Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01872

 

Л (L)-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/01490 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л (L)-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.Ад холбогдох

 

Түрээс, зардалд нийт 24 438 333 төгрөг гаргуулах  нэхэмжлэлтэй, хүчин төгөлдөр бус гэрээгээр шилжүүлсэн 9 925 000 төгрөгийг буцаан гаргуулах, хохиролд 8 183 500 төгрөг, нийт 18 108 500 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын иргэн L нь иргэн П.Ад холбогдуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө ашигласны, ашиглалтын зардалд 23 666 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр L-ны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагчаас хүлээн авсан тул үл хөдлөх хөрөнгө ашигласны хөлс 22 391 666 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн цахилгааны болон ашиглалтын зардал 1 646 667 төгрөг, үнэлгээний зардал 400 000 төгрөг, нийт 24 438 333 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 277 өдөр буюу 9,23 сарын хугацаанд ашигласан  ба 9,23 сарыг 3 500 000 төгрөгөөр үржүүлбэл 32 136 666 төгрөг болно. Үүнээс хариуцагчийн төлсөн 9 925 000 төгрөгийг хасвал 22 391 666 төгрөг болж байна. Байрыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж аваад 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл өөрийн эзэмшил ашиглалтад байлгасан. Тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ нэг сарын түрээсийн төлбөрийг шинжээчээр үнэлүүлсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын иргэн Л-ы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13-45 тоотод орших, 217,35 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн боловч бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Тухайн объектыг түрээслэх үед засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан тул хариуцагч нь түрээслүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Этай харилцан тохиролцсоны дагуу өөрийн хөрөнгөөр уг объектод нийт 7 903 500 төгрөгийн үнэ бүхий засвар хийсэн. Засвар хийгээд удаагүй байхад Ц.Э нь түрээсийн байранд ирээд хариуцагч П.Аыг нохой сургалтын төв ажиллуулж байна гэх шалтгаанаар түрээсийн байрнаас хөөж, түрээсийн байрыг эзэмших эрхэд нь халдаж, цагдаа, мэргэжлийн хяналтын газар ажилладаг танилаараа дарамтлуулж, доромжилж, түрээсийн байрнаас хөөж эхэлсэн. Улмаар гаднаа тавьсан хаягийг нурааж, байнгын хэрүүл тэмцэл хийх болсон тул хариуцагч нь уг байрыг түрээслэж, ашиг олох зорилгоо биелүүлж чадаагүй бөгөөд өнөөгийн байдлаар түрээсийн байранд 7 903 500 төгрөгийн засвар хийж хохирсон.

Нэгэнт түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул  24 483 333 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь 2016.08.08-ний өдөр өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу дээрхи түрээсийн гэрээг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйл, 318.4 дэх хэсэгт 318.4. Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус. Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.5 -д зааснаар талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байх тул нийт 18 108 500 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Үүнд:

1. Түрээсийн гэрээний үүрэгт нийт 9 925 000 төгрөгийг шилжүүлсэнийг буцаан гаргуулах

2.Түрээсийн гэрээг байгуулах үед П.А нь өөрийн эрхлэх гэж буй бизнесийн үйл ажиллагаатай уялдуулж, уг объект агааржуулалт муутай байсан зэрэг шалтгааны улмаас тухайн объектод засвар хийх зайлшгүй шаардлагатай болсон тул түрээслүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Этай харилцан тохиролцсоны дагуу урт хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, гаргасан зардлаа нөхөж ашиг олох боломжтой гэж дүгнэсний үндсэн дээр өөрийн хөрөнгөөр уг объектод нийт 8 183 500 төгрөгийн үнэ бүхий засвар хийлгэсэн байдаг. Иймд 18 108 500 төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т заасны дагуу зөвхөн хариуцагч гэрээг бүртгүүлэх үүргээ зөрчсөн мэтээр тайлбарлажээ. "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийг улсын бүртгэлд бүртгэнэ" гэж заасан.   Түрээсийн мөнгөө буцааж авах гэж байгаа бол бидний 10 сарын хугацаанд олох ёстой байсан орлогыг буцааж өгөх ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Ааас 22 755 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л (L)-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 683 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Л (Lee Jae Whan)-аас 18 108 500 төгрөг гаргуулах тухай хариуцагч П.Аын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 909 230 төгрөгийн 271 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 637 505 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагч П.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 271 725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйл, 318.3 дахь хэсэгт, 318.4 дэх хэсэгт заасанчлан хүчин төгөлдөр бус гэрээ хэмээн зөв дүгнэсэн боловч хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгах тухай зохицуулсан хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй. Иргэний хуурийн 56 дугаар зүйл, 56.5 Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хэлцлийн дагуу шилжүүлж авсан эд хөрөнгө буюу түрээсийн төлбөр болох 9 925 000 төгрөгийг хариуцагчид буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зохих журмаар үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л /L/ нь хариуцагч П.Ад холбогдуулан, түрээсийн төлбөр 22 391 666 төгрөг, ашиглалтын зардал 1 646 667 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 400 000 төгрөг, нийт 24 438 333 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “хэлцэл хүчин төгөлдөр бус тул хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах ёстой” гэж тайлбарлаад гэрээгээр шилжүүлсэн 9 925 000 төгрөгийн түрээсийн төлбөр, хохирол 8 183 500 төгрөг, нийт 18 108 500 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. /хх-1-3,29,40-42/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч хэлцэл нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлага хангаагүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-213-222/

 

Хариуцагч нь өөрийн эзэмшил, ашиглалтад түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 8 сар 26 хоног байлгаж ашигласанд талууд маргаагүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шийдвэрлэж, дээрх хугацааны төлбөртэй дүйцэхүйц, үндэслэлгүй хөрөнгөжсөн 28 08 332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Мөн хариуцагч нь өөрийн ашигласан хугацааны хэрэглээний зардлыг төлөх үүрэгтэй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд талуудын хэн аль нь үл хөдлөх эд хөрөнгий эрхийн бүртгэлийн газар гэрээг бүртгүүлэх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Түрээсийн байранд 8 183 500 төгрөгийн засвар, өөрчлөлт хийсэн гэх боловч хэргийн баримтаар нотлогдоогүй. Хэдийгээр хэлцэл хүчин төгөлдөр бус ч гэсэн бусдын өмчлөлийн байранд засан сайжруулалт хийж, хөрөнгө оруулахаар бол өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байх ёстой юм. Энэ талаар тодорхой баримт хэрэгт авагдаагүйгээс гадна салгаж авах боломжгүй засан сайжруулалт, эсхүл нэмэлт тоноглол, хөрөнгө оруулалтыг хэрхэх талаар талуудын хооронд ямар нэгэн тохиролцоо байсан нь нотлогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/01490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД