ талаарх шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасантай нийцсэн байна гэж дүгнэлээ.

 

Мөн нэхэмжлэгч Ж.Ж нь АБХХК-ийн үнэлгээ яагаад бодитой бус, зах зээлийн ханшаас бага байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар баримтаар нотолж чадсангүй.

 

Тодруулбал АБХХК-ийн үнэлгээг нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа “шийдвэр гүйцэтгэгч үнийн санал аваагүй, талуудыг тохиролцуулах ажиллагаа хийгээгүй, үнэлгээ нь хэт бага” гэх үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, БХЗХТБ ажлын алба улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох АБХХК-ийн 2019.11.08-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Жгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Ж.Ж гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.   

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Т.ЭНХТУЯА