Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 977

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00977

 

 

 

 

О.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00760 дугаар шийдвэртэй О.Н-ийн нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлтэй, орон сууцыг Г.Б өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н , түүний өмгөөлөгч С.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч О.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Г.Б-тэй Недарланд улсад ажиллаж амьдарч байхдаа 2010 онд танилцаж, 2016 онд  хүү Б.И төрсөн. Монгол улсад 2017 оны 11 дүгээр сард хүүхэдтэйгээ ирсэн. Миний эцэг, эх зээл авч Хангай хотхонд 2 өрөө орон сууц худалдан авснаа нэр дээр минь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ хийж бэлэглэсэн. Хүүхдүүдийнхээ хамтаар тус байранд амьдарсан боловч Г.Б нь удаа дараа архи ууж агсам тавьж, өдөр шөнөгүй согтуу байдаг байснаас болж олон удаа хэрэлдэж тусдаа амьдарч, буцаж нийлж үзсэн. Эцэг, эхийг минь хүртэл гэртээ оруулахгүй хөөж туудаг. 2018 оны 8 дугаар сард 4 хоног архи ууж агсам тавихаар нь эрүүлжүүлэхэд өгсөн. Уух үедээ 2 настай хүүхдээ машиндаа суулгаад согтуугаар машин жолоодсон. 9 дүгээр сард дахин архи уухад нь цагдаа дуудсан ба цагдаа ирэхэд уйлж сөгдөж мөргөсөөр байгаад эрүүлжүүлэхэд хоноогүй. Тэгээд би хэд хоног дуугарахгүй байж байгаад нэг ярилцахдаа “... яагаад архи уугаад хүү бид хоёрыг зовоогоод миний аав, ээжийг хүндэлдэггүй юм бэ” гэж асуухад тэр хариулахдаа “... бид хоёр одоо хэрэлдээд салахад чи намайг энэ байрнаасаа хөөгөөд гаргана шүү дээ. Анхнаасаа аав чинь энэ байрыг чамд бэлэглэсэн. Би ер нь гадаад явмаар байна. Гадаад явахад ч гэсэн зээл авсан ч би энэ байрны эзэмшигч биш болохоор бүх юм утгагүй байна” гэсэн. Би бас өрөвдөж “... чи архи уухгүй хүү бид хоёрыг гомдоохгүй намайг хайрлах л юм бол бусад нь хамаагүй шүү дээ. Чи итгэхгүй бол би чамд байрныхаа талыг өгье” гэж хэлээд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байрныхаа 50 хувийг Г.Б-д шилжүүлсэн. Ингээд бид хамтран эзэмшигч болсон. Төд удалгүй дахин архи уусан, үүнээс болж хэрэлдээд намайг намайг хөөсөн. Цаашид энэ хүнтэй амьдрах бодолгүй. Г.Б нь миний олон жил гадаадад ажилласан мөнгөөр машин авч, надаар тэжээлгэчихээд гэрээс минь хөөсөн. Анхнаасаа мөнгөний сонирхолтой хүн байсныг сүүлд нь мэдлээ. Одоо мөнгө ч үгүй, орон гэр ч үгүй хүүхэдтэйгээ айлаар тэнүүчлэн амьдарч байна. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өмчлөх эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: О.Н тэй 2010 оны 6 дугаар сард Нидерланд улсад танилцсан. Байр авахаар өдөр тутам 500-600 мянган евро буюу монгол мөнгөөр 5-6 сая төгрөгийн орлого олдог байсан. Үүнийг О.Н  болон гэрчүүд нотолно. Ажил хийж цуглуулсан 20 000 еврог өөрийн аав руугаа явуулах гэхэд О.Н  нь ээж хөөцөлдөөд байрыг аваад өгөх боломжтой гэж байсан нь өнөөдөр ийм санаа зорилготой байжээ. О.Н т гар хүрч байгаагүй.  Уг байрны мөнгийг 3-4 сарын дотор ажил хийж, мөнгө цуглуулж авч байсан. О.Н-ийн ээж, дүү нар надад маш их өртэй, түүний хамгийн бага дүү миний авсан энэ байрыг түрээсэлж сууж байсан. О.Н-ийн ээжээс би 30 000 000 төгрөг, дүүгээс нь 15 000 000 төгрөг авах ёстой. Европод байхдаа О.Н-ийн замын зардлыг төлөөд явуулдаг байсан. Зээлсэн мөнгийг маань өгөөгүй тул гомдоод, бухимдаад архи уусан, түүнээс болж муудалцаад, гомдоод хөөсөн нь үнэн. Сэтгэлээр унаад нэг хоног архи уухад л эцгийн минь гадаа бүх хувцсыг орхисон ч О.Н т хайртай учраас дахин очиж байрандаа хамт амьдарсан. Уурхайгаас хувь эзэмшдэг учир мөнгө их олдог. О.Н тэй сүүлд эвлэрсэн үедээ ярьж, энэ байр минийх мөн үү гэж асууж байрны талаар баталгаажуулан утсаар бичлэг хийсэн. Уг бичлэгийг шүүхээр үзлэг хийлгэж баримт болгож өгсөн. Германд байхдаа зээлийн өртэй байсан учир бүх эд хөрөнгөө О.Н-ийн нэр дээр болгож байсан юм. О.Н  нь уурхайгаас олсон 32 000 000 төгрөгийг гуйсаар байгаад 2018 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-ны өдрүүдэд 5 хувийн хүүтэй н.А-д  аман гэрээгээр зээлсэн. Миний дансан дахь мөнгийг О.Н  нь н.А-д  зээлнэ, чи байраа нэр дээрээ шилжүүлээд ав гэж хэлээд шилжүүлсэн. Түүний гэрийнхэн нь надаас мөнгө авчихаад өгөөгүйд л би бухимдсан. О.Н  нь н.А-аас  авах мөнгийг авна, байраа чи ав, буцаад гадагшаа яв гэсэн. Ингээд л байрны 50 хувийг надад шилжүүлж өгсөн учир уг байр минийх юм гэжээ.

Хариуцагч Г.Б , түүний өмгөөлөгч Б.З нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Б ийн хувьд Нидерланд улсад ажиллаж амьдарч байхдаа цуглуулсан мөнгөө хамтран амьдрагч О.Н т хадгалуулдаг байсан бөгөөд тэдний дундаас хүү Б.И 2016 онд төрсөн. Ийм учраас цаашдаа бид гэр бүл болж хамт амьдарна гэсэн бодлоор өөрийн цуглуулсан мөнгийг О.Н-ийн аав болох П.О руу явуулж, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 507 дугаар байрны 13 тоотод үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Г.Б ийн хувьд уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн цуглуулсан мөнгөөр авсан тул О.Н ийг өмчлөгчөөс хасуулж, О.Н т ногдох хэсэг болох 50 хувийн өмчлөгч Г.Б юм. Иймд үл хөдлөх хөрөнгийн О.Н-ийн өмчилж байгаа 50 хувийг Г.Б өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Н , түүний өмгөөлөгч С.С  нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Г.Б-тэй 2015 оноос байнга хамт амьдрах болсон. Энэ хугацаанд данс тооцоо тусдаа байсан. Учир нь бид гэр бүл болоогүй дундаасаа хүүхэдгүй байсан. Үүнийг биднээс гадна найз нөхөд гэр бүлийнхэн бүгд мэдэж байгаа. Г.Б ийн хэлж байгаа шиг байр авах гэж мөнгө цуглуулж, манай аав П.О-т мөнгө шилжүүлж байгаагүй. Маргаж байгаа Хангай хотхоны 507 дугаар байрны 13 тоот 2 өрөө байрыг миний аав, ээж хоёр 100 хувь хөлс хөдөлмөрөө зориулж 2013 онд хүү бид хоёрт зориулан авч өгсөн. Энэ байрыг авахад Г.Б болон миний зүгээс нэг ч төгрөгийн оролцоо байхгүй. Энэ талаар хангалттай нотлох баримт болон гэрчүүд байгаа болно. Иймээс Г.Б ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамжны 507 дугаар байрны 13 тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 2 өрөө, 72 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгч О.Н-ийн өмчлөх эрхийг сэргээж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б ийн гаргасан, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамжны 507 дугаар байрны 13 тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 2 өрөө, 72 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Г.Б өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 950 төгрөг, хариуцагч Г.Б ийн төлсөн 337 950 төгрөгийг тус тус төсвийн орлого болгож, хариуцагч Г.Б өөс 337 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Б давж заалдах гомдолдоо: О.Н  нь Г.Б надад холбогдуулж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхааралтай хянаж, зөв үнэлж дүгнээгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж,  эрх ашгийг минь ноцтой хөндсөнд гомдолтой. Нидерланд улсад ажиллаж амьдарч байхдаа цуглуулсан мөнгөө хамтран амьдрагч О.Н т хадгалуулдаг байсан. 2016 онд бидний дундаас хүү Б.И төрсөн. Цаашдаа гэр бүл болж хамт амьдарна гэсэн бодлоор өөрийн цуглуулсан мөнгийг О.Н-ийн эцэг П.О руу явуулж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 507 дугаар байр 13 тоотод үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн цуглуулсан мөнгөөр авсан нь үнэн, үүнийгээ нотлох баримт болох Си Ди бичлэгийг шүүхэд гаргаж өгсөн. Түүнчлэн, тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах үед О.Н тэй Нидерланд улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд бид хоёрын хувьд аль нэгнийхээ эцэг эхээр дамжуулж байр худалдаж авах нь мэдээж ойлгомжтой юм. Гэтэл шүүхээс тухайн үйл баримтыг үгүйсгэж хэт нэг талыг барьж маргааны зүйл болсон орон сууцыг нэхэмжлэгч О.Н-ийн эцэг П.О , эх Ж.М нар цалингийн зээл болон бусад хүнээс мөнгө авч “БГ ” ХХК-д байрны үнэд нийт 70 100 000 төгрөгийг төлж худалдан авч, О.Н-ийн нэр дээр өмчлөх эрхийг түүний эцэг П.О бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн...” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хуурамч нотлох баримт болох “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт” гэх баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Уг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар төдийгүй гэр бүлийн хамтын амьдралгүй тусдаа амьдардаг байсан хугацаанд хийсэн дүгнэлт байгааг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч О.Н  нь хариуцагч Г.Б-д холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, өмчлөх эрхийг сэргээлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч,  орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

О.Н  нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамжны 507 дугаар байрны 13 тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 2 өрөө, 72 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны 50 хувийн өмчлөх эрхээ Г.Б-д хариу төлбөргүй шилжүүлэхээр  тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан  гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 6 дугаар тал/

Талуудын хооронд  бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ болох талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т “Бэлэглэгч бэлэг хүлээн авагч нь түүнийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй” гэж заасан.

Бэлэг хүлээн авагч Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын сүүлээр архи ууж О.Н тэй маргалдсаны улмаас  түүнийг хүүтэй нь хамт гэрээс нь хөөж явуулснаас нэхэмжлэгч орон сууцандаа амьдарч чадахгүй байгаа үйл баримт гэрч О.С-ийн “2018 оны 10 сарын сүүлээр хүүхдээ дагуулаад уйлаад манайд хүрээд ирсэн. ... Оноос өмнө найзындаа байдаг байсан. Оноос хойш аав ээжийнхээр, манайхаар байгаа. Тогтсон орон гэр байхгүй. Байранд нь Г.Б амьдардаг...” гэх, гэрч Ж.М-ийн “... 3 нас хүрээгүй хүүхэдтэй нь хөөгөөд гаргасан байсан...” гэх мэдүүлэгүүд болон зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх-ийн 34-36, 107 дугаар тал/

Талуудын хооронд үүссэн маргаантай дээрх нөхцөл байдал нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэлд хамаарахаар байна. Нэхэмжлэгчийн “... архи уухгүй, хүү бид хоёрыг гомдоохгүй, хайрлах байх гэж итгэж байрныхаа 50 хувийг шилжүүлсэн боловч удалгүй архи ууж хүүтэй минь хөөн явуулж гомдоосон...” гэж бэлэглэлийг хүчингүй болгохоор шаардсан нь үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрхээ  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасан хугацаанд хэрэгжүүлжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамжны 507 дугаар байрны 13 тоотод байрлах 41.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өөрийн хөдөлмөрийн оролцоо, орлогоос бий болгосон эсхүл дундаа хамтран өмчлөх хөрөнгө буюу дундын хамтын эх үүсвэртэйгээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон болохоо  эргэлзээгүй нотолж чадаагүй байна. Түүнийг Недарланд улсад ажиллаж амьдарч байхдаа 12 500 евро өгч шилжүүлсэн асуудлын талаар гэрч О.Г мэдүүлж байгаа боловч уг мөнгийг талуудын маргааны зүйл болж буй орон сууцыг худалдан авахад оруулсан болох нь нотлогдоогүй байна. Анхан шатны шүүхийн  хариуцагч уг орон сууцыг өмчлөх эрхтэй холбоотой шаардлага, түүний үндэслэлээ нотлож чадаагүй гэх дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд хэрэгт авагдсан энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй.

Харин хариуцагч нь  энэ нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд заагаагүй асуудлаар өөрийн эрх ашгийг хамгаалуулах, хөрөнгө, мөнгө шилжүүлсэнтэй холбоотой нэхэмжлэл гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/00760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 337 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                               ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ