Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00760

 

   Ж.Жаргалмаагийн нэхэмжлэлтэй  

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00187 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 542 дугаар магадлалтай,

 Ж.Жаргалмаагийн нэхэмжлэлтэй,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох,

Ашид билгүүн ХХК-ийн 2019.11.08-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.18-ны өдрийн 2516 дугаар шүүгчийн захирамжаар Экас интернэшнл ХХК-иас 347,904,045 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгох, уг төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны 6 үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирсон зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Дээрх захирамжийн дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусад үл хөдлөх эд хөрөнгөнд албадах ажиллагаа явуулаагүй, зөвхөн нэхэмжлэгч Ж.Жаргалмаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 45 дугаар байр, 28 тоотод байрлах 116 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар Ж.Жаргалмаагийн 4 өрөө орон сууцыг 194,222,770 төгрөгөөр үнэлсэн тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2019.11.08-ны өдрийн 3/15254 дугаартай мэдэгдлийг 2019.11.11-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч ахмад Т.Алтангэрэл нь Ж.Жаргалмаагийн орон сууцны үнэлгээг ямар байгууллагаар үнэлүүлсэн болон шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг Ж.Жаргалмаад болон бусад өмчлөгч болох Г.Тамир, Г.Тулга, түүний нөхөр О.Гансүхэд мэдэгдээгүй танилцуулаагүй. Албадан дуудлага худалдаанд оруулна гэж нэг л хуудас мэдэгдэл ирүүлж байсан. Өөрөөр хэлбэл Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Ж.Жаргалмаагийн хөрөнгөнд үнэлгээ хийлгэсэн. Учир нь өмчлөгч нарын үнийн саналаа гаргах эрхийг нь хязгаарлаж, үнийн санал аваагүй, талуудыг тохиролцуулах арга хэмжээ аваагүй, шууд үнэлгээчин томилж үнэлгээчний тогтоосон үнээр дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай 4 өрөө орон сууцыг зах зээлийн бодит үнэ ханшийг хэрхэн яаж тогтоосныг өмчлөгч нар мэдээгүй, шийдвэр гүйцэтгэгч танилцуулаагүй, өмчлөгч нарт үнийн саналаа гаргах боломж олгоогүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул орон сууцыг 194,222,770 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээ нь хэт бага байгаа учир Ашид билгүүн ХХК-ийн 2019.11.08-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.18-ны өдрийн 2516 дугаар шийдвэрээр Экас интернэшнл ХХК-иас 349,871,715 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Экас интернэшнл ХХК-иас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2202012425 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байр, 29 тоотод байрлах 116 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019.10.15-ны өдөр 19300745/03 дугаартай тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасан байдаг. Үнийн саналын хувьд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу 2019.10.31-ий өдрийн 3/15072 дугаар бичгээр төлбөр төлөгч Экас интернэшнл ХХК-ийн захирал Ж.Жаргалсайханд, тус орон сууцны өмчлөгч Ж.Жаргалмаад 2019.10.31-ний өдрийн 3/15067, өмчлөгч О.Гансүхэд 3/15070, өмчлөгч Г.Тулгад 3/15068, өмчлөгч Г.Тамирт 3/15069 дүгээр албан бичгээр өмчлөгч Ж.Жаргалмаагийн төрсөн ах Экас интернэшнл ХХК-ийн захирал Ж.Жаргалсайханд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт гардуулан өгөхийг даалгаж, 2019.11.01-ний өдөр гардуулсан. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт 2019.11.01-ний өдөр баталгаат шуудангаар илгээсэн мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч буюу төлбөр авагч, өмчлөгч нар нь үнийн саналаа харилцан тохиролцож ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10/25 тоот тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг томилоход дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 194,222,770 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу Экас интернэшнл ХХК-ийн захирал Ж.Жаргалмаагийн төрсөн ах Ж.Жаргалсайханд мэдэгдлийг танилцуулсан. Өмчлөгч Г.Тамир, Г.Тулга нар 2019.11.07-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газраас авсан лавлагаагаар гадагшаа явсан нь тогтоогдсон байгаа. Ж.Жаргалмаа 2019.11.08-ны өдрийн 3/15254 тоот мэдэгдлийг 2019.11.11-ний өдөр гардаж авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Өмчлөгч Г.Тамир, Г.Тулга, О.Гансүх, Ж.Жаргалмаа нарт мэдэгдлийг баталгаат шуудангаар илгээсэн. Өмчлөгч Ж.Жаргалмаатай 88809060 дугаарын утсаар 2019.11.02-ны өдөр холбогдож хөрөнгийн үнийн саналаа өгөхийг мэдэгдэхэд би нөхрөө сахиад эмнэлэгт байна, манай гэрт битгий ирээрэй, манай нөхөр мэдээгүй байгаа, мэдчихвэл бие нь муудна гэж тайлбар өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Тиймээс үнэлгээг тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн 182/ШШ2020/00187 дугаар шийдвэр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох Ашид билгүүн ХХК-ийн 2019.11.08-ны өдрийн үнэлгээ буюу орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Жаргалмаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Ж.Жаргалмаагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 542 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн 182/ШШ2020/00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь хуудас хянавал хэсэгт ...Төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр АШИД БИЛГҮҮН ХХК-ийг томилж үнэлгээ тогтоосон нь хууль зөрчөөгүй байн /хх-53-30, 78/ гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтанд үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, хууль буруу тайлбарласан гэж үзэж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтад үүрэг гүйцэтгэгч Экас интернэшнл ХХК, үүрэг гүйцэтгүүлэгч Капитал банк ХХК, өмчлөгч Ж.Жаргалмаа болон бусад өмчлөгч нарыг хооронд нь харилцан тохиролцуулах ажиллагаа хийсэн талаарх нотлох баримт байхгүй, шийдвэр гүйцэтгэгч нь өмчлөгч нарын үнийн санал гаргах эрхийг хязгаарлаж, үнийн санал аваагүй шууд л шинжээч томилж үнэлгээчний тогтоосон үнээр дуудлага худалдаа явуулахыг мэдэгдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ж.Жаргалмаагийн нөхөр нэг өмчлөгч О.Гансүх хүнд өвчтэй, Ж.Жаргалмаа түүнийг эмнэлэгт сахиж байсан бөгөөд бусад өмчлөгч нар болох Г.Тулга, Г.Тамир нар Япон улсад байдаг, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч мэдэж байсан. Өөрөөр хэлбэл өмчлөгч нар харилцан тохиролцох боломжгүй, үнийн санал авах талаар ч өмчлөгч нарт мэдэгдээгүй байдаг. Гэтэл үүнийг харилцан тохиролцоонд хүрч чадаагүй гэж шинжээчээр үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж, нотлох баримтанд үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгч, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Жаргалмаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тэдгээрийн гаргаж өгсөн хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, эрх зүйн маргааныг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн гэж үзлээ.

 .... үнийн санал авч, харилцан тохиролцуулах ажиллагаа хийсэн баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэг шийдвэрлэсэн... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлын хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Экас интернэшнл ХХК-нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.18-ны өдрийн 182/ШШ2018/02516 дугаар шүүгчийн захирамжаар Капитал банк ХХК-д 347,904,045 төгрөг төлөх үүрэг бүхий төлбөр төлөгч тал байна. Уг захирамжид төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны 6 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ. (хх-43-44.) 

 Эдгээр барьцааны хөрөнгийн нэг нь нэхэмжлэгч Ж.Жаргалмаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 45 дугаар байр, 28 тоотод байрлах 116 м.кв талбайтай 4 өрөө орон сууц мөн байна. 

 Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэх бөгөөд уг баримт бичгүүдийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхэлнэ.

 Албадан гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх ба иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заажээ.

 Төлбөр төлөгч Экас интернэшнл ХХК-ийн хувьд төлбөрийг сайн дураараа төлж барагдуулаагүй тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан эхлүүлснийг тус компанийн захирал Ж. Жаргалсайханд мэдэгдэж, улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох нэхэмжлэгч Ж.Жаргалмаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 45 дугаар байр, 28 тоотод байрлах 116 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураасан тогтоолыг үйлджээ. (хх-45-48)

 Энэ ажиллагааны мэдэгдэл болон орон сууцны өмчлөгч Ж.Жаргалмаа, бусад өмчлөгчөөс үнийн санал авах талаарх, мөн шинжээчийн тогтоосон үнэлгээг мэдэгдсэн тухай шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас явуулсан ажиллагааны баримтууд хэргийн 5, 28, 49, 88 дугаар талуудад авагджээ.

Хариуцагч байгууллагаас явуулсан дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5, 14.6-д заасан шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах, баталгаат шуудангаар хүргүүлэх, мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн байхгүй тохиолдолд хамт амьдардаг 18 нас хүрсэн этгээдэд хүлээлгэн өгөх, хуулийн этгээдийн мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтанд эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдэд гардуулан өгч гарын үсэг зуруулах гэснийг зөрчөөгүй байна.

 Хэргийн дээрх баримтаас үзэхэд барьцааны хөрөнгийг битүүмжлэн хураах ажиллагааг болон өмчлөгчөөс үнийн санал авах, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг томилсон тухай 2019.11.07-ны өдрийн 10/25 тоот тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг 194,222,770 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг тухай бүрт нь төлбөр төлөгч, өмчлөгч нарт хуульд заасан хэлбэрээр мэдэгдэж байсан байх тул үнийн санал аваагүй, харилцан тохиролцоогүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 Иймд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь өмчлөгчдийн хуулиар олгосон эрхийн зөрчөөгүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00187 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 542 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч талын хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ