Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01874

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 182/ШШ2018/01429 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.О, Б.Д нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагч Б.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О, Б.Д нар 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цалин барьцаалан зээл, батлан даалтын гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл зээлээс 882 500 төгрөг, хүүгээс 314 635 төгрөгийг төлсөн. Хариуцагч Б.Од холбогдох 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Б.Даас үндсэн зээлийн үлдэгдэл 617 500 төгрөг, хүү 1 966 107 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  2 219 025 төгрөг, нийт 4 802 632 төгрөг гаргуулахаас 2 302 632 төгрөгөөр шаардлагаа багасгаж 2  500 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.О зээл авахад нь батлан даалтын гэрээ байгуулсан. 2011 оноос хойш надтай нэг ч холбоо барьж мэдэгдэж байгаагүй. Б.О 2018 оны 02 дугаар сард Турк явсан. Түүнээс өмнө энд байж л байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлбөр төлөхгүй. Намайг шүүх дээр дуудагдаж ирэх үед  гарын үсэг зур гээд уншуулахгүй зуруулсан. Би эвлэрлийн гэрээ гэж мэдээгүй. Эвлэрэх хүсэлгүй байна гэжээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дад холбогдох батлан даалтын гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Б.Даас нэхэмжилсэн 2 500 000 төгрөгөөс 1 300 000 төгрөгөөс татгалзаж, 1 200 000 төгрөгийг хугацаа заан эвлэрсэн. Б.Од холбогдох нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасан. Б.Дад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүн болох 1 200 000 төгрөг болгож багасгасныг шүүхийн шийдвэрт тусгаагүй орхижээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Даас 1 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б.О Б.Д нарт холбогдуулан зээлийн болон баталгааны гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Од холбогдох шаардлагаас бүрэн татгалзаж, Б.Даас 1 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилжээ.

 

Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ. /хх-26-30/

 

Нэхэмжлэгч С ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Од 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, 1 500 000 төгрөгийг зээлдүүлэхэд Б.Д нь батлан дааж, баталгааны гэрээ байгуулжээ.

 

Талуудын хоорондын 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн БДЗГ1500110901 дугаартай баталгааны гэрээ хэрэгт нотлох баримтаар авагджээ./хх-ийн 10 тал/ байна.

 

Баталгааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зээлдэгч төлбөрийн чадвараа алдсан, үүрэг хүлээх чадваргүй болсон буюу нас барсан бусад шалтгаанаар зээлээ төлөөгүй тохиолдолд батлан даагч үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, хугацаа хэтэрсэн алдангийг өөрийн цалин болон эд хөрөнгөөр хариуцан төлнө гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтад Б.Д нь 1 200 000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч гарын үсэг зуржээ. /хх-18/

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан.

 

Хэдийгээр хариуцагч Б.Д хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа ч 1 200 000 төгрөгийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Даас 1 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 182/ШШ2018/01429 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Даас 1 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даас улсын тэмдэгтийн хураамжид 33 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

                                        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД