Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/00580

 

 

 

 

 

        2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/00580

                 Улаанбаатар хот

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: ... Танан төв О..ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. тоотод байрлах, П..ХХК /РД:.../-д холбогдох,

 

Ажилд гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулж, гэрээгээр хүлээсэн барилгын гражийн шалны ажлын доголдолыг засварлаж хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б.., хариуцагчийн төлөөлөгч Э.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч О ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани П ХХК-тай 2016 оны 7 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2016 оны 7 сарын 19-ний өдрөөс 2016 оны 7 сарын 30-ны хооронд Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гражийн шалны 634 м.кв талбайг засварлаж будаж янзлах тэмдэг тэмдэглэгээг хийх ажлыг гүйцэтгүүлэхээр гэрэээ байгуулж ажил гүйцэтгэсний хөлсөнд 18 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тус гэрээг байгуулахдаа гэрээнд тусгагдсан материалаар уг ажлыг чанарын өндөр түвшинд стандарт норм нормативыг баримтлан хийж гүйцэтгэхээр тохиролцон 1 жилийн баталгаа өгсөн боловч 2 сар ч хүрэлгүй 2016 оны 9 сараас шал хуурч ховхорч талбай нь хэвийн ашиглагдах боломжгүй болж эхэлсэн. Уг асуудлыг П ХХК-д мэдэгдэж сэргээн засварлахыг 2017 оны 1 сарын 10-ны өдрөөс удаа дараа амаар болон бичгээр хүсэлт өгч байсан боловч одоог хүртэл засч янзлахгүй бидний ажилд маш их хүндрэл учруулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байдалд хүрээд байна.  О ХХК нь 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн П ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ зохистой гүйцэтгээгүй тул гэрээний 2.3, 4.5-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу анз тооцон 9 000 000 төгрөг гаргуулах, П ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилгын гражийн шалны ажлын доголдолыг өөрийн хөрөнгөөр засварлаж дуусгаж, хүлээлгэн өгөхийг даалгаж өгөх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин уг компани одоо болохоор манай буруугаас болоогүй гэж маргаж байгаа тул бид ажлыг муу хийдэг байгууллагаар дахин хийлгэх сонирхолгүй байгаа тул П ХХК-иар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж барилгын гараашийн шалны ажлын доголдолыг өөрийн хөрөнгөөр засварлаж, дуусган хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч П ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 7 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж манай компани Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гражын шалны 634 м2 талбайг Солонгос улсын КСС брэндийн эпокси будгаар будаж тэмдэг, тэмдэглэгээг хийх ажлыг гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд, доголдолгүй, зохих ёсоор хийж гүйцэтгэж 2016 оны 8 сарын 03-ны өдөр ажил хүлээлцэх акт бичгээр үйлдэж О ХХК албан ёсоор хүлээн авч гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлт бүрэн хангагдаж дуусгавар болсон байтал О ХХК нь гэрээнээс учирсан гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гараажийн шал хуурч ховхорсон нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажилтай огт хамааралгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгч компанийн гаргасан алдаатай шийдвэрээс болж үүссэн хагарал ховхрол юм. Тодруулбал, дээрх үйлчилгээний төвийн гражын будгийн ажил чанарын шаардлага бүрэн хангасан бөгөөд гагцхүү уг будгийг тавьсан суурь бетоны чанараас шалтгаалж тухайн гражын шаланд хагарал, хуурал үүссэн. Гэтэл нэхэмжлэгч О ХХК нь тухайн үед зардлаа хэмнэж чанарын шаардлага хангахгүй талбай дээр будаг хийлгэсэн үйлдлээсээ болж учирсан хохирлыг манай компаниас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу барилгын гараажийн шалны засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байхад анз тооцсоныг ойлгохгүй байна. Харин гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээд ажил хүлээлцсэн актаа хоёр талаасаа гарын үсэг зураад ажлаа хүлээлцсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулж, П ХХК-иар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж барилгын гараашийн шалны ажлын доголдолыг өөрийн хөрөнгөөр засварлаж, дуусган хүлээлгэн өгөхийг даалгах тухай болгож өөрчилжээ.

Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал П ХХК-иар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж барилгын гараашийн шалны ажлын доголдолыг өөрийн хөрөнгөөр засварлаж, дуусган хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Талуудын хооронд 2016 оны 7 сарын 19-ний өдөр №16-8/100/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр П ХХК нь О ХХК-ийн Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гараажийн шалны 634 м2 талбайг Солонгос улсын КСС брэндийн Эпокси будгаар будаж тэмдэг, тэмдэглэгээг хийх ажлыг 2016.07.19-ний өдрөөс 2016.07.30-ны өдрийн хооронд гүйцэтгэн О ХХК-д хүлээлгэн өгөх, О ХХК нь гэрээнд заасан ажлын хөлс 18 000 000 төгрөгийг П ХХК-д 3 хувааж төлөхөөр тохиролцсон байна.

Дээрх гэрээний дагуу П ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 2016 оны 8 сарын 03-ны өдөр ажил хүлээлцэх акт бичгээр үйлдэж О ХХК албан ёсоор хүлээн авч, гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шаардлагад нийцсэн байна. Талууд уг асуудлаар маргаагүй байна.

 

Түүнчлэн талууд гэрээнийн 1.5-д гүйцэтгэсэн ажилд баталгаат хугацааг нэг жил байхаар тогтоосон байх ба хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын чанарт доголдол гарч улмаар энэ тухай албан бичгийг нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч П ХХК-д 2017 оны 1 сард хүргүүлснийг хүлээн авч, засвар хийх тухай албан бичгүүдийг хүргүүлж байсан баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна” гэж зааснаар талууд ажлын үр дүнг хүлээн авсан асуудлаар маргаагүй хэдий ч уг хүлээн авсан ажилд доголдол үүссэнээр талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Иргэний хуулийн 349, 352 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч нь доголдлыг арилгуулах болон хохирол гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгч О ХХК нь П ХХК-иар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж барилгын гараашийн шалны ажлын доголдолыг өөрийн хөрөнгөөр засварлаж, дуусган хүлээлгэн өгөхийг даалгах тухай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн П ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохистой гүйцэтгээгүй тул гэрээний 2.3, 4.5-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувиар анз тооцон 9 000 000 төгрөгийг гаргуулна гэсэн нь дараах үндэслэлгүй байна.

Талуудын байгуулсан гэрээний 2.3, 4.5-д заасан заалтууд нь гэрээний талуудын гүйцэтгэх ажлын үндсэн үүрэгтэй холбоотой буюу өөрөөр хэлбэл 634 м2 талбайг Солонгос улсын КСС брэндийн Эпокси будгаар будаж тэмдэг, тэмдэглэгээг хийх ажлыг 2016.07.19-ний өдрөөс 2016.07.30-ны өдрийн хооронд гүйцэтгэн О ХХК-д хүлээлгэн өгөх, О ХХК нь гэрээнд заасан ажлын хөлс 18 000 000 төгрөгийг П ХХК-д 3 хувааж төлөхөөр тохиролцсон харилцаанд асуудал үүсвэл уг заалтуудыг хэрэглэхээр  зохицуулсан гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, гэрээний уг заалтуудыг гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон               

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн хариуцагч П ХХК-д холбогдох 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

       

2. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж барилгын гараашийн шалны ажлын доголдолыг өөрийн хөрөнгөөр засварлаж, дуусган хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                  

 

 

 

    ДАРГАЛАГЧ                              ажилБ.МӨНХЖАРГАЛ