Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00128

 

 “С Ш И”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01429 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1874 дүгээр магадлалтай,

“С Ш И”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.О, Б.Днарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Дуламхандын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Дуламханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “С Ш И”ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ч.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О, Б.Днар 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цалин барьцаалан зээл, батлан даалтын гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл зээлээс 882 500 төгрөг, хүүгээс 314 635 төгрөгийг төлсөн. Хариуцагч Б.Од холбогдох 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Б.Дуламхандаас үндсэн зээлийн үлдэгдэл 617 500 төгрөг, хүү 1 966 107 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 219 025 төгрөг, нийт 4 802 632 төгрөг гаргуулахаас 2 302 632 төгрөгөөр шаардлагаа багасгаж 2 500 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч Б.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.О зээл авахад нь батлан даалтын гэрээ байгуулсан. 2011 оноос хойш надтай нэг ч холбоо барьж мэдэгдэж байгаагүй. Б.О 2018 оны 02 дугаар сард Турк явсан. Түүнээс өмнө энд байж л байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлбөр төлөхгүй. Намайг шүүх дээр дуудагдаж ирэх үед гарын үсэг зур гээд уншуулахгүй зуруулсан. Би эвлэрлийн гэрээ гэж мэдээгүй. Эвлэрэх хүсэлгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01429 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар “С Ш И”ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дуламхандад холбогдох батлан даалтын гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С Ш И”ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1874 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01429 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дуламхандаас 1 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С Ш И”ББСБ ХХК-д олгосугай гэж, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дуламхандаас улсын тэмдэгтийн хураамжид 33 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С Ш И”ББСБ ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С Ш И”ББСБ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Дхяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Зээлдэгч Б.Оюун Эрдэнэ зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаад тодорхой бус шалтгааны улмаас дуусгаагүй байна. Энэ талаар “Сар шинэ интернэшнл” ББСБ ХХК-наас зээлдэгч Б.Оюун Эрдэнэ болон батлан даагч Б.Днадад 2011 оноос хойш буюу 7 жилийн хугацаанд нэг ч удаа хэлээгүй, шаардаагүй гэнэт их хэмжээний мөнгийг хүү, нэмэгдсэн хүү гэж нэхэж байгаа нь шударга бус явдал юм. Давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан 18 дугаар хуудасны баримтыг үндэслэсэн буруу шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Учир нь 2018 оны 6-р сард шүүх дээр ирэхэд “Сар шинэ интернэшнл” ББСБ ХХК-ийг төлөөлсөн Ганболд гэх хүн байгаагүй ба өөр хүн байсан тэр хүн нь “энэ дээр гарын үсэг зур” гэхээр нь уншилгүй зурсан. Энэ нь миний хүсэл зориг биш бөгөөд эвлэрлийн гэрээг үл зөвшөөрч 2018.06.29-ний өдөр шүүх хуралдаанд ирж нэхэмжлэл, эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хэлж тайлбарлаж эцсийн шийдвэр шүүх дээр хэлсэн миний үг билээ. Миний бие “Сар шинэ интернэшнл” ББСБ ХХК-тай батлан даагчийн гэрээ байгуулсан. Харин гэрээ болон Иргэний хуулинд зээлдүүлэгч нь зээлдэгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд батлан даагчид мэдэгдэнэ гэдэг. Гэтэл “Сар шинэ интернэшнл” ББСБ ХХК нь Б.О зээлийн төлбөрөө төлж дуусаагүй гэж надад 2011 оноос хойш нэг удаа хэлээгүй, зээлдэгчээс нэхэх, төлүүлэх ямар ч арга хэмжээ аваагүй 7 жил өнгөрсөн байна. Б.Дупамханд миний бие энэ мөнгөнөөс нэгийг ч авч хэрэглээгүй, батлан даагч болооч гэсний дагуу гарын үсэг зурсан ба Б.Оюун-Эрдэнийг зээлээ төлсөн гэж бодож явсан. Зээлдүүлэгч олон жилийн дараа батлан даагч надаас зээлийн төлбөр, хүү, нэмэгдсэн хүү нэхэж байгаа нь гэрээ, хуулинд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Миний бие нийгмийн харилцааг хуулиар зохицуулж, түүнийг зөв буруу хэрэгжүүлж байгааг шүүхийн байгууллага нь шийддэг гэж боддог. Гэтэл давж заалдах шатны шүүх нь гэрээ болон хуулинд заасан үүргээ биелүүлээгүй хүмүүсээс /зээлдүүлэгч/ болсон үр дагавраас болж өнөөдөр өөрийн хүүхдүүдийн идэх хоолны мөнгөнөөс хүний хэрэглэсэн зээлийн төлбөрийг тушаах гэж байгаад бас гомдолтой байна. Миний бие хуульч биш, нэхэмжлэл, эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгааг энэ маргаанд холбогдох хуулийн заалтыг зөвөлгөө авч мэдсний дараа эцсийн тайлбараа 2018 оны 6-р сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хэлж, тайлбарласан. Мөн шүүх зээлдүүлэгч зээлдэгчээс мөнгө авах авалттай нь бүрэн нотлогдохгүй байхад хэргийг шийдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.Дби Б.Отэй өнөөдрийг хүртэл уулзаагүй, гадаад улсад ажлаар явсан. 2018 оны 02 дугаар сар хүртэл Монгол улсад байсан гэдгийг хүнээс сонссон. Энэ хугацаанд Б.Оэс зээлээ бүрэн төлөхийг шаардаагүй, надад ч мэдэгдээгүй болно. Иймд хэргийг дахин хянаж, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “С Ш И”ББСБ ХХК нь хариуцагч Б.О, Б.Днарт холбогдуулан зээлийн болон баталгааны гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлээсээ татгалзан, Б.Дуламхандаас 1 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлдэгч Б.О нь 2018 оны 02 сар хүртэл Монгол улсад байсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ. /хх-1, 26-30/

Анхан шатны шүүх “С Ш И”ББСБ нь хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлээс татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Б.Дуламхандад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад Б.Дуламхандаас 1 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

            Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хариуцагч Б.Дуламхандын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна.

Давж заалдах шатны шүүх “С Ш И”ББСБ болон Б.Днарын байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эвлэрлийн гэрээнд тулгуурлаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа шүүх хуралдаан дээр хариуцагч уг гэрээг татгалзсан, эвлэрлээ дэмжээгүй маргасан болохыг анхаараагүйгээс гадна батлан даалт, баталгаа гэх хоёр өөр эрх зүйн ойлголтыг зөв дүгнэж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

“С Ш И”ББСБ ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Отэй цалингийн зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлийн үүргийг хангуулах зорилгоор мөн өдөр Б.Дуламхандтай батлан даалтын гэрээ байгуулжээ. Гэрээг “Баталгааны гэрээ” гэж нэрлэсэн боловч агуулгын хувьд батлан даалтын гэрээ байгуулагдсан, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч төлбөрийн чадвараа алдсан, үүрэг хүлээх чадваргүй болсон буюу нас барсан бусад шалтгаанаар зээлээ төлөөгүй тохиолдолд батлан даагч үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, хугацаа хэтэрсэн алдангийг өөрийн цалин болон эд хөрөнгөөр хариуцан төлнө гэж заажээ. Зохигчдын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан байхад давж заалдах шатны шүүх баталгаа, батлан даалтын гэрээ гэж өөр өөрөөр гэрээг тайлбарласан нь буруу байна.

            Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухай батлан даагчид мэдэгдэх үүрэгтэй байхад зээлдүүлэгч нь энэ талаар 2001 оноос хойш Б.Дуламхандад мэдэгдээгүй, гэрээний үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Үүнээс гадна үндсэн үүрэг дуусгавар болсон тохиолдолд нэмэгдэл үүрэг мөн адил дуусгавар болдог бөгөөд нэхэмжлэгч нь зээлдэгч Б.Од холбогдох нэхэмжлэлээсээ татгалзснаар үндсэн үүрэг дуусгавар болсон болохыг шүүх анхаараагүй, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан зохицуулалтын дагуу хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

            Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ.” гэж заасан.

            Батлан даалтын гэрээ нь үндсэн үүргээс тусдаа бие даан хэрэгждэггүй, үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой эрх тул үндсэн үүрэг дуусгавар болоход мөн адил дуусгавар болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх  үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1874 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА