Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01037

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Д.Мнэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/01198 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Мхариуцагч “ПДТ” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: “ПДТ” ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 50,727,200  төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлнэ.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Д.М нь 2008 онд тус компанид оператераар ажилд орж ахлах оператор, орлогч менежер, менежерээр ажиллаж байсан. 2019 оны 12 сард оны шилдэг ажилтан шалгаруулах нэрсийг ажил олгогчид өгөхөд талбайн орлогч дарга колонкийн түгээгчийг шагнахгүй гэсэн. Д.М “түгээгч байлаа гээд шагнуулахгүй гэсэн үг биш, энэ хүн хамт олондоо нэр хүндтэй, манлайлан ажилладаг” гэж хэлэхэд удирдлагын шийдвэрийг дагаагүй, ийм байдал илэрхийлсэн хүнийг ажлаас халдаг, ажлаас гарах хүсэлтээ өгөх, эсхүл ажлаас хална гэж хэлсэн. Энэ үйл явдлын дараа нэхэмжлэгчийг ажилд оролцуулахгүй гэдэг шийдвэрийг Монгол, Хятад удирдлагуудын хурлаас гаргасан. Үүнээс хойш 10 сар ажил хийгээгүй, ээлжээр дуудагдан очоод өрөөнөөсөө ч гараагүй. Энэ хугацаанд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа уулзаж ажлаас халагдах хүсэлтээ өгөх, өөр албан тушаалд томилно гэх зүйлүүдийг ярьж байсан. 2020 оны 10 дугаар сарын 25-ны орой олборлолтын менежерүүд 21 цагийн үед тээврийн ангид очиж хоол идсэн, хөзөр тоглож суусаар орой болж ирээд амарсан. Нэхэмжлэгч нь ажилгүй байх хугацаандаа Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандаж, Уул Уурхайн яам, Мэргэжлийн хяналт, Хөдөлмөрийн яамны хамтарсан шалгалт ирэхэд нь өөрийнхөө нөхцөл байдлыг хэлж байсан. Лдарга компанид бүтцийн өөрчлөлт орж байгаа учраас Д.Мыг гадаад харилцааны хэлтсийн менежерээр томилно гэж хэлсэн. Ингээд нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас нь халсан. Сарын дундаж цалин 3,065,930 төгрөгийг ажлын 22 хоногт хувааж, 1 өдрийн цалин 139,360 төгрөг болно. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 16 сар 12 хоног буюу ажлын 364 хоногт нийт 50,727,200 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

  2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад:  Нэхэмжлэгч маргаанд хамааралгүй буюу ажилтанг шагнах асуудлаас болж өөрийг нь гадуурхсан, дарамталсан гэсэн зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг компанийн зүгээс шахсан, дарамталсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 9.2.2 дахь хэсэгт заасан “ажил үүргээ биелүүлэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, урьдчилан мэдэгдэлгүйгээр үүрэгт ажлаа орхиж явсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг дагаж биелүүлээгүй” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Д.М нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ээлжийн хуваарь нь дуусаад 12 цагийн автобусанд суугаад ажил үүргээ дуусгах буюу дараагийн ажилтанд ажил үүргээ хүлээлгэж өгөөд явах ёстой байсан. Ажил үүргээ гүйцэтгэх явцад Лдаргатай уулзахад “таниас архи үнэртээд байна, таны согтуурлын зэргийг шалгая” гэдэг шаардлага тавихад шалгуулахаас зайлсхийгээд зугтаад явсан. Хэрэв архи уугаагүй байсан бол шалгуулах боломж байсан. Тухайн үед Ковидын цар тахлын нөхцөл байдалтай байсан. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас байгууллагын ажилчдыг өөрсдийн унаагаар буюу үйлдвэрийн унаагаар хүргэнэ, өөрийн унаагаар хувь хувьдаа явах нь ковид цар тахал дэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлэх тул ажилчдыг тусгай зориулалтын автобусаар тээвэрлэх шаардлага тавьсан. Гэтэл нэхэмжлэгч нь шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээ дуусгахын тулд өөрөө идэвхтэй үйлдэл гаргаад хувийн унаа олж тогтоосон дүрэм журмыг зөрчсөн. Согтуу байгаагүй бол удирдлага шаардлага тавихад шалгуулаад явах бүрэн боломжтой байсан. Ажил олгогчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/2172 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Шүүх: Хөдөлмөрийн тухай /1995 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мыг “ПДТ” ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 50,589,512 /тавин сая таван зуун наян есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг хариуцагч “ПДТ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч “ПДТ” ХХК-д нэхэмжлэгч Д.Мажилгүй байсан хугацааны цалин 50,589,512 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ПДТ” ХХК-аас 551,298 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх шийдвэртээ хэргийн үйл баримтад өөр, өөр дүгнэлт гаргасан. Д.М нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагт дараагийн ээлж автобусаар ирэхэд өөрийн ажлыг хүлээлгэн өгөх ёстой байсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Д.Мтайлбар зэргээр бүрэн нотлогддог ба энэ талаар маргадаггүй тул шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй. Д.Мажлын байраа орхин явах үйлдэл нь архи уусан, архи ууснаа шалгуулахаас зайлсхийсэн гэх үйлдлүүдтэй шууд холбогдож байгаа бөгөөд архи уусан гэх үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор ажлаа хүлээлцэлгүйгээр орхиж явах шууд санаатай үйлдлийг гаргасан.

Ажилтны зүгээс шалгуулахаас зайлсхийсэн, зугтаах үйлдлийг хийсэн тохиолдолд албадан архи уусан эсэхийг шалгах эрх ажил олгогчид олгогдоогүй бөгөөд тухайн үед байсан ажилтнуудын тайлбарыг авч сахилгын шийтгэл оногдуулсан гэж ажил олгогчийг буруутгах нөхцөл үүсэхгүй. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт архи уусан эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн зугтаасан үйлдлийг архи уусантай адилтгаж үзнэ.

4.2. Мөн удирдлагаас ямар үүрэг даалгавар өгсөн, нэхэмжлэгч түүнийг биелүүлээгүй нь баримтаар тогтоогдоогүй гэдэг. Гэвч коронавируст халдварын тандалт, сэргийлэлтийн түр журмын дагуу зохих арга хэмжээг авч ажиллах талаар Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу нийт ажилчдад тус журмыг дагаж мөрдөх талаар ажил олгогчоос гаргасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Д.М ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, уг үйлдлээ нуухын тулд шалгуулахаас зайлсхийх үйлдлийг хийж, байгууллагын болон тухайн орон нутагт мөрдөгдөж байсан хязгаарлалт, байгууллагын дотоод журамд заасан зөрчлийг гаргасан тул ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Д.М ажлын байраа орхиж яваагүй, архи хэрэглээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.М хариуцагч “ПДТ” ХХК-д холбогдуулан тус компанийн 21-р талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

4. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч “ПДТ” ХХК-ийн Дорнод аймаг Халхгол суманд байрлах 21-р талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын хэлтсийн менежерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх4-13/

4.а. Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ Д.М нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, харьцааны зөрчил гарган, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын байраа хаяж явсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 9.2.2, компанийн дотоод журмын 3.4.5.12, 3.4.5.8 дахь хэсэгт заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан.

5. Ажил олгогчийн тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

5.а. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан.

5.б. “ПДТ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5, 3.4.5.8, 3.4.5.12-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг заасан боловч талууд хөдөлмөрийн гэрээний 9.2.2-т “ажлын байранд албан үүргээ биелүүлэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрүүл зодоон хийсэн, сэргээш хэрэглэсэн” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцжээ. /хх8, 34-49/

Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллах ээлжийн хуваарьтай байсан, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө Улаанбаатар хот руу хувийн унаагаар явсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. /хх60-64, 83-90/

5.в. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

Хариуцагч буюу ажил олгогчийн төлөөлөгч 21-р талбайн кемпийн захирал Л“... нэхэмжлэгчийг ажлын байрыг өөрчлөхөөр өрөөндөө дуудахад маск зүүсэн байсан, ярилцаж байх үед архи үнэртэж байсан, архи уусан эсэхийг нь шалгуулахаар менежер, эмч нарыг дуудсан боловч нэхэмжлэгч яваад өгсөн, хайгаад олоогүй ...” гэж мэдүүлсэн. Дээрхээс гадна хариуцагч компанийн ХАБЭАБО-ын хэлтсийн менежер, эмч, хүний нөөцийн ажилтан, хамгаалалтын ажилтнуудын гарын үсэгтэй тайлбар, гэрч ............. нарын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг нотлох өөр баримтгүй байна. /хх71, 119-126/

6. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, харьцааны зөрчил гарган, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын байраа хаяж явсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

6.а. Хариуцагч “Ковид цар тахлын үед ажилчдыг хувийн унаагаар зорчуулахгүй байх компанийн унаагаар тээвэрлэх шаардлагыг тухайн орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2020.10.26-ны өдөр ээлжийн хуваарь нь дуусаад 12 цагийн автобусанд суугаад ажил үүргээ дуусгах хуваарьтай байхад журмыг зөрчиж ажлаа хүлээлгэж өгөлгүй хувийн унаагаар Улаанбаатар хот руу явсан” гэх татгалзлын үндэслэлээ нотолсон баримтгүй байна.

6.б. Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 02/450 дугаар албан бичгээр “ПДТ” ХХК-д короновирусын цар тахлын үед байгууллагын ажилчдыг тухайн ээлжийг нэгдсэн нэг зохион байгуулалттай нийтийн тээврээр халдвар хамгааллын дэглэм сахиулах, зөвлөмжийн дагуу боломжит тоогоор бөөнд нь явуулж хэвших, автобус болон автомашины халдваргүйжүүлэлтийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан зааврын дагуу хийж гүйцэтгэж зорчигчдоо тээвэрлэх .., хувийн тээврийн хэрэгслээр ганц нэгээрээ ээлжээс гадуур зорчихгүй байх арга хэмжээ авч ажиллах талаар мэдэгдсэн байна. /хх29/

6.в. Ажил олгогч уг албан мэдэгдлийг хэрхэн хэрэгжүүлсэн, үүнтэй холбоотой ажилчдын дагаж мөрдвөл зохих ямар журам гаргасан, нэхэмжлэгч нь үүнийг хэрхэн зөрчсөнийг нотлох баримтгүй байна.

6.г. Нэхэмжлэгчийн “... намайг 10 сар ажил хийлгээгүй, ээлжээр дуудагдан очоод өрөөнөөсөө ч гарахгүй байсан, 2020.10.25-ны орой олборлолтын менежерүүд ойрхон байдаг тээврийн ангид очиж хоол идээд орой буцаад ирсэн, ажилгүй байх хугацаандаа Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандаж, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалт ирэхэд өөрийнхөө нөхцөл байдлыг хэлж байсан,  ...” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй. /хх215-216/ Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг хөдөлмөрийн нөхцөлөөр хэрхэн хангасан, ажилтан маргаан гарсан өдөр ямар ажил үүргийг, хэнд хүлээлгэн өгөх байсан нь тодорхойгүй байна.

7. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид ямар үүрэг даалгавар өгсөн болох, өгсөн үүрэг даалгаврыг нь нэхэмжлэгч биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эдгээр нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

Иймд “ПДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Д.Мыг тус компанийн 21-р талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

8. Шүүх нэхэмжлэгч Д.Мыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 50,589,512 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалтай нийцэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийн зохицуулалт нь тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочид хамааралтай тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/01198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 551,300 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

 

                                                  А.МӨНХЗУЛ