Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1160

 

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00735 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.Б-д холбогдох

 

27-98 УБМ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч У.Б-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2011 онд үйлдвэрлэгдсэн УБМ 27-98 улсын дугаартай Ниссан Патрол маркийн автомашиныг худалдаж авч, 40 000 000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Үүний дараа автомашинаа авья гэхэд автомашин Өмнөговь аймагт байгаа ирэхээр нь өгнө гэсээр өгөхгүй 2017 оны 11 сар хүргэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч У.Б-ээс УБМ27-98 улсын дугаартай Ниссан Патрол автомашиныг гаргуулах хүсэлтэй байна. Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж автомашин худалдахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч өөрийн өмчлөл эзэмшилд автомашиныг аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээр маргааныг хэлэлцэж байх үед нэхэмжлэгчийн зүгээс уг автомашиныг битүүмжлүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангасан. Тухайн үед автомашин байхгүй гэсэн асуудал яригдсан боловч автомашин замын хөдөлгөөнд оролцоод хариуцагч унаж ашиглаж байсан талаар баримтыг шүүх хуралдаанд өгсөн ба энэ баримт хэрэгт байгаа. Одоо маргааны зүйл болсон автомашин хэвийн ажиллагаатай замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа. Иймд худалдах-худалдан авах гэрээний дагуу уг автомашиныг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Б-ээс 27-98 УБМ улсын дугаартай, JN1TANY62Z0000457 тоот арлын дугаартай Nissan Patrol маркийн автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б-с улсын тэмдэгтийн хураамжинд 357 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаан болсон тухайн өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Мөнхчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /урьдчилсан хэлэлцүүлэг/-д шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд энэ тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсч хүсэлт хүргүүлсэн. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018 онь 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/Ш32018/03859 дугаартай захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар миний бие хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон нотлох баримтын хамтаар шүүхэд хүсэлтэй хүргүүлсэн бөгөөд хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй орхиж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн 25.1.3-т заасан эрхийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч У.Б-д холбогдуулан 27-98 УБМ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах учиртай.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зохигчдод танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүйгээс гадна шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

           

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдааны товыг баталгаат шуудангаар хүргүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрүүгийн хэргийн шүүх хуралдаан давхацсан гэх боловч тов мэдэгдсэн баримтгүй гэсэн үндэслэлийг зааж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00735 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ