Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2019/01709

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2019/01709

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б холбогдох

Шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Н.Б, нарийн бичгийн даргаар Ч.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд 1999 онд ирсэн. Би энэ газар дээрээ 20 жил амьдарч байна. Хашаа, байшингаа 2000 онд барьсан. Үүнээс хойш энэ газраа харж хандаад 20 жил эндээ амьдарч байна. Бас би энэ газраа айлын хашаа, байшинг харж ирсэн, одоо ч харсаар л байна. Намайг тэр хавийнхан бүгд андахгүй, сайн танина. Манай дүүг тэр хавийнхан мэдэхгүй. Дүү нь гээд нэг хүүхэн байдаг гэж сургийг нь сонссон. Хашаа, шон гээд бүх юмыг нь би хийсэн. Сая байшин шатлаа. Тэгээд ямар ч даатгал байхгүй гээд нэг төгрөг ч олдоогүй, хохирч үлдлээ. Тиймээс би даатгалтай болоод газрыг нь амьд сэрүүн дээрээ хөөцөлдөж хүүдээ авч өгөхөөр явж байна. Энэ газар хоёр, гурван хүний газар байгаа. Би бүгдийг нь авна гэж байгаа юм биш. Ганцхан тэр нормтой хүүгийнхээ барьсан байшин савтай хэсэг газрыг л авъя гэж байна. Манай дүүд тэр газар хангалттай шүү дээ. Хоёр хаалга гаргасан байгаа. Уул нь надтай маргалдаад байх юм байхгүй. Надад тэр газраа өгөхгүй болохоор нь би шүүхээр явж байна. Би өөрөө хөдөөний бичиг баримттай байсан болохоор тэр газрыг С, талийгч, Ба гээд гурван дүүгийнхээ нэр дээр авч өгсөн. Тэгээд Са ноднин газраа зараад яваад өгсөн. Одоо миний амьдарч байгаа газар 2000 гаруй м.кв хэмжээтэй, бараг 3 айлын газар байгаа. Би бүгдийг нь авна гээгүй. Өөрийнхөө нормтой 0,7 га газрыг л авна гэж байгаа. Тэгээд хэлэхээр манай дүү зөвшөөрөхгүй байгаа. Уул нь заавал шүүхээр явах шаардлага байхгүй.

Энэ газрыг өдий хүртэл би харж хандаж байна. Би таньдаг улсуудаараа хашаа, байшингаа бариулсан. Энэ хүмүүс хүүхдүүдээ бодож байгаа бол би ч бас хүүхдээ бодож байна. Энэ газрыг бүгдийг нь авъя гэж байгаа юм биш. Манай дүүг тэнд 20 жил амьдарсан гэж хэн ч нотолж чадахгүй. Би 2 см-ын банзыг 1,500,000 төгрөгөөр худалдаж аваад хашааныхаа нүүрийг тэр чигт нь хойд талыг нь хагасыг нь битүүлээд, тэгээд оохороор будаад хашаагаа гоё болгосон. Энэ газрыг би анх олоод шон хатгасан. Манай дүү буруу яриад байна. Би энэ газрыг олсон, би өгсөн гээд байна, энийг төрөөгүй байхад байсан надтай чацуу гэр байгаа юм. Одоо 70 дөхөж байна. Манай ээж энэ газрыг мэдэхгүй. 1999 онд айлын зуны байшинд нэг зун суусан. Б хүүхдээ орхиод Солонгос руу ажил хийхээр явсан. Хүүхдийг нь би цэцэрлэгээс нь аваад зөөдөг байсан. Анхнаасаа Ба энэ газрыг олоод шон хатгасан бол би булаацалдахгүй. Зохицвол зохицохоор л байгаа юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Н.С нь 1952 онд төрсөн. 67 настай хүн байна. 1999 онд Улаанбаатар хотод орж ирсэн байдаг. Одоо бол 20 жил болж байна. Хөдөөнөөс орж ирээд, хөдөөний паспорттай хүн учраас газар хайж явж байгаад зуслангийн газар олоод тэндээ гэрээ бариад амьдарсан гэсэн түүхийг ярьдаг. Та газраа яагаад албан ёсоор аваагүй юм бэ гэхэд би хотын паспортгүй байсан учраас авч чадаагүй юм аа. Тэгээд дүүдээ итгээд итгэлцлийн үндсэн дээр дүүгийнхээ нэр дээр чи энэ газрыг аваадхаач гэсэн хэлцэл хоорондоо хийгдээд, дүү Н.Бнь энэ газрыг өөрийнхөө нэр дээр болгож авсан байгаа. Тэгэхээр энэ газар өнөөдрийг хүртэл Монгол улсын төрийн өмч юм. Учир нь ойн сав, усны сав дагуу газар. Зуслангийн газрыг өмчилсөн юм байхгүй. Энэ бол аль аль нь тэнцүү эзэмших газар юм. Газрын хэмжээ нь 2,400 м.кв хэмжээтэй. Эндээс 693 м.кв газрыг Н.Б өөрийнхөө нэр дээр эзэмшдэг. Харин Н.С гуай эзэмшиж чадаагүй байдаг. Төрийн байгууллагаас газар дээр нэг удаа очоод хэмжилт хийхгүй. Энэ хүн газраа эзэмшие гээд удаа дараа өргөдлөө өгөхөөр энэ чинь өөр хүний нэр дээр байна гэж хэлээд яваад байдаг. Тэгээд очоод газрыг нь үзэхээр нэг хүнээс илүү хүн эзэмшихээр газар дээр Н.С гуай 20 жил амьдарсан байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар иргэн Н.С нь өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Газрын тухай хуульд хэрэв тухайн эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уг газраа 2 жил дараалан ашиглаагүй бол энэ гэрээ цуцлагдах заалттай. Гэтэл Н.Бтэр газар дээр 20 жил очоогүй явж байдаг. Нотлох баримтуудыг харахаар газрын төлбөрийг сая шүүхэд маргаан үүсэхэд бөөнд нь төлсөн байна лээ. Ингээд төрийн байгууллагын хяналт сулыг далимдуулаад ийм байдал үүсгээд байгаа юм уу. Аль хэдийн газар эзэмших эрх нь цуцлагдах ёстой байтал 20 жил өөрөө ашиглаагүй газар дээр газрын гэрчилгээ бариад энэ миний газар гэж хэлээд яваад байгаа. Энэ бол таны газар биш. Энэ бол Монгол Улсын төрийн өмчид байгаа газар. Ингээд нотлох баримт шинжлэн судлах үеэр илүү дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодож байна. Өмгөөлөгч миний бие нэхэмжлэгч Н.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбараа хэлж байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ газрыг анх би өөрийнхөө нэр дээр авах гэсэн чинь нэг хүнд ийм том газар өгөхгүй гэсэн. Анх тэр газарт манай ах манаач хийдэг байсан. Тэгээд би өөрийн төрсөн ах Сболон талийгч эгч С, өөрийнхөө нэр дээр гээд гурван хүний нэр дээр энэ газрыг авсан. Тэр үед манай ахад амьдрах газар, гэр орон байхгүй байсан. Тэр үед манай ээж амьд байсан. Тэгээд би ээжийн надад өгсөн гэрийг ахад өгсөн. Тэгээд ээжтэй хамт эгчийн хүүхдийн хүүхдийг харуулаад ганц зун байр түрээсэлсэн. Би энэ газрын кадастр болон бүх бичиг баримтыг нь хөөцөлдөөд бүх зардал мөнгийг нь би өөрөөсөө гаргаж байж авсан. Эхлээд энэ газар дээр сараалжин хашаа барьсан. Тэрийг цайз захаас мод, хадаас гээд бүгдийг нь авч ахаараа хүргүүлээд бариулсан. Дараа нь ах уулын модноос шургааг энэ тэр аваачаад хашаа барьсан. Манай эгчийн хүүхдийн нөхөр нь барилгын компанитай. Тэгээд мод, чулуу юу байдгийн тэрийг нь аваачаад хашаа тойруулаад татсан. Ер нь бол энэ газар миний нэр дээр бүх юм байх ёстой. Тэр үед нэг хүнд ийм том газар өгөхгүй гэсэн болохоор ах, эгч болон өөрийнхөө нэр дээр авсан юм. Тэр үед манай нөхөр хүнд өвчтэй, хүүхэд насанд хүрээгүй байсан. Ингээд манай ах гэрт хоёр, гурван жил амьдарч байгаад, гэрт амьдрах хэцүү байна, би байшин баръя гээд бид нар ах дүү нараараа тусалж, хамжилцаад тэр байшинг нь бариулсан. Тэгээд түрүү жилийн хавар С ахын хүү нь над руу залгаад аавын газрыг авна гэхээр нь чи одоо юу яриад байгаа юм бэ? Танай аавын юм гэж байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг элдвээр хэлээд, үхэхийг нь хүлээгээд байгаа юм уу? гэж хэлсэн. Энэ үг надад маш муухай сонсогдсон. Бид нэг эхээс цуваад зулай зулайгаа гишгээд төрсөн ахыгаа үхэхийг нь хүлээгээд тэр газрыг би авах гээд байгаа юм уу? Тэр чинь миний юм байхгүй юу. Тэрнээс биш хүний юм авах гээд хүнийг үхэхийг нь хүлээнэ гэж байхгүй. Манай талийгаач эгч бас хүүд нь танай ахын газар гэж байхгүй гэж хэлсэн юм байна лээ. Энэ газрыг манай бие муутай ах С, талийгч эгч С үр хүүхдүүд бүгд байгаа. Талийгч эгчийн үр хүүхэд, ач гуч нь байна. Хамгийн гол нь энэ эгч маань өнгөрөөд жил ч болоогүй байхад ийм маргаан үүсгээд явж байгаад нь надад хэлэх үг олдохгүй байна. Миний эгч 2018 оны 12 дугаар сард өнгөрсөн. Энэ хүмүүс 2019 оны 03 дугаар сард шүүхэд өргөдөл өгсөн байна.

Намайг 20 жил энд үзэгдээгүй гэсэн чинь юу гэсэн үг вэ? Би энийг гайхаж байна. Цагаан, ногоон сараар дайралдаад л явдаг. 20 жил байтугай сая талийгч эгчийг өнгөрөхөөс өмнө 2 жилийн өмнө цагаан сарын дараа ах дээрээ очоод идэж уух юм хүргэж өгсөн. Би тэнд амьдрах үгүй нь хамаагүй. Энэ хүний ах дүү нар нь тэнд очдог уу, орж гардаг уу гэдгийг тэр хавийн хүмүүс бүгд мэднэ, нотолно. Энэ хүн яадгийг тэр хүмүүс мэднэ. Ийм ор үндэсгүй сонин юм яриад байгааг нь би ойлгохгүй байна. Би тэнд амьдраагүй нь үнэн. Бид нар нэг эцэг, эхээс төрсөн. Энэ хүн гудманд гараад байж байхад нь бид нар энэ ингээд архиа уугаад гудамжинд гарна биз гэж хэлж чадахгүй. Тэгээд аргаа бараад ээжийнхээ өгсөн гэрийг ахдаа өгсөн. Би бүх ах дүү нараасаа энэ газрыг та нар авах уу гэж асуусан. Тэгээд авах хүн байхгүй болохоор нь би бүгдийг нь авлаа шүү гээд газрын албаар явсан. Тэгээд газрын алба ийм том газрыг нэг хүнд өгөхгүй гэхээр нь би ах, эгч хоёрынхоо нэр дээр энэ газрыг авсан. Дараа нь ахын хүү орж гардаг болохоор нь за яахав хэдий салж сарнисан ч үр хүүхэд нь аав дээрээ орж гараад явна биз гэж бодсон. Тэгээд би ахдаа та арай энэ газрыг хүүхэддээ миний газар гээд хэлсэн юм биш биздээ. Энэ чинь миний ч юм биш. Миний нас барсан нөхрийн хүүхэддээ үлдээсэн юм гэдгийг та мэдэж байгаа биздээ. Та энийг анхнаасаа хүүхэддээ буруу ойлгуулаад янз бүрийн хэрүүл маргаан, зодоон цохион болох вий дээ гэж хэлж байсан. Тэгэхэд ах юу гэж дээ гэж хэлж байсан. Тэрнээс биш би хүний юмыг авах гээд зүтгээд байсан юм байхгүй. Манай ах тэр газрыг олсон гээд байх юм байхгүй. Хойд талд нь гэр бариад байж байсан. Хамгийн эхлээд замын дээд талд буусан. Одоо байгаа газраасаа бүр дээр байсан. Миний энэ газрыг хүн аваагүй байхаар нь би зохих журмаар нь материалыг нь бүрдүүлж авсан. Улсын тамга тэмдэгтэй бүгд хууль ёсны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байхад, би энийг өөрөө ингэж өөрийнхөө нэр дээр баримт үйлдэнэ гэж байхгүй шүү дээ гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, тэдгээрийн гаргасан хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Н.Б холбогдуулан Сүхбаатар дүүргийн ...... дугаар хороо, ар хустайн шүүхийн .... тоотод байрлах 700 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь би анхнаасаа уг газрыг эзэмших эрхийг материал бүрдүүлэн хөөцөлдөж өөрийн нэр дээр эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх, хэргийг хянан хэлэлцэхэд дараах үйл баримт тогтоогдлоо.

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо, Ар хустайн шүүхийн ...... тоот хаягт байршилтай 700 мкв талбайтай газар нь хариуцагч Н.Б эзэмшилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 293 тоот шийдвэрийг үндэслэн 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр ................. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-26 дахь тал/-г 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон болох нь хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч уг газрыг би хөдөөний паспорттой байсан учир өөрийн нэр дээр авах боломжгүй байсан тул дүү Н.Бадамхандыг нэр дээрээ авчих дараа нь авна гэж хэлцэл хийсэн учир түүнийхээ дагуу уг газрыг авахаар шаардахад надад өгөхгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлан маргаж байгаа бол хариуцагч нь анх ах Н.С нь энэ газрыг та нар авахгүй юм уу гэж бид нарт хэлэхэд авах хүн байхгүй байсан учир би хөөцөлдөж авлаа шүү гэж хэлж байгаад би хөөцөлдөж материал бүрдүүлж өгсөн гэтэл нэг хүнд өгөхгүй, том хэмжээний газар байна гэхээр нь би ах Н.С., эгч Н.С болон өөрийнхээ нэр дээр тус тусд нь эзэмших эрхийн гэрчилгээг авсан болохоос, дараа нь Н.Сд шилжүүлж өгөхөөр хэлцэл хийж тохирсон зүйл огт байхгүй үндэслэлгүй зүйлээр шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж харилцан маргаж байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, мөн хуулийн 23.3.7-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн... байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох-оор заасны дагуу хариуцагч Н.Бнь Сүхбаатар дүүргийн 15-р хорооны Засаг даргад уг газрыг эзэмших өргөдлийг 2016 оны 03 сарын 19-ний өдөр гаргасныг тухайн хорооны Засаг дарга Д.Б нь 2006 оны 03 сарын 27-ны өдөр Найдангийн Бнь СБД-ийн ....... хороо .......... задгайд зуслангийн хашаатай тул газрын гэрчилгээг олгоно уу гэсэн цохолт хийсэн /хх-ийн 41 дүгээр талд/ уг өргөдлийг нь Сүхбаатар дүүргийн Газрын алба Бүртгэлт-хяналтын картаар 2006.04.03-ны өдөр хүлээн авсан /хх-ийн 39 дэх талд/-ны улмаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ......... дугаартай захирамжаар Н.Б., Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн зориулалттай 700 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн ........... дугаартай гэрчилгээг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон /хх-ийн 26 дахь тал/, тус алба нь иргэн Н.Б. 2019 оны 07 сарын 29-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ............... дугаартай гэрээ /хх-42-43 дахь тал/-г байгуулсан ба уг газрын төлбөрт Н.Бнь 2019 оны 07 сарын 29-ний өдөр 123 330 төгрөгийг төлсөн баримт хэргийн 28 дахь талд авагдсан бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Н.Б. эзэмших эрхтэй газрын кадарстын зургийг 2019.07.29-ний өдөр хэвлэж өгсөн нь хэргийн 44 дүгээр талд тус тус авагдсан байгаа нь хариуцагч Н.Б. хуульд заасан журмын дагуу тухайн газар олгогдсон үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Шүүхэд гэрчээр асуугдсан Д.М., Д.Б. нарын мэдүүлэгт ...С. өөрөө хөдөөний паспорттой байсан учир хотын хаягтай дүүгийнхээ нэр дээр авч байсан гэдэг, 2000 оноос хойш яг газар дээрээ амьдарч байгаа, тэр газрыг яг хэний нэр дээр эзэмших эрхтэйг нь мэдэхгүй... гэсэн тайлбар, мөн гэрч Д.Н., С.Г. нарын мэдүүлэгт ...Тэр газар зэлүүд тал байсан, анхнаасаа дүү Н.Б нэр дээрээ хөөцөлдөж авсан, С. нь өөрийн гэсэн орон гэргүй болохоор нь айлын хашаанаас нүүлгээд дүү Н.Б. авсан газар дээр гэр бариад амьдруулсан, эхнэр, хүүхдээсээ аль эрт салаад, орон гэргүй, ээж, дүү нартай амьдардаг байсан, сүүлд л 7-8 жилийн өмнө хүүхэд нь гэнэт гарч ирсэн, энэ газар манай 3 дүү Н.С., Н.С., Н.Б нарын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй, Н.С гийнх огт биш... гэжээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг хэлцэл гэнэ гэж заасан боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор заасан байдаг тул нэхэмжлэгч Н.Сгийн маргаж буй эзэмшлийн газрын талаархи маргааны үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийн шаардаж буй хариуцагч Н.Б. нэр дээрээ авчих дараа нь Н.С уг газрыг авна гэж тохирч хэлцэл хийсэн гэсэн нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч Н.Бхүлээн авсан тохиолдолд хүчин төгөлдөр болохоор хуульд зохицуулсан байх тул хариуцагч Н.Бнь нэхэмжлэгч Н.Сгийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймээс, Н.С, Н.Бнарын хоорондын маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо, ..... зуслангийн зориулалттай 700 мкв газрыг Н.С авахаар тохирч хэлцэл хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан байтал нэхэмжлэгч Н.С нь уг газрыг хүсэл зоригийнхоо дагуу олж авах эрхтэй хэдий боловч хууль ёсоор нь мэдэлдээ авах замаар эзэмших эрхийг үүсэхээр заасан энэ хуулийн заалтыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Н.С нь хууль ёсоор эзэмших эрхгүй байх тул түүнийг энэ хуульд заасны дагуу Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо, ........... зуслангийн зориулалттай 700 мкв газрын шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй. Харин Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэсэн заалтын дагуу маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч Н.Б. нэхэмжлэгч Н.С уг газрыг шаардах эрхгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай маргаан бүхий газрын эзэмших эрхийг буцаан авахаар хэлцэл хийсэн гэж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох, цуглуулахаар заасан үүргээ хэрэгжүүлж чадахгүй байх тул шүүх түүний нэхэмжлэлийг нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Б. холбогдох Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо, ........ шүүхийн ...... тоот хаягт байрлах, 700 мкв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.С гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ