Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/01412

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/01412

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, А хотхон, * байр, * тоотод оршин суух Д*г овогт Ц.С /РД:КИ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, * хотхон, 91г байр, 1 тоот хаягт байрлах ҮБ ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, дутуу олгосон цалин болон огт олгогдоогүй цалинд 41 674 221.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э

хариуцагчийн төлөөлөгч А.С,

гэрч Э.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.С хариуцагч ҮБ ХХК-д холбогдуулан Ерөнхий геологичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, дутуу олгосон цалин болон огт олгогдоогүй цалинд 41 674 221.37 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: а/Миний бие 2018.01.04-ний өдөр ҮБ ХХК-тай хөдөлмөрийн 1 дүгээр гэрээ байгуулж, геологичийн ажил албан тушаалд ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн болон ур чадварын алдаа дутагдал гаргаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс сахилгын ямар нэг шийтгэл хүлээж байгаагүй. 2021.10.15-ны өдөр тус компанийн захирлын Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах хэсгийг зөрчиж, миний албан тушаалын орон тоо байсаар байтал надад орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлж байгаа тухай мэдэгдээгүй. 2021.10.15-ны өдөр тушаал гаргаад намайг ажлаас халсан, дахиж ажиллах хэрэггүй, ажилдаа битгий ирээрэй гэж хэлээд тушаалын 1 хувийг 10 сарын 27-ны өдөр гардуулсан. Дээрх тушаалын тушаах хэсэгт намайг ямар хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас халж байгаагаа дурдаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

б/ Мөн 2020.02 сараас 2021.5 сар хүртэлх хугацааны цалинг дутуу олгож байсан атлаа нийгмийн даатгалын дэвтэрт 2020.02 сараас 2021.02 сар хүртэлх хугацааны цалинг бүтэн олгосон мэтээр нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, харьяалах нийгмийн даатгалын газарт худалд мэдээлэл өгч байсан. Иймд 2020.02.01-нээс 2020.12.31 хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөлс 17 798 127 төгрөг, 2021.01 сараас 2021.04.30 хүртэл дутуу олгосон цалин 7 156 094 төгрөг, 2021.05 сараас 2021.10.15 хүртэл огт олгогдоогүй цалинд 16 720 000 төгрөг, нийт 41 674 221.37 төгрөгийг гаргаж өгнө үү. Намайг урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, дутуу олгосон цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: нэхэмжлэгч Ц.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 2020 оны * сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөс болох 17,798,127 төгрөг нэхэмжилсэн тэгвэл уг дутуу олгосон цалин нь ҮБ ХХК-с 2020.04.23- ны өдөр гаргасан Мэдэгдэл буюу ...2020 оны 03 дугаар сараас эхлэн компаний үйл ажиллагаа жигдрэх хүртэл оффиссын ажилтнууд онлайнаар болон богиносгосон цагаар ажиллах, ингэж ажиллахдаа нийт цалингийн 50%-иар цалинг олгохоор шийдвэрлэлээ... гэх мэдэгдэлд Ц.Сз гарын үсэг зурж баталгаажуулсан. 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дутуу олгосон цалин хөлс 7,156,094 төгргийг мөн адил нэхэмжилсэн энэ нь дээрх шалтгаантай адил бөгөөд ҮБ ХХК нь үйл ажиллагаагаа жигдлэх хүртэл ажилтнууд онлайнаар болон богиносгосон цагаар ажиллах, ингэж ажиллахдаа нийт цалингийн 50%-иар цалинг олгохоор шийдвэрлэсэний дагуу цалинг 50%-иар олгосон явдал юм. Мөн 2021 оны 05 дугаар сарын 1-нээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх огт олгоогүй цалин хөлс 16,720,000 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй ба Ц.С нь 2021 оны 05 дугаар сарын 1-нээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх огт ажилдаа ирээгүй, мөн 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны * сарын 31-ны өдрийг хүртэлх компанид учруулсан хохирол буюу 5,973,471 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-с 2019 оны * сарын 31-ны өдрийг хүртэлх компанид илүү төлсөн 1,229,316.55 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-с 2020 оны * сарын 31-ны өдрийг хүртэлх компанид учруулсан хохирол буюу 4,830,302 төгрөг нийт 9,574,619.55 төгрөг, Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны * сарын 31 -ны өдрийг хүртэлх компанид учруулсан хохирлыг Ц.Сайхан- Эрдэнийн 2021.05.01-нээс 2021.10.15-ны өдрийг хүртэлх цалингаас тооцоог, тооцоог хааж эцсийн үлдэгдлийг дуусгасан. Харин Ц.Сэс ҮБ ХХК нь нэхэмжлэл гаргаж, 9,724,619.15 төгрөгөө нэхэмжлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байгаа бөгөөд бид энэ талаар нэхэмжлэл гаргаагүй. Мөн Ц.Сд 2019.01.31-ны өдөр мэдэгдэл хүргүүлж ажлаа цаг тухайд нь хийхийг сануулсан, мөн 2021.03.17-ны өдөр мэдэгдэл хүргүүлж удирдлагын зөвшөөрөлгүй ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг анхааруулсан, мөн 2021.09.07-ны өдөр Ц.С нь гэрээнд заасан цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж өгнө үү хэмээн өргөдөл гаргасан үүний дагуу Ц.Сд ҮБ ХХК-с мэдэгдэл хүргүүлэн боломжгүй байгааг мэдэгдсэн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Компанийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай 04 дугаар Захирлын тушаалаар Ерөнхий геологчийн албан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар цуцалсан бөгөөд энэ нь хуулийн үндэслэлтэй гэв.  

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт авагдсан 2021.10.15-ны өдрийн Б/02 дугаар захирлын тушаал, 2018.01.04-ний өдрийн Б/01 дугаар захирлын тушаал, 2018.01.04-ний өдрийн 01 дугаар хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт, 2021.11.12-ны өдрийн 0761 дүгээр итгэмжлэл, зэрэг баримтуудыг /хх-ийн 5-15, 19-56/

 

4. Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2020.04.23-ны өдрийн мэдэгдэл, шилжүүлгийн мэдээлэл, 2020.12.30-ны өдрийн баримт, 2020.12.30-ны өдрийн цалин олгох хүснэгт, банкны шилжүүлгийн мэдээлэл, 2020.11.30-ны өдрийн цалин олгох хүснэгт, нэрс, 2020.10.30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2020.10.30-ны өдрийн цалин олгох нэрс, 2020.09.30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2020.09.30-ны өдрийн цалингийн нэрс, 2020.08.28-ны өдрийн шилжүүгийн мэдээлэл, 2020.08.30-ны өдрийн цалин олгох хүснэгт, 2020.07.30, 2020.06.30, 2020.04.20, 2020.05.15-ны өдрийн цалингийн нэрс, шилжүүлгийн мэдээлэл, 2020.03.30-ны өдрийн өдрөөс цалингийн нэрс, шилжүүлгийн мэдээлэл, цалин олгох хүснэгт, 2020.02.29, 2020.02.15-ны өдрийн цалингийн нэрс, шилжүүлгийн мэдээлэл,цалин олгох хүснэгт, 2021.01.01-ний өдрөөс 2021.05.01-ний өдрийн цалингийн нэрс, цалин олгох хүснэгт, шилжүүлгийн мэдээлэл, 2021.05 сараас 2021.10 сарын цалингийн бүртгэл, ҮБ ХХК-ийн дансны хуулга, ҮБ ХХК-ийн кассын зарлагын баримт, 2019.08.05-ны өдрийн мөнгө хүссэн өргөдөл, 2018.09.03-ны өдрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх, талон, зогсоолын төлбөрийн баримт, арлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, 2019.01.31-ний өдрийн 04 дугаар мэдэгдэл, 2021.03.17-ны өдрийн 1 дугаар мэдэгдэл, 2021.07.30-ны өдрийн 04 дүгээр мэдэгдэл, ҮБ ХХК-ийн бүтэц зохион байгуулалт, Ц.Сийн ээлжийн амралтын тооцоолол, ҮБ ХХК-ийн дүрэм, 2017.11.27-ны өдрийн 17/01 дүгээр хөдөлмөрйн дотоод журам, ҮБ ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, /хх1-60-67, 72-81,89-250, хх2-1-42, 46-76/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр Э.Уг асууж, мэдүүлэг авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

  1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах хэсгийг зөрчиж, миний албан тушаалын орон тоо байсаар байтал надад орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлж байгаа тухай мэдэгдээгүй. 2021.10.15-ны өдөр тушаал гаргаад намайг ажлаас халсан, ...тушаалын хувийг 10 сарын 27-ны өдөр гардуулсан. Дээрх тушаалын тушаах хэсэгт намайг ямар хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас халж байгаагаа дурдаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т заасныг зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. ... мөн цалин хөлсийг дутуу олгосон, огт олгоогүй хэрнээ олгосон мэтээр цалин бичсэн зэрэг нь хуульд нийцээгүй.гэж тайлбарласан.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ҮБ ХХК нь үйл ажиллагаагаа жигдлэх хүртэл ажилтнууд онлайнаар болон богиносгосон цагаар ажиллах, ингэж ажиллахдаа нийт цалингийн 50%-иар цалинг олгохоор шийдвэрлэсэний дагуу цалинг 50%-иар олгож байсан. ... Мөн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Компанийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай 04 дугаар Захирлын тушаалаар Ерөнхий геологчийн албан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар цуцалсан бөгөөд энэ нь хуулийн үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар, гэрч Э.Ууганцэцэгийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.С нь Үнэнбэх ХХК-д 2018 оны 01 сарын 04-ний өдрөөс геологичоор ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Ерөнхий геологичоор ажиллаж болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаалууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичили хийсэн хуулбар, төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-14/

Хэрэгт Ц.Сийг тус компанийн Ерөнхий геологичоор томилсон тушаалыг ирүүлээгүй хэдий ч түүнийг 2020 оны 2 сарын 01-ний өдрөөс уг албан тушаалд ажиллаж эхэлсэн талаар талууд маргаагүй, гэрч Э.Ууганцэцэг /тус компанийн ерөнхий нягтлан/ энэ талаар мэдүүлсэн болон түүний нийгмийн даатгалын 2020 оны бичилт хийж баталгаажуулсан хэсэг зэргээр тогтоогдож байна. хх-ийн 10/

Харин тус компанийн захирлын 2021.10.15-ны өдрийн Б/02 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, ҮБ ХХК-ийн 2021.07.30-ны өдрийн 4 тоот тушаал, Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг үндэслэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Ерөнхий геологич Ц.Сийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн 04 дугаар Компанийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай тушаалаар Ц.Сийн ажиллаж байсан ажлын байр болох Ерөнхий геологичийн орон тоо хасагдсан гэж тайлбарлаж, холбогдох тушаалыг, ҮБ ХХК-ийн дотоод бүтэц зохион байгуулалтын схемийн хамт 2-р хавтаст хэргийн 35-37 дугаар талд ирүүлсэн байна.

Гэвч дээрх тушаал болон ҮБ ХХК-ийн дотоод бүтэц зохион байгуулалтын схемээс тухайн компани нь ямар бүтэц, орон тоотой байснаас тухайн тушаалаар хэд болж хасагдсан, түүнчлэн Ц.Сийн ажиллаж байсан Геологи, уул уурхайн албанд хэдэн хүн ажиллаж байснаас хэд болж өөрчлөгдснийг болон тухайн ажиллаж байсан орон тоог хассан эсэх талаар дүгнэлт хийх боломжгүйн дээр, тушаалын хууль зүйн үндэслэлийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар дүгнэх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр, ажил олгогч ҮБ ХХК нь ажилтан Ц.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан ...орон тоо хасагдсан үндэслэлд хамааруулан тайлбарлаж байх ба энэ тохиолодолд ажил олгогч нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар биелүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Эдгээрээс дүгнэхэд ҮБ ХХК-ийн захирлын 2021.10.15-ны өдрийн Б/02 тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцсэн гэх үндэслэлгүй байх тул Ц.Сийг урьд эрхэлж байсан Ерөнхий геологичийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хуульд зааснаар тооцож, олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Сийн нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаанаас /хх-ийн 10/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 1 540 000 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 146 өдрийн /1 540 000:21,5= 71 628төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 10 457 688 төгрөгөөр /71 628 х 146өдөр/ тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Харин нэхэмжлэгчийн 2020.02.01-нээс 2020.12.31 хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөлс 17 798 127 төгрөг, 2021.01 сараас 2021.04.30 хүртэл дутуу олгосон цалин 7 156 094 төгрөг, 2021.05 сараас 2021.10.15 хүртэл огт олгогдоогүй цалинд 16 720 000 төгрөг, нийт 41 674 221.37 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Ц.С нь 2020 оны 2 сарын 01-ний өдрөөс буюу эрхээ зөрчигдөж эхэлсэн үеэс цалин хөлстэй холбоотой асуудлаар тухайн байгууллага болон холбогдох байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хугацаанд гомдол гаргасан талаар баримтгүй байх тул хуульд заасан энэ талаарх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Хариуцагч ҮБ ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад захиралтай хуулийн этгээд байх ба хуульд заасан журмын дагуу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан итгэмжлэлийн шаардлага хангасан итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно./1-р хх-ийн 72-81/

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь Ц.С нь 2021 оны 05 дугаар сарын 1-нээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл огт ажилдаа ирээгүй, гэвч түүний компанид учруулсан хохирлыг Ц.Сийн 2021.05.01-нээс 2021.10.15-ны өдрийг хүртэлх цалингаас тооцож, тооцоог хааж эцсийн үлдэгдлийг цалингаас суутгаж авах байдлаар дуусгасан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь 2021.10.15-ны өдрийн Б/02 дугаар тушаалын үндэслэл болоогүй тул шүүх дээрх үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч Ц.С нь 2021 оны 10 сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2021 оны 11 сарын 12-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Сийг ҮБ ХХК-ийн Ерөнхий геологичийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 10 457 688 төгрөгийг хариуцагч ҮБ ХХК-иас гаргуулан Ц.Сд олгож, дутуу олгосон болон олгогдоогүй цалинд нийт 41 674 221.37 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Сийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ҮБ ХХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ҮБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 182 273 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ