Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00134

 

“Чингис хаан банк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00291 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1864 дүгээр магадлалтай,

   “Чингис хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            C , C , Д  нарт холбогдох

        Гэрээний үүргийг хариуцах этгээдээр тогтоолгож, гэрээний үүрэгт хариуцагч нараас 491,747.81 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,         

           барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Сайнцогт нь “Чингис хаан банк”-тай 2007 оны 05 сарын 31-ний өдөр 0142/01/СС-2007 тоот зээлийн гэрээ байгуулж, 2008 оны 02 сарын 28-ны болон 2009 оны 11 сарын 13-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээгээр 2007 оны 06 сарын 11-нээс 2010 оны 02 сарын 10-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн олголтоор 500,000 ам.долларыг 10 жилийн хугацаатай, жилийн 4,8 хувийн хүүтэй олгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/ Зайсангийн тойруу 62/4 байрны А2-506, 606 тоот зоорийн давхрын 26, 27 тоот хаягтай сууцыг барьцаалж, улсын бүртгэлд зохих бүртгэлийг хийлгэсэн. Зээлдэгч Ч.Сайнцогт нь 2010 оны 06 сарын 09-ний өдөр нас барсан. Гэрээний хугацаа 2017 оны 05 сарын 31-ний өдөр дуусгавар болсон, зээлд 8682.72, хүүд 46,277 нийт 54,959.72 ам.доллар төлөгдсөн. Одоо зээл 491,317.28, хүү 43,053, нийт 491,747.81 ам.доллар үлдээд байна. Нотариатчдын танхимын лавлагаагаар өв хүлээн авах хүсэлтийг C , C  нар 2010 онд гаргаж байсан нь гарын үсгийн бүртгэлд бүртгэгджээ. Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэж дуусалгүй өдийг хүргэсэн, нас барагчийн үүргийг хариуцах этгээд тодорхой бус байна. Өнгөрсөн хугацаанд зээл, барьцааны үүргийн талаар зээлдэгчийн эхнэр Д т удаа дараа мэдээлэл, шаардлага хүргүүлсэн. Иймд Ч.Сайнцогт, “Чингис хаан” банкны хооронд 2007 оны 05 сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний /2008 оны 2 сарын 28-ны болон 2009 оны 11 сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан/ үүргийг хариуцах этгээдээр C , C , Д  нарыг тогтоож, гэрээний үүрэг 491,747.81 ам.долларыг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

            Зээлийн гэрээний хугацаа 2016 онд дуусаагүй байсан. Тухайн үед хариуцагч нарын нотариатад гаргасан өвлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг үндэслээд мэдэгдэл хүргүүлж байсан. Тус мэдэгдэлд тухайн үеийн зээл, хүүг тооцож гаргасан мөнгөн дүнг хариуцагч тус бүрээс нэхэмжилсэн. Нэхэмжлэлд зөрүүтэй байгаа учир нь нэхэмжлэлдээ өнөөдрийг хүртэлх хүүгээр нь тооцож нэхэмжилсэн тул мөнгөн дүн өөрчлөгдсөн. Д  нь талийгаачийн эхнэр мөн эсэх нь тодорхойгүй ч нотариатчийн танхимд эхнэр нь гэж хүсэлт гаргасан байсан тул банк түүнийг хариуцагчаар татсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэжээ. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч нь 2010 оны 06 сарын 09-ний өдөр нас барсан. Хамтран амьдрагч Д  нь түүний төрсөн хүү насанд хүрээгүй C ыг төлөөлж барьцааны эд хөрөнгийг өвлөж авах хүсэлтийг тойргийн нотариатчид гаргасан ч одоо хүртэл өвлөгчөөр бүртгээгүй. Хүсэлт гаргаснаар дээрх хүмүүсийг өв хүлээн авсан гэж ойлгож болохгүй. Нас барагчийн хөрөнгийг аав, ээж нь өвлөж авсан. Талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага хариуцагч нарт гаргах ёстой байсан нь Иргэний хуулийн 536.2-т зааснаас тодорхой харагдана. Гэтэл энэ хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй байж 2017 оны 10 сарын 12-ны өдөр гаргасан нь гэрээний хугацаа дууссаны дараа гаргасан нэхэмжлэл гэж үзэх үндэслэлтэй. Шаардах эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Сайнцогт нь зээлийн гэрээтэй хамт Улсын бүртгэлийн Ү-2206011961 дугаартай хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулжээ. Талийгаачийн эд хөрөнгөөс хууль ёсны дагуу ямар нэг хөрөнгө өвлөн хүлээн авч өвийн гэрчилгээ гаргаж аваагүй. Харин “Чингис хаан банк” нь талийгаачийг нас барсны дараа зээл, барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2010 оны 10 сарын 23-ны өдөр бүртгүүлж, барьцааны гэрээнд Улсын бүртгэгчийн 6/2-03 дардсаар тэмдэглэгээ хийлгэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 жилийн дараа, зээлдэгчийг нас барснаас нь хойш 14 хоногийн дараа уг зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156.1, 162.1-д заасныг ноцтойгоор зөрчиж, мөн 56.1.8-д зааснаар уг гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Барьцааны гэрээг зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2010 оны 06 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус барьцааны хөрөнгө нь зээлийн мөнгөөр баригдах нөхцөлтэй байсан. 2009 оны 10 сард үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гарч, 2009 оны 11 сард дахин барьцааны гэрээг байгуулж,  нотариатаар гэрчлүүлсэн. Тиймээс хүчин төгөлдөр эсэх дээр маргаан байхгүй. Талийгаачийг нас барсны дараа бид улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй. Амьд сэрүүн байхад нь хүсэлт гаргасан ч бүртгэлийн тэмдэг нас барснаас нь хойш дарагдсан үйл баримт нь биднээс шалтгаалаагүй улсын бүртгэлийн албан бичгийн ачаалалтай холбоотой гэж үзэж байна. Улсын бүртгэлийн лавлагаа хүчинтэй, хэрэгт авагдсан байгаа. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00291 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцах этгээдээр Чимэдрэгзэнгийнхэн овогтой Сайнцогтын Ананд /РД:УХ06290651/, Тугч овогтой Сайнцогтын Мөнхномин /РД:Ш385022160/ нарыг тогтоож, хариуцагч C , C ын асран хамгаалагч Д аас гэрээний үүрэгт 491,747.81 ам.доллар гаргуулан "Чингис хаан банк" ХХК-д олгож, Д т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6,217,340 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 6,217,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 7,456,050 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1864 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1864 тоот магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Бидний үзэж байгаагаар уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Гэтэл Нийслэлийн шүүх дээрх шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Магадлал дараах зүйлсийг үндэслэл болгосон байна. Үүнд: Нотариатч С.Наранцэцэгийг гэрчээр асуух хүсэлтийг хангаагүй. Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай. Даатгалын гэрээ хийгдсэн эсэх, даатгалын гэрээний хувийг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлтийг хангаагүй. Нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэр нь ИХШХШТХуулийн 105, 38.9-д заасны дагуу гарах хүсэлт бөгөөд мөн хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл гомдол гаргах эрхгүйгээр захирамжилсан нь буруу. Магадлалын үндэслэл болгосон дээрх асуудлууд нь анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хуулийн дагуу, шударгаар шийдвэрлэгдсэн, дахин хэлэлцэх шаардлагагүй асуудлууд болно. Тухайлж үзвэл:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан Хан-Уул дүүргийн тойргийн 146 дугаартай нотариатч С.Наранцэцэгийг гэрчээр асууж, яагаад өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй тухай тодруулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтээ тайлбарлахдаа өвийн асуудлаар өв залгамжлагч нарын хооронд маргаан үүссэн байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй, энэ талаар нотариатчаас тодруулах шаардлагатай гэсэн байдаг. Анхан шатны шүүх маргаан байгаа эсэх баримтыг хариуцагч нарын төлөөлөгчөөс асуусан боловч шүүхэд ирүүлээгүй, мөн ямар маргаан хэний хооронд болж байгаа талаар тайлбарлаж чаддаггүй. Түүнчлэн гэрчээс асуух зүйлс нь тодорхой бус, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Учир нь өвийн асуудлаар маргаан байсан бол хариуцагч нар буюу өв хүлээн авах хүсэлтийг гаргагч нар энэ талаар өөрсдөө мэдэх, тайлбарлах боломжтой. Түүнчлэн нотариатын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд энэ талаар тусгагдсан байх ёстой. Гэтэл хариуцагч нар нь өөрсдөө өвийнхөө талаар ямар маргаан байгаа эсэх талаар тайлбар хийлгүйгээр зөвхөн өвлөх хүсэлт бүртгэсэн нотариатчаас энэ талаар лавлуулахаар хүсэлт гаргасан байдаг. Хариуцагч нар нь өвийн хүсэлт гаргасан этгээдүүдийн хувиар нотариатчаас тайлбар авах бүрэн боломжтой юм. Тиймээс тухайн хүсэлтийг шүүгч хангаагүй нь үндэслэлтэй. Хариуцагч хангалгүй орхисон захирамжид гомдол гаргаагүй. Өвийн асуудлаар нотариатчдын нэгдсэн бүртгэлд бусад өвлөгчийн талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь тийм маргаан байхгүй гэдгийг хангалттай гэрчилж байгаа баримт болно.

Магадлалд "Нас барагчийн үүргийг хариуцуулахын тулд өвлөгчдийн өвлөн авсан эд хөрөнгө, түүний хэмжээ тодорхой байх ёстой" гэжээ. Зээлдэгчийг нас барснаас хойш 8 жилийн хугацаа өнгөрсөн ч хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасан талууд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй байна. Тиймээс тэдгээрийг хуулийн дагуу өвлөгч мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хангаж шийдсэнийг буруутгах зүйл байхгүй. Өвийн мэдээллийн сангийн лавлагаагаар зөвхөн хариуцагч нар өвлөгч бөгөөд өөр өвлөгч байхгүй нь тодорхой харагддаг.

2. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ барьцаалуулагчийн нас барснаас хойш 14 хоногийн дараа барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 162 дугаар зүйлийн 162.1 дэх заалтуудыг зөрчиж байгаа тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэж үндэслэл, шаардлагаа тодорхой заажээ. Шүүх хуралдааны явцад ч байр суурь нь өөрчлөгдөөгүй. Хариуцагч гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхой зааж мэтгэлцсэн. Энэ талаар мөн анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой тусгагджээ. Хэрэв давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар "бүртгэлийг хүчингүй болгуулах" агуулгатай байсан бол тийм шаардлагыг барьцаалагч зээлдэгчийн эсрэг гаргах боломжгүй. Тухайн шүүх шийдвэрлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тухайн шүүхийн харьяаллын бус маргаан мөн үү гэдгийг хариуцагчаас асуух шаардлага анхан шатны шүүхэд байгаагүй, асуусан байлаа ч хариуцагчийн төлөөлөгч уг асуултад "бүртгэлийг хүчингүй болгуулах" агуулгатай гэж шаардлагаа өөрчилж, харьяаллын асуудлаар нэхэмжлэлээ хэрэгсэхгүй болгуулахгүй нь ойлгомжтой гэж үзэж байна.

3. Зээлдэгч агсан Ч.Сайнцогтын барьцаа хөрөнгө болох орон сууцны даатгалын гэрээ нь тус хэрэг хянан шийдвэрлэхэд ямар нэг ач холбогдолгүй юм. Даатгалын гэрээ нь үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн /галын, байгалийн, цахилгааны, эрчим хүчний хэлбэлзлийн, ус чийгний нөлөөллийн/ эрсдэлээс даатгуулах үүргийг зээлдэгчид хүлээлгэсэн ба энэ нь мөн зээлийн төлбөр тооцоонд хамааралгүй, гагцхүү барьцаа хөрөнгийг бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудал болно. /Зээлийн гэрээний 11.5/. Барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлын талаар ямар нэг маргаан үүсээгүй. Тэгээд ч барьцаа хөрөнгийг даатгуулах үүрэг нь зээлдэгчид байсан ба хэрэв тийм гэрээ байгаа бол зээлдэгч, даатгуулагч нарт байх ёстой. Тиймээс эдгээр асуудлууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Тэгээд ч Чингис хаан банканд байгаа уг зээлийн хувийн хэрэгт тийм даатгалын гэрээ байхгүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааны явцад хэлсэн болно.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шүүх хуралдаанаас өмнө гаргасан хүсэлтүүд байдаг. Энэ талаар магадлалын 5 дахь хуудсанд мөн дурджээ. Харин шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдсан зүйл байгаагүй болно. Тиймээс хариуцагчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг үндэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Тэгээд ч хэрэв тийм алдаатай захирамж гарсан гэж хариуцагч талын төлөөлөгч үзсэн бол ИХШХШТХуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргах, эсхүл 170 дугаар зүйлд заасны дагуу ч гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Тийм гомдлууд гаргаж байгаагүй болно. Дээрхээс үзвэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болох нь тодорхой байна. Энэхүү зээлийн маргааныг ерөнхийд нь авч үзвэл хариуцагч нар зээлдэгчийн өв хөрөнгө болох орон сууц, гараашийг өвлөх хүсэлтийг гаргасан, одоо ч түүнд амьдарсаар байгаа. Өөр тийм хүсэлт гаргасан этгээд байдаггүй. Ч.Сайнцогт агсны өв хөрөнгийн талаар ямар нэг маргаан, нотариатын бүртгэл байдаггүй. Тиймээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвийг хүлээн авсанд тооцогдох ёстой. Хариуцагч Д  өвөөс татгалзсан, C , C  нар өвөөс татгалзаагүй болох нь шүүх хуралдааны явцад хариуцагчийн тайлбараас тодорхой болсон. Тиймээс C , C  нарыг өвлүүлэгчийн үүргийг хариуцах этгээдээр тогтоосон нь үндэслэлтэй байна. Тухайн орон сууц, гараашийг 100 хувь Чингис хаан банкны зээлийн хөрөнгөөр захиалж бариулсан. Хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээ, гэрээний үүргийн талаар маргаан байхгүй, харин барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон ба энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй. Тиймээс хөрөнгийн талаар болон үүргийн талаар маргаан байхгүй байна. Нэгэнт 100 хувь нэхэмжлэгчийн хөрөнгөөр бий болсон хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн үндэслэлтэй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1864 тоот магадлалыг хүчингүй болгож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/00291 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК нь хариуцагч C , C , Д  нарт холбогдуулан гэрээний үүргийг хариуцах этгээдээр тогтоолгох, гэрээний үүрэгт хариуцагч нараас 491,747.81 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  зээлийн гэрээний хамт хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

“Чингис хаан банк” ХХК нь тус банкинд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Сайнцогттой  байгуулсан 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 0142/01/СС-2007 дугаар зээлийн гэрээгээр 250,000.00 ам.долларыг 120 сарын хугацаатай, жилийн 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зээлийн дүнг өсгөж, хугацааг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж тодорхойлон, зээлийг  хавсралтад зааснаар төлөхөөр гэрээнд нэмэлт оруулсан, 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлдэгчийн иргэний үнэмлэхийн дугаарт өөрчлөлт орсныг тусгасан, гэрээний дагуу 500,000.00 ам.долларыг шилжүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн харилцаа үүссэн байна.

Дээрх зээлийн гэрээний талууд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Роял грийн вилла” /17027/ Зайсангийн тойруу 62/4 байрны А2-506, 606 тоот орон сууц, зоорийн давхрын 26, 27 дугаар авто зогсоолын хамт нийт 365 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, 2010 оны 06 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд барьцааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгө нь зээлдэгчийн авсан зээлийн хөрөнгөөр бий болжээ.

Зээлдэгч Ч.Сайнцогт нь 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, тэрээр үндсэн зээлд 8,682.72 ам.доллар, хүү 46,277.00 ам.доллар, нийт 54,959.72 ам.долларыг төлсөн байжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч.Сайнцогтын буюу өвлүүлэгчийн өмчлөлийн Ү-2206011961 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг өвлөн авахаар өвлөгч C ыг төлөөлж түүний эх Д  нь 2010 оны 8 сарын 21-ний өдөр, өвлөгч C  нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус тус нотариатад хүсэлт гаргаж байсан, зээлдэгч Ч.Сайнцогтын өвтэй холбоотой ямар нэгэн маргаан үүсч байгаагүй, зээлдэгчийг нас барснаас хойш зээлийн гэрээний барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Роял грийн вилла” /17027/ Зайсангийн тойруу 62/4 байрны А2-506, 606 тоот орон сууц, зоорийн давхрын 26, 27 дугаар авто зогсоолын хамт нийт 365 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчээс авсан зээлийн хөрөнгөөр бий болсон тухайд хариуцагч маргаагүй, тэрээр Ч.Сайнцогтыг нас барснаас хойш зээлийн төлбөрөөс төлж байгаагүй ч уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Ч.Сайнцогт нь зээл авч, зээлээр бий болох эд хөрөнгийг барьцаалахаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнүүдэд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийг эзэмшиж, ашиглаж буй өвлөгч нараас шаардах эрхтэй юм.

 Зээлдэгч Ч.Сайнцогт нас барснаар гэрээний дагуу төлөх хүүний төлбөр зогссон байх бөгөөд түүний үүргийг хариуцах этгээдээр C , C  нарыг тогтоож, хариуцагч C  болон C ын асран хамгаалагч Д  нараас гэрээний үүрэгт үндсэн зээл 491,317.28 ам.доллар, хүү 46,277.00 ам.доллар, нийт 491,747.81 ам.доллар гаргуулан “Чингис хаан банк” ХХК-д олгож, хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 515 дугаар зүйлийн 515.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна. 

C  нь иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд тул хууль ёсны асран хамгаалагч эх Д  үүргийг хариуцах талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэл болгосон нь зөв юм.

Түүнчлэн "Чингис хаан банк” ХХК хүсэлт гаргаснаар Монголын нотариатын танхим 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр өвлөгч нар барьцааны эд хөрөнгийг өвлөн авсан талаар лавлагаа гаргаж, C  болон C ын хууль ёсны төлөөлөгч Д  нар 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гомдлын шаардлага гаргасан,  2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан  байх тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.        

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ”...барьцааны гэрээг банк зээлийн болон барьцааны гэрээ байгуулснаас хойш 3 жил, зээлдэгчийг нас барснаас хойш 14 хоногийн дараа улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээнд тэмдэглэгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 156.1, 162.1-д заасныг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлийн гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор, зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр бий болсон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/ Зайсангийн тойруу 62/4 байрны А2-506, 606 тоот орон сууц, зоорийн давхрын 26, 27 дугаар авто зогсоолын хамт нийт 365 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн, 2010 оны 06 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 182 дугаар зүйлийн 182.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.1, 12.3-т заасныг зөрчөөгүй тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн  илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд  Ч.Сайнцогт нь зээл авч, зээлийн хөрөнгөөр бий болох эд хөрөнгийг барьцаалахаар хүсэл зоригоо илэрхийлж гэрээнүүдэд гарын үсэг зурсан, энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүйгээс хэргийн үйл баримт тогтоогдоогүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж буруутган хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцсэнгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний үүргийг хариуцах этгээдээр тогтоолгохоор шаардсан бөгөөд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээхээр байна. Нас барагчийн үүргийг хариуцуулахын тулд өвлөгчдийн өвлөн авсан эд хөрөнгө, түүний хэмжээ тодорхой байх ёстой юм.

Хэрэгт талууд нас барагчийн зээлийн барьцаанд бариулсан гэх орон сууцыг хариуцагч нар өвлөж авсан эсэх, өвлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх асуудлаар маргасан.

Хариуцагч тал нотариатч С.Наранцэцэгийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангахгүй орхисон нь буруу гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна. 

Хэрэгт авагдсан 2016 оны 02 сарын 03-ны өдөр Монголын Нотариатчдын Танхимын 85 тоот албан бичгээр хүргүүлсэн лавлагааны хариу гэсэн баримтад 2010 оны 06 сарын 09-ний өдөр нас барсан Чимидийн Сайнцогтын өмчлөлийн ...орон сууц, ...зогсоолыг Хүү Сайнцогтын Анандыг төлөөлж эхнэр Д , охин Сайнцогтын Мөнхномин нар өв хүлээн авах хүсэлт гаргасныг ...нотариатч С.Наранцэцэг 2010 оны 08 сарын 21-ний өдөр 654 дугаарт, 2010 оны 09 сарын 02-ны өдөр 685 дугаарт тус тус бүртгэж, гэрчилсэн гээд дээрх эд хөрөнгөтэй холбоотой бусад мэдээлэл, түүний хууль ёсны өв залгамжлагчдаас өв хүлээн авах, эсхүл татгалзсан хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон талаарх мэдээлэл Танхимын Өвийн нэгдсэн бүртгэлд байхгүй гэсэн байна. /I-хх-10/

Түүнчлэн Ч.Сайнцогтыг нас барсан 2010 оны 06 сарын 09-ний өдрөөс хойш өвийн асуудлаар өөр маргаан үүссэн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн төлөөлөгч “...бусад эд хөрөнгийг талийгаачийн ээж, аав авсан” гэсэн тайлбар гаргасан, хариуцагч нарын өвлөхөөр хүсэлт гаргасан үл хөдлөх эд хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байгаа зэргээс дүгнэхэд “...С.Наранцэцэгийг гэрчээр асуулгах хүсэлт”-ийг хангахгүй орхисон анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлд “...барьцаалуулагчийг нас барснаас хойш 14 хоногийн дараа барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 162 дугаар зүйлийн 162.1 дэх заалтуудыг зөрчсөн, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шаардлага гаргаж, мэтгэлцсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул “...сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

“Чингис хаан банк” ХХК, Ч.Сайнцогт нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд даатгал хийлгэх тухай заалт байх бөгөөд уг даатгалын гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоох,  даатгалын гэрээний хувийг нэхэмжлэгч талаас гаргуулах нь ач холбогдолтой гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт хамааралгүй юм.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан зээлийн гэрээний 11.5-д заасан нөхцөл нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн эрсдэлийг даатгуулах тухай заалт байх бөгөөд барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлын талаар ямар нэг маргаан үүсээгүй, ...зээлдэгч даатгуулах үүрэгтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч даатгалын гэрээ байхгүй тухай тайлбар гаргасан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцааны зүйлийг нэрлэн заагаагүй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэрт нэмэлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1864 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00291 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Роял грийн вилла” /17027/ Зайсангийн тойруу 62/4 байрны А2-506, 606 тоот орон сууц, 26, 27 тоот авто зогсоолын хамт нийт 365 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 6,217,340.00  /зургаан сая хоёр зуун арван долоон мянга гурван зуун дөч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН