Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/2018/00735

 

 

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/00735

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...  тоотод оршин суух, Л.Б /..../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... тоотод оршин суух, У.Б /.../-д холбогдох

27-98 УБМ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д  /ҮД:2213/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Л.Б ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 5 сарын 01-ний өдөр хариуцагч У.Б-тай  худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2011 онд үйлдвэрлэгдсэн УБМ 27-98 улсын дугаартай Ниссан Патрол маркын автомашиныг худалдаж авч, 40 000 000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Үүний дараа автомашинаа авья гэхэд автомашин Өмнөговь аймагт байгаа ирэхээр нь өгнө гэсээр өгөхгүй 2017 оны 11 сар хүргэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч У.Б гээс УБМ27-98 улсын дугаартай Ниссан Патрол автомашиныг гаргуулах хүсэлтэй байна. Талуудын хооронд 2017 оны 5 сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад автомашин өгч авахаар тохирсон. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч өөрийн өмчлөл эзэмшилд автомашиныг аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээр маргааныг хэлэлцэж байх үед нэхэмжлэгчийн зүгээс уг автомашиныг битүүмжлүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангасан. Тухайн үед автомашин байхгүй гэсэн асуудал яригдсан боловч автомашин замын хөдөлгөөнд оролцоод хариуцагч унаж ашиглаж байсан талаар баримтыг шүүх хуралдаанд өгсөн ба энэ баримт хэрэгт байгаа. Одо маргааны зүйл болсон автомашин хэвийн ажиллагаатай замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа. Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу уг автомашиныг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч У.Б-д  холбогдуулан 27-98 УБМ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Талуудын хооронд 2017 оны 5 сарын 01-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр У.Б  нь өөрийн өмчлөлийн 27-98 УБМ улсын дугаартай, JN1TANY62Z0000457 тоот арлын дугаартай Nissan Patrol маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй, суудлын автомашиныг баримт бичгийн хамт худалдан авагч Л.Б ийн өмчлөлд шилжүүлэх, Л.Б  нь автомашины үнэнд 40 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Л.Б  нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлж, хариуцагч У.Б-д  машины үнэ 40 000 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр бэлнээр өгсөн болох нь гэрээний 2.2-д төлбөрийг бүрэн төлж дууссан. гэснээр тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч У.Б  нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Б гээс 27-98 УБМ улсын дугаартай, JN1TANY62Z0000457 тоот арлын дугаартай Nissan Patrol маркийн автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б гээс улсын тэмдэгтийн хураамжинд 357 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ