Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00545

 

 

 

 

 

 

 

 

 

А.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00435 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.М-ын хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 13 090 781.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г-инд 2006 оны 3 сараас эхлэн, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд тусгай активын хэлтсийн гэрээт өр барагдуулагчаар ажилласан. 2013 оны 9 сард удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Х-сервис ХХК-д холбогдох зээлийг төлүүлэх материалыг хүлээн авч, улмаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар ажиллагааг эхлүүлсэн. 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар Г-ны нэхэмжлэлийг бүрэн хангаж, улмаар үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулсан бөгөөд шүүхээс 2001 дугаар бүхий шүүхийн шийдвэр гарсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 2001 дугаар бүхий шийдвэрийг гүйцэтгэх хуудсыг албадан гүйцэтгэх захирамжийн хамтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохих ажиллагааг хийлгүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Х-сервис ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6, 5 давхар барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай 246,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч буюу Г-инд санал болгох хурлыг зохион байгуулсан. Уг санал болгох хуралд миний бие төлөөлөн оролцож, төлбөр авагчийн буюу банкны эрх ашгийг хамгаалсан, зохих үйл баримтыг дурдан, боломжит хувилбарыг санал болгох байдлаар оролцсон бөгөөд тус хурлаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт заасныг үндэслэн үнэлэгдсэн үнэлгээний зөрүү төлбөрийг төлбөр төлөгчид төлөн барьцаа хөрөнгөө төлбөртөө тооцон авах тухай шийдвэр гарсан. Хурлаас гарсан шийдвэрийн талаар банкны холбогдох удирдлагад танилцуулсан бөгөөд тусгай активын хэлтсийн захирлын зүгээс Х-сервис ХХК-д хамаарах зээлийн асуудлыг цаашид хариуцан ажиллах шаардлагагүй болохыг мэдэгдсэнээр миний хувьд хийх ажиллагаа дуусгавар болсон. Хуульд заасан үйл ажиллагааны хүрээнд зээлийн төлбөрийг барагдуулах боломжит бүхий л ажиллагааг хийж, улмаар тухайн зээлийн барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх нөхцөл бүрдсэн тул ажиллагааг дуусгавар болсон гэж үзсэн. Зээлийн төлбөрийг барагдуулсан нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн ажилтанд шүүхийн шийдвэрт дурдагдсан төлбөрийн дүнгээс 2 хувиар тооцон ажлын хөлс олгохоор тохиролцсон тул хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө хүссэн боловч тодорхойгүй шалтгаанаар өгөхөөс татгалзсаар өнөөг хүрч байна. Нэгэнт хуульд заасны дагуу төлбөр барагдуулах боломжит бүхий л ажиллагааг хийж дуусгасан, түүнчлэн ямар ч үндэслэлгүйгээр материалыг буцаан авч хийсэн ажлын хөлсийг олгохгүй байгаа тул Г-наас зээлдэгч Х-сервис ХХК-д холбогдох зээлийн төлбөрийг төлүүлэхээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 13 090 782 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М- нь Г- ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулж, өр барагдуулагчаар ажилласан. Тус гэрээгээр өр барагдуулагч нь Г-ны нэрийн өмнөөс зээлийн өр төлбөрийг барагдуулах ажлыг гүйцэтгэж, банк нь тухай зээлийн өр төлөгдсөнөөс хамааран ажлын хөлсийг олгохоор харилцан тохиролцсон. Х-сервис ХХК нь Г-наас 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 400 000 ам.долларыг сарын 1,9 хувийн хүүтэй зээлж авсан. А.М- нь энэхүү авлагыг 2013 онд хүлээн авч холбогдох ажиллагааг эхлүүлсэн. Зээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний 3.1-т ажлын хөлсийг нь төлүүлсэн зээлийн дүнгээс хувиар тооцон олгоно. Төлүүлсэн зээлийн дүн гэж гэрээний хугацаанд өр барагдуулагчийн ажлын үр дүнд банкны зээл, түүнтэй холбоотой үүссэн авлага, актив мөнгөн хөрөнгөөр төлөгдсөнийг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл өр барагдуулагчийн цалин, хөлс, урамшуулал авах нөхцөл нь банкны зээл, түүнтэй холбоотой авлагыг мөнгөн хөрөнгөөр төлүүлсэн үед үүсэхээр зохицуулсан. Гэвч Х-сервис ХХК-ийн зээл өнөөдрийн байдлаар 582 538.42 ам.долларын үлдэгдэлтэй буюу зээлийн эргэн төлөлт огт төлөгдөөгүй хэвээр байна. 3ээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний 5.3-т Тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй буюу гүйцэд барагдуулаагүй тохиолдолд банк дараах шийдвэрийн аль нэгийг гаргах эрхтэй гээд зээлийг буцаан авах гэж заасан учир 2013 онд хуваарилагдсан зээлийг буцаан авсан. А.М-тай зээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний нөхцөл биелэгдээгүй тул түүнд ажлын хөлсийг олгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г- ХХК-иас ажлын хөлс 13 090 782 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.М-ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г- ХХК-иас 223 4040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.М-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй, нэг талыг барьсан, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаар үнэлж чадаагүй буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг хангалттай тодорхойлоогүй. Шүүх талуудын тайлбар болон гэрч Б.Энхтүвшингийн мэдүүлгээр Хан констракшн сервис ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна гэж дурдсан боловч ингэхдээ материалыг хэзээ, ямар шалтгааны улмаас буцаан олгосон болохыг бүрэн тодорхойлоогүй. Нэхэмжлэгч А.М- нь Хан констракшн сервис ХХК-ийн зээлтэй холбоотой материалыг 2013 оны 7 сард анх хүлээн авч төлбөр барагдуулан ажиллагааг хийж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 12 сард төлбөр төлөгчийн хөрөнгийг тооцож авах тухай хуралд оролцож, Г-инд илт хохиролтой байдлаар зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг хийж дуусгасан. Уг нөхцөлтэй холбогдуулан Г-ны зүгээс холбогдох материалыг буцаан авч, ажиллагааг зогсоосон ба энэ нь талуудын хооронд байгуулагдсан аливаа гэрээг цуцалсан үйл баримттай огт холбоогүй буюу 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэл гардуулахаас өмнө хийгдсэн ажиллагаа юм. Гэтэл шүүх тухайн нөхцөл байдлыг дүгнэхдээ талууд 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцалж, А.М-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байдалд хүргэсэн байна гэж дурджээ. Түүнчлэн, шүүхээс гэрээ цуцалсан тухай үйл баримтыг дүгнэхдээ талуудын хооронд 2013 оноос 2019 оны хооронд байгуулагдсан гэрээнүүдийн уялдаа холбоог хэрхэн авч үзэж байгаа болон гэрээ цуцлах үйл баримт нь бүх гэрээнд хамаарч байгаа эсэхийг хангалттай дүгнээгүй. Ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй талаарх баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг огт харгалзаж үзээгүй бөгөөд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дах хэсэгт заасан шаардах эрх үгүйсгэх нөхцөлийг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох, үүнээс шалтгаалан төлбөр барагдуулах ажиллагаа шалтгаангүйгээр удааширсан болох, түүнчлэн, банкинд илт хохиролтой байдлаар төлбөр барагдуулах нөхцөлийг төлбөр төлөгчтэй тохирсон зэрэг нөхцөл нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг бүрэн шалгаж, холбогдох хуулийн үндэслэлийг үнэн, зөв хэрэглэж, эрх зүйн тайлбарыг хийсэн үзэх боломжгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийг хангалттай үнэлээгүй. Нэхэмжлэгч болон Г-ны хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн байх боловч, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн уялдаа холбоо, түүний дагуу талуудын хүлээх үүргийг хангалттай тодорхойлохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 2013-2019 онд талуудын хооронд хэд хэдэн гэрээ байгуулагдсан. Шүүхийн шийдвэрт эдгээр гэрээнүүдийн хүрээнд нэхэмжлэгчийн хүлээх үүрэг болон түүнд тооцож олгох ажлын хөлсний нөхцөлийг хэрхэн тодорхойлсон болох нь тодорхойгүй байх бөгөөд үүнээс шалтгаалан хэргийг зохих ёсоор шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Х-сервис ХХК-ний зээл төлөгдөөгүй буюу зээлийн үлдэгдэл одоо болтол хэвээрээ байгаа болох нь зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээр нотлогдох боломжтой юм. Түүнчлэн, шүүх хуралдааны үед А.М- нь Хан констракшн сервис ХХК-ийн хамт хүлээн авсан бусад зээлүүд дээр төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа урамшуулал авсан тухай тайлбар гаргаж, уг нөхцөлийг бусад зээлийн хувьд дагаж мөрдөж байсан болохыг хүлээн зөвшөөрсөн болно. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг бүрэн төлөгдсөний дараа зохих урамшууллыг авах нөхцөл үүсдэг талаар гэрч Энхтүвшин болон Оджаргал нар мэдүүлсэн. Төлбөр барагдуулагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр холбогдох төлбөр барагдуулах ажиллагааг удаашруулсан тохиолдолд олгох урамшууллын хувь хэмжээг шат дараалласан байдлаар буулгах, холбогдох материалыг буцаан авах тухай нөхцөлийг ерөнхий гэрээнүүдэд тодорхой тусгаж өгсөн. Нэхэмжлэгч нь Хан констракшн ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах ажлыг хийж гүйцэтгэхээр 2013 оны 7 сард хүлээн авснаас хойш 2019 оны 12 сар хүртэл хугацаанд ажиллагаа хийсэн бөгөөд энэ хугацаанд нэг ч удаагийн төлбөр төлөгдөөгүй болно. Түүнчлэн, энэ хугацааны хооронд буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2019 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ямар ч ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан, Г-ны эрх ашиг хохирсон болохыг шүүх огт үнэлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч солигдсон бөгөөд энэхүү хэрэг маргаанд нэхэмжлэгч оролцоогүй бөгөөд Г-ийг эрсдэлд оруулсан. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт болохыг мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар тус барьцааны эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болохыг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн ба үл хөдлөх хөрөнгийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд төлөөлгчийн хувьд оролцож хуульд заасны дагуу 50 болон 70 хувь хүртэл хямдруулан авах боломжгүй болгож, албадан дуудлага худалдаанд зохих санал гаргах ажиллагааг хэрэгжүүлээгүй юм. Ингэж тус үл хөдлөх хөрөнгийг боломжит үнээр хямдруулан авах боломжийг хязгаарлаж банкны зрх ашгийг хамгаалаагүй атлаа 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох ажиллагаанд барьцаа хөрөнгийг аваад дуусгах тухай хэлж 434 287 167 төгрөгийн зөрүү төлбөр төлөх үүргийг банкинд бий болгосон байдал нь Г-ны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Гэтэл шүүхээс уг нөхцөл байдлыг огт харгалзаж үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс шалтгаалан нэхэмжлэгчийн зохисгүй бус үйлдлийг дэмжсэн байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 16 363 477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган, 13 090 781.77 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2, 52-р тал/

 

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Г- ХХК-ийг төлөөлөн, нийт 6 компанийн зээлийн өр авлагыг барагдуулах, хариуцагч Г- ХХК нь төлбөр барагдуулагчид олгох урамшууллыг саадгүй олгохоор тохиролцсон байна. /хх-ийн 70-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч байгууллагын Х-сервис ХХК-иас авах 654 539 088.6 төгрөгийн төлбөр барагдуулах ажиллагаанд тус байгууллагыг төлөөлөн оролцож, бүхий л ажиллагааг хийж дуусгасны хөлс 13 090 781.77 төгрөгийг гаргуулах гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч Х-сервис ХХК-ийн өр төлбөр бодитоор төлөгдөөгүй буюу зээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний нөхцөл биелэгдээгүй гэх үндэслэл заан маргажээ.

 

Талууд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөр барагдуулахтай холбоотой нийт 6 удаагийн гэрээ байгуулсан боловч 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээнд нэхэмжлэлээр шаардаж буй Х-сервис ХХК-ийн нийт 448 249.97 ам.долларын өр төлбөрийг барагдуулах ажлын талаар тухайлан зааж, тус гэрээний 4.1-т энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн, зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусгавар болох хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж гэрээний хугацааг тодорхойлсон байна. /хх-ийн 39-42, 70, 194-204-р тал/. Иймд нэхэмжлэгч А.М- нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажлын хөлсийг шаардах эрхтэй бөгөөд талуудын байгуулсан гэрээнүүдийн уялдаа холбоог дүгнээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2014, 2015, 2018, 2019 оны гэрээнүүд нь зээлийн төлбөрийг барагдуулах тухай ерөнхий гэрээ байх бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнд тухайлан Х-сервис ХХК-ийн өр, авлагыг барагдуулах ажлын хөлс төлөх журмыг талууд нарийвчлан тохиролцсон байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээ нь ажлын үр дүнг шууд шаардсан нөхцөлгүй байдгаараа ажил гүйцэтгэх гэрээнээс ялгаатай юм. Ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээсэн тохиролцоо нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан байх тул ажлын үр дүнг бодитоор хүлээлгэн өгөөгүй гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг мөн хангах боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар гэрээ хүндэтгэн үзэх шалтгаанаар цуцлагдсан тохиолдолд гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөө ажиллагч шаардах эрхтэй. Гэрээг цуцлахад ажиллагчийн буруугаас буюу Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дах хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдаагүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээний дагуу шаардах хөлсний хэмжээг тодорхойлох боломжтой.

 

Сүхбаатар дүүргийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2001 дугаар шийдвэрээр Х-сервис ХХК-иас 448 249.97 ам.доллар буюу 654 539 088.6 төгрөг гаргуулан, Г- ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, тус шүүх хуралдаанд хариуцагч Г- ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч А.М- оролцсон байна. /хх-ийн 93-95-р тал/

 

Төлбөр төлөгч Х-сервис ХХК нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул төлбөр авагч Г- ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн шүүх 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1964 дүгээр гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 92-р тал/. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь энэхүү гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Их засаг өргөн чөлөө-6 дугаар бүхий, 5 давхар барилгын 1-р давхар, 246.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008727 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр битүүмжилж, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хураасан байна. /хх-ийн 99, 101-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 1 185 461 500 төгрөгөөр үнэлжээ. Уг үнэлгээг төлбөр төлөгч Хасконстракшн сервис ХХК эс зөвшөөрч, Банзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 6304 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 103-104, 110-112-р тал/. Барьцаа хөрөнгийн үнэлгээ дээрх байдлаар хүчингүй болсон тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Итгэлт эстимэйт ХХК-ийг дахин шинжээчээр томилж, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 1 093 371 900 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 117-118-р тал/

 

Хариуцагч Г- ХХК нь Х-сервис ХХК-тай холбоотой дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчийн эдэлбэл зохих бүхий л эрх, үүргийг эдэлж оролцуулахаар нэхэмжлэгч А.М-ад 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр итгэмжлэл олгосон байна. /хх-ийн 16-р тал/. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг зохион байгуулж, тус ажиллагаанд нэхэмжлэгч А.М- нь барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авах тухай санал гаргажээ. /хх-ийн 152-153-р тал/

 

Дээрх санал болгох ажиллагаа зохион байгуулагдсаны дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Г- ХХК нь зээлийн төлбөр барагдуулах ажил гүйцэтгэх ерөнхий гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг нэхэмжлэгч А.М-ад хүргүүлсэн байх бөгөөд тус мэдэгдлийг хүргүүлснээр 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээ мөн дуусгавар болсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарласан байна. /хх-ийн 189-р тал/

 

Нэхэмжлэгч А.М- нь хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн боловч төлбөр барагдуулах ажиллагааны явцад хариуцагч Г- ХХК нь төлбөр төлөгч Х-сервис ХХК-ийн зээлийн материалыг буцаан авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч буюу ажиллагчийн хувьд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

 

Ажлын хөлсийг 2 хувиар тооцох нөхцөлийг гэрээний 3.1.1-т зээлийн төлбөрийг барагдуулсан тохиолдолд Х-сервис ХХК-ийн урамшууллын хувь хэмжээ 2 хувь байна гэж заасан боловч хариуцагч байгууллага нь зээлийн материалыг буцаан авсан байх тул ажлын хөлсийг 2 хувиар тооцох нөхцөл бүрдээгүй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний агуулгыг зөв тодорхойлолгүйгээр төлбөр төлөгч Х-сервис ХХК-ийн төлөгдөж дуусаагүй байсан 654 539 088.6 төгрөгийн 2 хувиар ажлын хөлсийг тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

Хэргийн баримт болон талуудын тайлбарт Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дах хэсэгт заасан ажиллагчийн хөлс шаардах эрхийг үгүйсгэсэн нөхцөл буюу ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэх байдал тогтоогдоогүй. Иймд гэрээ цуцлах хүртэл ажил, үйлчилгээ үзүүлсний хөлсийг гэрээгээр тогтоосон хэмжээгээр хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй.

 

Талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 2.2.6-т ажиллагааны явцад банк зээлдэгч талтай харилцан тохиролцсоноор болон бусад үндэслэлээр холбогдох материалыг буцаан авсан нөхцөлд төлбөр барагдуулагч нь нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг банкнаас шаардан авах эрхтэй гэж заажээ. /хх-ийн 70-р тал/

Иймд хөлсөөр ажиллах гэрээний 2.2.6-т зааснаар шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 654 539 088.6 төгрөгөөс 1 хувиар ажлын хөлсийг тооцох нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дах хэсэгт нийцнэ. Иймд 654 539 088.6 төгрөгийн 1 хувь болох 6 545 391 төгрөгийг хариуцагч Г- ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч А.М-ад олгож, нэхэмжлэлээс 6 545 390.77 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00435 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г- ХХК-иас 6 545 391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.М-ад олгож, нэхэмжлэлээс 6 545 390.77 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтын ... 223,404 төгрөгийг ... гэснийг 119 676 төгрөгийг гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 404 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ