Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 95

 

Ц.Э-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Ч.Мядагбадам

Яллагдагчийн өмгөөлөгч             Н.Баярмаа

                  Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 969 дугаар захирамжтай Ц-гийн Э-ад холбогдох, 2018000000389 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эрүүл мэндийн группт байдаг. ********** регистрийн дугаартай, Т- овогт Ц-гийн Э-.

Ц.Э- нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, ХААН банкны орчим 6644 УБР улсын дугаартай “Тоёота прадо” маркийн  машин  дотор иргэн Б.Б-ын толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дээд үүдэн нэг шүдний эмтрэл 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 969 дугаар шүүгчийн захирамжаар:

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт Т- овогт Ц-гийн Э-ад холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтай ирүүлсэн 2018000000389 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 2., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3.т зааснаас үзэхэд шүүх хэргийг хэлэлцэж, хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд гэм буруутайд тооцохгүй, ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ба энэ ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт заасан тусгай журмаар явагдахаар зохицуулагдсан байна.

Гэтэл анхан шатны шүүх Ц.Э-ад холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэг, мөн Эрүүгийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу ойлгож тайлбарлан хэрэглэж, хэргийг прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 969 дугаар захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1.2.д  заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүү хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар явуулах саналтайгаар хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 969 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Прокурорын гаргасан саналыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл Ц.Э- нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр  ХААН банкны орчим 6644 УБР улсын дугаартай “Тоёота прадо” маркийн  машин  дотор иргэн Б.Б-ын толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дээд үүдэн нэг шүдний эмтрэл 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

Хэрэг мөрдөн шалгах  ажиллагааны явцад Ц.Э- нь сэтгэцийн хувьд “шизофренийн  хий үзэгдэлт дэмийрлийн  хэлбэр” өвчтэй,  энэ өвчин нь  хэрэг үйлдэгдэх үед  сэдрэлийн байдалд байсан,  хэрэг хариуцах чадваргүй, орчиндоо  аюултай байж болзошгүй  болох нь  эрх бүхий шинжээчийн магадалгаагаар тогтоогдсон учраас  Прокурор Ц.Э-ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 2.т заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг Прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Хэргээс үзвэл Ц.Э-ын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч  Б.Б-ын  ...тэр өдөр  багийн зохион байгуулагч Х-  над руу залгаад  Э- над руу дайрч байгаад гараад явлаа гэсэн.,  тэгээд  би  ХААН банкны урд талд  Э-тай тааралдаад  наашаа хүрээд  ир машинд суучих гэсэн чинь  миний хажууд  орж ирээд суусан., тэгээд би “чи яагаад эмэгтэй хүнийг дээрэлхээд байгаа юм  бэ” гэтэл   миний нүүр лүү хэдэн удаа цохисон.., гэсэн мэдүүлэг, /х.хийн 4-6-р хуудас/ Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020-08-13-ны өдрийн 652 дугаартай  ... Б.Б-ын биед дээд үүдэн нэг шүдний  үзүүр хэсгийн эмтрэл, 2 нүдний доод хэсгийн зовхинд цус хуралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүссэн,  мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ, ямар байрлалаас үүссэнийг тогтоох боломжгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт /х.хийн 11-12-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна. 

Гэвч Ц.Э- нь сэтгэцийн хувьд “шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн  хэлбэр” өвчтэй,  энэ өвчин нь  тухайн үед сэдрэлийн байдалд байсан,  хэрэг хариуцах чадваргүй, орчиндоо  аюултай байж болзошгүй  болох нь  Шүүх сэтгэц эмгэг судлалын  эмнэлгийн шинжээчдийн 2020-08-27-ны өдрийн 71/20 дугаар магадалгаагаар  тогтоогдсон, / х.хийн 16-р хуудас/  мөн сэтгэцийн эрүүл мэндийн группт байдаг, Ц.Э-ын төрсөн ах  Б.Б-ийн   ...миний төрсөн дүү 2007 оны үед гэнэт сэтгэцийн өвчтэй болсон., группт байдаг, өвчин нь хөдөлсөн үедээ  хэнийг ч хамаагүй зодно, зодолдоно гээд дайрдаг, тэр үед нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэдэг... гэсэн мэдүүлэг /х.хийн 8-10 хуудас / зэргийг үндэслэн  Прокуророос Ц.Э-ыг  дээрх хэрэгт холбогдуулан  2020-09-07-ны өдөр  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн шинжээчийн магадалгааг үндэслэн түүний төрсөн ах Б.Б-ийг хууль ёсны төлөөлөгчөөр болон иргэний хариуцагчаар  татах ажиллагаа хийж /х.хийн 25, 26-р хуудас/    Ц.Э-ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 2.т заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх Ц.Э- нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан  нь тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий этгээдийн  магадалгаа, дүгнэлтээр тогтоогдсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дугаар бүлэгт заасан  тусгай журмыг баримтлан прокурорын саналыг үндэслэн  хэргийг хэлэлцэж гэм буруутайд тооцохгүй, ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх  эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

           Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 969 дугаар  захирамжийг хүчингүй болгож, Ц-гийн Э-ад холбогдох, 2018000000389 дугаартай 1 хавтас бүхий  эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

          2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

           3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ц.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

           4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                          ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                               Ц.ТУЯА