Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2021/00435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н,Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суугч /регистрийн дугаар  /,  овогт А.Мын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  өөрийн байр хаягт байрлах, /регистрийн дугаар /, Г ХХК-д холбогдох

Ажлын хөлс 16,363,477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Жавхлан, Б.Мөнхбаяр, гэрч Д.Оджаргал, Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганд 2006 оны 03 сараас эхлэн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Тусгай активын хэлтсийн гэрээт өр барагдуулагчаар тасралтгүй 14 жил 5 cap ажилласан. 2013 оны 09 дүгээр сард удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Ханконстракшн сервис ХХК-д холбогдох зээлийг төлүүлэх материалыг хүлээн авч, улмаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар ажиллагааг эхлүүлсэн. 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар Гны нэхэмжлэлийг бүрэн хангуулж, улмаар үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулсан бөгөөд шүүхээс 2001 дугаар бүхий шүүхийн шийдвэр гарсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 2001 дугаар бүхий шийдвэрийг гүйцэтгэх хуудсыг албадан гүйцэтгэх захирамжийн хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохих ажиллагааг хийлгүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Ханконстракшн сервис ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6, 5 давхар барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай 246,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч буюу Ганд санал болгох хурлыг зохион байгуулсан. Уг санал болгох хуралд миний бие төлөөлөн оролцож, төлбөр авагчийн буюу банкны эрх ашгийг хамгаалсан, зохих үйл баримтыг дурдан, боломжит хувилбарыг санал болгох байдлаар оролцсон бөгөөд тус хурлаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасныг үндэслэн үнэлэгдсэн үнэлгээний зөрүү төлбөрийг төлбөр төлөгчид төлөн Барьцаа хөрөнгөө төлбөртөө тооцон авах тухай шийдвэр гарсан. Хурлаас гарсан шийдвэрийн талаар банкны холбогдох удирдлагад танилцуулсан бөгөөд Тусгай активын хэлтсийн захирлын зүгээс Ханконстракшн сервис ХХК-д хамаарах зээлийн асуудлыг цаашид хариуцан ажиллах шаардлагагүй болохыг мэдэгдсэнээр миний хувьд хийх ажиллагаа дуусгавар болсон. Хуульд заасан үйл ажиллагааны хүрээнд зээлийн төлбөрийг барагдуулах боломжит бүхий л ажиллагааг хийж, улмаар тухайн зээлийн барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх нөхцөл бүрдсэн тул ажиллагааг дуусгавар болсон гэж үзсэн. Зээлийн төлбөрийг барагдуулсан нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн ажилтанд шүүхийн шийдвэрт дурдагдсан төлбөрийн дүнгээс 2 хувиар тооцон ажлын хөлс олгохоор тохиролцсон тул хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө хүссэн боловч тодорхойгүй шалтгаанаар өгөхөөс татгалзсаар өнөөг хүрч байна. Нэгэнт хуульд заасны дагуу төлбөр барагдуулах боломжит бүхий л ажиллагааг хийж дуусгасан, түүнчлэн ямар ч үндэслэлгүйгээр материалыг буцаан авч хийсэн ажлын хөлсийг олгохгүй байгаа тул Гнаас зээлдэгч Ханконстракшн сервис ХХК-д холбогдох зээлийн төлбөрийг төлүүлэхээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 13,090,782 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Г.Жавхлан, Б.Мөнхбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М нь Г ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ӨБ-18/05 Зээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулж, Өр барагдуулагчаар ажилласан. Тус гэрээгээр өр барагдуулагч нь Гны нэрийн өмнөөс зээлийн өр төлбөрийг барагдуулах ажлыг гүйцэтгэж, банк нь тухай зээлийн өр төлөгдсөнөөс хамааран ажлын хөлсийг олгохоор харилцан тохиролцсон. Ханконстракшн сервис ХХК нь Гнаас 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ3000003178 тоот Зээлийн гэрээ байгуулан 400,000 ам долларыг сарын 1,9 хувийн хүүтэй зээлж авсан. А.М нь энэхүү авлагыг 2013 онд хүлээн авч холбогдох ажиллагааг эхлүүлсэн. Зээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний 3.1-т ажлын хөлсийг нь төлүүлсэн зээлийн дүнгээс хувиар тооцон олгоно. Төлүүлсэн зээлийн дүн гэж гэрээний хугацаанд өр барагдуулагчийн ажлын үр дүнд банкны зээл, түүнтэй холбоотой үүссэн авлага, актив мөнгөн хөрөнгөөр төлөгдсөнийг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл өр барагдуулагчийн цалин, хөлс, урамшуулал авах нөхцөл нь банкны зээл, түүнтэй холбоотой авлагыг мөнгөн хөрөнгөөр төлүүлсэн үед үүсэхээр зохицуулсан. Гэвч Ханконстракшн сервис ХХК-ийн ЗГ3000003178 тоот зээл өнөөдрийн байдлаар 582,538.42 долларын үлдэгдэлтэй буюу зээлийн эргэн төлөлт огт төлөгдөөгүй хэвээр байна. 3ээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний 5.3-т Тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй буюу гүйцэд барагдуулаагүй тохиолдолд банк дараах шийдвэрийн аль нэгийг гаргах эрхтэй. Үүнд: Зээлийг буцаан авах гэж заасан учир 2013 онд хуваарилагдсан зээлийг буцаан авсан. А.Мтай Зээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний нөхцөл биелэгдээгүй тул түүнд ажлын хөлсийг олгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.М хариуцагч Г ХХК-нд холбогдуулан ажлын хөлс 16,363,477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 13,090,782 төгрөг болгож багасгажээ.

Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ханконстракшн сервис ХХК-ийн ЗГ3000003178 тоот зээл өнөөдрийн байдлаар 582,538.42 долларын үлдэгдэлтэй буюу зээлийн эргэн төлөлт огт төлөгдөөгүй хэвээр байна. Гэрээ бүрэн хэрэгжээгүй гэж маргаж байна.

Талууд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, гэрээний 1.1.төлбөр барагдуулагч нь банкийг төлөөлөн зээлийн өр авлагыг барагдуулахыг шаардах болон тэдгээртэй холбоотой харилцааг зохицуулна. 1.2.Банк нь доорх нэр бүхий зээлдэгч нарын материалыг Төлбөр барагдуулагчид хүлээлгэн өгөх ба зээлийн төлбөрийг зохих хууль дүрмийн хүрээнд барагдуулахыг талууд бие биенээсээ шаардах, зээлийн төлбөрийг барагдуулсан нөхцөлд олгогдох урамшууллыг энэхүү гэрээгээр зохицуулна. Зээлдэгч Хан констракшн, хүлээн авсан огноо 07.08, үндсэн зээл 400,000 ам.дол, зээлийн хүү 48,249,97 ам.дол, зээлдэгч И Ай Ти ХХК, хүлээн авсан огноо 08.01, үндсэн зээл 619,936,301.36, зээлийн хүү 83,278,518,92, зээлдэгч Хотын зам ХХК, хүлээн авсан огноо 10.16, үндсэн зээл 80,800 ам.дол, зээлийн хүү 8,040,45 ам.дол, Зээлдэгч Хан констракшн, хүлээн авсан огноо 07.08, үндсэн зээл 400,000 ам.дол, зээлийн хүү 48,249,97 ам.дол, зээлдэгч Агар интернэшнл, хүлээн авсан огноо 12.03, үндсэн зээл 799,517,297,77, зээлийн хүү 35,138,674,38, зээлдэгч Хотын зам ХХК, хүлээн авсан огноо 10,16, үндсэн зээл 145,937,097,16, зээлийн хүү 28,322,380,17, зээлдэгч Элефант ХХК, хүлээн авсан огноо 12.03, үндсэн зээл1,144,001,708,33, зээлийн хүү 43,739,865,6 төгрөг, Гуравдугаар зүйл 1.1.Талууд харилцан тохиролцсоны дагуу зээлийн төлбөрийг барагдуулсан тухай бүр дор тохиролцсон хувиар тооцсон урамшууллыг төлбөр барагдуулагчид бэлнээр олгоно. Хан констракшн урамшуулал 2 хувь, Банкны зүгээс санал болгов. 1.3.Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүргээ аль нэг талынхаа албан ёсны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хэсэгчлэн эсхүл бүрэн хэмжээгээр шилжүүлэх эрхгүй гэж төлбөр барагдуулагч А.Мтай тохиролцсоноор хөлс төлөх үүрэг хүлээсэн энэ гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж үзнэ. /хх-ийн 70 тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан констракшн сервис ХХК-иас үндсэн зээл 400,000 ам.доллар, зээлийн хүү 43,502.58 ам.доллар буюу 654,539,088.6 төгрөгийг гаргуулж Гинд олгосугай гэж шийдвэрлэсэн байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М оролцсон байна. /хх-ийн 93-95 тал/

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 8630 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дугаар шийдвэрээр хариуцагч Хан констракшн сервис ХХК-иас 654,539,088.6 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 3,430,645 төгрөг гаргуулж Гинд олгуулах тухай 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1964 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байжээ. /хх-ийн 92 тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 550 тогтоол гаргаж, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/254 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор төлбөр төлөгчийн Сүхбаатар дүүргийн 1 хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 давхар 246,6 м.кв талбайтай, Y-2203008727, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/259 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцоогүй тул 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шинжээч томилж, Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12/273 тоот тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 1/22 тоот тогтоол гарч 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3/32006 тоот Мэдэгдэл-ийг Хан констракшн сервис ХХК-д хүргүүлсэн байх ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 6304 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн Y-2203008727 бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий 5 давхар барилгын 1 давхар 246,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг 1,185,461,500 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хан констракшн сервис ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. /хх-ийн 110-112 тал/

 

Г ХХК нь ажилтан А.Мад 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 09/4458 тоот албан бичгээр Төлбөр төлөгч Хан констракшн сервис ХХК-нд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Г ХХК-ийг төлөөлж Тусгай активийн хэлтсийн ажилтан А.М оролцох тул итгэмжлэл олгов. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гүйцэтгэх баримт бичиг буюу хувийн хэрэгтэй танилцах, шийдвэр гүйцэтгэлийг үйл ажиллагаанд санал гомдол гаргах, Төлбөр төлөгчтэй эвлэрэх, гүйцэтгэх баримт бичгийн буцаан авах, дуудлага худалдаанд үнийн санал өгөх, үнийн саналтай холбогдуулан гомдол гаргах, барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралд оролцох хуралд төлбөр авагчийг төлөөлөн шийдвэр гаргах барьцаа хөрөнгийг хүлээн авах зэрэг холбогдох хуулиудаар олгогдсон Төлбөр авагчийн эдэлбэл зохих бүхий л эрхийг эдлэж, үүргийг хүлээн оролцох болохыг энэхүү итгэмжлэлээр олгож байна гэжээ. /хх-ийн 16 тал/

 

Ажилтан А.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож Бидний хувьд барьцаа хөрөнгийг аваад дуусгах саналтай байна гэх хүсэлт гаргасан нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Санал болгох ажиллагааны тэмдэглэлээр /хх-ийн 12 тал/ тогтоогдож байх ба ажилтан дээрх итгэмжлэлийн дагуу эрх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Г ХХК нь ажилтан А.Мад 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 07/132 дугаар Мэдэгдэл хүргүүлж Таны Гтай байгуулсан Зээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээг 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон, гэрээний 11.3-д заасны дагуу дуусгавар болгож байгааг мэдэгдсэн байх ба /хх-ийн 189 тал/ ажилтан А.М нь цаашид ажиллах боломжгүй болсон тул төлбөр төлөгч Хан констракшн сервис ХХК-нд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хүлээлгэн өгсөн болох нь гэрч Б.Энхтүвшингийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 362 дугаар зүйлийн 362.1 дэх хэсэгт зааснаар Ажиллуулагч нь ажил, үйлчилгээг хүлээн авах хугацааг хойшлуулсан, хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ажиллагч нь цаашид хийх ажлаа гүйцэтгэхээс татгалзаж тохиролцсон хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Г ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/4926 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 тоот шийдвэрээр Хан констракшн сервис ХХК-аас 654,969,088.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар Гинд олгохоор шийдвэрлэсэн билээ. 2017 оны 05 дугаар сард хоёр дахь шатны дуудлага худалдаа болж үнийн санал ирээгүй байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр санал болгох хурлаар 434,287,167 төгрөгийн зөрүү төлбөрийг төлж барагдуулан барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгожээ. Гны зүгээс 434,287,167 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй тул Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу дараагийн төлбөр авагчид санал болгож, ингэхдээ манай ипотекийн үүргийн гүйцэтгэлд 654,969,088.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулан өмчлөх эрхээ шилжүүлэн авахад татгалзах зүйлгүй болно. Хэрэв дараагийн төлбөр авагч нь Гны төлбөрийг төлж барагдуулан дээрх барьцаа хөрөнгийг шилжүүлэн авах боломжгүй бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх хуулийн 55.5 заалтыг үндэслэн дахин үнэлгээ тогтоож өгнө үү. Учир нь 2017 оноос хойш даруй 2 жил 7 сарын хугацаа өнгөрсөн нь дээрх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна гэх хүсэлт хүргүүлжээ. /хх-ийн 178 тал/

 

Г ХХК нь ажилтан А.Мтай Зээлдэгч Хан констракшн үндсэн зээл 400,000 ам.дол, зээлийг хүү 48,249,97 ам.доллар буюу 654,539,088.6 төгрөгийн зээлийн төлбөрийг зохих хууль дүрмийн хүрээнд барагдуулахыг талууд бие биенээсээ шаардах, зээлийн төлбөрийг барагдуулсан нөхцөлд олгогдох урамшууллыг Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагчийн гүйцэтгэх ажилд үнийн дүнгийн 2 хувиар ажлын хөлс олгохоор тохиролцсон.

Иймд төлбөр авагч Г ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр санал болгох хурлаар 434,287,167 төгрөгийн зөрүү төлбөрийг төлж барагдуулан барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авах саналыг банкны зүгээс 434,287,167 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан нь төлбөр барагдуулагч /ажиллагч/ А.Мыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэл болохооргүй байх тул хариуцагч Г ХХК-иас ажлын хөлс 13,090,782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мад олгох үндэстэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч нар 2013 оны Хөлсөөр ажиллах ерөнхий гэрээ олдохгүй байна гэх тайлбар гаргаж байгаа нь хариуцагч нь Зээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний 5.3-т Тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй буюу гүйцэд барагдуулаагүй тул түүнд ажлын хөлсийг олгоогүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас ажлын хөлс 13,090,782 /арван гурван сая ерэн мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мад олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 239,768 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мад олгосугай.

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ