Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/01198

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/01198

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

......................-ын нэхэмжлэлтэй,

Х.......................д холбогдох,

ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..........л, түүний өмгөөлөгч ......... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.      

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2008 онд энэ компанид оператероор ажилд ороод ахлах оператор, орлогч менежер, менежер гээд шат дараалалтай өсөн ажиллаж байсан. 2011 онд 21 дүгээр талбай үүсгэн байгуулагдаж байхад нь анхны удирдах албан тушаалтнуудын нэгээр томилогдоод ажлаас халагдах хүртлээ ажилласан. 2019 оны 12 сард оны шилдэг ажилтан шалгаруулна нэрс өгөөрэй гэхэд нь хэлтсээрээ ярилцаж байгаад хүмүүсийн нэр өгсөн. Гэтэл талбайн орлогч дарга колонкийн түгээгчийг шагнахгүй гэхээр нь би түгээгч байлаа гээд шагнуулахгүй гэсэн үг биш, энэ хүн хамт олондоо нэр хүндтэй, манлайлан ажилладаг гэж хэлтэл удирдлагын шийдвэрийг дагасангүй, Петрочайна дачин тамсаг ХХК-д ийм байдал илэрхийлсэн хүнийг ажлаас халдаг, чи ажлаас гарах хүсэлтээ өг эсхүл бид чамайг хална гэж хэлсэн. Энэ үйл явдал болсны маргааш нь намайг ажилд оролцуулахгүй гэдэг шийдвэрийг Монгол, Хятад удирдлагуудын хурлаар Лию Жиан гэдэг дарга гаргасан. Намайг энэ хуралдаа оролцуулаагүй, үүнээс хойш 10 сар ажил хийгээгүй, ээлжээр дуудагдан очоод өрөөнөөсөө ч гарахгүй байсан. Тэр хугацаанд хэд хэдэн удаа надтай уулзсан, намайг ажлаас халагдах хүсэлтээ өг, өөр албан тушаалд томилно гэх зүйлүүдийг ярьж байсан. Хэрэв намайг өөр албан тушаалд томилбол би шүүхийн байгууллагад хандана гэдгээ хэд хэдэн удаа хэлж байсан. Намайг ажлаас халах шалтаг хайсан юм уу ажлын ирцийг хэд хэдэн удаа аваад, гарын үсэг зурсан эсэхийг шалгаад байдаг байсан. Сургууль төгссөн дипломыг хүртэл эх хувиас нь хуулбарлаж авч байсан. 2020 оны 10 сарын 25-ны орой манай олборлолтын менежерүүд гарч хоол идье гээд 21 цагийн үед ойрхон байдаг тээврийн ангид очиж хоол идээд, хөзөр их тоглодог байсан учир тоглож суусаар орой болоод ирээд амарсан. Өмнөх өдөр нь тээврийн ангийн залуутай таарахад маргааш хот явах гэж байгаа гэхээр нь би маргааш ээлж бууж байгаа, Төв аймгийн Эрдэнэцагаан сумаас идэшний үхрээ авах ёстой юм, хамт явъя гээд ярилцсан байсан. Ажилгүй байх хугацаандаа би үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандсан, мөн Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналт, Хөдөлмөрийн яам зэргийн хамтарсан шалгалт манай дээр ирэхэд нь би өөрийн байгаа байдлаа хэлж байсан. Тэгээд маргааш өглөө нь 9 цагийн үед тэр залуу ирээд би цүнхээ ачаад байж байтал утсаар залгаад Лию Жиан дарга дуудаж байна гээд би очсон, тэгээд очтол орчуулагч байхгүй байсан тул орчуулагчийг хүлээж байх зуураа Уул уурхайн яамнаас ирсэн шалгалт чамтай холбогдсон уу гэх зэрэг зүйлийг ярьж байтал чамаас архи үнэртээд байгаа юм уу гэж асуусан би үгүй, уугаагүй гэж хэлсэн. Гэхдээ Хятад хэлээр орчуулагч Наранцэцэгтэй ярилцаад байсан, тэгж байгаад надад компанийн бүтцийн өөрчлөлт орж байгаа учраас чамайг гадаад харилцааны хэлтсийн менежерээр томилно гэж хэлсэн. Би энэ ярьсан зүйлээ цаасан дээр буулгаад өгөөрэй, би өмнө нь намайг өөр албан тушаалт томилбол шүүхийн байгууллагад хандана гэдгээ хэлж байсан гэж хэлээд гараад явсан. Тэгээд намайг ажлаас халсан байсан. Намайг үндэслэлгүй ажлаас халсан тул Петрочайна ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сарын дундаж цалин 3,065,930 төгрөгийг ажлын 22 хоногт хувааж, 1 өдрийн цалин 139,360 төгрөг болж байгаа. 2020.11.01-нээс өнөөдрийг хүртэл 16 сар 12 хоног буюу ажлын 364 хоногт нийт 50,727,200 төгрөг нэхэмжилж байна... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэгт нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Өөрөөр хэлбэл хэрэг маргаанд хамааралгүй буюу ажилтанг шагнах гэсэн асуудлаас болж намайг гадуурхсан, дарамталсан, өргөдлөө өг гэсэн зүйлийг хэлсэн гэж ярьдаг. Энэ бол үндэслэлгүй, тухайн ажилтныг компанийн зүгээс шахсан, дарамталсан зүйл байхгүй. Тухайн компани бизнесийн байгууллага, тийм учраас нэг ч гэсэн хүний ажлыг хийлгэж бүтээмжийг нь гаргаж байж тухайн үйл ажиллагаагаа явуулна, ашиг олох гэсэн зорилгоо хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Тэгэхээр хэрэг явдлаас өмнөх асуудлыг хэрэгт ач холбогдолгүй бөгөөд хамааралгүй гэж үзэж байна. Тухайн ажлаас халах шийдвэрийг 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 10/72 дугаар шийдвэрээр ажлаас халсан, энэ шийдвэрийн үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний 9.2.2 дахь хэсэг буюу ажил үүргээ биелүүлэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, урьдчилан мэдэгдэлгүйгээр үүрэгт ажлаа орхиж явсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг дагаж биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. .........ын зүгээс 2020 оны 10 сарын 26-ны өдөр ээлжийн хуваарь нь дуусаад 12 цагийн автобусанд суугаад ажил үүргээ дуусгах хуваарьтай байсан. Өөрөөр хэлбэл дараагийн ажилтанд ажил үүргээ хүлээлгэж өгөөд явах ёстой байсан. Ажил үүргээ гүйцэтгэх явцад гэрчийн мэдүүлэг өгсөн Лию Жиан гэх даргатай уулзсан. Уулзахад таниас архи үнэртээд байна, таны согтуурлын зэргийг шалгая гэдэг шаардлага тавихад шалгуулахаас зайлсхийгээд зугтаад явсан байдаг. Хэрэв тухайн хүн архи уугаагүй байсан бол шалгуулах боломж байсан. Тухайн үе нь ковидын буюу цар тахлын үеийн нөхцөл байдал байсан. Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн 02/450 дугаартай албан бичиг ирсэн. Албан бичгийн дагуу ковидын нөхцөл байдал дэгдэж байгаа учир хөл хорио тавиад, байгууллагын ажилчдыг өөрсдийн унаагаар буюу үйлдвэрийн унаагаар хүргэнэ, өөрийн унаагаар хувь хувьдаа явах нь ковид цар тахал Дорнод аймагт дэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлэх юм байна гээд ажилчдыг тусгай зориулалтын автобусаар тээвэрлэх шаардлага тавьсан. Шаардлагын дагуу автобусаар тээвэрлэж байсан, ажилчид ямар нэгэн байдлаар хувийн унаагаар зорчиж байгаагүй. Энэ нөхцөл байдал дээр шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээ дуусгахын тулд өөрөө идэвхтэй үйлдэл гаргаад хувийн унаа олоод тогтоосон дүрэм журмыг зөрчсөн үйлдэл байна. Тиймээс ........ын хэлж байгаа ажлын байр дээр согтуу байгаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Согтуу байгаагүй бол удирдлага шаардлага тавьж байхад согтуу байсан үгүйгээ шалгуулаад явах бүрэн боломжтой байсан. Тэгэхээр 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 10/2172 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ............ хариуцагч .......ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ............. .............ХХК-ийн захирлын тушаалаар 2008 оноос хойш оператор, менежер, олборлолтын хэлтсийн менежерээр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олборлолтын хэлтсийн менежерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, ............ыг 2008 онд ажилд томилсон тушаал, ........ыг олборлолтын хэлтсийн менежерээр томилсон 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13/55 дугаар тушаал, ..........ХХК-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/21-72 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэргээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Д.Мөнхзулыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Нэхэмжлэгч ............ 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ........ суманд байрлах .......-ийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазад ажил үүргээ гүйцэтгэж, 2020 оны 10 сарын 26-ны өдөр 9-10 цагийн орчимд ээлжийн ажлаас бууж Улаанбаатар хот уруу найзынхаа хувийн машинаар ирсэн болох нь зохигчдын тайлбар, цагийн бүртгэл зэргээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...2020 оны 10 сарын 26-ны өглөө гүйцэтгэх захирал ...... ........тай уулзсан, архи үнэртсэн учир шалгуулахаар менежер, эмч нарыг дуудсан, тэр хүмүүсийг ирэхээс өмнө гарч яваад орж ирээгүй, шалгуулахаас татгалзсан тул архи уусан гэж үзсэн... гэж тайлбарлаж байх боловч .........2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ээлжээс буух хуваарьтай байсан, түүний архи уусан эсэхээ шалгуулахгүйгээр Улаанбаатар хот явсан үйлдлийг архи уусан гэж дүгнэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч ....... 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 9-10 цагийн орчимд Улаанбаатар хот уруу хувийн унаагаар явсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч түүний ээлжээс буух өдрөө ажлаа хэрхэн хүлээлцэх, хэдэн цагт явах зэргийг нарийвчлан тогтоосон баримтыг хариуцагч тал хэрэгт өгөөгүй тул түүнийг ажлын байраа орхин явсан, дотоод журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч .........ын архи уусан эсэхээ шалгуулаагүй, ажлын цагаас өмнө ээлжээс буусан зэрэг үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д нийцэхгүй, түүний уг үйлдэлд хөдөлмөрийн хуульд заасан сануулах зэрэг шат дараалсан арга хэмжээ аваагүй атлаа шууд ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч .........ын удирдлагаас ямар үүрэг даалгавар өгсөн, түүнийг биелүүлээгүй нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зохигчийн тайлбар, гэрч .........гийн мэдүүлэг зэргээр компанийн гүйцэтгэх захирал болон ........ нарын хооронд ажлаас шалтгаалсан үл ойлголцлын асуудал байсан болох нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчих үндэслэлд орохгүй бөгөөд ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

 

Компанийн захирал ...... 2020 оны 10 дугаар сарын 26-ны өглөө Д.Мөнхзултай уулзсан, архи уусан эсэхийг шалгуулахаар ......... нарыг дуудсан болох нь зохигчдыг тайлбар, гэрчээр асуугдсан .........г нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч эдгээр гэрчийн мэдүүлгээр .........лыг архи уусан, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас корона вируст халдварын тандалт, сэргийлэлтийн түр журмын дагуу зохих арга хэмжээ авч ажиллах талаар .......... ХХК-д албан бичиг ирүүлсэн болох нь хариуцагч талын тайлбар, Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн 02/450 дугаартай албан бичгээр тогтоогдож байх боловч .........ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өглөө хувийн унаагаар Улаанбаатар хот уруу зорчсон үйлдлийг хөдөлмөрийн сахилгын зөрчилд хамруулах үндэслэлгүй, энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамааралгүй байна.

 

Дээр дурдсанаас дүгнэвэл, нэхэмжлэгч ........ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, 2020 оны 11 сарын 1-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан гэж дүгнэв.

 

Ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээгээр цалинг америк доллараар тохиролцсон байх ба ......ын ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын дундаж цалинг түүний хүсэлтийн дагуу хариуцагч компаниас гаргуулахад 3,066,031 төгрөгөөр тогтоосон баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 16 сарын хугацаанд сар бүр 3,066,031 төгрөгөөр 49,056,496 төгрөг, 2022 оны 3 дугаар сард 50 хувиар 1,533,016 /3,066,031:2/ төгрөг, нийт 50,589,512 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч ......ыг ...... ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 50,589,512 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн талаар бичилт хийх үүрэгтэй байх тул хариуцагч Петрочайна дачин тамсаг ХХК-д нэхэмжлэгч .....ын ажилгүй байсан хугацааны цалин 50,589,512 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70,200 төгрөг, гаргуулсан цалин 59,589,512 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 410,898 төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагад 70,200 төгрөг, нийт 551,298 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.

 

Петрочайна дачин тамсаг ХХК нэхэмжлэгч .......ыг 2020 оны 10 дугаар сарын 26-нд ажлаас чөлөөлөхөд 1995 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байх тул уг хөдөлмөрийн тухай хуулиар хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай /1995 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ....... .......... ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 50,589,512 /тавин сая таван зуун наян есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг хариуцагч .........-иас гаргуулж нэхэмжлэгч ..........д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч .........ХХК-д нэхэмжлэгч ...........ын ажилгүй байсан хугацааны цалин 50,589,512 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ............. ХХК-иас 551,298 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.  

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

           

 

 

            

ДАРГАЛАГЧ                              Д.БАТЦЭЦЭГ