Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01864

 

 “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00291 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.А, С.М, Д.А нарт холбогдох

 

Гэрээний үүргийг хариуцах этгээдээр тогтоолгож, гэрээний үүрэгт хариуцагч нараас 491 747.81 ам доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, өмгөөлөгч С.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С нь Чтай 2007 оны 5 сарын 31-ний өдөр 0142/01/СС-2007 тоот зээлийн гэрээ байгуулж,  2008 оны 2 сарын 28-ны болон 2009 оны 11 сарын 13-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээгээр 2007 оны 6 сарын 11-ээс 2010 оны 2 сарын 10-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн олголтоор 500 000 ам долларыг 10 жилийн хугацаатай, жилийн 4,8 хувийн хүүтэй олгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  Хан-Уул дүүрэг, 11 хороо, Роял грийн вилла /17027/ Зайсангийн тойруу 62/4 байрны А2-506, 606 тоот зоорийн давхрын 26, 27 тоот хаягтай сууцыг барьцаалж, улсын бүртгэлд зохих бүртгэлийг хийлгэсэн. Зээлдэгч Ч.С нь 2010 оны 6 сарын 09-ний өдөр нас барсан. Гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон,   зээлд 8 682.72, хүүд 46 277 нийт 54 959.72 ам доллар төлөгдсөн. Одоо зээл 491 317.28, хүү 43 053, нийт 491 747.81 ам доллар үлдээд байна. Нотариатчдын танхимын лавлагаагаар өв хүлээн авах хүсэлтийг С. А, С.М нар 2010 онд гаргаж байсан нь гарын үсгийн бүртгэлд бүртгэгджээ. Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэж дуусалгүй өдийг хүргэсэн, нас барагчийн үүргийг хариуцах этгээд тодорхой бус байна. Өнгөрсөн хугацаанд зээл, барьцааны үүргийн талаар зээлдэгчийн эхнэр Ат удаа дараа мэдээлэл, шаардлага хүргүүлсэн. Иймд Ч.С Чны хооронд 2007 оны 5 сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний /2008 оны 2 сарын 28-ны болон 2009 оны 11 сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан/ үүргийг хариуцах этгээдээр С.А, С.М, Д.А нарыг тогтоож, гэрээний үүрэг 491,747.81 ам долларыг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

Зээлийн гэрээний хугацаа 2016 онд дуусаагүй байсан. Тухайн үед хариуцагч нарын нотариатад гаргасан өвлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг үндэслээд мэдэгдэл хүргүүлж байсан. Тус мэдэгдэлд тухайн үеийн зээл,  хүүг тооцож гаргасан мөнгөн дүнг хариуцагч тус бүрээс нэхэмжилсэн. Нэхэмжлэлд зөрүүтэй байгаа учир нь нэхэмжлэлдээ өнөөдрийг хүртэлх хүүгээр нь тооцож нэхэмжилсэн тул мөнгөн дүн өөрчлөгдсөн. Д.А нь талийгаачийн эхнэр нь мөн эсэх нь тодорхойгүй ч нотариатчийн танхимд эхнэр нь гэж хүсэлт гаргасан байсан тул банк түүнийг хариуцагчаар татсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Зээлдэгч нь 2010 оны 6 сарын 09-ний өдөр нас барсан. Хамтран амьдрагч Д.А нь түүний төрсөн хүү насанд хүрээгүй С.Аыг төлөөлж барьцааны эд хөрөнгийг өвлөж авах хүсэлтийг тойргийн нотариатчид гаргасан ч  одоо хүртэл өвлөгчөөр бүртгээгүй. Хүсэлт гаргаснаар дээрх хүмүүсийг өв хүлээн авсан гэж ойлгож болохгүй. Нас барагчийн хөрөнгийг  аав, ээж нь өвлөж авсан. Талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага хариуцагч нарт гаргах ёстой байсан нь Иргэний хуулийн 536.2-т зааснаас тодорхой харагдана. Гэтэл энэ хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй байж 2017 оны 10 сарын 12-ны өдөр гаргасан нь гэрээний хугацаа дууссаны дараа гаргасан нэхэмжлэл гэж үзэх үндэслэлтэй.  Шаардах эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.С нь  зээлийн гэрээтэй хамт Улсын бүртгэлийн Ү-2206011961 дугаартай хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулжээ. Талийгаачийн эд хөрөнгөөс хууль ёсны дагуу ямар нэг хөрөнгө өвлөн хүлээн авч өвийн гэрчилгээ гаргаж аваагүй.

 

Харин Ч нь талийгаачийг нас барсны дараа зээл, барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлж, барьцааны гэрээнд Улсын бүртгэгчийн 6/2-03 дардсаар тэмдэглэгээ хийлгэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 жилийн дараа, зээлдэгчийг нас барснаас нь хойш 14 хоногийн дараа уг зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156.1, 162.1-д заасныг ноцтойгоор зөрчиж, мөн 56.1.8-д зааснаар уг гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд тайлбарлахдаа: Барьцааны гэрээг зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус барьцааны хөрөнгө нь зээлийн мөнгөөр баригдах нөхцөлтэй байсан. 2009 оны 10 сард үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гарч 2009 оны 11 дүгээр сард дахин барьцааны гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Тиймээс хүчин төгөлдөр эсэх дээр маргаан байхгүй. Талийгаачийг нас барсны дараа бид улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй. Амьд сэрүүн байхад нь хүсэлт гаргасан ч бүртгэлийн тэмдэг нас барснаас нь хойш дарагдсан үйл баримт нь биднээс шалтгаалаагүй улсын бүртгэлийн албан бичгийн ачаалалтай холбоотой гэж үзэж байна. Улсын бүртгэлийн лавлагаа хүчинтэй, хэрэгт авагдсан байгаа. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2, 451 дүгээр зүйлийн 451.1 -д заасныг баримтлан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцах этгээдээр Чимэдрэгзэнгийнхэн овогтой Сын А /РД:УХ06290651/, Тугч овогтой Сын М /РД:Ш385022160/ нарыг тогтоож, хариуцагч С.М, САын асран хамгаалагч Д.Ааас гэрээний үүрэгт 491.747,81 /дөрвөн зуун ерэн нэгэн мянга долоон зуун дөчин долоо/ ам доллар гаргуулан "Ч" ХХК-д /РД:2698072/ олгож, Д.Ат холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6 217 340 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 6 217 340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 7 456 050 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Хариуцагч нар өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу аваагүй байхад өвлөгч гэж үзэж шүүх шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Талийгаачийг нас барснаас хойш 8 жил өнгөрөөд байхад яагаад өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй талаар Хан-Уул дүүргийн тойргийн 146 дугаартай нотариатч С.Нээс тодруулж асуух шаардлагатай байх тул гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт үндэслэж хэт нэг талыг барьсан. Банк нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаагаа өөрөө алдсан энэ нь зээлдэгч зээлийн гэрээг 2007.05.31-ний өдөр байгуулсан, зээлдэгч 2010.06.23-ны өдөр нас барсан, хариуцагч нар өв хүлээн авах хүсэлтийг 2010.08.21, 2010.09.02-ны өдрүүдэд нотариатчд гаргасан байна. Иргэний хуулийн 536 дугаар зүйлд гомдлын шаардлага гаргах болон шүүхэд хандах хугацааг маш тодорхой заасан.  Хариуцагч нарын төлөөлөгчийн зүгээс хэрэг маргаанд ач холбогдолтой, хариуцагчийн зүгээс олж авах боломжгүй байсан тул "зээлдэгч нь өөрөө тус банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан, түүний тухайн үеийн хөдөлмөрийн болон контракт гэрээний хувийг, зээлийн гэрээнд даатгалын гэрээ байгуулах тухай заасан тул уг даатгалын гэрээний хуулбар хувийг эхэмжлэгч талаас гаргуулахаар хүссэн боловч шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

 

Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч "Ч" ХХК нь хариуцагч С.А, С.М, Д.А нарт холбогдуулан нас барагч Ч.Сын гэрээний үүргийг хариуцах этгээдээр тогтоолгох, гэрээний үүрэгт 491 747,81 ам доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан. Мөн “зээлийн гэрээний хамтаар хийгдсэн”, барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.  /хх-ийн 53, 90/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүйгээс хэргийн үйл баримт тогтоогдоогүй, хэргийн оролцогчийн тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх эрх зөрчигджээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг “гэрээний үүргийг хариуцах этгээдээр тогтоолгохоор” шаардсан бөгөөд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээхээр байна. Нас барагчийн үүргийг хариуцуулахын тулд өвлөгчдийн өвлөн авсан эд хөрөнгө, түүний хэмжээ тодорхой байх ёстой юм.

 

Хэрэгт талууд нас барагчийн зээлийн барьцаанд бариулсан гэх орон сууцыг хариуцагч нар өвлөж авсан эсэх, өвлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх асуудлаар маргасан.

 

Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрийн татгалзлыг нотлохоор нотариатч С.Нийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангахгүй орхисон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх-113-114/

 

Мөн хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй юм. Сөрөг нэхэмжлэлд “.., зээлийн гэрээ болон барьцааны гэрээг гэрээ байгуулснаас хойш 3 жилийн дараа, зээлдэгчийг нас барсанаас хойш 14 хоногийн дараа улсын бүртгэлд бүргүүлсэн нь хууль зөрчсөн” гэжээ.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үздэг. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга нь “бүртгэлийг хүчингүй болгуулах агуулгатай” эсэхийг тодруулах нь зүйтэй юм. Учир нь анхан шатны шүүхээс “.., улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчөөгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж шийдвэрлэжээ. /хх-123-126/

 

Мөн Ч ХХК, Ч.С нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд даатгал хийлгэх тухай заалт байх бөгөөд уг даатгалын гэрээ байгуулагдсан эсэх,даатгалын гэрээний хувийг нэхэмжлэгч талаас гаргуулах нь ач холбогдолтой юм.

 

Хэдийгээр зөвхөн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулах тохиролцоотой байсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байх боловч гэрээний хувийг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр гаргуулан авах нь гэрээний 11.5 дахь хэсэгт зааснаар ач холбогдолтой байж болох юм. Учир нь гэрээний 11.5 дахь хэсэгт зээлдүүлэгчийг давхар даатгуулагч тал ба зээлийн өр төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээгээр нөхөн олговор төлөгдөх үндсэн этгээд гэж нэрлэнэ” гэснээс үзэхэд уг даатгалын гэрээ хэрэгжсэн эсэх, даатгалын тохиолдлууд зэргийг нягталж үзэх эрх сонирхогч этгээдийн хувьд хариуцагч талд байх юм.

 

Шүүх хуралдаанаас гарч байгаа, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлттэй холбоотой захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар гарах бөгөөд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар захирамжид гомдол гаргаж болохоор байна. Гэтэл хэргийн 121-122 талд авагдсан захирамжид гомдол гаргах эрхгүй гэж зааснаараа хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж, талуудыг мэтгэлцэх боломжоор нь хангаж чадаагүй үндэслэлд хамаарч байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД