Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/02473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х овогтой, Т.Н-д холбогдох,

 

Зоорийн давхрын 8-13 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахыг даалгах, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч байгаа иргэдийг албадан нүүлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, нарийн бичгийн дарга Н.Д нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Модер таун хотхоны нь зоорийн давхартай бөгөөд тухайн зоорийн давхар нь агуулахын зориулалттай боловч айл амьдарч, зориулалт бусаар ашигласан нь оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг алдагдуулж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хандахад манай холбооноос хүргүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02-03/483 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийг үндэслэн М 42 айлын орон сууцны барилгад 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хяналт шалгалт хийгээд, 2018 оны 10 дугаар сарын 01-ний 02-03/3720 тоот барилга ашиглалтын тухай албан бичиг ирүүлсэн. Албан бичигт дурдсанаар: Тус орон сууцны зоорийн давхарт зургийн урлан, хөгжмийн сургууль, иргэд амьдрах зэргээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа нь ГХ-14/2006 шифртэй зураг төсөлд зоорийн давхрын зориулалтыг агуулах гэж төлөвлөсөнтэй зөрчилдөж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дахь заалтуудын хэрэгжилтийг хангахгүй байна гэжээ. Дээрх албан бичгийг үндэслэн зоорийн давхарт байрлах айл амьдарч байгаа иргэдэд албан шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлэхгүй байсан ба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 36 тоот албан бичгээр уг зөрчлийг арилгаж өгнө үү хэмээн дахин хүсэлт гаргаж, хүргүүлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-07-119/1409 тоот улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр зоорийн давхрыг батлагдсан ГХ-14/2006 шифртэй зураг төсөлд төлөвлөгдсөн зориулалтыг өөрчлөн ашиглаж байгаа нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтын хэрэгжилтийг тус тус хангахгүй байна гэжээ. Дүгнэлтийг зоорийн давхарт айл амьдруулж байгаа хүмүүст албан ёсоор хүргүүлсэн боловч шийдвэрлэж, арга хэмжээ авахгүй байгаа тул зоорийн давхрын 8-13 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахыг даалгах, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч байгаа иргэдийг албадан нүүлгэхийг хариуцагч Т.Н-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан хариу талбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх 8-13 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь Т.Н-ийн өмчлөл мөн 4 айл амьдарч байгаа нь үнэн бөгөөд хүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хэрхэн эзэмшиж, ашиглах нь тухайн хүний эрхийн асуудал юм. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 02-07-119/1409 дугаартай дүгнэлтэд маргаан бүхий хотхоны зоорийн давхарт байрлах агуулахуудын зориулалт, ашиглалтыг тодорхой болгох үүргийг улсын экспертүүдэд өгч байсан талаар дурдсан байдаг. Мөн тус  дүгнэлтэд Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасантай нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд амьдарч байгаа айл, өрхийг албадан нүүлгэх, хүн амьдрах боломжгүй гэх дүгнэлт гаргаагүй билээ. Дээрх хуулийн заалтуудаас харахад орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгөх, давхарлах, өргөтгөл хийхийг хориглох болон барилга байгууламжийн үндсэн хийц, бүтцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байхаар зохицуулсан байна гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭН нь:

 

“М” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Т.Н-д холбогдох, зоорийн давхрын 8-13 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахыг даалгах, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч байгаа иргэдийг албадан нүүлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч “М” СӨХ нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма ганди гудамж, М хотхоны 25 дугаар байрны нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцаж үйл ажиллагаа явуулж байгаа болох нь, мөн хариуцагч Т.Н нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма ганди гудамж, М хотхоны 25 дугаар байрны зоорийн давхрын хэсэгт байшилтай, агуулахын зориулалттай 338.4 м.кв талбайтай, 8-13 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “М” СӨХ-ны 18/55 дугаар гэрчилгээ, дүрэм, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртэлийн Ү-2206012887 дугаат бүртгэдсэн гэрчилгээ зэргээр нотлогджээ.

 

Хариуцагч Т.Н нь өөрийн өмчлөлийн “Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма ганди гудамж, М хотхоны 25 дугаар байрны зоорийн давхрын хэсэгт байшилтай, 338.4 м.кв талбайтай, 8-13 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө”-ийг агуулахын /эд хөрөнгө хадгалах/ зориулалтаар бус “4 айл амьдруулж” эзэмшиж, ашиглаж байгаа нь оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “М” СӨХ-ны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр Мэдэгдэл, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаар Мэдэгдэл, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар Мэдэгдэл, “М” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19/05 дугаар тогтоолд “...агуулахын зориулалттай өрөөнд айл амьдруулж, зориулалтын бусаар ашиглаж байгаа  нь оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх” гэсэн баримт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02-03/3720 дугаар “Барилга ашиглалтын тухай”-д болон Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-07-119/1409 дүгээр дүгнэлтэд “...тус орон сууцны зоорийн давхарт зургийн урлан, хөгжмийн сургууль, иргэд амьдрах зэргээр ашиглаж байгаа нь ГХ-14/2006 шифртэй зураг төсөлд зоорийн давхрын зориулалтыг агуулах гэж төлөвлөсөнтэй зөрчилдөж байна...” гэсэн баримтаар нотлогдож байна.

 

Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 10 дугаар зүйлийн 10.8, “М” СӨХ-ны дүрмийн 17 дугаар зүйл, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 148 дугаар зүйлийн 148.2.2, 149 дүгээр зүйлийн 149.2, “М” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 19/05 дугаар тогтоолын дагуу “М” СӨХ нь хариуцагч Т.Н-г сууц болон сууцны бус зориулалттай хэсгийг ашиглахдаа бусад сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх талаар өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул дээрх үйл баримтыг үндэслэн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма ганди гудамж, М хотхоны 25 дугаар байрны зоорийн давхрын хэсэгт байшилтай, агуулахын зориулалттай 338.4 м.кв талбайтай, 8-13 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу буюу агуулахын зориулалтаар эзэмшиж, ашиглахыг хариуцагч Т.Н-д даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч “М” СӨХ-ны  “...агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч байгаа иргэдийг албадан нүүлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал “...тухайн агуулахын зориулалттай эд хөрөнгөөс албадан нүүлгэх иргэдийн талаарх” нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма ганди гудамж, М хотхоны 25 дугаар байрны зоорийн давхрын хэсэгт байшилтай, агуулахын зориулалттай 338.4 м.кв талбайтай, 8-13 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу буюу агуулахын зориулалтаар эзэмшиж, ашиглахыг хариуцагч Т.Н-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч байгаа иргэдийг албадан нүүлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2, 149 дүгээр зүйлийн 149.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма ганди гудамж, М хотхоны 25 дугаар байрны зоорийн давхрын хэсэгт байшилтай, агуулахын зориулалттай 338.4 м.кв талбайтай, 8-13 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу буюу агуулахын зориулалтаар эзэмшиж, ашиглахыг хариуцагч Т.Н-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч байгаа иргэдийг албадан нүүлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” СӨХ-ны140.400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД