Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01902

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00580 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1115 дугаар магадлалтай,

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

ПТ ХХК-д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч О ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ПТ ХХК-тай 2016 оны 7 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2016 оны 7 сарын 19-ний өдрөөс 2016 оны 7 сарын 30-ны хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гараашийн шалны 634 м.кв талбайг засварлаж будаж янзлах тэмдэг тэмдэглэгээг хийх ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж ажил гүйцэтгэсний хөлсөнд 18.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тус гэрээг байгуулахдаа гэрээнд тусгагдсан материалаар уг ажлыг чанарын өндөр түвшинд стандарт норм нормативыг баримтлан хийж гүйцэтгэхээр тохиролцон 1 жилийн баталгаа өгсөн боловч 2 сар ч хүрэлгүй 2016 оны 9 сараас шал хуурч ховхорч талбай нь хэвийн ашиглагдах боломжгүй болж эхэлсэн. Уг асуудлыг ПТ ХХК-д мэдэгдэж сэргээн засварлахыг 2017 оны 01 сарын 10-ны өдрөөс удаа дараа хүсэлт өгч байсан боловч одоог хүртэл засч янзлахгүй бидний ажилд маш их хүндрэл учруулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байдалд хүрээд байна. О ХХК нь 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ПТ ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ зохистой гүйцэтгээгүй тул гэрээний 2.3, 4.5-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу анз тооцон 9.000.000 төгрөг гаргуулах, ПТ ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилгын гараашийн шалны ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлаж дуусгаж, хүлээлгэн өгөхийг даалгаж өгөх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин уг компани одоо болохоор манай буруугаас болоогүй гэж маргаж байгаа тул бид ажлыг муу хийдэг байгууллагаар дахин хийлгэх сонирхолгүй байгаа тул ПТ ХХК-иар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж барилгын гараашийн шалны ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлаж, дуусган хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч ПТ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: О ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 7 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гараашийн шалны 634 м.кв талбайг Солонгос Улсын КСС брэндийн эпокси будгаар будаж тэмдэг, тэмдэглэгээг хийх ажлыг гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд, доголдолгүй, зохих ёсоор хийж гүйцэтгэж 2016 оны 8 сарын 03-ны өдөр ажил хүлээлцэх акт бичгээр үйлдэж О ХХК албан ёсоор хүлээн авч гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлт бүрэн хангагдаж дуусгавар болсон байтал О ХХК нь гэрээнээс учирсан гэм хорын хохиролд 9.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гараашийн шал хуурч ховхорсон нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажилтай огт хамааралгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгч компанийн гаргасан алдаатай шийдвэрээс болж үүссэн хагарал ховхрол юм. Тодруулбал, дээрх үйлчилгээний төвийн гараашийн будгийн ажил чанарын шаардлага бүрэн хангасан бөгөөд гагцхүү уг будгийг тавьсан суурь бетоны чанараас шалтгаалж тухайн гараашийн шаланд хагарал, хуурал үүссэн. Гэтэл нэхэмжлэгч О ХХК нь тухайн үед зардлаа хэмнэж чанарын шаардлага хангахгүй талбай дээр будаг хийлгэсэн үйлдлээсээ болж учирсан хохирлыг манай компаниас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу барилгын гараашийн шалны засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байхад анз тооцсоныг ойлгохгүй байна. Харин гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээд ажил хүлээлцсэн актаа хоёр талаасаа гарын үсэг зураад ажлаа хүлээлцсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00580 дугаар шийдвэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн хариуцагч ПТ ХХК-д холбогдох 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч ПТ ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж барилгын гараашийн шалны ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлаж, дуусган хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1115 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00580 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ... гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.5 гэж нэмж, 2 дахь заалтын Нэхэмжлэгч О ХХК нь ... гэсний өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй дүгнээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт тодруулбал гэрээний уг заалтуудыг гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэв. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна гэжээ. Шүүх Иргэний хуулийн ямар заалтыг үндэслэж тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч 2018 оны 01 дүгээр сарын 03-нд шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23 ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гаргасан. Тухайн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Э.Батхүү өмгөөлөгчийнхөө шинжээч томилуулах хүсэлтийг дэмжиж оролцсон. Шүүхээс хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг баталгаажуулах, хөрөнгө битүүмжлэх шүүгчийн захирамжид гомдол гаргасан тул шүүгч Н.Урангоо шүүх хуралдааныг хойшлуулсан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчтөө танилцуулах шаардлагатай гэж Б.Мөнхжаргал шүүгч дахин хойшлуулсан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар хүсэлтийг шийдвэрлэх заалтыг зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэрийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэхгүй процессын алдаа гаргасан. Мөн хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчөөсөө татгалзсан ямарч нотлох баримт болон хүсэлт гаргаагүй хавтаст хэрэгт байхгүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өмгөөлөгчөөс татгалзах шүүх хуралдаанд оролцуулахгүй байх эрх олгогдоогүй байна. Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэртэй эрх зүйн туслалцааны гэрээг Пайнт технилоги ХХК-ийн захирал Ж.Оджаргал байгуулсан байхад оролцох эрхийг шалгаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан эсэх нь тодорхойгүй талаар тайлбар хэлсэн боловч шүүх анхаарч хүлээж авч хэлэлцээгүй болно. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 зүйлийн 107.3 дахь заалтыг зөрчсөн болно. Хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан эсэх хүсэлтэй дэмжиж буй шаардлагыг тодруулаагүй нь хэрэг хянан хэрэг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн барилгын ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлахыг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэхдээ зохих хуулийн заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн анз шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийг зохих хуулийн зохицуулалт баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөв гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан. Гэтэл шүүхээс хууль хэрэглээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн болох нь тогтоогдсон байхад шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан үйл баримтанд огт хэлэлцээгүй, дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн улмаас шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О ХХК, хариуцагч ПТ ХХК-с анх ажлын доголдлын улмаас учирсан хохиролд 18.000.000 төгрөг шаардаж, хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад  ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлахыг даалгаж, алдангид 9.000.000 төгрөг гаргуулах гэж  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлээс татгалзжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй доголдолтой тул алданги гаргуулна гэснийг, хариуцагч эс зөвшөөрч, доголдол бий болоход  нэхэмжлэгч буруутай гэж маргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулжээ.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэргийн баримтаас үзвэл О ХХК-ийн захиалгаар ПТ ХХК нь нэхэмжлэгчийн Танан төвийн офиссын барилгын гаражийн 634 м.кв талбай бүхий шалыг Солонгос улсын КСС брэндийн Эпокси будгаар будаж, тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлыг 2016.07.19-2016.07.30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, ажлын хөлсөд 18.000.000 төгрөг төлөхөөр талууд тохиролцжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд захиалагчийн эсхүл гүйцэтгэгчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэг хүлээдэг тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч ажлын хөлсөд 18.000.000 төгрөг төлсөн, хийж гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг доголдолтой буюу  гаражийн  шалны будаг хуурсан тухайд зохигч маргаагүй байна.

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг. Нэхэмжлэгч алданги шаардахдаа талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3, 4.5-д заасныг үндэслэл болгосон бөгөөд эдгээр зохицуулалтаар алданги гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна. Гэрээний 4.5-д “гүйцэтгэгч хүлээсэн үүргээ удаа дараа зөрчвөл захиалагч гэрээг дангаар цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ирээдүйд ажлыг дуусгахад шаардагдах хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож захиалагчид торгууль төлнө” гэж заасан нь үүргийг хангуулах зорилгоор тохирсон анзын агуулгагүй байна.

Нэхэмжлэгч алдангийн хэмжээг ажлын хөлсөнд төлсөн 18.000.000 төгрөгийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн нь гэрээний дээрх зохицуулалттай нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэр гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан шалтгааныг тогтоолгохоор  шинжээч томилуулах хүсэлт гаргасныг /хх-43-р тал/ шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2017/10927 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх-46-р тал/

Энэ захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасны дагуу шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2017/00387 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон, /хх-57-58-р тал/ хариуцагчийн өмгөөлөгч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг /хх-70-р тал/ 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаас хэлэлцэхгүй орхисон боловч /хх-76-р тал/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хүсэлтийг дэмжиж оролцсныг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2018/03117 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн 114-115-р тал дахь баримтаар тогтоогджээ.

Дээр дурдснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүх, хариуцагчийн өмгөөлөгчийн  шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1115 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ