Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00939

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00939

 

 

 

М.Т - СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/00351 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Т - СӨХ-ны хариуцагч Н.Б , Т.Н нарт холбогдуулан гаргасан зоорийн давхрыг зориулалтын дагуу ашиглахыг даалгах, албадан нүүлгэхийг даалгуулах иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Т - СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, М.Т - хотхоны 42 айлын орон сууцны зоорийн давхар нь агуулахын зориулалттай боловч айл амьдарч, зориулалтын бусаар ашигласан нь оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг алдагдуулж байна. Манай холбооноос 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандахад шалгалт хийгээд, мөн оны 10 дугаар сарын 01-ний 02-03\3720 тоот барилга ашиглалтын тухай албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт дурдсанаар тус орон сууцны зоорийн давхарт зургийн урлан, хөгжмийн сургууль, иргэд амьдрах зэргээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа нь ГХ-14/2006 шифртэй зураг төсөлд зоорийн давхрын зориулалтыг агуулах гэж төлөвлөсөнтэй зөрчилдөж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дахь заалтуудын хэрэгжилтийг хангахгүй байна гэжээ. Дээрх албан бичгийг үндэслэн зоорын давхарт байрлах айл амьдарч байгаа иргэдэд албан шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлэхгүй байсан. Иймд М.Т - хотхоны 2 дугаар орцны зоорийн давхарыг зориулалтын дагуу ашиглахыг хариуцагч нарт даалгаж, агуулахын зориулалттай өрөөнд айл амьдруулж байгааг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд зоорийн давхарт хүн амьдруулж, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж болохгүй гэж заагаагүй, харин Орон сууцны тухай хуулийн хэрэгжилт хангаагүй талаар дурдсан, нэхэмжлэгчээс мэдэгдэл өгөхдөө 2020 оны 5 дугаар сар гэж хугацаа заасан мэдэгдэл өгчихөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн хэнийг тухайн зоорийн давхраас нүүлгэх нь тодорхойгүй байгаа. Хариуцагч нарт зоорийн давхарын зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдсан эсэхийг мэдэхгүй байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч нь хугацаа заасан мэдэгдэл өгчихөөд уг хугацаа нь болоогүй байхад шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасанд маргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2, 149.1.1, 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хараацай овогт Т.Н /Ф********2/-д Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/ Махатма Гандигийн гудамж, 25 дугаар байрны зоорийн давхарын хэсэгт өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгийг агуулахын зориулалтаар ашиглахыг, агуулахын зориулалттай 3 өрөөнд амьдруулж байгаа хүмүүсийг албадан гаргахыг тус тус даалгаж, нэхэмжлэлийн энэ хэсэгт хамаарах шаардлагыг хангаж, хариуцагч Хараацай овогт Н.Б- т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н гаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Т - СӨХ-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зоорийн давхарт байгаа иргэдийг албадан нүүлгэхийг даалгах тухай дурдсан боловч зоорийн давхарын хэдэн тоот өрөөнөөс хэнийг албадан нүүлгэх талаар дурдаагүй байгааг шүүх хүлээн авч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Т.Н д холбогдуулан албадан нүүлгэх шийдвэрийг гаргажээ. Хариуцагч Т.Н нь дээрх зоорийн давхарын үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг нь үнэн боловч тухайн байранд амьдардаггүй нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогддог. Нэхэмжлэгч М.Т - СӨХ нь тус зоорийн давхарт амьдарч байгаа иргэдийн талаар мэддэг бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хэн нь хэдэн тоот өрөөнд амьдарч байгаа талаар мэдэх бүрэн боломжтой байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхаар зохицуулсан бөгөөд нэхэмжпэгч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ...агуулахын зориулалттай 3 өрөөнд амьдруулж байгаа хүмүүсийг албадан гаргахыг даалгах тухай шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Т - СӨХ нь хариуцагч Н.Б , Т.Н нарт холбогдуулан 25 байрны зоорийн давхрыг зориулалтын дагуу ашиглахыг даалгаж, агуулахын зориулалттай өрөөнд амьдруулж байгаа айл болон иргэдийг албадан гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

М.Т - СӨХ нь 25 дугаар байрны 2 дугаар орцны оршин суугчдын хүсэлт, гомдлыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч тэдгээрийг төлөөлж байгаа гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.Н нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны зоорийн давхрын хэсэг, агуулахын зориулалттай 338.4 м.кв талбай бүхий 8, 9, 10 ,11, 12, 13 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох, уг өрөөнүүдэд хүн амьдруулж байгаа үйл баримт тогтоогджээ. /хх-76, 78-79/

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Т.Н гийн өмчлөлийн 25 байрны зоорийн давхрын 8-13 тоот өрөөнүүдэд амьдарч буй иргэдийн эрх, ашигт сөргөөр нөлөөлөх эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар оролцуулах эсэх талаар холбогдох ажиллагаа явуулалгүйгээр тэдгээрийг амьдарч буй өрөөнөөс нь албадан гаргахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулж нэхэмжлэл, түүний үндэслэлийг тодорхой болгосноор маргааны үйл баримтыг зөв тогтоож, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/00351 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД