Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2018/02375

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр    Дугаар 182/ШШ2018/02375                Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоотод байрлах, дугаар регистртэй, “Ө” ХХН-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, байрлах, дугаар регистртэй, “МЦХ” ХК холбогдох

 

11.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

                                                                                                 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“МЦХ” ХК-тай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, “Ж” ХХК-иас авах утасны гадаад ярианы харилцан холболтын төлбөр болох 386.149.885 төгрөг гаргуулах иргэний хэрэг дээр өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ажиллах, тус компани нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувиар тооцож ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн. “Ө” ХХН нь гэрээ байгуулагдсанаас эхлэн 2016 оны 05 дугаар cap хүртэл “МЦХ” ХК-ийн удирдах болон техникийн албаны хүмүүстэй уулзаж, хэргийн талаар санал солилцож, нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэлийн төсөл боловсруулах, Харилцаа холбооны зохицуулах газраас лавлагаа авах зэргээр хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүхэд нэхэмжлэл гарган анхан шатны шүүх хуралдаан, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Үйлчилгээний ямар нэг хөлс аваагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа ажлын хөлсөө авах тохиролцоотой байсан. Гэтэл гэрээт ажил дуусаагүй байхад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компаниас гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн. Нэгэнт гэрээг цуцалж байгаа бол хийсэн ажлын хөлсөө тооцож авахаар албан бичгээр мэдэгдэж өөрсдийн хийсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний тайлбар, цагийн тооцоог дэлгэрэнгүй гаргаж хүргүүлсэн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэг адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэг адил үйлчилнэ” гэж заасан байна. Гэтэл тус компани гэрээ цуцалснаар хуулийн нөхөрлөлийн өмнө нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдсан гэж бодохгүй байна. Тиймээс гэрээний дагуу авсан өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээнийхээ хөлсийг тус компани төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар эгүүлж өгөх боломжгүй” гэсэн тохиолдлыг багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний өмнөх гүйцэтгэл ач холбогдлоо алдсан гэж тооцсон ч тус компани өмгөөлөл, хууль зүйн туслалцааны ажил, үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй байна. Бид гүйцэтгэсэн ажлаа цагаар тооцож 100 цаг зарцуулсан. 1 цагийн ажлын хөлсийг жишиг үнээр тооцож 100.000 төгрөгөөр тооцсон. Иймээс “МЦХ” ХК-иас нийт 11.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ө” ХХН-тэй 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 139 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр “МЦХ” ХК нь “Ж” ХХК-ийн сүлжээнээс 2014 оны 06, 07 дугаар саруудад гарсан ярианы төлбөр тооцоог барагдуулахтай холбоотой иргэний хэрэг болон түүнтэй холбогдон гарах бүхий л хууль, эрх зүйн асуудлаар өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах, “Ө” ХХН нь өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, гэрээнд заасны дагуу хөлс авахаар тохиролцсон. Тус гэрээний 2.1-т энэхүү гэрээгээр гүйцэтгэх үйлчилгээний нийт ажлын хөлс нь нэхэмжлэлийн дагуу шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүнгийн 10 хувь байхаар харилцан тохиролцсон. 2.2-т Үйлчлүүлэгч нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсийг тооцож, Худалдаа хөгжлийн банк дахь “Ө” ХХН-ийн 499223466 дугаартай төгрөгийн дансанд даруй шилжүүлнэ гэж тохиролцсон байдаг. Дээрх дурдсан маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2018/00471 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхой илэрхийлсэн албан ёсны байр суурийг хүлээн аваагүй, хэргийн явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй “МЦХ”ХК-ийн гүйцэтгэх удирдлагад мэдэгдээгүй байсаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан болж мөн шүүхийн 101/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.732.811.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч нь хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлээгүй, гэрээнд заасан үүргээ мөн зөрчсөн учир үйлчлүүлэгч нь гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1а/336 дугаар албан бичгээр гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн. “МЦХ” ХК нь “Ө” ХХН-ийг өмгөөлөгчөөр авахаар гэрээ байгуулсан үндэслэл нь хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “МЦХ” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо мэргэжлийн мэргэшсэн өмгөөллөөр хамгаалуулах зорилготой байсан. Гэтэл өмгөөлөгч нь тус компанийн эрх бүхий албан тушаалтанд хэргийн явц байдлын талаар огт танилцуулаагүй, анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт хангалтгүй бүрдүүлж өгснөөс болж хэрэг маргаан өдий хүртэл шийдвэрлэгдэхгүй сунжирч байна. Хэрэв “Ө” ХХН нь энэ маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх боломж байгаа гэж гэрээ байгуулан нэхэмжлэл гаргаж байнгын харилцагч “Ж” ХХК-тай өөр байдлаар бизнесийн журмаар тохиролцон асуудлыг шийдвэрлэж өнөөдөр нэг том харилцагчаа алдаагүй байх байсан. Харин ч буруу зөвлөгөө өгч шүүхэд нэхэмжлэл гарган харилцагчаа алдах, бизнесийн зах зээлд нэр хүндгүй болох асуудал үүссэн учир гэрээгээ цуцалсан. Түүнчлэн ажлын хөлс нэхэмжлэхдээ 100 цагийн ажил хийсэн, нэг цагийн хөлс нь 100.000 төгрөг гэж тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 100 цаг гэж тооцсон нь бодит бус хэн нэгэн этгээд зохиож гаргасан мэт хэлбэрийн төдий байгаа бөгөөд талууд нэг цагийн ажлын хөлсийг 100.000 төгрөг байх талаар огт тохироогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Ө” ХХН нь хариуцагч “МЦХ” ХК-иас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 100 цаг ажилласан ажлын хөлс 1 цагийн 100.000 төгрөгийн жишиг үнийг үндэслэн нийт 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.6, 4.7, заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, гэрээгээр гүйцэтгэх үйлчилгээний ажлын хөлс нь нэхэмжлэлийн дагуу шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүнгийн 10 хувь байхаар харилцан тохиролцсон. 1 цаг 100.000 төгрөгийн жишиг үнийг үндэслэн 11.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч “Ө” ХХН нь хариуцагч “МЦХ” ХК нар харилцан тохиролцож иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан байна./хавтаст хэргийн 7-9 тал/

 

Уг гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байх ба хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Зохигчид уг гэрээгээр “Ж” ХХК-ийн сүлжээнээс 2014 оны 6,7 дугаар саруудад гарсан ярианы төлбөр тооцоог барагдуулахтай холбоотой иргэний хэрэг болон түүнтэй холбогдон гарах бүхий л хууль, эрх зүйн асуудлаар өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч буюу “Ө ХХН” нь өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, ажлын хөлсийг хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэлийн дагуу шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүнгийн 10 хувь байхаар тооцож тохиролцжээ. Талууд гэрээ байгуулсан болон гэрээгээр ажлын хөлс тохиролцсон тухайд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээгээр ажлын хөлсийг нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувиар тооцож төлөхөөр тохирсон хэдий ч “МЦХ” ХК нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцалсан тул бид хийж гүйцэтгэсэн ажлаа цагаар тооцож 100 цаг зарцуулсан, 1 цагийн ажлын хөлсийг жишиг үнээр тооцож 100.000 төгрөгөөр тооцон нийт 11.000.000 төгрөгийг шаардсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ...”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ өөрсдөө биелүүлэх учиртай.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан нотлох баримтаар “Ө ХХН”-ийн 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай нэхэмжлэх хүргүүлэх тухай /хавтас хэргийн 16-18 тал/,  

“Ө ХХН”-ийн товч танилцуулга/хавтаст хэргийн 59-67 тал/,

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0141 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай Монгол улсын Шүүхийн Ёс зүйн хорооны магадлал, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  дугаартай Монгол улсын Шүүхийн Ёс зүйн хорооны тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00471 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 001/ХТ2018/00839 дугаартай Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/00168 дугаартай Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 884 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2016 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 001/ХТ2016/00863 дугаартай Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 4099 дугаартай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэр, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1267 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1011 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол зэргийг гаргажээ.

 

Дээрхи нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 100 цаг ажилласан гэж үзэх боломжгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                             

   ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч “МЦХ” ХК-д холбогдуулан 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Ө” ХХН нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.ДАВААСҮРЭН