Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/367

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2020/0351/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч М.М.Ш-, Б.Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ш-, Б.С- нарт холбогдох эрүүгийн 2018000000402 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч бармен мэргэжилтэй Дархан зах дээр бэлэн хувцасны лангууны худалдагч ажилтай, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй М.Ш-

 

Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зах зээл судлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж 2 хүүхдийн хамт оршин суудаг ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Шүүгдэгч Б.Б.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвиндалай” караокед иргэн М.М.Ш-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч М.М.Ш- нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвиндалай” караокед иргэн Б.Б.С-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч М.М.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн.” гэв.

Эрүүгийн  2018000000402 дугаартай хэргээс:

Б.Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: ... “би 2020 оны 09 дүгээр сарын 09-ны орой 20 цагийн орчимд найз А-, Ан-, П- нарын хамтаар Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Арвиндалай” караоке бааранд орсон. Тэгээд бид 4 хүний 2 лааз пиво уугаад дуулаад бүжиглээд байж байхад гаднаас хоёр эмэгтэй орж ирээд бид нарын ойролцоо ширээнд сууж байхад гаднаас миний зүс таньдаг хоёр эмэгтэй орж ирээд мөн бид нарын ойролцоо ширээнд суухаар нь би тэр хоёртой мэнд мэдэх гээд очиход өмнө нь орж ирсэн хоёр эмэгтэй нэг нь миний хамт явж байгаа А- таньдаг дотно харилцаатай байсан энэ тэр гээд ярьж байгааг нь би сонсчихоод тэр хүүхэн рүү чи юу яриад байгаа юм бэ энэ хүн чинь эхнэртэйгээ явж байна шүү дээ гэж хэлээд бид хоёрын дунд маргаан болоод салсан. Тэгээд би өөрийнхөө ширээн дээр очиж суугаад тэр хүүхэнд хандаж манай найз чамайг яаж тоодог юм бэ царай муутай хүүхэн чинь гэж хэлээд тэр хүүхэн рүү самрын яс шидсэн. Тэгэхэд тэр хүүхэн над руу уурлаад орилж чарлаад хэрэлдээд л байх шиг байсан. Тэгээд нэг мэдэхэд тэр хүүхэн миний ширээн дээр байсан хундагатай архи аваад миний толгойн зулай хэсэг рүү цохисон. Тэгэхэд миний толгойноос нэлээн их хэмжээний цус гарсан. Тэгэхээр нь би тэр хүнийг барьж аваад нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхэд манай найз салгах гэхэд нь бид хоёр салж өгөхгүй хоёулаа зууралдаад зодолдоод байсан. Тэгэхэд гаднаас цагдаа нар орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх3-4/,

 М.М.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “...би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би 22 цагийн орчим найз Энхтуяагийн хамт Дархан сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвиндалай”  гэдэг караоке бааранд орсон. Тэгээд би 0.5 граммын 4 шил пиво захиалж аваад сууж байтал манай хажуугийн ширээнд сууж байсан махлагдуу биетэй эмэгтэй нь босож ирээд манай найз гоё дуулдгийг нь би мэднэ гэж хэлсэн.Тэгээд тэр эмэгтэй өөрийнхөө ширээнд суухдаа над руу муухай хараад идэж байсан самрын ясаа над руу шидсэн. Тэгэхээр нь би эмэгтэйгийн хажууд сууж байсан ширээн дээр очоод эмэгтэйд хандан чи над руу яагаад самрын ясаа шидээд байгаа юм бэ гэж хэлэхэд тэр эмэгтэй надад хандан үг хэлээд ууж байсан аягатай пиво цацсан. Тэгэхээр нь ширээн дээр байсан хундагатай архийг аваад тэр эмэгтэйн толгой орой хэсэг рүү шидсэн. Тэгэхэд тэр эмэгтэйн толгойн орой хэсгээс цус гарахад тэр эмэгтэй босож ирээд миний үснээс зулгаагаад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд тэр эмэгтэйтэй хамт байсан 1 эмэгтэй, 2 эрэгтэй бид хоёрыг салгасан. Тэгэхэд миний зүүн нүд хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 06-07/,

Гэрч Г.А-  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 09 дүгээр 03-ны өдөр найз Б.С-, А-, П- нарын хамт “Арвиндалай”гэдэг караоке бааранд орой 20 цагийн орчимд ороод нэг шил 0,75 граммын архи, пиво уугаад дуулаад сууж байсан. Тэгээд би ширээн дээр А- юм ярьж байхад Б.С- ширээн дээр ирээд суусан. Тэгээд удалгүй байтал улаан өнгийн цамц өмссөн жижигхэн биетэй эмэгтэй манай ширээний хажууд ирээд Б.С-ийн толгой руу нэг юм шидэх шиг болсон. Тэгээд Б.С-ийн толгойн орой хэсгээс их хэмжээний цус гарсан. Тэгэхэд Б.С- толгойны цусыг харчихаад нөгөө эмэгтэйтэй зууралдаад үсдэлцээд хоорондоо ноцолдоод салахгүй тэгээд удаагүй байж байтал цагдаа нар орж ирээд салгасан.Тухайн үед би өндөр зэргийн согтолттой байсан. Б.С- тэр М.Ш- гээд эмэгтэй хоёр яг юунаас болоод яагаад хоорондоо зодолдсоныг нь би үнэхээр мэдэхгүй байна. Ер нь тухайн үед Б.С-, М.Ш- гээд хоёр эмэгтэй л зодолдсон. Тэгээд цагдаа нар бид нарыг Цагдаагийн газарт авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх 8-9/,

Гэрч Ц.Э-  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би найз М.Ш-ийн хамт 20 цаг өнгөрч байхад Арбатын гудамжид байдаг “Арвиндалай” гэдэг караокед ороод 4 шилтэй нийслэл пиво аваад ууж байсан ууж ч амжаагүй байтал бид хоёрын хажуу ширээнд сууж байсан халамцуу махлагдуу хүүхэн босож ирээд бид хоёр дээр ирээд босож бид хоёр дээр ирээд бүжиглээч энэ дуулж байгаа залуу манай найз гоё дуулж байгаа биз дээ гээд М.Ш-ийг бүжиглэе гээд татаад байсан юм. Тэдний ширээн дээр тэр эмэгтэйгээс гадна хоёр залуу нэг эмэгтэй 4-үүлээ хамт явж байсан бөгөөд нэг залуу нь дуулж байсан юм. Тэгээд тэр согтуу хүүхэн буцаж ширээндээ суугаад хамт явж байсан эмэгтэйтэйгээ шивнээд юм ярьж байснаа манай найз М.Ш- рүү самрын яс хэд хэдийг шидээд байсан. Тэгтэл М.Ш- тэдний ширээн дээр нь очоод над руу самрын яс шиддэг нь яаж байгаа юм бэ гэтэл согтуу эмэгтэй нь ууж байсан пивоо цацчихсан чинь М.Ш- буцаагаад тэдний ширээн дээр байсан хундагатай архийг нь аваад цацах шиг болсон юм. Би сууж байсан болохоор тэр эмэгтэйн яг хаана нь юугаар оносныг анзаарч хараагүй тэр согтуу эмэгтэй босож ирээд толгойноос нь цус гарчихсан байсан юм. Мөн газар унагаагаад дээрээс нь дэвсээд өшиглөөд байсан юм. Тэд нартай хамт явсан залуучууд нь салгах гэж оролдож байсан бөгөөд болиоч гээд наанаас нь татаж дийлэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 10-11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 712 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Б.Б.С-ийн биед баруун зулайд шарх, баруун нүдний алим , зүүн шуу, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой.

3.Баруун зулайн гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 12-13/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 708 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.М.М.Ш-ийн биед дух, зүүн зовхи, хамарт цус хуралт, зүүн мөр, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой.

3.Зүүн зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Бусад гэмтлүүд нь тус, тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 19-20/,

 

Шүүгдэгч Б.Б.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний хүү О.Бишрэлтийн төрсний гэрчилгээний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх 42-48/,

 

Шүүгдэгч М.М.Ш-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 49-58/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвиндалай” караокед шүүгдэгч Б.Б.С- нь хохирогч М.М.Ш-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.М.Ш- нь хохирогч Б.Б.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              

Шүүгдэгч Б.Б.С-, М.М.Ш- нар нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, тэдний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б.С-, шүүгдэгч М.М.Ш- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                                           

Шүүгдэгч Б.Б.С- нь М.М.Ш-ээс КТГ-ийн оношилгооны зардал 165000 төгрөг, эмчилгээний зардалд нийт 300000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч М.М.Ш- хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч М.М.Ш-ээс 300000 төгрөг гаргуулан Б.С-, утас 95395591/-т олгох нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч М.М.Ш-ийн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул Б.Б.С-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б.С-, М.М.Ш- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.М.Ш-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б.С-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, шүүгдэгч М.М.Ш-д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 12 сарын хугацаанд буюу эхний арван нэгэн сард сар бүр 41000 төгрөг, арван хоёр дахь дахь сард 49000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Ш- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б.С- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэх хүсэлтийг нь харгалзан дээрх ялыг оногдуулж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Ш-ийг, шүүгдэгч Б.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Ш-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б.С-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Ш-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 12 сарын хугацаанд буюу эхний арван нэгэн сард сар бүр 41000 төгрөг, арван хоёр дахь дахь сард 49000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М.Ш- шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Б.Б.С- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч М.М.Ш-ээс 300000 төгрөг гаргуулан Б.С- -т олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.С-, М.М.Ш- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ