Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 93

 

Л.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                       Ц.Цэен-Ойдов

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 898 дугаар шүүгчийн захирамжтай Л-ын Б-т холбогдох, 2018003740370 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, О- овогт Л-ын Б-,

Яллагдагч Л.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Дархан- Уул аймаг Дархан сумын 8 дугаар багийн 2 дугаар байрны 36 тоотод оршин суух иргэн Л.Б-ы гэрээс сарнай хэлбэртэй алтан ээмэг, алтан кулон, өргөн алтан гинж, тариан түрүүний толгойтой алтан бөгж, бантаг дээр цоож зүүлттэй монетон бөгж зэргийг нууцаар, хууль бусаар авч 4.152.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 898 дугаар шүүгчийн захирамжаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О- овогт Л-ын Б-т холбогдох эрүүгийн 2018003740370 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Н.Г- нь Г.Н-ад алт мөнгөн эдлэлийн  ТҮЦ- ийг түрээслүүлдэг ба түүний худалдан авсан үнэт эдлэлийг худалдаж авч Монгол банканд тушаасан байна. Н.Г- нь дээрх үнэт эдлэлийг худалдан авахад Л.Б-ын хулгайн эд зүйлс гэдгийг мэдэх боломж нөхцөл байгаагүй байна.

Н.Г- нь бантаг дээр цоож зүүлттэй монетон бөгжийг ченж Г.Г-гаас худалдан авч өөрийн лангуун дээрээ зарж байхад энгийн хувцастай цагдаа ирж зарж болохгүй шүү танд зарсан зүйлийг шалгана шүү гэж хэлсэн байна. Н.Г- нь Архангай аймаг явах болоод мөнгөний хэрэг гарч өөрийн худалдан авсан эд зүйлээ зарсан байна. Н.Г- нь хулгайн эд зүйл гэдгийг мэдэх боломжгүйгээр монетон бөгжийг Г.Г-гаас худалдан авч өөрийн лангуун дээрээ зарсан нь үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжгүй байна. Мөн Эрүүгийн мөрдөгч нь Н.Г-гийн  лангуун дээр байгаа бөгжийг зарж болохгүй танд зарсан хүнийг шалгана шүү гэж хэлснээс өөр хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.

Иймд Н.Г-, Г.Н-, Г.Г- нарын үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 400 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 898 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Л-ын Б-ыг 2020 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Дархан сумын 8 дугаар баг 2-р байрны 36 тоотод оршин суух  төрсөн эгч Л.Б-ы гэрээс сарнай хэлбэртэй алтан ээмэг, алтан кулон, өргөн алтан гинж, тариан түрүүний толгойтой алтан бөгж, бантаг дээр цоож зүүсэн хэлбэртэй монетон бөгж зэргийг хулгайлан авч 4.152.000 төгрөг хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд  шүүх ...  эд зүйлийг худалдаж авсан этгээд гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэх, гэрч Г.Н-ад худалдаж авсан монетон эд зүйлийг цагдаагийн албан хаагч худалдан борлуулахгүй талаар анхааруулж тэмдэглэл, мэдэгдэл өгсөн эсэхийн шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь... үндэслэлгүй байна.

Л.Б-ын үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүгдэгчийн  мэдүүлгээс гадна хохирогч Л.Б-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, гэрч Г.Н-, Н.Г-, Л.Б-, Г.Г- нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 26 дугаар тал болон тухайн үед болсон үйл баримтаар  нотлогдож  тогтоогджээ.

         Харин  шүүгдэгч Л.Б-  эгчийнхээ гэрийг харж байхдаа хулгайлсан эд зүйлээ  алт мөнгөний дархан  Г.Н-ад  2.200.000 төгрөгөөр зарахдаа  эгчийнхээ юмыг зарж байна хулгайн эд зүйл биш гэж хэлж зарсан,   гэрч Г.Н-  хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, түүнчлэн гэрч Н.Г-  би  Г.Н-аас худалдаж авсан,  би түүнийг   Л.Б-аас авсан гэдгийг мэдэхгүй, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт “...энгийн хувцастай хүн орж ирээд өөрийгөө цагдаа гэж танилцуулаад бантаг дээр цоож зүүсэн монетон бөгжийг зарж борлуулахгүй байж болохгүй шүү гэж хэлсэн боловч  дахиж ирээгүй хэд хоногийн дараа би хөдөө явсан,  тэр хүн  надад бичиг баримт үзүүлээгүй, ямар нэгэн тэмдэглэл, мэдэгдэл өгөөгүй гэснээс үзэхэд гэрч Н.Г-, Г.Н- нарыг хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн  7 дугаар хуудаст авагдсан  мөрдөгчийн тэмдэглэл гэх зүйл нь хэзээ, хаана үйлдсэн нь тодорхойгүй, хэнд анхааруулсан болох, тэмдэглэлд  анхаарах мэдэгдэл авсан хүний  хүний гарын үсэг байхгүй бөгөөд   албаны  хууль ёсны  тэмдэглэл, нотлох баримт  гэж үзэх боломжгүй.

Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж, зохих ажиллагааг хийсэн байх  бөгөөд шүүх хэргийг Прокуророос  ирүүлсэн  хэргийн хэмжээний дотор  яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байх тул эсэргүүцлийг  хүлээн авч, захирамжийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.     

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 898 дугаар  захирамжийг хүчингүй болгож, Л-ын Б-т холбогдох, 2018003740370 дугаартай эрүүгийн 1 хавтас бүхий хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                 ШҮҮГЧ                                    Ц.ТУЯА

                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР