Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01873

 

Ц.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01604 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Тын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Гд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Т, хариуцагч Б.Г, түүний өмгөөлөгч Н.И шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. Г нь 2014 оны 8 дугаар сарын 15-нд зээлсэн 4 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар бичиг үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд зээл  4 000 000 төгрөг, алданги 1 520 000 төгрөг, нийт 5 520 000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөгийг би Ц.Таас би зээлж аваагүй, харин 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ачаа тээврийг Эрээнээс-Замын үүд рүү яаж зөөх талаар ярилцаж зөвлөлдсөн зүйл байгаа.  Тээвэр хийх машин олдохгүй байна таньд таних, мэдэх жолооч байна уу гэж Түвшин болон Т нар хэлсэний дагуу  10 машин олж өгөхөөр болсон боловч 4 машин л олдсон. Тээврийн урьдчилгааг авч жолооч нарт өгсөн нь үнэн  тэр мөнгөнөөс өөртөө илүү авч ашиг олсон зүйлгүй. Үүнээс хойш Т, түүний нөхөр Түвшин нартай огт холбоогүй байсан. Урьд нь 2017 оноос тус шүүхэд Ц.Т нь 2 удаа нэхэмжлэл гаргаж өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч нэхэмжлэгч шүүх хуралдаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй байснаас 2 удаа нэхэмжлэл буцаагдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч Б.Гд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:,  Ц.Т нь  нөхөр В.Энхтөвшинтэй Эрээн хотод явж байгаад хариуцагч Б.Гтай танилцаж,  2011 оны 08 дугаар сарын 24-ны өдөр амаар гэрээ байгуулж,  хариуцагчид 20 000 юань зээлдүүлэн өгсөн. Мөнгөө буцааж өгөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь буцааж өгөхгүй байсаар улмаар холбоо барих боломжгүй болж сураг тасарсан.  Б.Гтай 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр таарч түүнээс зээлж авсан 20 000 юанийг буцаан төлөхийг шаардан "Зээл эргүүлэн төлөх тухай" баталгаа үйлдэж өгөхийг шаардахад хариуцагч нь 20 000 юанийг 4 000 000 тооцон төлөхийг хүсэж, өөрийн гараар зээл эргүүлэн төлөх тухай баталгаа үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн. Хууран мэхэлж, хүч хэрэглэж хийсэн хэлцэл болох нь баримтаар тогтоогдоогүй.

 

Түүнчлэн талууд 20 000 юанийг 4 000 000 төгрөгөөр тооцон төлөх тухай 2016.08.19-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дахь хэсэгт нийцсэн.

 

 Гэтэл шүүх  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл агуулга нь 2014.08.15-ны өдөр зээлсэн 4 000 000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүх хуралдаанд 2011.08.31-ны өдөр зээлсэн 20 000 юань буюу 4 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Б.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, алдангид 5 520 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “зээлийн мөнгөн хөрөнгийг өмчлөлд шилжүүлэн аваагүй” гэж маргажээ. /хх-1,9/

 

Нэхэмжлэгч Ц.Т нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор  хэргийн 3 дугаар хуудсанд зээл эргүүлэн төлөх тухай гэсэн бичгийн баримтыг нотлох баримтаар гаргажээ.

 

Уг бичгийн баримтад “.., Болоож овогтой Г би Цэрэндорж овогтой Таас 4 000 000 төгрөгийг 2014.08.15-нд зээлж авсан нь үнэн болно. Уг зээлийн мөнгийг 2016.09.15-нд төлж дуусгана. ” гэжээ.

 

Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ “.., 2014 оны 8 сарын 15-ны зээлийн гэрээ гэх бичгээр, 4 000 000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй” гэж тайлбарласан. Уг тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй.

 

Нэхэмжлэгч 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөгийг зээлдүүлээгүй, харин 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлсэн гэж тайлбарлажээ. /хх-80-84/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Хэргийн 3 дугаар хуудасны бичгийн баримт нь 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн агуулгагүй байна. Хэдийгээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй ч, хүлээн зөвшөөрсөн гэх бичгийн агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /хх-86-87/

 

Нэхэмжлэгч Ц.Т нь 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж зөв дүгнэжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасныг нэмж баримтлахаар өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “75 дугаар зүйлийн 75.2.1” гэсний араас “281 дүгээр зүйлийн 281.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

                                        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД